Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 135/шш2017/00455

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* байр, ******* тоотод оршин суух,  ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-д холбогдох 

 

“1,800,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...миний бие П.*******д зээлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлж 1,200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлдүүлсэн. Гэвч ******* хугацаандаа үндсэн зээлээ төлж чадахгүй байсан учир зээлийн гэрээний ард сарын хүүгээ төлөөд сунгуулж гарын үсгээ зурж баталгаажуулж байсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 11 хүртэл хүүгээ төлж байсан боловч цаашид үндсэн зээл,  хүүгээ төлөхөө больсон. Ингээд удаа дараа шаардаад байхад мөнгөө төлөхгүй байгаа тул хариуцагч П.*******гаас үндсэн зээл 1,200,000 төгрөг түүний алданги 600,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч П.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...П.******* би 2015 оны 02 дугаар сарын 02-нд Б.*******гаас 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй төгрөг, зээлсэн нь үнэн. Уг мөнгийг төлөх боломжгүй байсан тул үндсэн мөнгөний хүү болох 84,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сар болгон төлсөн. Нэхэмжлэлд гаргасан 1,800,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүү болох 600,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 1,200,000 төгрөг, түүний хүү 600,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаан дээр “...хариуцагчаас хүү нэхэмжлээгүй, алданги 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн” гэж шаардлагаа тодруулсан болно.

Хариуцагч П.******* нь шүүх хуралдаан дээр “...би Б.*******гийн данс руу 500,000 төгрөгийг хүнээр шилжүүлсэн учир үндсэн зээлийн төлбөрөөс үлдэх 700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан болно.

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба зээлийн гэрээгээр хариуцагч П.******* нь нэхэмжлэгч Б.*******гаас 1,200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч П.******* нь нэхэмжлэгч Б.*******д зээлийн төлбөрт 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 644,000 төгрөгийг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Харин хариуцагч П.******* нь “...үндсэн төлбөрт 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******гийн дансанд шилжүүлсэн” гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул зээлийн төлбөрөөс 500,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”,  232 дугаар зүйлийн  232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу хариуцагч П.******* нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөр 1,200,00 төгрөг, түүний хүү 84,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 1,884,000 төгрөгийг төлөхөөс 644,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 560,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч П.*******гаас 1,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 560,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 34,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА