Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 198

 

МАГАДЛАЛ

 

2017.01.13                                                     Дугаар 198                           Улаанбаатар хот

 

 

 

“Алтан-Эг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01138 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Алтан-Эг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Билгүүнд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12 234 778 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Жавхлан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Нандинчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Н.Билгүүнтэй 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ-2015174 тоот зээлийн гэрээ, БГ-2015174 фидуцийн гэрээ байгуулан 84-20 УБС улсын бүртгэлийн дугаартай, GWS1915004444 тоот арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэгдсэн Lexus GS450H маркийн автомашиныг барьцаалан 10 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Авто машин мөргөлдүүлсний улмаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл засуулах зорилгоор НГ-2015031 гэрээ байгуулан нэмэлтээр          5 100 000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Н.Билгүүн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн төлбөр огт хийгээгүй тул 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барьцаанд тавьсан машиныг 13 000 000 төгрөгөөр худалдаж, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1 397 760 төгрөг, үндсэн хүү 7 987 680 төгрөг, үндсэн зээл 4 514 560 төгрөг төлсөн. Н.Билгүүнтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дууссан. Фидуцийн гэрэээд зааснаар 84-20 УБС улсын бүртгэлийн дугаартай автомашиныг үүрэг хүлээгч Н.Билгүүн эзэмшиж байх хугацаандаа осол гаргаж даатгалаас нөхөн төлбөр авсан байтлаа дутуу засуулсан гэрэл, гуфер зэрэг эд анги худалдан авч тавьсан үнийг ч төлөөгүй. Иймд Н.Билгүүний байгуулсан ЗГ-2015174 тоот зээлийн гэрээний биелүүлээгүй үүргийг хангуулж нэмэгдүүлсэн хүү 191 556 төгрөг, хуримтлагдсан хүү 957 782 төгрөг, зээлийн үлдэгдэл 11 085 440 төгрөг нийт 12 234 778 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Алтан Эг ББСБ” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ-2015174 тоот зээлийн гэрээ байгуулан 10 500 000 төгрөг зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 84-20 УБС улсын бүртгэлийн дугаартай LEXUS GS450H маркийн автомашинаа БГ-2015174 тоот фидуцийн гэрээгээр Алтан Эг ЕБСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг тус хөрөнгөөр хангахаар тохиролцсон. Тодорхой шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй байсан тул 2016 оны 02 сард 84-20 УБС улсын бүртгэлийн дугаартай LEXUS GS450H маркийн автомашинаа Алтан Эг ББСБ ХХК-д хүлээлгэн өгч үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон. Алтан Эг ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусгавар болсоор байтал 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хүүг тооцож, нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 135, 236 дугаар зүйл, талуудын хооронд байгуулагдсан ЗГ-2015174 тоот Зээлийн гэрээ, ЗГ-2015174 тоот фидуцийн гэрээгээ ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 235.4 Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно, Иргэний хуулийн 236.1.2 үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно, БГ-2015174 тоот фидуцийн гэрээний 5.1 ББСБ нь хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулан, зээлийн гэрээний үүргийг хангуулна зэрэг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Алтан Эг ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээний үүргийн гэрээ дуусгавар болсон. Гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашиныг өөрсдийн санаачлагаар зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулсан. Талууд LEXUS GS450H маркийн автомашиныг тохиролцсоны үндсэн дээр 20 000 000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл тус үнэлгээнд дүйцхүйц үүргийг гүйцэтгэлийг хангуулах боломжтой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1., 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Н.Билгүүнээс 12 234 778 төгрөг гаргуулах тухай Алтан-Эг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 710 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээж, Нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-нь автомашинд сэлбэг худалдан авсан болон даатгалын нөхөн төлбөртэй холбоотой хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Н.Билгүүн нь зээлийн гэрээгээр тохирсон график хуваарийн дагуу зээлийг эргэн төлөөгүй буюу зээлийн гэрээний үндсэн үүргээ ноцтой зөрчиж зохих ёсоор гүйцэтгээгүйг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй болохыг илэрхийлсэн нөхцөл байдал байсаар байхад шүүхээс Фидуцийн гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт "Үүрэг хүлээгч этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болно" гэж заасныг үндэслэлээ болгож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд чиглэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Талууд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ нь зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой гэрээ гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд ИХ-ийн 451-р зүйлийн 451.1-дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсаныг мөн зээлдэгч Н. Билгүүн нь зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй буюу ИХ-ийн 236-240 дүгээр зүйлд заасан үүрэг дуусгавар болох нөхцөл байдал тогтоогдохгүй буюу үүрэг дуусгавар болоогүй байгааг зөв дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна Учир нь Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон нь тухайн гэрээгээр хүлээсэн талуудын үүргийг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл харилцан үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний харилцаа дуусгавар болохоор хуульчилсаныг шүүхээс анхаарч үзээгүй гэж үзэж байна. Зээлдүүлэгчийн зүгээс мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд зохих ёсоор шилжүүлэн өгсөн тул хариу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байтал шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр машиныг 13 000 000 төгрөгөөр худалдан борлуулж уг мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан тухай хариуцагчийн зээлийг бүрэн хааж төлбөр тооцоог дуусгавар болгосон мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

Зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд харилцан тохиролцсон. Нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасалт хийгдэх ба                13 000 000 төгрөгнөөс нэмэгдүүлсэн хүүнд 1 397 760 төгрөг, үндсэн хүүнд 7 987 680 төгрөг, үндсэн зээлээс 4 514 560 төгрөгийг хасч, зээлийн үлдэгдэл 12 234 778 төгрөг үлдсэн нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон байхад хариуцагч нь фидуцийн гэрээ дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөр төлөх үүргийг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Алтан-Эг ББСБ” ХХК нь хариуцагч Н.Билгүүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 234 778 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 10 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4,8 хувийн хүүтэй зээлж, Lexus маркийн, мөнгөлөг өнгөтэй, 20 000 000 төгрөгийн үнэ бүхий, 84-02 УБС улсын дугаартай суудлын авто машинаар зээлийн үүргийг хангуулахаар өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмнөх зээлийн гэрээний салшгүй хэсэг байхаар нэмэлт зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийг буцаан төлөөгүй, үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дээрх машиныг 13 000 000 төгрөгөөр бусдад худалдаж, зээлийг төлүүлсэн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 11 085 440 төгрөг, хүү 957 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191 556 төгрөг, бүгд 12 234 778 төгрөгийн үүрэг үлдсэн...” гэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийг эргэн төлөх хуваарийг уг гэрээний хавсралт 1-ээр тохиролцохдоо үндсэн зээл, хүү гэсэн дарааллаар төлөх хугацааг заасан ба энэ гэрээ болон хавсралтыг өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүй тул зээл 15 000 000 төгрөгийн үлдэгдэл 11 085 440 төгрөг байх үндэслэлгүй, энэ төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг   гүйцэтгүүлэгч нь эд хөрөнгийг бодитойгоор хүлээн авч, захиран зарцуулснаар фидуцийн гэрээ дуусгавар болох ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч зохих ёсоор гүйцэтгээгүй талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ