Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0159

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 14 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0159              

 

 

Хилийн цэргийн 0245 дугаар ангийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н

Нэхэмжлэгч: Хилийн цэргийн 0245 дугаар анги

Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын ахлах бүртгэгч Г.Бурмаа

Гуравдагч этгээд: Г.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Г.Год үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2023/0002 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гуравдагч этгээд Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 124/2022/0022/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар анги нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын ахлах бүртгэгч Г.Бурмаад холбогдуулан “Г.Год үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2023/0002 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Г.Бурмаад холбогдуулан гаргасан “Г.Год үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн зүгээс “Улсын бүртгэгчийн иргэн Г.Год үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар бүхийг эрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар анхан шатны шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийг гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй, хуулийн хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэсэн. Гэтэл тухайн заалтууд нь шинээр анх удаа өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдлыг зохицуулсан заалтууд бөгөөд Г.Год өмчлөх эрх олгож байгаа үйлдэл нь шинээр гэрчилгээ олгож байгаа бус өмчлөх эрхийн шилжилттэй холбоотой харилцаа үүссэн байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу иргэн Г.Гын хувьд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг анх удаа шинээр авч байгаа бус Ж.Шгаас шилжүүлэн авч байгаа тул мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулдаг. 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасны дагуу иргэн Г.Год өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 283 тоот шийдвэрийг үндэслэж олгосон. Гэтэл тус шийдвэр нь иргэн Г.Год маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай шийдвэр биш байдаг. Тухайн үед иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж6Шараа байраа буцаан авахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох Г.Г нь “... байрыг өрөндөө Хилийн цэргийн 0245 дугаар ангид өгсөн тул байрыг буцаан өгөх боломжгүй, харин дутуу мөнгөө төлсөн” гэсэн тайлбар гаргасны дагуу байр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, оронд байрны дутуу байгаа төлбөр болох 228,022 төгрөгийг гаргуулж Ж.Шд олгохоор шийдвэрлэж байсан байна. Тухайн шийдвэрээс хэдий Г.Г байрыг худалдан авсан ч Хилийн цэргийн ангид байрыг өгсөн гэдэг нөхцөл тогтоогдсон байхад 2014 онд иргэн Г.Год өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо улсын бүртгэгч нь ЭД хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Хилийн цэргийн 0245 дугаар ангиас асууж тодруулан манай байгууллагын зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр гэрчилгээ олгох ёстой байсан.

Гэтэл улсын бүртгэгч нь манай цэргийн ангид огт мэдэгдээгүй, зөвшөөрөл авах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс манай ангийн эрх ашиг хууль бусаар хөндөгдсөн.

3.3. Түүнчлэн манай цэргийн анги тухайн маргаан бүхий байрыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авч баталгаажуулах гэхээр иргэн Г.Г нь гэрээ хийж өгөхгүй, байрыг өөрөө авах сонирхолтой байгаа тул байгууллагын нэр дээр гэрчилгээг гаргуулж авч чадахгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Маргаан бүхий байрны өмчлөх эрх анх 2003 онд Ж.Ш гэх хүнд шилжсэн байх боловч өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр иргэдийн хооронд гэрээ хэлцэл хийх, эсхүл хийхээр тохиролцох бүрэн боломжтой. Хэдий Г.Год байраа зарсан хүн өөрийн нэр дээр байрны өмчлөх эрхийг гаргуулж аваагүй ч маргаан бүхий байрыг түүнд худалдахаар болсон байдаг. Ингээд Г.Г нь 1999 онд тус байрыг худалдан авч байрны төлбөрийг бүрэн төлөөгүй байж байгаад талуудын хооронд маргаан гарч 2023 онд Увс аймаг дахь сум дундын шүүхээр шийдвэрлүүлж байсан.

Ингэж шүүхэд хандаж байхдаа ч Ж.Ш болон Г.Г нар хэн хэн нь байрны хууль ёсны өмчлөгч болоогүй байсан байдаг. Г.Г 1999 онд Хилийн цэргийн 2045 дугаар ангид өрөндөө тус маргаан бүхий байрыг өгсөн бөгөөд энэ үедээ өөрөө байрны өмчлөгч болоогүй байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг Хилийн цэргийн ангид шилжүүлж өгөх, Хилийн цэргийн анги байрыг өөрийн нэр дээр өмчилж авах боломжгүй нөхцөл байдал байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр дүгнэлт хийсэн.

3.4. Мөн хэрэгт авагдсан “Чандмань Увс” ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 168 тоот “... цэвэр бохир усны төлбөрийн тооцоо байхгүй” гэх албан тоот нэр бүхий иргэдийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт зээг нь иргэн Г.Гыг тухайн маргаан бүхий байрны өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтууд биш байхад гэрчилгээ олгож байгаа бүртгэгчийн үйлдэл хууль бус байхад эдгээр үйлдлийг хуулийн дагуу байна гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй. 1999-2009 оны хооронд Г.Г манай цэргийн ангид ажиллаж байсан тул албаны байраар хангагдах эрх бүхий этгээд байсан. Цэргийн ангийн зүгээс ажиллаж байх хугацаанд манай ангид шилжүүлэн өгсөн маргаан бүхий байранд амьдруулсан. Г.Г 2009 онд ажлаас гараад явахдаа байрны түлхүүрийг хүлээлгэж өгөөд явсан байдаг. Дараа нь манай байгууллагад мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж ашиглан шүүхэд өгөөд яваад байгаа. Эдгээр бодит нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс огт анхаар ч үзээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь, бодитой, бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

3.5. Анхан шатны шүүхээс манай ангийг өмчлөх эрхээ баталгаажуулаагүй, байгууллагын данс бүртгэлээр бүртгэж явсан нь хууль бус байна гэж үзсэн. Гэтэл өмчлөх эрхээ баталгаажуулаагүй үйлдэл нь манай байгууллагаас бус, иргэн Г.Гоос болоод зөрчигдөж ирсэн. Учир нь Г.Г нь 1999 онд маргаан бүхий байрыг өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хийж өгөхгүй байсан тул манай анги байгууллагын данс бүртгэлээрээ бүртгэж ирсэн.

Улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болоод манай цэргийн анги одоо өмч хөрөнгөө алдах, цаашлаад иргэн Г.Год байрыг ашигласан хугацаан төлбөр гэж их хэмжээний мөнгө төлөх эрсдэлт нөхцөл үүсээд байгаа. Улсын бүртгэгч 283 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгохоосоо өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай ангиас зөвшөөрөл авах ёстой гэдэг шаардлага тавьсан бол иргэн Г.Г өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авч чадахгүй, манай ангийн эрх ашиг хөндөгдөхгүй байх байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                              

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Иргэн Г.Г 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдлийг холбогдох баримтын хамт гаргасныг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Бурмаа шалгаж, Г.Гыг Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын 5 тоотод байршилтай 36 м.кв орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520001381 дугаарт бүртгэж, 000229684 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна.

3.1. Нэхэмжлэгчээс “... Г.Г нь Хилийн цэргийн 0245 дугаар ангид маргаан бүхий байрыг өрөндөө өгсөн, 1999 оноос хойш байгууллагын дансанд бүртгэгдэж, өнөөдрийг хүртэл эзэмшиж байхад улсын бүртгэгчээс түүнд гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн” гэж тайлбарлан маргасан.

3.2. Анхан шатны шүүхээс “... талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй, Хилийн цэргийн ангийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй, хуульд зааснаар өмчлөх, эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй тул улсын бүртгэгчийн гэрчилгээ олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хуулийн хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ... улсын бүртгэгч нь манай ангид огт мэдэгдээгүй, зөвшөөрөл авах үүргээ хэрэгжүүлээгүйгээс манай ангийн эрх ашиг хууль бусаар хөндөгдөж байхад хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь, бодитой, бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй” гэжээ.

4.1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих;”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж зааснаас үзэхэд талуудын гэрээ, хэлцлийн үндсэн дээр болон шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх олж авч буй тохиолдолд уг бүртгэлийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх шилжихтэй холбоотой зөвшөөрөл авах, мэдэгдэх үүрэг хүлээгээгүй, учир нь тухайн орон сууцыг 2003 онд өмч хувьчлах товчооны шийдвэрээр Ж.Ш хувьчлан авч, 2004 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр анх улсын бүртгэлд Ж.Ш, Ж.Дн, Ш.Ч, Ш.Д нарын нэр дээр бүртгэлтэй байсан байна.

4.2. Улмаар Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэр, орон сууц өмчлөх эрх бүхий этгээдээс гаргасан хүсэлтийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр маргаж буй Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын 5 тоотод байршилтай 36 м.кв орон сууцны өмчлөгчөөр Г.Гыг бүртгэж, 000229654 дугаартай гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул бүртгэл хийхдээ манайд мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгчээс “... 1999 оны 07 дугаар сард 2 тэмээний оронд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын 5 тоотод байршилтай 36 м.кв орон сууцыг манай ангид шилжүүлэн өгөөд зөрүү 300,000 төгрөгийг хүлээн авсан” гэж тайлбарлах боловч Г.Г 1999 онд маргаан бүхий орон сууцны өмчлөгч байгаагүй, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тэрээр 1999 оноос 2013 оныг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаад 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тухайн орон сууцыг өмчлөх эрхтэйг нотолсон баримтуудыг бүрдүүлэн мэдүүлэгт хавсаргаж өгснийг хариуцагч улсын бүртгэгч өмчлөгчөөр бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж заасныг зөрчөөгүй байх тул бүртгэлийг хууль бус гэж үзэхгүй.

5.1. Түүнчлэн Хилийн цэргийн 0245 дугаар анги маргаан бүхий орон сууцыг Г.Гоос 2 тэмээний оронд авсан талаар акт, талуудын хооронд байгуулсан гэрээ, мөн орон сууцны өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул улсын бүртгэгчийн бүртгэл хийж, гэрчилгээ олгосон үйлдлийг буруутгах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна” гээд “1/ энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө, 2/ үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө, 3/ эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө, 4/ хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө, 5/ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө, 6/ төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө” гэж тус тус заасан.

6.1. Гэвч нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар анги маргаан бүхий орон сууцыг ямар үндэслэл, журмын дагуу олж авсан, улмаар өөрийн өмч гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ