Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00239

 

Х Б ХХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00416 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар магадлалтай,

Х Б ХХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй

А.О, М.Б нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 77.575.757,58 төгрөг, хүү 21.494.413,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863.666,26 төгрөг, нийт 99.933.837,72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч А.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Ховд салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... иргэн А.О нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1240023986 тоот зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийн зээлийг бараа татах бизнесээ өргөжүүлэх зориулалттай 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан. Уг зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын 8 дугаар баг Наран багийн 25-07 тоот Д-000094344, Г-1617002377 дугаартай 1346 м.кв бүхий өмчлөх эрхтэй газар, Хойд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-07 тоот Д-000182115, Ү-1617002498 дугаартай 45 мкв бүхий авто граж, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 25-07 тоот Д-000150245, Ү-1617003472 дугаартай 52,4 м.кв бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-19, 20 тоот Д-000387582, 8414910082 дугаартай 1420 м.кв бүхий эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-19 тоот, Д-000161612, Ү-1617001798 дугаартай 56 мкв бүхий хувийн сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-19 тоот, Д-000161612, Ү-1617000397 дугаартай 56 мкв бүхий хувийн сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-22 тоот, Д-000094667, Г-1617004716 дугаартай 500 м.кв бүхий эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-22 тоот Д-000027207, Ү-1617002587 дугаартай 48 м.кв бүхий амины орон сууц барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөлтөө гүйцэд хийлгүй хугацаа хэтрээд байна. Үүнийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тооцсон. А.О нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 2.424.242.42 төгрөг, зээлийн хүү 5.889.847.71 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8.874,87 төгрөг төлсөн байна. Иймд 1240023988 тоот зээлийн үлдэгдэл үндсэн зээл 77.575.757.58 төгрөг, зээлийн хүү 21.494.413.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863.666.26 төгрөг, нийт 99.933.837.72 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Оын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х Бны Ховд салбараас зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг бизнесээ өргөжүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 2.424.242.42 төгрөг, зээлийн хүү 5.889.847.71 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8.874.87 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Х Б 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гээд буцаасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй, удаа дараа шүүхэд өгсөн атал зээлийн хүү зогсохгүйгээр нэмж 3.613.648.83 төгрөг болсныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй байж дахин нэхэмжлэл гаргахдаа хүүг нэмсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Зээлдэгч нар нь бизнесийн үйл ажиллагаа эрсдэлд орсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийж чадаагүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1-д үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тусгаж өгсөн байна. Энэхүү заалт нь зээлийн гэрээний нийт хугацаанд хамаарах агуулгаар тайлбарлагдана гэж үзэж байна. Гэрээний 1.1-д 36 сарын хугацаатай байхаар зааж гэрээг байгуулжээ. Нэмэгдүүлсэн хүүг тооцож эхлэх хугацаа нь зээлийн гэрээний ерөнхий хугацаа дууссан үеэс үүргийн гүйцэтгэлийг хангагдаагүй нөхцөлд байхаар тохиролцсон гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд шаардлага гаргасан үеэс зээлийн хүү зогсох тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00416 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.О, М.Б нараас үндсэн зээлийн төлбөр 77.575.757.58 төгрөг, зээлийн хүү 17.515.733.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577.698.64 төгрөг, нийт 96.320.188.89 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Бны Ховд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.613.649 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х Бны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 639.550.94 төгрөгийг гаргуулан Х Бны Ховд салбарт олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/416 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950.40 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нараас нийт 96.320.188,89 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын агуулга, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний заалт нь нэг талын эрх ашгийг илт хохироосон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч Х Бны Ховд салбар нь талуудын хооронд 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1240023986 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар 2018 оны 02 сарын 05-ны өдөр гэрээ цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь цуцлагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр, магадлалд зээлийн гэрээний 3.2.8 дахь заалтаар зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү, гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаагаар төлөх үүрэг хүлээжээ гэж дүгнэжээ. Гэрээ цуцлагдсан нөхцөлд гэрээний үүргийн гүйцэтгэл гэсэн шаардах эрх дуусгавар болох тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл”-ийн харилцааг хуульчилсан боловч энэхүү маргааны тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах, 222 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх, 224 дүгээр зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргийг хуульчилсан зохицуулалтаар талуудын хоорондох маргааны харилцаа зохицуулагдах үндэслэлтэй байгаад дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Х Бны санаачилгаар цуцлагдсан тул нэгэнт цуцлагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний заалтын дагуу шаардах нь үндэслэлгүй тул үндсэн зээлийн төлбөр болох 77.575.757.58 төгрөгийг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, зээлийн хүү 17.515.733.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577.698.64 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч А.Оын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Х Б ХХК-г тус хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр  Ховд аймгийн салбар төлөөлж А.О, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99.933.837.72 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүү, нэмэгдүүлсэн хүүг  зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл А.О, М.Б нар Х Б ХХК-ийн Ховд салбараас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 80.000.000 төгрөгийг бизнесээ өргөжүүлэх зорилгоор 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авчээ.

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох тухайд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн байна.

Зээлийн эргэн төлөх хувиарт тусгагдснаар  зээлдэгч нь эхний 3 сард зээлийн хүүг, 4 дэх сараас зээлийн хүүг болон үндсэн зээлээс тодорхой хэмжээгээр төлж, гэрээний хугацаа дуусахад зээлийн үүрэг дуусгавар болохоор талууд тохиролцжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болох хэдий ч зээлдэгч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүрэг зөрчигдсөн нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчээс гаргасан зээлийн тооцооллоор тогтоогдсон байна.

Х Б ХХК-ийн Ховд салбар нь хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гэрээний үүргээ биелүүлэхийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шаардсан, уг зөрчил арилаагүй, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн байх бөгөөд  үүргийн зөрчил нь гэрээг цуцлах ноцтойд тооцогдох тул гэрээ цуцлагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй байна.

Шүүх гэрээг цуцлах хүртэл зээлийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

Зээлдэгч нар зээлийн үүргийг хариуцахаар Х Б ХХК-ийн Ховд салбарын өмнө үүрэг хүлээсэн тул хамтран хариуцагч болох бөгөөд гэрээнд үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг хувиарлаагүй байна. Иймд А.О, М.Б нар нь зээлийн үүргийг бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д заасныг зөрчөөгүй байна.

Х Б ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардаж 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар буцааж байжээ. Тус банк шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасны дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх “гэрээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэн” уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн “гэрээг цуцлах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулсан нь хуульд нийцээгүй” тухай гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00416 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч А.Оын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч А.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 222.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                      Г.АЛТАНЧИМЭГ