Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0726/З |
Дугаар | 221/МА2023/0153 |
Огноо | 2023-03-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2023/0153
“П м” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б болон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “П м” ХХК-иас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Б.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0726/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “П м” ХХК-иас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “П м” ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “...харин маргаан бүхий тохиолдолд, дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “П м” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ ... Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байх бөгөөд нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг хийснээс биш хууль зүйн дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасан.
3.3. Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолыг үндэслэж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 416 дугаар шийдвэрээр “П м” ХХК-ийн эзэмшлийн Хэнтийн аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашил үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.
3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт “...хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн ...” гэж хуульчилсан боловч нөхөн олговрыг олгоогүй байгаа гэсэн үндэслэлээр улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах боломжгүй юм. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын “П м” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаартай албан бичгийг хууль бусад тооцон хүчингүй болгож, хууль ёсны шийдвэр гаргахыг даалгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай байгууллагын зүгээс тус компанийн нөхөн олговрын дүнг тогтоолгох үүднээс хөндлөнгийн аудит тогтоолгон ажиллаж, улмаар Сангийн яаманд нөхөн олговрыг олгуулах хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу уламжилсан боловч Сангийн яамнаас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/3700 дугаартай албан бичгээр “...Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж, мөн хуулийн 14.5 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтооно гэж заасан байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хуулийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан, шийдвэрлүүлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан зохих арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлснийг тодруулсны үндсэн дээр нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэж хариу ирүүлсэн байх тул манай газраас хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж хариуг өгсөн гэж үзэж байна. Улсын тусгай хамгаалалттай газарт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хууль зүйн хувьд боломжгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадагийн гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр “П м” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр олгосон байна.
4.2. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор 4/Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, 4. Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Дээрх тогтоолоор батлагдсан талбайн хилийн заагийг тогтоох солбицолд “П м” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхацсан байна.
4.3. Дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 215 дугаар шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.14 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаар албан бичгийг тус тус үндэслэн “П м” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбогдуулан ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэтэл тус компаниас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэснийг хууль бус болох талаар маргаан үүсгэсэн.
4.4. Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 434 дүгээр шийдвэрээр Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр болсон байх тул дээрх тогтоолыг үндэслэн гарсан “П м” ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 435 дугаар шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг, 4.2.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаар албан бичгийг тус тус үндэслэн “П м” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шаргадагийн гол нэртэй 779,32 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
4.5. Гэтэл “П м” ХХК-иас дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Шийдвэр хүчингүй болгож сонсон ажиллагаа хийх тухай” 415 дугаар шийдвэрийг гаргаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт, 4.2.5 дахь хэсэг, 4.2.6 дахь хэсэг, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, “П м” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21/37 дугаартай хүсэлтийг тус тус үндэслэн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий “П м” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MВ-019023 тоот тусгай зөвшөөрөлд сонсох ажиллагаа хийлгэхтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор сонсох ажиллагаа явуулах хүртэл энэхүү шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн.
4.6. Сонсох ажиллагаа явуулсны дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 416 дугаар шийдвэрээр “П м” ХХК-ийн эзэмшлийн Хэнтийн аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MВ-019023 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан болно.
4.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...харин маргаан бүхий тохиолдолд, дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “П м” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ ..., хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байх бөгөөд нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор байна ..., дээрх нөхцөл байдлуудаас үзвэл маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “П м” ХХК-д тусгай хэрэгцээнд авсан байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхөх олговрыг хугацаанд төлөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна..., иймд нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв ...” гэснийг эс зөвшөөрч байна.
4.8. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасан чиг үүргийг геологи, уул уурхайн кадастрын асуудал хариуцсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжүүлдэг.
4.9. Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолыг үндэслэж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 416 дугаар шийдвэрээр “П м” ХХК-ийн эзэмшлийн Хэнтийн аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3. Давж заалдах шатны шүүх хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3.1. Нэхэмжлэгч “П м” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “П м” ХХК-иас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
3.2. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 05 дагаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн “П м” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг байрлах Шургадагийн гол нэртэй 779.32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.
3.3. Анхан шатны шүүхээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл “Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.3-д “...эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж зааснаас үзвэл ашигт малтмал ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай, ... маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “П м” ХХК-д тусгай хэрэгцээнд авсан байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхөх олговрыг хугацаанд нь төлөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй, ... нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ... үндэслэлгүй, ... нэхэмжлэгч “П м” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22/31 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу нөхөн олговрыг төлөөгүй тул хуулийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах талаар” гаргасан хүсэлтийг ... танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
3.4. Учир нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эх хэмээх газарт байрлах, усны болон ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай[1] нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайг Улсын Их Хурлаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох”, 25.2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах өөрчлөх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.
3.5. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах;” гэж, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, нэгэнт Монгол Улсын Их Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсантай нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцалтай байгаа төдийгүй тусгай хамгаалалтад авснаар тухайн талбайд ашигт малтмал хайх, олборлох боломжгүй болсон энэ тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэр болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичгийг буруутгах үндэслэлгүй.
3.6. Хэдийгээр нэхэмжлэгч компанид нөхөх олговор олгогдоогүй байх боловч нэгэнт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчээс дээрх хуульд зааснаар байгалийн цогцолборт газарт хориглосон үйл ажиллагаа буюу ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг явуулах боломжгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
3.7. Тодруулбал, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх этгээдийн эрхийг сэргээсэн үр дагаврыг өөртөө агуулсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан үндэслэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээхээргүй байна.
3.8. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын талбайдаа үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ч дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйл ажиллааг явуулж болохгүй энэ нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх аливаа байдлаар сэргэхээргүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөлийг үүсгэхээр байна.
3.9. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.7-д “Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.
3.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “П м” ХХК-иас нөхөн олговор авах тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас “П м” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргуулахаар “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-д 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/5873 дугаар албан бичгээр холбогдох баримтуудыг хүргүүлснийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хянаад 2022 оны 01 дүгээр сарын 222/22 дугаар дүгнэлтийг гаргасан байна.
3.11. Тус дүгнэлтээр “П м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/26 дугаар албан бичгээр нэхэмжилсэн нөхөн олговрын дүн 22,764,100 ам.доллар нь үнэ цэнийн талаар хийгдсэн судалгаа, гаргасан таамаглал, ирүүлсэн нотолгоо, тооцооллын хүрээнд үндэслэлтэй гэсэн бол “Н-А” ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн “Хараат бус аудиторын тайлан”-д ““П м” ХХК-ийн хайгуул ба үнэлгээний хөрөнгө, биет бус хөрөнгө дансанд хуримтлуулсан бүртгэсэн дүн болон бусад зардлыг холбогдох дансны гүйлгээ, түүнийг дэмжих анхан шатны баримт, харилцагчидтай байгуулсан гэрээтэй тулган шалгахад 2004-2021 оны хооронд XV-06155 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нийтдээ 10,423,812,973 /Арван тэрбум дөрвөн зуун хорин гурван сая найман зуун арван хоёр мянга есөн зуун далан гурав/ төгрөг зарцуулсан нь анхан шатны баримтаар” тогтоогдсон гэжээ.
3.12. Ийнхүү хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд уламжилсан хэдий ч Сангийн яамнаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/3700 дугаар албан бичгээр “...Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан, шийдвэрлүүлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан зохих арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлснийг тодруулсны үндсэн дээр нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэх хариуг хүргүүлж, Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгч “П м” ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/3154 дүгээр албан бичгээр “...танай компанийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг хүргүүлсэн байна.
3.13. Дээрхээс үзвэл, нөхөх олговортой холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх боломжгүй төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөн олговор авах эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П м” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “П м” ХХК-иас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр талд,