Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Г,

Шүүгдэгч Ж.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Г ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А д холбогдох эрүүгийн 2015002600024 дугаартай, 163/2020/0038/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ж ын А  /РД: Г ******** /, 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын *** дугаар баг, Зүүнтүрүүний “*****” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэм буруугаа хүлээж энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015002600024 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А  нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ Б.З, Д.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт архи ууж байсан Б.З, Д.М нартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа зодож Д.М ын биед тархи доргилт, хамар ясанд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.З ын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний салст, баруун мөр, зүүн сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Хохирогч Д.М ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Булган аймгийн Булган суманд амьдардаг найз А  нь манай эхнэр З руу утсаар залгаж “би эхнэр хүүхдүүдийн хамт Эрдэнэт ороод ирсэн байна. Танайд очмоор байна” гэж ярихаар нь манай эхнэр “тэг тэг” гэж хэлсэн. Оройн 18 цагийн үед А  болон түүний эхнэр Д, 4 хүүхдийн хамт манайд ирсэн. Тэгээд хоол, цай хийж өгөөд А , Д, манай эхнэр З бид дөрөв “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи, “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво хуваан ууж дуусгасан. А  манай эхнэр бид хоёрт хандан “та хоёр хүүхдүүдээ аваад манайд очиж агаарт гарахгүй юу даа” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр ач хүүгээ аваад А ийн машинд суусан. Замаасаа 4 шил архи, 2 сав пиво зэргийг авсан. Замдаа явж байхдаа нэг пивоо уусан. А ийнд орой 22 цагийн үед очсон. ...А  над руу “чи намайг зодож амжихгүй” гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь өмнөөс нь юу ч хэлээгүй. Тамхи татах гээд А ийн гэрээс гараад зогсож байтал А  араас гарч ирээд миний нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөөд дээлний захаар хоолой боохоор нь би А ийн 2 гарыг нь салгаад “чи яах гээд байгаа юм” гэж хэлсэн чинь А  шууд миний баруун талын шанаа, нүд хэсэгт баруун гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Зүүн талын хацар хэсэгт зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь би газар унасан. Намайг газар унахад А  миний зүүн талын бөөр хэсэгт нэг удаа дэвссэн. Толгой хэсэгт 1 удаа дэвссэн. Хамар руу нэг удаа өшиглөсөн, баруун талын өвдөг рүү 1 удаа өшиглөж байхад манай эхнэр З А ийг надаас салгах гээд ирэхэд А  манай эхнэр

Зын зүүн талын хацар хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон.

Зүүн талын шанаа болон чихийг нь хавсаруулан 3-4 удаа алгадаж газар унагаасан.

...” гэх мэдүүлэг /хх-70-71 тал/,

Хохирогч Б.З ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн үед Булган аймгийн Булган суманд амьдардаг найз А  над руу залгаж “би эхнэр хүүхдүүдийнхээ хамт Эрдэнэт орж зураг авахуулах гэж байна, одоо явах гэж байна, танайхаар очно шүү” гэж ярихаар нь “тэг, тэг” гэж хэлсэн. Орой 18 цагийн үед А  эхнэр, 4 хүүхдийн хамт манайд ирсэн. ...А ийн гэрт орой 22 цагийн үед очсон. А  өврөөсөө хар экс нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Тэгээд бид дөрөв А ийн гаргаж ирсэн архийг задлаад хувааж ууж байхад Д гэрээсээ гараад яваад өгсөн. А  манай нөхөр М руу “чам шиг юм намайг амжихгүй шүү” гээд Мтай хэрүүл хийгээд байсан. М, А ийн өөдөөс юу ч дуугараагүй, инээгээд суугаад байхаар нь би архи уухаа болиод А , М хоёрыг ажаад суусан. Би А ийг “миний найз элдэв бусын юм яриад байх юм, битгий тийм юм яриад бай, чи согтсон юм уу, одоо болиод унтаж амархуу” гэж хэлсэн чинь А  миний өөдөөс юм хэлээгүй. ...Мтамхи татах гээд А ийн гэрээс гараад явсан. Би А ийнд сууж байхад гадаа А ийн дуу чангараад М тай муудалцаад байхаар нь гараад очтол А  М ыг газар унагаасан байдалтай байж байсан. Тэгээд би “болиоч, юу болж байгаан” гээд салгахаар очиход А  миний зүүн талын хацар руу баруун гараараа нэг удаа алгадахаар нь би газарт унасан. Буцаж босоод А ийг “болиочээ” гээд хувцаснаас нь татаад аргыг нь олох гээд эвтэйхэн харьцсан чинь ерөөсөө зүгээр болоогүй. Миний зүүн хацар руу 2-3 удаа алгадсан. Баруун талын хацар руу 2-3 удаа алгадсан. Би А д алгадуулаад газарт унахдаа толгойны ар хэсгээ чулуунд цохисон байх, миний толгойны ар хэсгээс цус гараад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-74-75 тал/,

Гэрч Э.Д гийн өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ...орой

18 цагийн М ынд очсон. ...Би гаднаас мах оруулж ирээд хоол хийх гэж байхад

А  намайг “өвөлжөөн дээр хашсан хонио эргээд ир” гэж хэлэхээр

Б, А хоёртой өвөлжөөн дээр хашсан хонио эргээд ирэхэд М, А  хоёр хоорондоо зодоон хийсэн бололтой хоорондоо заамдалцаад гэрээс гарч ирсэн. Би машины гэрэлд хараад энэ хэд хоорондоо маргалдаж байгаа юм байна гэж бодоод гэрээсээ хойд зүгт **-** метрийн зайд машинаа байрлуулж тавьсан. Би машинаасаа буусан чинь манай том хүү Б гэрийн зүүн талаар уйлсан байдалтай фудволк, дотуур хувцастайгаа гүйгээд ирэхээр нь “дүү нь хаана байна” гэж асуухад “би дүүг портер машин дотор хийсэн” гэж хэлсэн. “З, М хоёрын хүүхэд нь хаана байна” гэж асуухад “хоёр дүүг хоёуланг нь портер машин дотор хийсэн” гэж хэлсэн. Би хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж бодоод Б , А  хоёрт хандан “дүү нараа машин руу аваачаад суулгачих” гэж хэлэх үед М , З, А  гурав гэр рүү буцаж орохоор нь гэр лүү шагайж харахад А , М хоёр урд урдаасаа харсан байдалтай гэрийн зүүн талд газар сууж байсан. З гэрийн баруун талын орон дээр А , М хоёр руу харсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

Гэрч Э.А ын өгсөн: “...Дуудлага өгсөн гэх эмэгтэй хүнийг машиндаа суулгаад зодоон болсон гэх А  гэх айлынд очиход гэрийнх нь гадаа А  гэх хүний ээж нь байсан. Гэр дотор ороход аяга, таваг хагарч шалаар тарсан, гэрийн үүд хэсгийн шалан дээгүүр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болсон байсан. Баруун талын орон дээр А  хэвтэж байсан. Цагдаа

Г.Д А  гэх хүн дээр очоод юу болсон талаар асуухад А  босож ирээд “би эхнэртэйгээ хоёр найзтайгаа хамт дөрвүүлээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоорондоо маргалдаад зодоон хийчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-80-81 тал/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №152 дугаартай “Магадлуулагч Д.М ын биед тархи доргилт, хамар ясанд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-88-

89 тал/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №153 дугаартай “...Магадлуулагч Б.З ын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний салст, баруун мөр, зүүн сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-92-93 тал/,

“Далай ван аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-139 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-97-102 тал/,

“Далай ван аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-106-111 тал/, Шүүгдэгч Ж.А ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ...манайх руу бүгдээрээ явахаар болоод бид хэд орой нар жаргаж байхад Орхон аймгаас манайх руу гарсан. Бид хэд 23 цагийн үед хөдөө гэрт ирсэн. Манай эхнэр гэрт ирээд хоол бэлдсэн. М, З бид гурав авсан 0.75 литрийн архиа хувааж уухаар задалж тойруулсан. Эхнийхээ архийг дуусгаад эхнэрийн хийсэн хоолыг идээд дахин нэг шил 0.75 литрийн архи задалж М, З бид гурав уусан. Сүүлд задалсан архийг ууж байгаад бид гурав нэлээд муудсан. Тэр үед манай эхнэр “өвөлжөөн дээр хашсан хонио харчихаад ирье” гээд хоёр охиноо аваад явсан. Гэрт М, З, З ын ач хүү, миний хоёр хүү нар үлдсэн. З ын ач хүү гэрийн баруун талын орон дээр унтаж байсан, манай хоёр хүү гэрийн зүүн талын орон дээр, манай бага унтаад, том нь сэрүүн байж байсан. Тэгээд би бага хүү, том хүүгийнхээ хажуугаар ороод унтахаар хэвтсэн. Тэгсэн З намайг хэвтээд удаагүй байхад сүү цацаад, гэрийн аяга таваг хагалаад унасан. Тэгэхээр нь би орноос босч З д “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлээд уурандаа З ыг хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгээд З босч ирээд надтай зууралдах үед нөхөр Мнь араас ирж зуухны тагаар миний толгой руу цохисон. ...Тэгэхээр нь би М ыг зөрүүлж барьж аваад хоёр билүү гурван удаа нүүр лүү нь цохисон. Тэгтэл нүүрнээс нь цус гойжсон. Намайг бас М хэд хэдэн удаа цохиж хамарнаас цус гаргасан. Тэгээд гэрийн шалан дээр М, З бид гурав дээр доороо оролцож, ноцолдсон. Энэ хооронд хүүхдүүд бид хэдийг хараад айгаад гэрээс гарч зугтаасан. Тэгээд гэрээс бид хэд ноцолдсон чигээрээ гарсан. Гэрээс гарах үед манай эхнэр өвөлжөө ороод ирж харагдсан. ...Би хохиролд 2.113.000 төгрөг, нэг сувай хоньтой хамт өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг /хх-127-129 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М, Б.З нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.А ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.А ийн хүний бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Д.М, Б.З, гэрч Э.З , Э.А  нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Ж.А  нь гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримт нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.

Шүүгдэгч Ж.А ийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Ж.А ийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 30-ны орой Булган аймгийн Булган сумын нутагт өөрийн гэртээ Б.З, Д.М нарыг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М, Б.З нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм хорын хохиролд Медипас эмнэлгийн үзлэг оношлогоонд толгойн зураг авуулахад Д.М-195000, Б.З-195000, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хувцасны үнэ буюу цэнхэр өнгийн жинсэн малгай 50000, цэнхэр өнгийн юүдэнтэй малгайтай цамц 60000, саарал өнгийн куртик 100000, шаргал өнгийн өмд 150000, бор хүрэн өнгийн дээл 200000, шар өнгийн дурдан бүс 25000, Barons гэсэн бичиглэл бүхий бор өнгийн нэг хос гутал 430000, хар өнгийн судалтай цамц 60000, цоохор өнгийн мак 13000, хөх өнгийн жинсэн өмд 25000, нийт 1.728.000 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Ж.А  төлөхийг хүлээн зөвшөөрч хохирогчийн Хаан банкны данс руу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1.113.000 /хх-136 тал/, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000 /хх-137 тал/, нийт 2.113.000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч Д.М, Б.З нар нь гомдол саналгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байна.

Шүүхээс хохирогч Д.М, Б.З нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэн ярихад “ойлголоо, гомдол саналгүй, хохирлоо авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:

Шүүгдэгч Ж.А ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.А ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 130-133 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Булган сумын хоёрдугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.А  нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Зүүнтүрүүний “*****” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм хорын хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/15 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ж.А ийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Ж ын А ийг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Ж.А ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.А  нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэхтогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Ж.А  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийнбаримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүйг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД