Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 801

 

Б.Ариунзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00549 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ариунзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Анд СӨХ-д  холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 302 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сарнай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Дарьбазар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмчлөлийн байрны халаалтын шугамаас салаалж авсан 87 дугаар байрны жижүүрийн өрөөний  шугам мултарч гарснаас үүдэн гэр тэр чигтээ  усанд автсан бөгөөд байрыг хариуцан ажилладаг Чандмань хүрд орон сууцны контороос ослын шалтгааныг 87 дугаар байрны жижүүрийн өрөөний халаалтын шугам мултарснаас үүдэлтэй гэж тогтоож акт үйлдсэн. Ослын үеэр их хэмжээний ус алдан  байрны бүх өрөөний паркет шал норж хөвсийн ашиглах боломжгүй болсон тул шалаа бүхэлд нь солих шаардлагатай болсон. Өвлийн улиралд халаалтгүй олон хонох боломжгүй тул холбогдох бүх зардлыг би өөрөө гарган засвараа хийлгэсэн болно. Тус 87 дугаар байрны Анд СӨХ-ын удирдах зөвлөлийн дарга Оюунсанаа, гүйцэтгэх захирлын ажлыг орлон гүйцэтгэгч Дарьбазар нарт тухайн ослын байдлыг үзүүлж, ослын шалтгаан СӨХ-ны жижүүрийн өрөөний халаалтын шугамнаас үүдсэн болохыг хэлж осолтой холбоотой нийт зардлыг нэхэмжлэхэд СӨХ-ны сар бүрийн зардлаас чөлөөлөгдөх байдлаар зардлаа нөхөх боломжтой гэсэн. Надад ослын улмаас халаалтын хоолойг бүхэлд нь сольсон материалын өртөг 156.000 төгрөг, хоолой засвар үйлчилгээний ажлын хөлс 80.200 төгрөг, паркет шалны өртөг 866.500 төгрөг, шөл нөхөж солих ажлын хөлс 200.000 төгрөг нийт 1.302.700 төгрөгийн бодит хохирол учраад байна. Иймд гэм хорын бодит хохирол 1 302 700 төгрөгийг 87 дугаар байрны Анд СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг орон сууцыг барьсан компани сантехникийн холболт буруу хийснээс СӨХ-ын жижүүрийн өрөөний халаалтын шугамыг холбохдоо 1 тоот айлын шалан доогуур явсан дулааны шугамнаас дундаас нь салаалж тавьсан байна. СӨХ нь холболтыг хийгээгүй тул нэхэмжилж буй мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. СӨХ-ын сар бүрийн зардлаас чөлөөлөгдөх байдлаар зардлаа нөхөх боломжтой гэж хариу өгсөн боловч хүлээн аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Анд Сууц өмчлөгчдийн холбооноос 1.102.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунзулд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ариунзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Анд Сууц өмчлөгчдийн холбооноос 31.014 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунзулд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дарьбазар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн гэрийн халаалтын шугамнаас ус алдаж хохирол учруулсан нь манай СӨХ-д ямар ч холбоогүй. Уг барилгыг “О and b” ХХК барилгын компани барьж сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай СӨХ-ны жижүүрийн өрөөнд дур мэдэн сантехникийн халаалт тавиагүй. Уг холболт нь 1 тоотод оршин суугчийн гэрээс ус алдсанаар мэдсэн. Хариуцагч нь Анд СӨХ биш юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ариунзул нь хариуцагч Анд СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 302 700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг барьсан компани сантехникийн холболт буруу хийснээс болж ус алдсан, ус алдсан хэсэг нь нэхэмжлэгчийн дангаар өмчлөх хэсэгт хамаарч байгаа гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Чандмань хүрд” ХХК-ийн гэмтэл саатал тодорхойлсон акт гэх баримтыг ирүүлжээ. /хх-ийн 11/ Уг баримтад авсан арга хэмжээ хэсэгт “...1 тоот айлын шалан доорхи халаалтын шугамын гурвалсан холболт мултарч ус алдаж байсан” гэсэн бол гэмтлийн шалтгаан хэсэгт “...Анд СӨХ-ны халаалтын шугамын холболт илэгдэж, даралт даахгүй, механик үйлчлэлд орсны улмаас ус алдаж 1 тоот айлын шал ус нэвчсэн” гэж тус тус зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

 

Шүүх дээрх дүгнэлтийг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн Чандмань хүрд ХХК нь осол гэмтлийн талаар дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй.

 

Осол гэмтэл гарсан газар болон ослын шалтгааны талаар талууд маргаантай байх тул ус алдсан хэсэг болон шугам хоолой нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эсхүл тухайн этгээдийн дангаар өмчлөх хөрөнгийн алинд нь хамаарч байгааг тодруулсны эцэст хохирлыг хариуцах этгээд тодорхой болох байжээ.

 

            Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/00549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дарьбазарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 015 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж. ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                               Ш.ОЮУНХАНД