Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 96

 

“Нэткапитал  финанс корпораци” ББСБ-ын

   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00237/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 398 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Т овогтой  Б-ын Х-,

          Хариуцагч Д овогтой Ж-ийн В- нарт холбогдох

          “5.603.800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Б.Х-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Ж.В-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгээс:

Хариуцагч Б.Х- нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Орхон сум, Энхтал 2 дугаар баг, Хөтөл 83-12 тоот хаягт байрлах Г-2004000658 улсын бүртгэлийн дугаартай, ГД-000166254 гэрчилгээний дугаартай газар, “Toyoto carina” маркийн 89-68 ДАР улсын бүртгэлийн дугаартай автомашины хамт барьцаалан сарын 4.0 хувийн хүүтэй 2.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Барьцаа хөрөнгө болох “Toyoto carina” маркийн авто машиныг өдрийн 1000 төгрөгийн төлбөртэй зогсоолд байршуулсан. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч нартай удаа дараа утсаар холбогдож гэрийн болон ажлын хаягаар очиж мэдэгдэл хүргүүлсэн. Зээлдэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй учир зээл төлөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч нараас нийт 5.603.800 төгрөгийг, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндуламаас:

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Нэткапитал финанс” ББСБ-ын Дархан салбараас зээл авсан нь үнэн. Зээл аваад эхний 2 сарын төлөлтийг графикийн дагуу хийсэн боловч хамтран зээлдэгч Ж.В- ажлаасаа гарсны улмаас Хаан банк дахь Ж.В-ын нэр дээрх цалингийн зээлийг миний нэр дээр шууд шилжүүлэн өөрийн нэр дээрх хашаа байшингийн болон Ж.В-ын цалингийн зээлийг эргэн төлөх ямар ч боломжгүй болж сар бүр 200.000 төгрөгний хугацаа хэтрэлт хуримтлагдаж эхэлсэн. Зээлээ төлж чадахгүй 100 гаруй хоног хугацаа хэтэрч байх үед захирлаар ажиллаж байсан Н.Ганцоожид шүүхэд хандаж асуудлыг шийдүүлье хүүг нь зогсоож өгөөч гэж амаар хандсан. Банк бус санхүүгийн байгууллага нь банкны хуулиар зохицуулагдаж хугацаа хэтэрсэн зээлийн хүүг 90 хоноод зогсоодог ёстой гэтэл манай зах зээлийн үнэлгээгээр 5-6 сая төгрөгний үнэтэй автомашиныг эрсдлээ тооцон 2.500.000 төгрөгөөр үнэлэн барьцаанд 5 сая гаран төгрөгний өр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн машиныг жилийн өмнө хураагаад аваад явсан атал хүүг нь үргэжлүүлэн бодсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х-, Ж.В- нараас 5.279.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарт олгож, үлдэх 324.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-2004000658 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг хөтөл 83-12 тоот 679 мкв талбайтай газрыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.411 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-, Ж.В- нараас улсын тэмдэгтийн хураамжид 99.427 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.     

Хариуцагч Б.Х- давж заалдсан гомдолдоо:

Миний бие үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч байна, харин зээлийн хүү 2.414.000 төгрөгийн төлбөрөөс 1.060.000 төлбөрийг зөвшөөрөхгүй. Иймд тус шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбар хариуцагч Б.Х-, Ж.В- нарт холбогдуулж зээлийн төлбөр 5.603.800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Х- зах зээлийн үнэлгээгээр 5.000.000-6.000.000 төгрөгийн үнэтэй машиныг эрсдэлээ тооцон 2.500.000 төгрөгөөр үнэлэн барьцаанд авчихаад 5 сая гаруй төгрөгний өр нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Х-, Ж.В- нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2.376.050 төгрөг, зээлийн хүү 2.414.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 475.150 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг ний 5.279.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас машины зогсоолын төлбөр 324.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Х- үндсэн зээл төлөхийг зөвшөөрч байна, зээлийн хүү 2.414.100 төгрөгөөс 1.060.000 төгрөгийг зөвшөөрөхгүй тул шийдвэрийг хянаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 102200169 дугаартай зээлийн гэрээ хийгдэж, өрхийн хэрэглээний зориулалтаар 2.500.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн байна.

Мөн өдөр талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Х-ын өмч болох Дархан-Уул аймаг Орхон сум, Хөтөлийн 83-12 тоотын 679 м/кв талбай бүхий газрыг зээлийн барьцаанд авсан, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж 89-68 ДАР улсын дугаартай, 0079314 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, “Toyoto carina” маркийн суудлын авто машиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, хэргийн 12,13 дугаар талд авагдсан фидуцийн гэрээ болон авто машины техникийн тодорхойлолт, хэргийн 43 дугаар талд авагдсан  авто машин хүлээлцэх АК-02/014 дугаартай акт, 44 дүгээр талд авагдсан “Цуурай ХХК-тай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн авто машин хадгалуулах гэрээ зэрэг баримтууд, шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс үзвэл тухайн машин зээлдүүлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ын Дархан салбарын өмчлөлд бүрэн шилжсэн байна.

Гэтэл уг машиныг хэд, хичнээн төгрөгийн төлбөрт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тодорхойгүй, уг машины үнэлгээтэй холбоотой нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байхад шүүх зээлийн төлбөрийг хариуцагчдаас бүрэн гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрвээ өмчлөлд шилжиж байгаа бол төлбөрт хэдэн төгрөг тооцох нь тодорхойгүй байна.

Шүүх зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж буй авто машиныг эрх бүхий үнэлгээчнээр үнэ тогтоолгосны эцэст талуудын тайлбарыг авч тодорхой хэмжээний төлбөрт суутган, үлдэх төлбөрийг хариуцагчдаас гаргуулж шийдвэрлэх  боломжтой  бөгөөд эдгээр байдлыг тогтоогоогүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Б.Х-ын давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ОЮУНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       Л.АМАРСАНАА