Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 064

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:Х.Д,Х.С,Т.Б,М.Б,А.Б нарын  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар “Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэх батлах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Д, Х.С, А.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.З, түүний өмгөөлөгч Х.Тасхын, гэрч К.И,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х.Д, Х.С, А.Б, Т.Б, М.Б нар  шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгчид болох Х.Д нь Боловсрол, соёл, урлагийн газарт архивчаар, Х.С  нь дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтнаар, Т.Б, М.Б, А.Б нар нь манаачаар тус тус ажилладаг. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З нь аймгийн Засаг даргын 2019 оны А/120 дугаар захирамжаар байгууллагын бүтэц, орон тоог батлахдаа та нарын орон тоо хасагдсан тул 45 хоногийн дараа ажлаас чөлөөлөх болно гэж мэдэгдэл өгсөн. Тэр үеэр л аймгийн Засаг дарга бидний ажиллаж байсан орон тоог хасаж захирамж гаргасныг олж мэдсэн. Манай байгууллагын бүтэц, орон тоо, цалин хөлсийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталдаг юм. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс манай байгууллагын бүтэц, орон тоонд хөндлөнгөөс оролцож, үндэслэлгүйгээр дур мэдэн бүтцийг өөрчлөн баталснаас  болж бидний эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэр бид ажилгүй болж үлдэх гээд байна. Аймгийн Засаг дарга шинээр бүтэц, орон тоо батлахдаа урьд нь тухайн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байсан бидний орон тоог хасаж, шинээр хэд хэдэн орон тоог нэмж баталсан байна. Ингэж байгаагийн шалтгаан нь биднийг хөөж гаргаж, оронд нь улс төрийн шахаагаар түр орж ажиллаж байгаа зарим нэгэн иргэдийг авч үлдэхийн тулд ийм захирамж гаргасан гэж үзэж байна. Бидний хийж гүйцэтгэж байсан тухайн байгууллагын ажил, чиг үүрэг хасагдаагүй байхад аймгийн Засаг дарга үндэслэлгүй захирамж гаргаж орон тоог хассан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаартай захирамжийг хууль бус гэж тооцон, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамж нь Боловсрол, соёл, урлагийн газар илүү орон тоотой,байгууллагын төсөв хэтэрсэн шалтгаанаар гарсан. Энэ нь Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Згийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Х.З даргаар томилогдож ирсний дараа шинээр нарийн бичгийн дарга авч, ямар ч үндэслэлгүйгээр К.С, Д.Е нарыг ажлаас халж, уг орон тоонд шинээр өөр хүмүүсийг авсан. Дараа нь шүүхийн шийдвэрээр К.С, Д.Е нар эргэн томилогдсон боловч шинээр авсан хүмүүс нь одоо болтол ажиллаж байгаа. Анх Х.З дарга эдийн засгийн хямрал гэдэг  шалтгаанаар дөрвөн манаачийн нэгийг ажлаас чөлөөлсөн. Бид нар байгууллагын харуул хамгаалалтын ажил,  мөн ном буулгах,түүнийг складад хураах, цэцэрлэг, сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг  буулгаж хураах  гэх мэт бусад ажлуудад ажил, амралтын өдөр харгалзахгүй дуудагдан ажилладаг байсан. Боловсролын яамнаас 3 манаачийн орон тоог хасах талаар чиглэл өгөөгүй. Одоо Боловсрол, соёл, урлагийн газар эзгүй, хяналтын камер нь ажилладаггүй. Х.З дарга театрын манаач нарт Боловсрол, соёл, урлагийн газрыг хамгаалах чиглэл өгсөн гэж байна. Театрын манаач нар өөрсдийн объектыг хамгаална, тэд Боловсрол, соёл, урлагийн газрыг хариуцдаггүй, ямар ч хөдөлмөрийн  гэрээ байхгүй. Дүгнэлт шинжилгээг үндэслэн захирамж гаргасан гэсэн. Р.Сын 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан уг дүгнэлтэд архивч, дотоод сүлжээ хариуцсан ажилтны ажлууд давхардсан, мэргэжилтнүүд болон өөрөө хариуцна гэсэн тайлбар өгсөн. Тухайн тайлбар дүгнэлт сайн гарсан, яагаад гэвэл Р.Сын ажил нь Төрийн захиргааны нэгжийн дарга, дотоод аудит, хяналт шинжилгээ гэсэн нь статистик мэдээ мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн  Ш.Сийн ажилтай давхцаж байгаа. Боловсрол, соёл, урлагийн газарт шинээр Е, М, Г гэдэг хүмүүсийг авсан. Т.Е нь төв номын сангийн дарга байсан, тэнд Х.Б сайдын туслах байсан Асхар номын сангийн даргаар очиж, Т.Еийг Боловсролын газарт соёл хариуцсан мэргэжилтнээр авч, соёл хариуцсан 2 хүн ажиллуулж байна. Засаг дарга А.Г нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн сургуулийн захирал Ш.Мыг ажилд эргүүлэн томилохдоо эвлэрлийн гэрээгээр Өлгий сумын 5 дугаар сургуульд багшаар ажиллуулж, тус сургуулийн багш З.Мг Боловсролын газарт бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж, мөн адил нэг албан тушаалд хоёр хүн ажиллуулж байгаа. Монгол хэл, уран зохиол хариуцсан мэргэжилтэн С.Гг ч давхар ажиллуулж байгаа.С.Ггийн нөхөр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн. Энэ гурван хүний цалинг шийдэж өгөөгүй байхад байгууллагаас цалинг нь гаргаад өгч байгаа. Эцсийн эцэст хүчтэй нь хүчгүйгээ дийлээд бид нарыг шахан гаргаж байна. Бид сэтгэл санаа болон эд материалын хувьд маш их хохиролтой байгаа. Иймд уг хэргийг шударгаар шийдвэрлэж, биднийг эргэн ажилтай болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн Боловсрол, соёл, урлагийн газарт бичээч, бичиг хэргийн архивчаар ажиллаж, 2013 оны 09 дүгээр сарын 10-аас үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилохдоо тухайн үеийн дарга К.И чиний орон тоо хасагдсан, нарийн бичгийн дарга, архивчийн орон тоо байна гээд  тухайн үед намайг архивчаар тушаал гарган ажиллуулсан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн  Засаг даргын захирамжаар архивчийн орон тоог хассан, нарийн бичгийн орон тоог хэвээр үлдээсэн байна. Аль ч байгууллагад архивын бичиг баримтыг хадгалах архивын ажилтан байх ёстой. Яагаад архивын орон тоо хасагдаж, нарийн бичгийн орон тоо хасагдахгүй байгаа вэ? Би тухайн байгууллагад 9 дэх жилдээ ажилласан. Ажилласан хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Надаас хойш ажилд орсон хүнийг нарийн бичгийн даргаар ажиллуулаад, архивын ажлыг тэр хүнд хавсаргаж өгсөн. Миний ажил хасагдаагүй байгаа гэсэн үг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус гэж бодож байгаа. Яагаад гэвэл сүүлд орсон хүмүүст шинээр орон тоог бий болгож, өмнө нь ажиллаж байсан бидний орон тоог хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргад бүтцийг батлах эрх байгаа эсэхэд эргэлзээ гарч байгаа. Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14.1.17-д заасны дагуу  төсвийн ерөнхийлөн захирагч байна. Ерөнхийлөн захирагч тухайн өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллагуудын доторх үйл ажиллагаатай холбогдон оролцох эрх нь байдаг болохоос Засгийн газрын чиг үүрэг бүхий байгууллагын төсөв,бүтэц, орон тоонд оролцох эрх хуулиар олгогдоогүй. Боловсрол, соёл, урлагийн газар чиг үүргийн хувьд Засгийн газрын чиг үүрэг бүхий байгууллага мөн. Засгийн газрын чиг үүрэг бүхий байгууллага нэг ёсондоо яаманд шууд харьяалагддаг, яамнаас төсөв, бүтэц нь шийдэгддэг. Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог яаж  хэрхэн баталж, шинэчлэх асуудлыг  Төсвийн тухай хуульд заасан. Төсвийн тухай хуулийн 16.5.3-д ”батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”-ыг төсвийн шууд захирагчид үүрэг болгосон. Урьд нь 25 орон тоогоор ажиллаж байсан байгууллагын орон тоо, бүтэц, төсөв, ажиллагсдын тоо цөөрсөн нь 2019 оны бүтцээс харагдаж байгаа. Нэгэнт ажиллагсдын орон тоо цөөрсөн асуудлыг хуулиар хэрхэн зохицуулахыг дурдаж өгсөн. Төсвийн тухай хуулийн 16.5.9-д “дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох” эрхийг мөн адил төсвийн шууд захирагчид олгосон. Шинэчлэн тогтоох асуудлыг дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлөөр хийх ёстой. Гэтэл Засаг дарга яагаад хөндлөнгөөс оролцож байгууллагын бүтцийг тогтоож, зарим орон тоог хасаж байгаа вэ? гэдэг эргэлзээ гарсан. Эдгээр нэхэмжлэгч нарыг ажлаас халах цаад санаа Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газрын даргад байсан гэж бодож байна. Яагаад гэвэл Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар 2017, 2018 онуудад хэд хэдэн агентлагийн дарга, төрийн захиргааны албан тушаалтнуудыг хууль бусаар ажлаас халж байсан. Тухайн хүмүүс  дараа нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эргүүлэн тогтоогдсон. Эдгээр хүмүүсийг ажилтай болгохын тулд зарим орон тоонуудыг 2 болгосон. Үүнтэй холбоотой нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан. Засаг даргын бүтэц, орон тоо баталсан шалтгаан нь орон тоонд судалгаа хийсний үр дүнд батлуулсан гэсэн тайлбар гаргасан.  Дүн шинжилгээ хийсэн Р.Сын баримт бичигт театрын манаач нар Боловсрол, соёл, урлагийн газрыг хамгаалж байгаа учраас манаач шаардлагагүй, архивч сард ганцхан удаа ажилладаг мэтээр дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө манайд манаач шаардлагатай гэдгээ хэлсэн. Дүн шинжилгээндээ нэмэгдэж байгаа 5 орон тоогоо дурдаагүй. 5 орон тооны 3-ыг дэд хөтөлбөртэй холбон тайлбарлаж байгаа нь ямар ч уялдаа холбоогүй. Засаг дарга дэд хөтөлбөр батлагдсан гэж бүтэц батлахдаа, өөрөө дэд хөтөлбөрийг баталсан Хурлын тогтоолыг зөрчсөн.Хурлын тогтоолд үйл ажиллагаа, санхүүгийн тооцоог тодорхой гаргаж өгсөн, хөтөлбөрт цалин хөлсний асуудал байхгүй байхад дэд хөтөлбөрөөс 3 хүний цалин хөлсийг гаргана гэж бүтцэд тусгаж баталсан нь тухайн тогтоолыг ноцтой зөрчиж байгаа. Бүтцийг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн учраас захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа. Чиг үүрэг нь хасагдаагүй гэдэг нь нотлох баримтаас харагдаж байгаа. Бүтцэд чиг үүрэг нь байгаа учраас хасаж болохгүй гэсэн зарчим байгаа. Дотоод  сүлжээ, хүний нөөцийн ажилтны ажлын чиг үүргийг ахлах мэргэжилтэнд нэмж байгаа бол  тухайн ахлах мэргэжилтний хяналт шалгалтын чиг үүрэгт  нэмээд  ахлах мэргэжилтэн,дотоод сүлжээ, хүний нөөц гэж нэмж оруулах  ёстой. Боловсрол, соёл, урлагийн газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж, байгууллагын аюулгүй байдлыг эзэнгүй орхисон нь зорилгодоо нийцээгүй, хуулийг зөрчсөн. Засаг дарга 25 орон тоог 22 болгож нягтруулж батлахгүй, харин 22 орон тоог 26 болгож  нэмж баталсан. Гэтэл 5 хүний орон тоог хасаж, эрх ашгийг нь зөрчсөн асуудал байгаа.  Төсвийн тухай хуулийн 16.5.3-д заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд бүтцээ 2019 оны жилийн эхэнд 1 сард батлаад хэрэгжүүлж байгаа, уг бүтэц нь одоо болтол хүчин төгөлдөр, тэрийг хүчингүй болгоогүй байгаа. Хөндлөнгөөс Засаг даргаас бүтэц, орон тоог баталснаар нэр бүхий хүмүүсийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа нь хууль бус. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий акт холбогдох хуулийг дараах байдлаар зөрчсөн. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалын хууль баримталсан хэсгийг үзэхэд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох“ гэсэн заалтыг баримталсан. Үлгэрчилсэн журмын 3.2-д “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог  Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно” гэж байгаа. Тухайн үед төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16.5.3-ыг баримтлаад энэ нь үлгэрчилсэн журмын 3.2-д нийцэж байгаа, тухайн байгууллагын бүтэц, орон тоог эрх хэмжээнийхээ хүрээнд шинэчлэн баталсан. Засаг дарга маргаан бүхий актыг анхнаасаа гаргах эрхгүй этгээд байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол хүчингүй болох ёстой. Төсвийн тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэсэн энэ эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргасан гэж хэлж байгаа.  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолд аймгийн Засаг даргын дэргэдэх дараах агентлагууд байна гэж зохицуулсан. Үүнд: Гаалийн газар, Ус, цаг уур,орчны шинжилгээний хүрээлэн, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газар гэх мэт. Энэ байгууллагуудын бүтцийг батлах ёстой юм уу? гэдэг асуудал гарч ирнэ. Агентлагууд тус бүрдээ өөрийн гэсэн төсвийн шууд захирагчтай байна. Төсвийн тухай хуулийн 16.5.3-д зааснаар тухайн байгууллагын бүтэц, орон тоог тухайн байгууллага өөрөө баталж явна. Тухайн шатны төсвийн байгууллага гэдэг нь Боловсролын газар биш. Ер нь Засаг дарга батлах ёсгүй.  Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасныг зөрчсөн илт хууль бус акт тул гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын эрх хэмжээнд халдаж акт гаргасан, тийм учраас хууль бус гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З аймгийн Засаг даргад 2019 оны “Бүтэц, орон тоог шинэчлэн батлуулах тухай” 72 тоот албан бичиг ирүүлж, 2019 оны А/120 дугаар захирамжаар үндсэн 22, дэд хөтөлбөр хариуцсан 3, гэрээт 1, нийт 26 ажилтны бүтэцтэй үйл ажиллагаа явуулахаар бүтэц, орон тоог шинээр батлуулсан. 2019 оны Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай” гэсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багц төсөв батлагдсан. Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2019 оны 1а/490 тоот албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны батлагдсан төсөвт 22 орон тоогоор буюу дарга 1, гүйцэтгэх ажилтан 18,  үйлчлэх ажилтан 3 хүнтэй үйл ажиллаагаа явуулахаар орон тоог цөөрүүлж баталж ирүүлсний дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Боловсрол, соёл, урлагийн газар бүтэц, орон тоо, төсөвт хийсэн хяналт шинжилгээний дүн зэргийг тус тус үндэслэн бүтэц, орон тоог шинээр батлуулах саналаа манайд ирүүлсэн. 2018 онд мөн адилхан 25 орон тоогоор баталсан боловч цалингийн  сан дутуу батлагдаж, удаа дараа албан бичгүүдийг тус тус хүргүүлэн хүсэлт тавьж, цалингийн дутууг нөхөж авсан байна. Харин 2019 оны төсөвт хасагдсан орон тооны талаар жилийн эхнээс Сангийн яаманд 2019 оны 36 тоот албан бичиг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2019 оны 40, 99 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлэн орон тоогоо хадгалж үлдэх талаар хүсэлт тавьж ажилласан боловч шийдвэрлүүлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нар аймгийн Засаг дарга бүтцийг батлахдаа Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцэд хөндлөнгөөс оролцож, үндэслэлгүйгээр дур мэдэн өөрчилж, улс төрийн шахаагаар зарим түр ажиллаж байгаа хүмүүсийг авч үлдэхийн тулд захирамж гаргасан гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь байгууллагын үндсэн 25 хүнээс гадна аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх”, “Бага боловсрол, эх хэл, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус байгууллагын бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр З.М, монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр С.Г, мөн 2016 оны аймгийн Засаг даргын А/556 дугаар захирамжийн дагуу соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр Т.Е нарыг тус тус шинээр 2018 оноос эхлэн ажилд авч ажиллуулж байгаа албан хаагчдын цалингийн санг 2018 онд аймгаас нэмж өгсөн. Энэ 3 хүнийг байгууллагын үндсэн 25 хүнээс гадуур аймгаас санхүүжүүлэн цалинг олгож байгаа гэж ойлгох нь зүйтэй.

Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д ”Тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах”, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/315 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална” гэж аймгийн Засаг даргын бүрэн эрхэд тус тус заасны дагуу бүтэц, орон тоог батлах шийдвэр гарсан болно. Үүнийг аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 онд Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталж ирүүлэхдээ 25 орон тоог 22 орон тоо болгон, үүнээс төрийн захиргааны ажилтан 19, төрийн үйлчилгээний ажилтан 3 болгож бүтэц, орон тоо, цалингийн санг баталж ирүүлсэн. Уг мэдээллийг авсны дараа Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яамд олон удаа орон тоогоо хадгалж үлдэхийн тулд хүсэлт гаргаж байсан. Ажлаас халагдсан нэр бүхий 5 хүний хувьд дарга, ажилтны хооронд ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Ажлаас чөлөөлсөн шалтгаан маань Боловсролын яамнаас баталж ирсэн бүтэц, орон тоонд байгаа.Цалингийн сан хүрэхгүй байгаа асуудал зөвхөн 2019 онд гарсан биш, 2016 онд 40.9 сая төгрөг, 2017 онд 32.2 сая төгрөг, 2018 онд 25.8 сая төгрөгөөр жил болгон цалингийн сан дутагдаж ирсэн. Нэгэнт төсөв батлагдаж ирсний дараа нэр бүхий хүмүүсийг ажилгүй үлдээмээргүй байна гэж холбогдох газруудад хандсан боловч чадаагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын яамнаас “Тодотгол хийхгүй, хэрвээ Төсвийн тухай хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулж чадахгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ” гэдгийг анхааруулсан. Орон тоо хасагдсан нь ганцхан Баян-Өлгий аймагт биш, улсын хэмжээнд 6 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын орон тоо, цалингийн сан хасагдсан.

Уг нэр бүхий 5 хүнийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллуулснаас болж, Боловсрол, соёл, урлагийн газрын цалингийн санд 17.4 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ хүмүүсийн орон тоог хадгалан, магадгүй тодотгол хийгдэх байх гэсэн байдлаар ажиллуулах юм бол оны эцэст 34.8 сая төгрөгийн хохирол учруулах урьдчилсан тооцоо гарсан. Тийм учраас нэр бүхий 5 хүнийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “2-3 хүн ажлаас чөлөөлөх нөхцөлд 45 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч ажлаас чөлөөлнө” гэсний дагуу мэдэгдэх хуудас өгч, 2019 оны 06 дугаар  сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний дараа Х.Д нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй тул  бүтэц, орон тоонд батлагдаж ирсэн өдрийн жижүүрийн орон тоонд ажиллахыг санал болгож, тушаал гаргасан боловч өөрөө ажиллахгүй гэж татгалзсан.Нэгийг ч ажилтай болгоё гэдэг үүднээс Х.Сд мөн адил санал болгосон гэхдээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөгүй.

Аймгийн Засаг даргын захирамж гарах болсон шалтгаан нь нэгэнт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас төсвийн тодотгол хийгдэхгүй гэсэн учраас бэлтгэл ажлаа хийж, Р.С, нягтлан бодогч Н.М нараар ажлын байрны дүн шинжилгээ хийлгэсэн. Төрийн захиргааны ажилтан 19, үйлчилгээний ажилтан 3 гэж төсөвт баталсан. Би дураараа төсөв батлуулж, хэн нэгэн хүний орон тоог хасах талаар санал оруулаагүй. 2018 оны 7 дугаар сард Боловсролын яамд 2019 оны төсвийн төслийг 28 хүний орон тоотой хүргүүлсэн, өмнө нь санал болгож байсан орон тоонуудыг нэмж авах талаас нь төсвийн төслөө боловсруулсан. Ц.Цогзолмаа сайдын 1а/490 дүгээр албан тоотоор төсвийн шууд захирагч нарт төсвийг ирүүлж, дүн шинжилгээг хийсэн учраас Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/315 дугаар тушаалаар баталсан аймгийн Боловсролын газрын үлгэрчилсэн журмын 3.1-д “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална”,  3.2-т “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуулийн дагуу тогтооно” гэснийг үндэслэл болгосон. Боловсролын яамнаас бид нарт төрийн нэг барилга байгууламжид хоёр байгууллага үйл ажиллагаа явуулсан нөхцөлд тухайн үндсэн байгууллагын манаач нар барилгын баталгаат байдлыг хангана, танай 3 манаачийн орон тоо хасагдсан гэдэг чиглэл өгсөн. Манай байгууллага Хөгжимт драмын театрын 3 дугаар давхарт байрладаг,2 дугаар давхарт театрын ажилчид өөрсдөө байрладаг. Дүн шинжилгээнд манаачийн орон тоог оруулсан байсан учраас манаачийн орон тоог хассан. Мөн дотоод сүлжээний ажилтан, архивч нарын ажил нь бусад хүмүүстэй давхардсан тул уг орон тоонуудыг хасахаар дүн шинжилгээнд оруулсан  байсан.  Манайх нийт 44 цэцэрлэг, 43 сургуулийн сурагч, багш, ажилчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хөдөө орон нутагт ажиллах шаардлага гарна, тиймээс жолоочийн орон тоог авч үлдэх шаардлагатай байсан. Нарийн бичгийн даргын хувьд Х.Д өмнө нь бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөний дараа эргүүлэн шүүхийн шийдвэрээр томилогдож байсан. Тухайн үед шүүхийн шийдвэр биелэгдэж өмнөх орон тоонд ажилласан бол  Х.Дийг ажлаас халах надад ямар нэгэн зорилго байхгүй. Архивчийн орон тоог аль ч байгууллагын бичиг хэрэг, нарийн бичгийн дарга нар давхар гүйцэтгэж байгаа. Тиймээс цалингийн санд хяналт тавьж үйл ажиллагаа явуулах учраас  архивчийн орон тоог хасаж, нэмэлт ажил үүргийн хуваариар нарийн бичгийн даргад хариуцуулсан нь үнэн. Дотоод сүлжээ хариуцсан ажилтан Х.Сы хувьд анх намайг газрын даргаар томилогдож байхад нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өөр ажилд шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийнх нь дагуу бүтэц, орон тоо батлагдахад дотоод сүлжээ хариуцсан ажилтны орон тоо байсан учраас  шилжүүлж, оронд нь өөр хүн авч ажиллуулсан.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ялангуяа боловсролын салбар 21 аймгийн хэмжээнд хамгийн сүүлийн байрт байдаг, чанарын хувьд маш доогуур үзүүлэлттэй. Бид нар 2017 онд судалгаа хийж Боловсрол, соёл, урлагийн газарт зайлшгүй шаардлагатай зарим орон тоонуудыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зөвлөлийн хурал, Боловсролын яамд хүртэл танилцуулж байсан. Тийм учраас элсэлтийн ерөнхий шалгалтын чанарыг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөр, бага боловсрол,монгол хэл, эх хэлний чанарыг дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөр гэж 2017 онд батлуулж байсан. Өөрийн төсөв хөрөнгөтэй, 300 гаруй сая төгрөгийг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд зарцуулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан. 2018 оноос бага боловсролын дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр З.Мг сонгож авсан. З.М олон жил бага боловсрол хариуцсан сургалтын менежерээр ажиллаж байсан.

С.Ггийн хувьд аймгийн боловсролын салбарын хамгийн гол доголдож байгаа зүйл нь монгол хэлний асуудал. С.Г хэл шинжлэх ухааны доктор хүн, ажилд орох хүсэлт гаргасан учраас хүсэлтийн дагуу мөн монгол хэлний хичээлийг сайжруулахын тулд авч ажиллуулж байгаа. Т.Е өмнө нь 10-аад  жил Боловсролын  газарт соёлын өвийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хүн аймгийн хэмжээний соёлын бодлогыг авч явах туршлагатай. Гэхдээ эдгээр 3 хүн бүгдээрээ түр тушаалаар ажилд орсон. Цалингийн сан, санхүүжилтийг дэд хөтөлбөр буюу аймгаас санхүүжүүлдэг. Эдгээр 3 хүнийг авч ажиллуулснаар байгууллагын цалингийн сан болон ажлаас гаргасан 5 хүнд сөрөг нөлөө үзүүлээгүй. Манай Боловсролын газрын төсөв тусдаа, энэ гурван хүний цалин төсөв нь тусдаа байгаа. Хөгжимт драмын театрын манаач нар өөрийнхөө эзэмшлийн барилга байгууламжийг хамгаална, манай байгууллагыг хамгаалах эрхгүй гэж байна. Манай байгууллагыг хамгаалах үүрэггүй, гэхдээ Боловсрол, соёл, урлагийн газрыг давхар хамгаалуулах тухай албан тоотоо тус театрын даргад өгсөн. Тэр өдрөөс эхлэн  театрын  дарга нь манаач нартаа үүрэг өгч барилга, байгууламжийг хамгаалж байгаа. Театр өөрөө бүх гадна талдаа камер тавьсан, тийм учраас театрын бүрэн бүтэн байдлыг хамгаалах нөхцөл байдал тухайн байгууллагад байгаа. Мөн дүн шинжилгээг Р.С хийсэн нь үнэн. Р.С дотоод аудит хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд Төрийн захиргааны нэгжийн дарга учраас байгууллагын ажлын байранд дүн шинжилгээ хийх бүрэн эрхтэй.

Аймгийн Засаг даргын захирамж хууль бус гэдэгт тайлбар өгье.  А/315 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журамд зааснаар бүрэн эрх нь байгаа. Боловсрол, соёл, урлагийн газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнууд ажиллана гэсэн заалтын дагуу дүн шинжилгээ хийж, саналаа Засаг даргад хүргүүлсэн. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцийг баталж өгсөн учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэр бүхий 5 хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож, Засаг даргын захирамжийг хэвээр баталж өгөхийг хүсэж байна гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаартай аймгийн Засаг даргын захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дугаар зүйлийг баримталсан. Үүнд Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах эрхтэй. Төсвийн тухай хуулийн 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж заасан, үүний дагуу баталсан. Төсвийн тухай хуулийн 16.5.3-т зааснаар Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь бүтцээ өөрөө батлах эрхтэй, Засаг дарга яагаад дахиж баталж байгаа юм бэ гэдэг асуудлыг хэлж байгаа.  Нэхэмжлэгч нарын маргаж байгаа гол зүйл нь Засаг дарга бүтэц батлах эрхгүй гэж байгаа. Засаг дарга бүтэц батлах эрхтэй гэдгийг 65.1.8-д заасан. Мөн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан” гэж байгаа. Батлагдсан цалингийн сан нь бид нарын ярьж байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 дугаартай албан бичиг, санхүүжилтийн хуваарь нь байгаа. Орон тооны хязгаарыг  ажиллагсдын нийт тоо 22, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 18, үйлчлэх ажилтан 3 гэж баталж өгсөн байгаа. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр  сарын 07-ны өдрийн  тушаалаар албан тушаалын жагсаалт, цалинг баталсны дараа 01 дүгээр  сарын 21-ний өдөр Боловсрол, соёл, урлагийн газарт дахиж санхүүжилтийн хуваарь ирж байгаатай холбогдуулаад аймгийн Засаг даргаас орон тоо батлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шинээр нэмсэн 3 орон тоо буюу дэд хөтөлбөртэй холбоотой маргаж байгаа. Дэд хөтөлбөртэй холбоотой 2017 оны  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол байна. Энэ тогтоолоор 3 орон тоог нэмж батлаад аймгийн Засаг даргын захирамжаар цалин хөлс олгогдоод явж байгаа. Хасагдсан орон тоотой холбоотой маргаж байгаа болохоос нэмэгдсэн орон тоотой холбоотой маргаж байгаа зүйл биш. 3 манаачийг хамгаалж үлдэхийн тулд удаа дараа хүсэлтээ гаргасан. Гэхдээ төсвөөс үйлчилгээний ажилтнуудын орон тоо хасагдаж ирснээс болж, 3 манаачийг ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нэг барилгад 2 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд манаач нэг байна. Боловсрол, соёл, урлагийн газарт харьяалагддаг гэдэг утгаар аймгийн Хөгжимт драмын театрт албан  бичиг хүргүүлсэн. Тухайн объект нь Хөгжимт драмын театрын объект түүнийг хамгаалахаас өөр аргагүй.  Төсөв нь 22 гэж батлагдаж ирсэн бол яагаад 26 орон тоогоор баталсан бэ? гэж байна, агуулгын хувьд зөрчил байхгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд хөтөлбөр баталсан 30 дугаар тогтоолын дагуу тэдгээр хүмүүсийн цалин хөлс нь тусдаа олгогдож байгаа.  Тэгээд ч Т.Е, С.Г, З.М нар төрийн захиргааны албан хаагчид хамаарна. Яамнаас үйлчилгээний ажилтнуудыг хасахыг тусгаж өгсөн. Тийм учраас Төсвийн тухай хуулийн 65.1.8, А/315 дугаар тушаалаар баталсан журмын 3.1-д зохион байгуулалтын бүтцийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална гэж зааснаар  аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу захирамжаа гаргасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Д,Х.С,Т.Б,М.Б,А.Б нар нь  тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар “Аймгийн Боловсрол,соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай“ захирамжийг хүчингүй болгох  шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч Т.Б нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан тул нэхэмжлэгч Т.Быг  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Д, Х.С, М.Б, А.Б нарын нэхэмжлэлийн  шаардлагыг  дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нараас  маргаан бүхий  захиргааны актыг  хүчингүй болгох  тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Манай байгууллагын бүтэц, орон тоо, цалин хөлсийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас  баталдаг. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс манай байгууллагын бүтэц, орон тоонд  хөндлөнгөөс оролцож, үндэслэлгүйгээр дур мэдэн бүтцийг өөрчлөн баталснаас болж бидний эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.Бидний хийж гүйцэтгэж байсан тухайн байгууллагын ажил, чиг үүрэг хасагдаагүй байхад аймгийн Засаг дарга үндэслэлгүй захирамж гаргаж, орон тоог хассан нь хуульд нийцэхгүй байна” гэж тодорхойлжээ.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын орон тооны дээд хязгаарыг 25 /төрийн захиргааны албан хаагч-15, төрийн үйлчилгээний албан хаагч-10/ гэж  тогтоож[1], 2018 оны төсвийг батлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас  ирүүлсний дагуу тус газарт төрийн захиргааны албан хаагч -15, нягтлан бодогч-1,нярав -1, архивч-1, дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтан-1, нарийн бичгийн дарга -1, жолооч-1,  манаач-3,  үйлчлэгч-1  буюу төрийн үйлчилгээний 10 албан хаагч ажиллаж байсны архивчийн орон тоонд Х.Д,дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтны орон тоонд  Х.С, манаачийн орон тоонд  Т.Б, М.Б, А.Б нар нь ажиллаж байжээ[2]. Эдгээрээс гадна аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор[3] “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх”, “Бага боловсрол, эх хэл, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөр баталсантай холбоотойгоор Боловсрол, соёл, урлагийн газрын  даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар[4] бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр  хариуцсан мэргэжилтнээр З.М, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар[5] монгол хэл, уран зохиолын боловсрол,  аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр С.Г нарыг томилон ажиллуулсан  байна. Мөн үүнээс өмнө тус газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар[6]  аймгийн Засаг  даргын “Боловсрол, соёл, урлагийн газрын  зохион  байгуулалтын бүтцийн нэгж,  орон тоо батлах тухай” 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/556 дугаар захирамжийг[7] үндэслэн  соёлын өвийн бодлого хариуцсан мэргэжилтнээр Т.Еийг томилсон байх ба эдгээр 3 албан хаагчийн цалин хөлсийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж[8] өгч байжээ. 

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын Б/01 дүгээр тушаалаар[9] тус байгууллагад ажиллах 25 орон тоо /төрийн захиргааны-15, төрийн үйлчилгээний-10/ бүхий үндсэн ажилтнуудын  орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, 3 орон тоо /төрийн захиргааны/ бүхий аймгийн дэд хөтөлбөр, соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталжээ. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайдаас  тус салбарын 2019 оны батлагдсан төсөв, санхүүжилтийн хуваарийг  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1а/490 дүгээр албан бичгээр[10] ирүүлсэн,  үүнд тусгаснаар Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын орон тооны хязгаарыг 22 /төрийн захиргааны албан хаагч-19, төрийн үйлчилгээний албан хаагч-3/ гэж  тогтоож, төсвийг баталсан байна. 2019 оны батлагдсан төсвөөр төрийн үйлчилгээний ангиллын 7 орон тоо хасагдсантай холбоотойгоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас  байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд тус газрын Төрийн захиргааны нэгжийн дарга, санхүүгийн дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн болон нягтлан бодогч нараар  дүн шинжилгээ хийлгэснээр “...архивч болон  дотоод сүлжээ,хүний нөөц хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зарим чиг үүрэг, үйл ажиллагаа  нь тус газрын бусад ажилтнуудын чиг үүрэгтэй давхардаж байгаа,  аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар өөрийн гэсэн бие даасан байргүй, Хөгжимт драмын театрын барилгын зүүн жигүүрийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг, гадаад, дотоод хяналтаа тавих дотроо 5 ширхэг, гадна талдаа 2 ширхэг камертай, Хөгжимт драмын театрын 3 манаач театрын барилгыг бүхэлдээ хамгаалах боломжтой. Боловсрол, соёл, урлагийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад нарийн бичгийн дарга буюу бичиг хэргийн ажилтан,цэвэрлэгч үйлчлэгч,  хот дотор болон хөдөөгийн сургууль, цэцэрлэгт ажиллахад жолооч зайлшгүй шаардлагатай тул ажлын давхардлыг арилгахын тулд  Боловсрол, соёл, урлагийн газрын  бүтцийг 2019 оны батлагдсан төсөвт нийцүүлэн аймгийн Засаг даргаар дахин батлуулах” гэсэн дүгнэлт[11] 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байна. Улмаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас архивч, дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтан, манаач гэсэн төрийн үйлчилгээний 5 орон тоог хасаж, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, дүрслэх урлаг, технологийн боловсрол хариуцсан мэргэжилтний төрийн захиргааны ангиллын 2 орон  тоог нэмж, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлуулахаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаар албан бичгээр[12] аймгийн Засаг даргад санал хүргүүлсний дагуу  аймгийн Засаг даргаас  2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамжаар[13] аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Уг захирамжид зааснаар тус газар нь  Мэргэжил-арга зүйн хэлтэс, Захиргаа, удирдлагын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй, нийт 26 орон тоотой /төрийн захиргааны 20, төрийн үйлчилгээний 5, гэрээт-1/, гэхдээ төрийн захиргааны 20 орон тоонд багтаж байгаа бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, соёлын өвийн бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтний цалин хөлсийг тус тус аймгийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан байх ба дээрх  үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус  тогтоогдож байна.

Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: 14.1.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн”, 16.5-д ”Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; 16.5.3. батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус заасан. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/315 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ын  3.1-д “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн  нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг  аймаг, нийслэлийн Засаг дарга батална”, 3.2-т “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай  хуульд зааснаар тогтооно” гэж  зохицуулжээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08  дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 4 дэх заалтад зааснаар  Боловсрол, соёл, урлагийн газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагт хамаарч байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь  22 орон тоотой /төрийн захиргааны албан хаагч-19, төрийн үйлчилгээний албан хаагч-3/ байхаар, тухайлбал төрийн үйлчилгээний ангиллын 7 орон тоог хасахаар  2019 оны төсөв, орон тооны хязгаарыг баталж ирүүлсэн, үүнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд дүн шинжилгээ хийснээр архивч болон дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтны албан тушаалын чиг үүрэг  бусад ажилтнуудын чиг үүрэгтэй давхардсан,  манаачийн ажлын чиг үүргийг бусдаар гүйцэтгүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас 2019 оны батлагдсан  төсөв,цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан байгууллагын бүтэц, орон тоог тогтоох талаар саналаа гаргаснаар аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газрын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тоог дээрх байдлаар  2 хэлтэстэй, аймгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан 3 мэргэжилтний орон тоог хасаж тооцвол, төрийн захиргааны-17, төрийн үйлчилгээний-5, нийт-22  орон тоотой, мөн өдрийн жижүүрийг  гэрээгээр ажиллуулахаар  шинэчлэн баталсныг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх бүхий этгээд болох  төсвийн шууд захирагч аймгийн Боловсрол, соёл, урлагийн  газрын даргаас  байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, 2019 оны батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаах шаардлагын хүрээнд байгууллагын бүтэц, орон тоог  шинэчлэн батлуулахаар гаргасан саналын дагуу  аймгийн Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамжаар  аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсрол, соёл, урлагийн газрын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тоог  тус газрын 2019 оны батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн  баталсныг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан хууль бус  захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн уг маргаан бүхий захиргааны акт нь  зорилгодоо нийцсэн, бодит  нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хангаагүй гэх маргааны хувьд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд дүн шинжилгээг тус газрын Төрийн захиргааны нэгжийн дарга, санхүүгийн дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн нь ажлын байрны тодорхойлолтод[14] заасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд   хяналт тавих, үнэлгээ өгөх, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн  дагуу хийсэн, архивч болон дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтны албан тушаалын зарим чиг үүрэг нь тус газрын бусад ажилтнуудын ажлын чиг үүрэгтэй давхцаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[15] нотлогдсон, мөн 2019 оны 6 дугаар сард тус байгууллагын даргаас ажилтнуудын нэмэлт ажил, үүргийн хуваарийг[16] баталж архивч болон дотоод сүлжээ, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтны  албан тушаалын чиг үүргийг бусад ажилтнуудад хуваарилсан байна. Түүнчлэн аймгийн Хөгжимт драмын театрын барилгын 3 дугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа Боловсрол, соёл, урлагийн газрын аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар Хөгжимт драмын театрын даргатай тохиролцсоноор шийдвэрлэх боломжтой гэж  хариуцагч талаас тайлбарлаж байгаа ба мөн өдрийн жижүүр гэсэн орон тоог бий болгож, түүнийг гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”–ийн 4.3-д “Төсвийн байгууллагад ажиллаж байгаа ..., жижүүр, харуул,  манаач, сахиул,... зэрэг бусад төрлийн туслах чанарын болон хугацаа зааж ажиллуулдаг ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна” гэж заасантай нийцсэн, тус газрын 2019 оны батлагдсан төсөв,санхүүжилтийн хуваарьт бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж гэсэн зардал[17] тусгагдсан болох нь тогтоогдож байна.

Иймд эрх бүхий этгээдээс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны төсөв, орон тооны хязгаарыг 22 гэж тогтоосон буюу төрийн үйлчилгээний албан тушаалын  орон тоог хасахаар баталж ирүүлсний дагуу байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий этгээдийн хувьд төсвийн шууд захирагчаас тус газрын Төрийн захиргааны нэгжийн дарга, санхүүгийн дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн болон нягтлан бодогчийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд хийсэн хяналт шинжилгээний дүнг үндэслэн  тухайн байгууллагад зайлшгүй шаардлагатай гэсэн төрийн үйлчилгээний албан тушаалыг үлдээж, үлдсэн орон тоог хасаж, уг хасагдсан орон тооны чиг үүргийг бусад орон тоонуудад нэмж өгөх, бусдаар гүйцэтгүүлэх  замаар шийдвэрлэж, байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоолгохоор гаргасан саналыг үндэслэн аймгийн Засаг даргаас тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан захиргааны актыг зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нарын бидний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн  гэх тайлбарын хувьд энэ нь  чиг үүрэг нь нэмж нэгтгэгдсэн албан тушаалд хэнийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай асуудлыг хөндөх болохоос орон тоог хасахгүй байх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн  дээр дурдсанаар  бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, соёлын өвийн бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтний  цалин хөлсийг аймгийн төсвөөс санхүүжүүлэхээр  маргаан бүхий захирамжид тусгаж баталсан,  эдгээр 3 мэргэжилтний  2019 оны эхний 3 сарын цалин хөлсийг аймгийн төсвөөс гаргаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба  уг орон тоонууд нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 22 орон тоо бүхий  үндсэн бүтцэд хамаарахгүй тул нэхэмжлэгч нарын эдгээр албан хаагчдын орон тоог  авч үлдэхийн тулд бид нарын орон тоог хассан гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд  нэхэмжлэгч нар  маргаан бүхий захиргааны акт нь тэдгээрийн  хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж маргаж байгаа боловч  Боловсрол, соёл, урлагийн газрын даргын саналыг үндэслэн гаргасан Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар захирамж нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 14 дүгээр зүйлийн 14.2.12, 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг,  мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудтай тус тус нийцсэн байх  тул  нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй  гэж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар “Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэх батлах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 14 дүгээр зүйлийн 14.2.12, 16 дугаар зүйлийн 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д, Х.С, М.Б, А.Б нарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/120 дугаар “Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэх батлах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 156-157,213-214,219-р хуудас

[2] Хэргийн 158-161-р хуудас

[3] Хэргийн 93-105-р хуудас

[4] Хэргийн 2-р хавтас,22-р хуудас

[5] Хэргийн 2-р хавтас, 21-р хуудас

[6] Хэргийн 2-р хавтас ,115-р хуудас

[7] Хэргийн 89-91-р хуудас

[8] Хэргийн 125-126,173-174,175-176,177-179,232-р хуудас

[9] Хэргийн 139-141-р хуудас

[10] Хэргийн 54-60-р хуудас

[11] Хэргийн 69-71-р хуудас

[12] Хэргийн 72-74-р хуудас

[13] Хэргийн 18-20-р хуудас

[14] Хэргийн 2-р хавтас, 39-42-р хуудас

[15] Хэргийн 188-193, 2 -р хавтас, 81-84,85-87,88-90-р хуудас

[16] Хэргийн 166-172-р хуудас

[17] Хэргийн 54-60,232-р хуудас