Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2018/01334/И |
Дугаар | 001/ХТ2019/00220 |
Огноо | 2019-02-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2019/00220
Д.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01603 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2039 дугаар магадлалтай,
Д.Э-гийн нэхэмжлэлтэй
УБХНТНС-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.420.860 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орсон бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Шинэ захирал болох Д.И- нь 2 сард томилогдож ирсэн. Ирснээс хойш захиргааны дарамтыг ямар нэгэн байдлаар учруулах болсон. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого хэвийн явагдаж байсан. Цайны цагаар буюу 13:00-14:00 цагт байгууллагын ахмад ажилтан болох Ж.Э, Ж.Ц нар ирэхдээ тооллого хийж байсан хүмүүс рүү бууз, чихэр, архи, кофе авч ирсэн байсан. Тухайн үед архи авч ирснийг би мэдээгүй. Тухайн үед бууз жигнээд идэж дууссаны дараа 2 ахмад настан цүнхнээсээ архи гаргаж ирсэн. Тэнд нийт 12 хүн байсан. Түүнээс 10 нь тухайн үед ажил хийж байсан. 2 нь өндөр настан байсан. Түүнээс уух нь ууж, амсах нь амсаад, ёслоод өгсөн. Шилтэй архийг уусан асуудал байхгүй. Учир нь тэр өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн салбарын эрхлэгч Б.Б гарч утсаар ярьснаа Төв рүү уншигчаас архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж хүний нөөц Ж.З утсаар ярьж байна гээд явсан. Тухайн 2 ахмад ажилтан архиа авч яваад бид нар ажлаа хийж байтал хүний нөөц Ж.З орж ирэн нэг ч үг ярилгүй орж ирээд гарсан. Ингээд Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Б-ын өрөөнд орж түүнээс архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгаж захиргааны дарамт үзүүлсэн. Маргааш өдөр нь цайны цагийн дараа Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Б фондод орж ирэн Ц.Ц, н.Ш, Э нарыг төвөөс дуудаад байна, та нар хүрээд ир, хамт явъя гэх асуудлыг тавьсан. Тухайн үед Л.Ш байгаагүй тул түүний оронд тус салбарын номын санч Ц.Б тэдэнтэй хамт авч явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Б утсаар залгаж Д.Э-тай ярьж, Д.И та нарыг бүгдийг чинь ажлаас хална гэж байна. Тэнд болсон зүйлийн бичиж өг гээд загнаад байна, би юу бичих юм бэ гэж сандарч айсан шинжтэй ярьсан. Түүний яриаг чанга яригч дээр тавьж бүгдэд нь сонсгоод бүгдээрээ болсон үйл явдлыг үнэнээр нь бич гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа н.Б залгаад н.Т дарга, н.Ц эгч та гурвыг голлож асуугаад байна, миний ойлгосноор гол зорилго нь та гурав юм шиг л байна гэсэн. Тиймээс энэ нь анхнаасаа нэхэмжлэгчийг ажлаас халах асуудлыг тавьж байсан нь харагдаж байна. Бүгдээрээ ярилцаад бидний эсрэг баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгон захирал Д.И-тай очиж уулзаж учраа ололцъё гээд 17 цаг 30 минутын үед төв номын сан дээр ирсэн. Очиход үүдний өрөө нээлттэй байсан бөгөөд захирал Д.И-д тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас та нарыг хүлээж авахгүй гэсэн. Тэгээд араас нь дагаж өрөөнд нь ортол нарийн бичгээ дуудаад жижүүрээ дуудаад эд нарыг хөөж гарга гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх салбарын эрхлэгч Э.Т-ыг дуудаж уулзаад Э, Э, Т гэсэн 3 хүний халагдах тушаал байна. Д.Ц, Ц.Б, О.Д гэсэн 3 хүнд цалинг хасах сахилгын шийтгэл оноож байгаа, гэхдээ өөрийн чинь хүнээр яриулсан болохоор чинь үлдээе гэхэд нь Э.Т захирлын шийдвэр шударга байх ёстой, бүгдэд нь ижилхэн арга хэмжээ авч болохгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Д.И- өөрт чинь боломж олголоо шүү өөрөө л мэд, яагаад Д.Э-, Э.Э нарыг хамгаалаад байгаа юм, энэ хоёртой үүрд хамт байх уу та гэж хэлээд эсвэл халагдах, эсвэл салбарын эрхлэгчээрээ үлдээд 20 хувь хасуулах сонголт өглөө, өөрөө сонго гэхэд нь хамт л байсан, адилхан шийтгэл авъя, гэхдээ ямар ч шийтгэл байсан би хүлээн зөвшөөрөхгүй ээ гээд өрөөнөөс нь гарсан. Тэнд байсан 10 хүний гурав нь буюу Э.Э, Д.Э-, Э.Т нар ажлаас халагдаж гурав нь буюу Д.Ц, Ц.Б, О.Д нар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл авч, дөрөв нь буюу н.Б, Ц.Ц, н.Э, Л.Ш нар ямар ч шийтгэлгүй үлдсэн. Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ авахдаа захиргааны хурлаар авч хэлэлцээгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш буюу нийт ажлын 65 хоног, нийт 2.420.860 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг иш татсан. Тушаал гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хоёрдугаарт бусад хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх нөхцөл боломжоор хангасан эсэхийг үзээд шалгуур болгосон. Д.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэх боломжоор хангасан гэх зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Э-гийн гаргаж өгсөн баримт нь архи хэрэглээгүй болон архи уугаагүй гэдгийг нотлох баримт болохгүй. Мөн 2014 онд ухаан алдаж унаж байсан, архинаас хамааралгүй гэж байгаа бол тэр талаарх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлгийн бичиг гаргаж өгсөн ч хууль ёсны шаардлага хангахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01603 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-г УБХНТНС-гийн харьяа Сонгинхайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2.391.624 төгрөгийг хариуцагч УБХНТНС-гаас гаргуулж, 29.236 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБХНТНС-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч УБХНТНС-гаас улсын тэмдэгтийн хураамжид 53.216 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2039 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч УБХНТНС- нь улсын тэмдэгтийн хураамж төлдөггүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...УБХНТНС-гийн харъяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Д.Э- 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн, архидан согтуурах нөхцөлөөр хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт Зөрчлийн тодорхойлолт, гэрчүүдийн өргөдөл зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч Д.Э-гийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад нь өндөр настан Ж.Э, Ж.Ц нар архи авчирсан ба тухайн архийг задалж амссан гэдэг асуудалд маргаагүй. Д.Э- нь удирдах албан тушаал эрхэлдэг хүн байж албан үүргээ гүйцэтгэж байхдаа тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх боломжтой байсан атал ийнхүү архидах нөхцөлөөр хангасан, мөн тухайн архинаас амссан зэрэг нь УБХНТНС-гийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3 дахь заалтад “Ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, танхайрсан, ажлын байранд ирсэн, бусдыг уриалан дуудсан, архидан согтуурах нөхцлөөр хангасан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана” гэж тодорхой заасан байдаг. Мөн ажил олгогчоос Д.Э-тай 2017 оны 02 сарын 14-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /ХХ-ийн 6-8-р тал/-ний 3.2-т “Ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэж тус тус зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг журамлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг бүхэлд нь хянаагүй, хууль буруу тайлбарлаж шийдвэрлэжээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
УБХНТНС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх Д.Э-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалын дүгнэлт хуульд нийцсэн байна.
УБХНТНС-гийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Д.Э-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3, хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасныг баримтлан, “албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан” үндэслэлээр Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн тохирсон ноцтойд тооцогдох зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж болохыг заасан байна.
Ажилтан гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй бол ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.
Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний “гэрээг дуусгавар болгох, цуцлах” тухай 3.2-т “ажлын байранд архидан согтуурсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заажээ.
Хариуцагч Д.Э-г Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Хан-Уул дүүрэг дэх салбарын байранд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан зөрчлийг гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба хэргийн баримтаар нэхэмжлэгч тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Э, Ц.Б, Э.Т, Д.Ц, Э.Э нарыг гэрчээр асуусан байх бөгөөд гэрчүүд нэхэмжлэгч Д.Э- зүрхний хэм алддаг өвчтэй, архи уудаггүй, тухайн өдөр архинаас амсаагүй гэсэн мэдүүлэг өгчээ.
Эдгээр гэрчийн мэдүүлгийг няцааж, тушаалд дурдсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нотлоогүй байна. Энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01603 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2039 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ