Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2018/ДШМ/10

 

   Б.Сэргэлэнбаатарт холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Нэргүй, шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, түүний өмгөөлөгч Б.Батчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нарыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт холбогдох 18170003300024 дугаартай 1 хавтас 118 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Сэргэлэнбаатар нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн гудамжинд иргэн Н.Отгонболдын нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуу ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт оногдуулсан 480 /дөрвөн зуу ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сольсон 60 /жар/ хоногийн хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

насанд хүрээгүй хохирогч Н.Отгонболдыг нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь: Б.Сэргэлэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар сольсон 6 хоногийн хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар саоын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил, 2 сарын хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Б.Сэргэлэнбаатар болон өмгөөлөгч миний зүгээс гэмт хэргийн зүйчлэл болон гэм буруугийн тал дээр маргаагүй, 2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг Баянбулагийн гудамжинд Н.Отгонболдыг нүүрэн тус газар гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Тухайн гэм буруутай үйлдэлд шүүхээс 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрнө, харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д “...өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үйлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэснээс үзвэл “...заримыг нэмж” нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байхад эрх зүйн байдлыг дордуулж “...бүгдийг” буюу 2 жилийн хорих ялыг шууд нэмж нэгтгэн түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Сэргэлэнбаатарт хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацааг нэг жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосон байсан бөгөөд уг ялыг эдэлж дуусахад ердөө 7-хон хоногийн хугацаа үлдсэн байсан.

Иймд Б.Сэргэлэнбаатарт оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн Б.Сэргэлэнбаатар гэр бүлийн амьдрал зохиож анхны хүүхдээ хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа бөгөөд эхнэр Б.Мөнхжин нь 6 сарын эхээр төрж амаржих тулгар эх тул түүний ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.   

Прокурор Э.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүх шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт ял оногдуулахдаа өмнөх хоёр жилийн хорих ял дээр сүүлд шийтгүүлсэн хоёр сарын ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримталсан нь үндэслэлгүй. Яагаад гэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан зарим ялыг нэмж нэгтгэж эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна гэжээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнө согтуугаар насанд хүрээгүй хохирогч Н.Отгонболдын нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон, хэргийн зүйлчлэл зөв болсон байна.

            Гэхдээ шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын урьд нь буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн /2002/ 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож шийдвэрлэснийг нэгтгэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн /2015/ 6.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг журамлан нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан алдаа болжээ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

            Учир нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсгийг 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3 дах хэсэгтэй харьцуулан үзвэл хуучин хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1–д заасан  “... заримыг нэмж...” нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Харин эсрэгээрээ шинэ хуулийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтаар эдлээгүй үлдсэн ялыг “Бүгдийг нь” нэмж нэгтгэх нь эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2-т зааснаар “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн алдаа байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг болох 1 жилийг нэмж нэгтгэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг дор дурьдсанаар өөрчилсүгэй.

 

А. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.3, 58 дугаар зүйлийн 58.1–д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сольж оногдуулсан 2 /хоёр/ сарын  хорих ял дээр өмнөх буюу Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  16 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жилийн хорих ялаас  заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2  сарын хугацаагаар тогтоосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтанд “2 жил 2 сар” гэснийг “1 жил 2 сар”  гэж өөрчилсүгэй.

 

3.  Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                            Н.БОЛОРМАА

                                                                                        Г.ТЭШСУУРЬ