Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00225

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 дүгээр шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар магадлалтай,

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан  хугацаанд урьд авч байсан  цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт  бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын тушаалаар Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд Монгол хэлний багшаар ажилд орсон. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөвлөгөө хөтөлбөрөө батлуулаад ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар цагийн ачаалалгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Тухайн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус МСҮТ-ийн монгол хэлний багш Д.Ц- нь ажлын ачаалалгүй болсон тул ажлын байрны тодорхойлолтод үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. МСҮТ-ийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн 16.5, 16.5.3, 16.5.9 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ-ийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан тогтоосон юм. Уг тушаалын хавсралтаар батлагдсан 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны Монгол хэл, уран зохиолын багш үндсэн 1, цагийн 1 байна. МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд орох ёстой монгол хэл, уран зохиолын хичээл нь нийт 972 цаг буюу 21.6 кредит цаг байна. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам-ыг үндэслэн багш Д.Ц-ийн багшийн ур чадварын түвшин багш зэрэглэлд тогтоогдсон учир Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.8-д заасны дагуу жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг буюу 17 багц цагийг танхимын сургалтаар, 3 багц цагийг танхимын бус сургалтаар гүйцэтгэх ёстой. Дээрх ачааллын дагуу үндсэн 1 багш нь 17.6 кредит, цагийн багш нь 4 кредит цагийг заахаар тооцоолсон. Д.Ц- нь монгол хэлний багшаар томилогдон ажиллаж байсан ба Д.Ц-ийн мэргэжил нь монгол-англи судлал мэргэжилтэй тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлага дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 4 дүгээр зүйлийн 4.1.1 заалтыг зөрчиж байгааг илэрхийлж, мэргэжлийн хүн байлгах ёстой тухай албан шаардлага ирүүлсэн. Мэргэжлийн бус хүн хичээл зааж байна. Өөрөөр хэлбэл монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй хүн тухайн хичээлийг заах ёстой гэсэн асуудлыг боловсролын асуудал хариуцсан байцаагч Дэлгэрцогт албан шаардлага өгсөн. Үүний дагуу багш Ц-т 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх тухай мэдэгдээд тухайн мэдэгдлийн дагуу Д.Ц-ийг ажлаас чөлөөлөх талаар 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд мэдэгдсэн боловч Д.Ц- багш нь би мэргэжлийн бус байгаа нь үнэн, монгол англи хэл судлалаа дүйцүүлээд монгол хэл уран зохиолын багш болоход тодорхой хугацаа шаардлагатай юм байна. Иймээс өөр ажилд ажиллуулах, эсхүл он дуустал ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд захирлын зөвлөлийн хурал дээр хэлэлцээд он дуустал цагийг нь тавиад явъя гэдэг асуудлыг хэлэлцсэн. Монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг нь нийт 21.6 кредит буюу 840 цагийн хичээл байгаа учир үндсэн багш 1, цагийн багш 1 байхаар шийдвэрлэж зохицуулсан. 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт бага байгаатай холбоотойгоор он дуустал нэмэлт элсэлт авсан. 2017-2018 оны хичээлийн жилийн ачааллыг тооцоод захирлын 2017 оны А/72 дугаар тушаалаар хичээлийн жилд ажиллах багш нарын бүтэц орон тоог тогтоогоод, тухайн бүтэц орон тооны дагуу монгол хэл, уран зохиолын багш үндсэн орон тоогоор нэг, цагийн багшаар нэг багш байхаар шаардлага байна гээд он дуустал Д.Ц- багшийг нийт 4 кредитийн буюу 108 багц цагийн хичээл байгаа учир үлдсэн нэг багш дээр нь шилжүүлээд явах боломжтой. Ингээд хүсэлтийн дагуу 2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд /09-12 саруудад/ 4 кредитийн /180 цагийн/ хичээлийг зааж гүйцэтгэсэн. Мөн хичээлийн жилийн 2 дугаар улирлаас багш Д.Ц-т хичээл хуваарилаагүй ба 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг ч цагийн хичээл заагаагүй боловч цалингаа бүрэн авч байсан. МСҮТ- нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсан зардлын дундаж норматив 591.600 төгрөг байна. Тус МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 4 багш ажлаас чөлөөлөгдөж, 2 багш түр хугацаагаар ажлаас чөлөөлөгдөж байгаа болно. МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд /2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт мэргэжлийн 19 ангид 201 суралцагч суралцаж байна. Тус сургалтын төвийн 2018 оны батлагдсан төсөвт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Дээрх үндэслэлүүдийн дагуу Монгол хэлний багш нь ажлын ачаалалгүй болсон тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаар албан шаардлага, Монгол хэлний багшийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн Д.Ц-ийг ажлаас нь чөлөөлсөн юм. Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянмонгол овгийн Дамдиндоржийн Цэрэнпунцагийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.300.166 /хоёр сая гурван зуун мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дамдиндоржийн Цэрэнпунцагт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.300.166 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 51.753 төгрөг, нийт 121.953 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин гурван / төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-өөс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 133/ШШ2018/0291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн захирал Г.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, 16.5.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаал 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1, Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1-г үндэслэн Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Д.Ц-ийг төвийн Монгол хэл, уран зохиолын багшийн ажлаас чөлөөлсөн. МСҮТ-ийн захирал нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, 16.5.3 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/27 дугаар тушаалаар батлагдсан багшийн орон тооны хязгаарт багтаан Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журам”-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог МСҮТ-ийн захирал тогтоох бөгөөд захирлын 2017 оны Б/07 дугаар тушаалын хавсралтаар МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоосон. Уг тушаалын хавсралтаар батлагдсан 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тооны Монгол хэл, уран зохиолын багш үндсэн 1, цагийн 1 байна.  Д.Ц- нь Монгол хэлний багшаар томилогдон ажиллаж байсан ба түүний мэргэжил нь “монгол-англи судлал” мэргэжилтэй тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлага дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 4 дүгээр зүйлийн 4.1.1 заалтыг зөрчиж байгааг илэрхийлж, мэргэжлийн хүн байлгах ёстой тухай албан шаардлага ирүүлсэн. Манай байгууллагын цалингийн сан нь 2016 онд 37 багштай ажиллаж байсан үеэс нэмэгдээгүй ба Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар цалингийн санг нэмэгдүүлэхгүй байх, 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан 3 хүний оронд 2 хүн, 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарах 5 хүний оронд 3 хүн томилохгүй байхаар цалингийн санг /нийт 75 орон тооноос 70 орон тоотой байхаар байна/ царцаасан тул 43 багшийн орон тоогоор санхүүжигддэг гэж үзэх үндэслэлгүй. Ажлаас чөлөөлөх талаар багш Д.Ц-т 2017 оны 4 дүгээр сарын 14, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр мэдэгдсэн ба 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын үеэр тус тус мэдэгдсэн болно. Нэхэмжлэгч Д.Ц- нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй гэж дурьдаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх”-ээр заасан бөгөөд 45 хоногийн өмнө мэдэгдэх талаар заагаагүй байна. Мөн нэг сарын өмнө гэж наад талын хугацааг нь заасан нь нэгээс дээш хэдэн ч сарын өмнө мэдэгдсэн байж болохоор байна гэж үзэж байна. Уг заалтын хугацаа нь ажилтан энэ хугацаанд ажлын байр олох боломжийг олгож байгаа хугацаа бөгөөд ажил олгогч нь Д.Ц-ийг 2 сарын хугацаанд ямар ч ачаалалгүй үед буюу 2018.01.08-2018.03.07-ны өдрийг хүртэл бүтэн цалинжуулсан. Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар Д.Ц-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллах өөрийн хүсэлт, хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг үндэслэн томилохоор шийдвэрлэсэн боловч Д.Ц- нь 2 сарын хугацаанд /2018.01.08- 2018.03.07-ны өдрийг хүртэл/ материалаа ирүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан  цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн Д.Ц-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

           Хэргийн баримтаас үзвэл Д.Ц- Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр монгол хэл, уран зохиолын  багшаар ажиллаж байсан, тус төвийн захирал 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  Б/06 дугаар тушаал гаргаж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь тогтоогджээ.

          Б/06 дугаар тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын 1.2,  Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журмын 4.1, 4.4, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаар албан шаардлагын 3, МСҮТ-ийн захирлын 2017 оны А/72 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.1.1, 12.2, 12.2.1 дэх заалтуудыг баримталж, “ажлын ачаалалгүй болсон, ажлын байрны тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа” гэсэн үндэслэл заажээ.

         Д.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн Б/06 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасантай нийцээгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

1. Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

            Д.Ц-ийг ажлаас халах үндэслэлд заасан “ажлын ачаалалгүй болсон” гэснийг хариуцагч нь тус төвд монгол хэл, уран зохиолын үндсэн 1, цагийн 1 багш ажиллаж байснаас нэгний орон тоог цөөрүүлсэн агуулгаар тайлбарлаж, шүүх энэ хүрээнд дүгнэлт хийжээ.

Орон тоо цөөрүүлэх гэдгийг байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил  ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассныг ойлгодог бөгөөд энэ тухай шийдвэрийг  тухайн байгууллагын бүтэц орон тоог өөрчлөх эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, журмын дагуу урьдчилан шийдвэрлэсэн байхыг хууль шаардана.

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн хуваарь хүргүүлэх тухай” 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/109 тоот албан бичгийн хавсралтад зааснаар Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн ажиллагсдын нийт орон тоо 75 байна. /хх-37-р тал/

            Тус төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн А/24 дүгээр тушаалын хавсралтад ажиллагсдын нэрлэсэн байх бөгөөд үүнд 43 багш, мөн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/72 дугаар тушаалын хавсралтад 2017-2018-оны хичээлийн жилд 42 багшийн орон тоотой  ажиллахаар тогтжээ. /хх-96-99-р тал/ Эдгээр баримтаар тус төвд монгол хэл, уран зохиолын үндсэн багш 1 / Д.Одгэрэл/, цагийн 1 багш  /Д.Ц-/ ажиллаж байжээ.

            Түүнчлэн хариуцагчийн гаргасан  2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багшийн цагийн хуваарилалтаар монгол хэл , уран зохиолын багш Д.Одгэрэл, Д.Ц- нар тус бүр нийт 486 цаг буюу 10.8 багц цагийн, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн цагийн хуваарилалтаар Д.Одгэрэл нийт 792 цаг буюу 17.6 багц цагийн, Д.Ц- нийт 180 цаг буюу 4.0 багц цагийн хичээл заахаар тусгагдсан байна.

            Дээрхээс дүгнэхэд тус төвийн монгол хэл, уран зохиолын хичээлийн багшийн 2 орон тоотой, эдгээр багшийн заах нийт цаг нь 2017-2018 оны хичээлийн 1-р болоод 2-р улиралд адил нийт 972 цаг байгаа нь ажлын ачаалал багасгасан, үүний улмаас орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

           2. Б/06 дугаар тушаалд заасан “ажлын байрны тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа” буюу нэхэмжлэгч монгол хэл, уран зохиолын багш бус монгол-англи хэл судлалын мэргэжилтэй гэсэн үндэслэл нь түүнийг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч нь тус төвд 2014 оны 9 дүгээр сараас эхлэн монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан байна. Харин тэрээр  мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа  тэнцэхгүй бол энэ талаар эрх бүхий этгээд шалгаж, дүгнэлт гаргасан байх шаардлагатайн зэрэгцээ тухайн үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан өөр үндэслэл болно.

           3. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил олгогч ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй хууль зөрчсөн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

         Нэхэмжлэгч Д.Ц- түүнийг ажлаас буруу халсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн  татгалзлаа нотлох үүрэгтэй. Ажилтанд түүнийг ажлаас халах болсныг 1 сарын өмнө мэдэгдсэн эсэх үйл баримт нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой, шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий нөхцөл мөн болно. Орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хариуцагч нь нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

            Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2018/00291 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.УНДРАХ

                 ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ