| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2018/0285/Э |
| Дугаар | 535 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 535
И.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Эрдэнэчимэг,
хохирогч Г.Сүрэнжав,
шүүгдэгч И.Б-,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Г.Сүрэнжавын гаргасан давж заалдах гомдлоор И.Б-т холбогдох эрүүгийн 1805011650182 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт И.Б-, 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зургийн техникч мэргэжилтэй, “Эргэн дурсахуй” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,
И.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” нэртэй хоолны газарт иргэн Г.Сүрэнжавыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: И.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Г.Сүрэнжав 1.706.110 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгчээс хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Сүрэнжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3047 дугаартай дүгнэлтээр миний биед духны шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учирсан ба “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал” бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтлийн зэрэгт хамаарна гэсэн нь эргэлзээтэй, үндэслэлгүй байдаг. Ийм байхад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар нэмэлт дахин шинжилгээ хийлгэх ажиллагааг явуулаагүй нь хууль зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, эрүүгийн хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байхад шүүхээс хэргийг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч И.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээч нь тусгай мэргэжлийнхээ дагуу дүгнэлтээ гарсан байх. Үүнийг хохирогч бид хоёрт танилцуулсан...” гэв.
Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсгээ зурсан бөгөөд ямар нэгэн санал хүсэлт гараагүй байдаг. Харин хохирогч хөлөнд учирсан гэмтлийг уг дүгнэлтэд тусгаагүй байна гэсэн хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан шинжээч эмчээс тайлбар авахад хохирогч тухайн үед хөлөнд учирсан гэмтлийнхээ талаар үзүүлээгүй, энэ тохиолдолд дүгнэлтэд тусгах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Ингээд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
И.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” нэртэй хоолны газарт иргэн Г.Сүрэнжавыг зодож, эрүүл мэндэд нь “духны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;
- хохирогч Г.Сүрэнжав /хх-ийн 18-19, 57/, гэрч О.Ононтуул /хх-ийн 7-8/, Ш.Бат-Эрдэнэ /хх-ийн 9-10/, Н.Одмандах /хх-ийн 13-14/, шүүгдэгч И.Б- /хх-ийн 75/ нарын гэмт хэрэг гарсан байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Г.Сүрэнжавын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн №3047 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч И.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч И.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан уг ялыг биелүүлэх хугацааг тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Хохирогч Г.Сүрэнжав нь давж заалдсан гомдолдоо “...шинжээчийн №3047 дугаартай дүгнэлтээр “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал” гэмтлийг хөнгөн зэргийн ангилалд хамааруулсан нь эргэлзээ бүхий байхад энэ талаар дахин нэмэлт шинжилгээ хийгээгүй...” гэж дурьджээ.
Хэргийн материалыг судлахад, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Г.Сүрэнжавын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд түүний биед “духны шарх, зөөлийн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал” бүхий гэмтэл тогтоогдсон байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2, 3.1.2-т зааснаас үзвэл “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал” гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтлийн шинжийг агуулаагүй, харин гэмтлийн дараах үлдэц, уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээрээ “хөнгөн” зэргийн гэмтлийн шинжийг агуулсан байх тул хохирогч Г.Сүрэнжавын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 3047 дугаартай шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Энэ асуудлаар дахин нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх хохирогч Г.Сүрэнжавын эрүүл мэндэд хор уршиг учирсантай холбогдон гарсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд үнэлэн тооцсон бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал буюу тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Сүрэнжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Сүрэнжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Н.БАТСАЙХАН