Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Д.Батцэцэг, З.Баярмаа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 87 дугаар байрны 01 тоотод оршин суух . нэхэмжлэлтэй,.........................

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээдийн эрхгүй байгууллага 153 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 87 дугаар байранд оршин байх “..............” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

Хохирол 1.302.700 /нэг сая гурван зуун хоёр мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.А нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 87 дугаар байрны 01 тоотод оршин суудаг Ү-2204026545 улсын бүртгэлийн дугаартай 59.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь Б.Аын өмчлөлийн байр юм. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай гэрийн халаалтын шугамаас салаалж авсан 87 дугаар байрны жижүүрийн өрөөний халаалтын шугам мултарч гарснаас үүдэн манай гэр тэр чигээрээ усанд автсан бөгөөд манай байрыг хариуцан ажилладаг “Чандмань хүрд” орон сууцны контороос ослын шалтгааныг 87 дугаар байрны жижүүрийн өрөөний халаалтын шугам мултарснаас үүдэлтэй хэмээн тогтоож үслын акт үйлдсэн юм. Ослын үеэр их хэмжээний ус алдан манай байрны бүх өрөөний паркет шал норж хөвсийн ашиглах боломжгүй болсон тул шалаа бүхэлд нь солих шаардлагатай болсон юм. Өвлийн улиралд халаалтгүй олон хоног хонох боломжгүй тул холбогдох бүх зардлыг би өөрөө гарган засвараа хийлгэсэн болно. Тус 87 дугаар байрны “Анд” СӨХ-ын удирдах зөвлөлийн дарга Оюунсанаа, гүйцэтгэх захирлын ажлыг орлон гүйцэтгэгч ******* нарт тухайн ослын байдлыг үзүүлж, ослын шалтгаан СӨХ-ийн жижүүрийн өрөөний халаалтын шугамнаас үүдсэн болохыг хэлж осолтой холбоотой нийт зардлыг СӨХ-ноос нэхэмжилсэн боловч надад “... СӨХ-оос тус зардлыг төлөх боловч СӨХ-ын эрсдэлийн сангийн мөнгийг өмнөх нягтлан бодогч завшсан тул бэлэн мөнгө байхгүй, өөрийн СӨХ-ын сар бүрийн зардлаас чөлөөлөгдөх байдлаар зардлаа нөхөх боломжтой” гэж хариу өгсөн юм. Гэвч би СӨХ-ын буруутай үйл ажиллагаанаас болж гарсан зардлыг бүхэлд нь өөрөө төлсөн учраас нэг дор гаргуулах хүсэлтэй байх бөгөөд сар бүрийн төлбөрөөс чөлөөлөгдөх байдлаар авах сонирхолгүй байна. Надад ослын улмаас халаалтын хоолойг бүхэлд нь сольсон материалын өртөг 156.000 төгрөг, хоолой засвар үйлчилгээний ажлын хөлс 80.200 төгрөг, паркет шалны өртөг 866.500 төгрөг, шөл шөхөж солих ажлын хөлс 200.000 төгрөг нийт 1.302.700 төгрөгийн бодит хохирол учраад байна. Иймд гэм хорын бодит хохирол 1.302.700 төгрөгийг 87 дугаар байрны “Анд” СӨХ-ноос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг орон сууцыг барьсан компани саньехникийн холболт буруу хийснээс СӨХ-ын жижүүрийн өрөөний халаалтын шугамыг холбохдоо 1 тоот айлын шалан доогуур явсан дулааны шугамнаас дундаас нь салаалж тавьсан байна. СӨХ нь холболтыг хийгээгүй тул нэхэмжилж буй мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. СӨХ-ын сар бүрийн зардлаас чөлөөлөгдөх байдлаар зардлаа нөхөх боломжтой” гэж хариу өгсөн боловч хүлээн аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “Анд” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гэм хорын хохиролд 1.302.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 87 дугаар байрны 1 тоот орон сууцны халаалтын шугамаас салаалж холбосон тус байрны жижүүрийн өрөөний халаалтын шугам мултарч ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролыг гаргуулах” гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ “..... орон сууцны шугам хоолойд гарсан ил гэмтлийг тогтмол засварладаг, харин жижүүрийн өрөөний халаалтын шугамыг холбохдоо 1 тоот орон сууцны шалан доогуур явсан дулааны шугамаас салаалж холбосон гэдгийг мэдэх боломжгүй, далд гэмтлийн улмаас учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй” гэж тайлбарласан.

Хариуцагч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 87 дугаар байранд оршин байх “Анд” Сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн өрөөний халаалтын шугамаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  ус алдсаны улмаас тус орон сууцны 1 тоот сууц өмчлөгчийн шал усанд нэвчсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэмтэл саатал тодорхойлсон актаар тогтоогдож байна./х.х-ийн 11 дүгээр тал/

Хэрэгт авагдсан “Чандмань хүрд” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “гэмтэл саатал тодорхойлсон акт”-р “тухайн 87 дугаар байрны 1 тоот айлын халаалтын шугамаас “Анд” Сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн  өрөөний халаалтын шугам салаалж авсан байна. Иймд “Анд” Сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн өрөөний халаалтын шугамын холболт илэгдэлд орж, даралт даахгүй, механик үйлчлэлд орсоны улмаас ус алдаж 1 тоот айлын шал ус нэвчсэн байна” гэж ослын шалтгааныг тодорхойлсон байх бөгөөд энэхүү актад талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь улсын бүртгэлийн Ү-2204026545 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 87 дугаар байрны 1 тоот 56.92 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан 000105265 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнийг уг орон сууцны өмчлөгч гэж үзнэ./х.х-ийн 6 дугаар тал/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т сууц өмчлөгч нь “өөрийн сууцны доторхи засвар үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх” үүрэгтэй гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, ... сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай,... шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж тус тус зохицуулжээ.

Тодруулбал, осол гарсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 87 дугаар байранд оршин байх “Анд” Сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн өрөөний халаалтын шугам нь тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар хуулиар зохицуулсан байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцыг нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, ... зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан байх бөгөөд “Анд” Сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 87, 89 дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоолыг үндэслэн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 153 дугаартай гэрчилгээг олгосон байна./х.х-ийн 13 дугаар тал/

Түүнчлэн Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна” гэж заажээ.

Иймд хариуцагч “Анд” Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй улмаас сууц өмчлөгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч “Анд” Сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь “Анд” Сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн өрөөний халаалтын шугамыг сольсон материалын үнэ 156.000 төгрөг, ажлын хөлс 80.200 төгрөг, өөрийн өмчлөлийн орон сууцны паркетан шалны үнэ 866.500 төгрөг, ажлын хөлс 200.000 төгрөг нийт 1.302.700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас жижүүрийн өрөөний халаалтын шугамыг сольсон материалын үнэ 156.000 төгрөг, ажлын хөлс 80.200 төгрөг, өөрийн өмчлөлийн орон сууцны паркетан шалны үнэ 866.500 төгрөг буюу нийт 1.102.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас паркетан шалыг солиход төлсөн ажлын хөлс 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч уг шаардлагаа нотолж шүүхэд гаргаж өгсөн “ажил гүйцэтгэгч Ж.Тэргэл”-ийн тодорхойлолтоор нэхэмжлэгчээс ийм хэмжээний зардал гарсан гэдгийг шууд нотлохгүй, уг баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар бодитой, эргэлзээгүй гэж үнэлэх үндэслэл тогтоогдоогүй болно./х.х-ийн 9 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Анд” Сууц өмчлөгчдийн холбооноос 1.102.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Анд” Сууц өмчлөгчдийн холбооноос 31.014 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧИД                                                                  Д.БАТЦЭЦЭГ

 

З.БАЯРМАА