Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0155

 

А.Чийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г

Нэхэмжлэгч А.Ч

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн А.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 921 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0125/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Ч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн А.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Чоос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн А.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга иргэн А.Чийн газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар буюу газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр цуцалсан. 

3.2. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай тогтоолын 1.10-д “Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж заасан. Энэхүү тогтоолыг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “барилга байгууламж” гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг” ойлгохоор заасан байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно.

3.4. Мөн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй эргэлзээтэй баримтыг үндэслэн дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0921 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч А.Чоос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн А.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3.2. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/505 дугаар захирамжийн хавсралтын 50 дахь заалтаар А.Чт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан бургастын аманд байрлах 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/133 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь заалтаар газрын хэмжээг 25000 м.кв-аар нэмэгдүүлж, 2017 оны 05 дугаар сарын 17-ны “Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/234 дүгээр захирамжийн хавсралтын 27 дугаар заалтаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан байна.

3.3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр А.Чт аялал жуулчлалын зориулалттай 75000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй байгаа болох нь анхан шатны шүүхээс уг газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байна.

3.5. Анхан шатны шүүхээс “...хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжийн нэхэмжлэгч А.Чт холбогдох хэсгийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгчээс анх 2015 оноос эзэмшиж эхэлсэн газар дээрээ газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэх нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шалган тогтоож шийдвэрлэсэн байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай тогтоолын 1.10-д “Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж заасан. Энэхүү тогтоолыг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “барилга байгууламж” гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг” ойлгохоор заасан... “ гэж тайлбарласан байна.

3.7. Хэдийгээр Барилгын тухай хуульд заасан “барилга байгууламж” гэх ойлголтод эрчим хүчний шугам сүлжээг хамааруулахаар зохицуулсан байгаа боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч А.Чийн эзэмшил газарт бус иргэн А.Э-ийн эзэмшил газарт тус цахилгааны шугам сүлжээг татсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3.8. Нэхэмжлэгчээс анх 2015 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр Сонгинохайрхан дүүрэгт 2016-2018 оны хооронд “Аялал жуулчлалын бааз байгуулах бизнес төсөл”-ийг хэрэгжүүлж, жилд дунджаар 200-300 жуулчинд үйлчилгээ үзүүлж, 200-300 сая төгрөгийн борлуулалт хийж, дүүргийн татварын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран ажиллаж, 10-12 ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөө гаргасан бөгөөд 2016 онд 25000 м.кв газрыг нэмэгдүүлж авахдаа дуудлага худалдааны анхны үнэ болох 132,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

3.9. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан тул “...анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй эргэлзээтэй баримтыг үндэслэсэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.10. Түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/164 НТАГ-/2018/03-ТА тоот албан шаардлагын 3 дахь заалтаар “...Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар ашиглаж байгаа ...132 иргэн...-ээр дуудлага худалдааны анхны үнэ болох 11,080,260,000 төгрөгийг төлүүлээгүй” байх тул 2 дугаар хавсралтад заасан иргэн, аж ахуй нэгжээр 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгасан байна.

3.11. Дээрх албан шаардлагын хавсралт бүрэн эхээр бус зөвхөн А.Чт холбогдох хэсэг хавтаст хэрэгт авагдсан байгаа боловч хариуцагчаас өмнө шийдвэрлэгдсэн захиргааны хэрэгт тус баримтыг бүрэн эхээр хавсаргасан, энэ материалыг бүрдүүлсэн манай ажилтан алдаа гаргаж хавсралтыг бүрэн хавсаргаж ирүүлээгүй, энэхүү баримт нь уг албан шаардлагын хавсралт мөн гэж тайлбарлаж байх тул хууль бус баримт үнэлсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол нэгэнт дуудлага худалдааны үнийг төлөөгүй байгаа энэ тохиолдолд үндэслэлгүй.

3.12. Дээрхээс дүгнэвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 921 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА