Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 398

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Шинэ Дархан Олон улсын худалдааны төвд байрлах, Нэткапитал финанс корпораци ББСБ /утас 94010511, 70370333/-ны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, малчин, хөтөл гудамж, 83-12 тоотод оршин суух , Тунгалаг ерөө овогт Батжаргалын Хавар /регистрийн дугаар ГЭ70050306, утас 89238968, 99028968, 99378968/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, малчин, хөтөл гудамж, 83-12 тоотод оршин суух, Дамдин овогт Жигдэндэмбэрэлийн Ванданмагсар /регистрийн дугаар ГЮ70100891, утас 89238968, 99028968, 99378968/ нарт холбогдох  

 

“5,603,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ-ны Дархан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.Хавар нь  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Хөтөл 83-12 тоот хаягт байрлах Г-2004000658 улсын бүртгэлийн дугаартай, ГД-000166254 гэрчилгээний дугаартай газар, toyoto carina маркийн 89-68 ДАР улсын бүртгэлийн дугаартай, АТ2120014010 арлын дугаартай автомашины хамт байрьцаалан сарын 4,0 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Барьцаа хөрөнгө болох toyoto carina маркийн авто машиныг гэрээт зогсоолд байршуулсан бөгөөд өдрийн 1,000 төгрөгийн төлбөртэй.  Зээлдэгч нь эхний 2 сарын төлөлтөө графикийн дагуу хийсэн боловч түүнээс хойш төлөлт огт хийлгүй  явсаар өнөөдрийн байдлаар 735 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч Б.Хавар, хамтран зээлдэгч Ж.Ванданмагсар нартай байнга утсаар холбогдож гэрийн болон ажлын хаягаар очиж мэдэгдэл хүргүүлэн уулзаж байсан. Зээлдэгч Б.Хавар 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй учир зээл төлөх эрмэлзлэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас нийт 5,603,800 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нэткапитал финанс ББСБ-ын Дархан салбараас өөрийн эзэмшлийн Г-2004000658 бүртгэлийн дугаартай, ГД-000166254 гэрчилгээний дугаартай газрыг Toyoto carina маркийн 89-68 ДАР улсын дугаартай автомашины хамт  барьцаалан  сарын 4 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгний зээлийг 24 сарын хугацаатай авсан.

Зээл аваад эхний 2 сарын төлөлтийг графикийн дагуу хийсэн боловч миний нөхөр хамтран зээлдэгч Ж.Ванданмагсар ажлаасаа гарсны улмаас Хаан банкин дахь Ж.Ванданмагсарын нэр дээрх цалингийн зээлийг миний нэр дээр шууд шилжүүлэн  би өөрийн нэр дээрх хашаа байшингийн болон Ж.Ванданмагсарын  цалингийн зээлийг эргэн төлөх ямар ч боломжгүй болж  сар бүр 200,000 төгрөгний хугацаа хэтрэлт хуримтлагдаж эхэлсэн.  Миний сарын цалин дээрх 2 зээлийг бүрэн төлж чадахгүй байсан.

Ингээд зээлээ төлж чадахгүй 100 гаран хоног хугацаа хэтэрч байх үед захирлаар ажиллаж байсан  Н.Ганцоожид шүүхэд хандаж асуудлыг шийдүүлье  хүүг нь зогсоож өгөөч гэж амаар хандсан боловч шүүх энэ тэр гэж заваараад яах вэ яаж ийгээд зээлээ хуримтлагдсан. Уг нь банк бус санхүүгийн байгууллага нь банкны хуулиар зохицуулагдаж хугацаа хэтэрсэн зээлийн хүүг 90 хоноод зогсоодог ёстой байх гэтэл манай зах зээлийн үнэлгээгээр 5-6 сая төгрөгний үнэтэй автомашиныг эрсдлээ тооцон 2,500,000 төгрөгөөр үнэлэн барьцаанд авчихаад 5 сая гаран төгрөгний өр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн манай машиныг жилийн өмнө хураагаад аваад явсан атлаа хүүг нь үргэжлүүлэн бодсон байна.

Бид ингэтлээ төлбөр хүү, хуримтлагдана гэж мэдээгүй, нөхөр ажилгүй миний цалин зээлэнд банк руу татагдаад таардаг тул төлж чадахгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.” гэв.

                                                                

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

“Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбар нь хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 2,376,050 төгрөг, зээлийн хүү 2,414,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 475,150 төгрөг, машины зогсоолын төлбөр 324,000 төгрөг, нотариатын зардал 14,500, нийт 5,603,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулан, зээлдэгч нар Toyota carina маркийн автомашиныг “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Г-2004000658 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл 83-12 тоот 679 мкв талбайтай газрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ,  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийн талаар зохигчид маргаагүй болно.

 

Зохигч талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор toyota carina маркийн 89-68 ДАP улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын өмчлөлд шилжүүлж, автомашиныг хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нар нь эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас 2016 оны 04 дугаар сарын 05-ний өдөр нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ нь автомашиныг бодитойгоор гаргуулан авсан болох нь зохигчдын тайлбар, автомашин хүлээлцэх актаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т: “Үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу иинхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, графикт хугацаагаа зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь автомашиныг гаргуулан авсан нь хууль зөрчөөгүй бөгөөд дээрх хуульд зааснаар автомашин нь нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарын эзэмшилд биет байдлаар шилжин ирснээр гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл 2016 оны 04 сарын 05-ны өдрөөс дээрх автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн шилжсэн бөгөөд хариуцагч нарын эд хөрөнгө ашиглах эрх дуусгавар болсон байна. Энэ үеэс эхэлж эд хөрөнгийн үр шим, ашиг орлого, зардал өмчлөгч буюу нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарын эзэмшилд дээрх автомашин шилжснээс хойших хугацаанд гарсан автомашины зогсоолын зардал 324,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”, 453 дугаар зүйлийн  453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, гэж заасны дагуу хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас зээлийн үндсэн төлбөр 2,376,050 төгрөг, зээлийн хүү 2,414,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 475,150 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 5,279,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан улсын бүртгэлийн Г-2004000658 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл 83-12 тоот 679 мкв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх  эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас 5,279,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарт олгож, үлдэх 324,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-2004000658 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл 83-12 тоот 679 мкв талбайтай газрыг албадан  худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,411 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хавар, Ж.Ванданмагсар нараас улсын тэмдэгтийн хураамжид 99,427 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ТУНГАЛАГМАА