Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2017/01231/И |
Дугаар | 001/ХТ2019/00300 |
Огноо | 2019-03-05 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2019/00300
И М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01438 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2155 дугаар магадлалтай,
И М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Н Т С ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангид 512.687.978 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, алданги, хохиролд 560.418.593 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Н.О, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч И М ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан IMAX Өргөө кино театрын дотоод заслын ажил гүйцэтгэх 16-1677 дугаартай гэрээгээр Шангри-Ла худалдааны төвд байрлах Н Т С ХХК-ийн IMAX Өргөө кино театрын барилгын интерьер засал /1,2,3-р танхимын дотор заслаас бусад/ иж бүрэн, инженерийн шугам сүлжээний ажлыг /салхивч агаар сэлгэлтээс бусад/ хийж гүйцэтгэхээр тохиролцсон болно. Гэрээт ажлын санхүүжилтийн үлдэгдлийг гэрээний талууд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 256.012.456 төгрөг болохыг нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тооцооны үлдэгдлийн баталгааг хийсэн байдаг. IMAX Өргөө кино театрын дотоод заслын ажил гүйцэтгэх 16-1677 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу 90.631.228 төгрөг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Мөн IMAX Өргөө кино театрын дотоод заслын ажил гүйцэтгэх 16-1677 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу 38.252.889 төгрөг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Мөн IMAX Өргөө кино театрын дотоод засал, инженерийн шугам сүлжээний ажилд анхны гэрээнээс эзэмшигч Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК болон захиалагчийн техникийн шаардлагаар гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад уг гэрээгээр тохиролцоогүй боловч гэрээт ажлын гүйцэтгэхийн тулд зайлшгүй хийгдэх ёстой ажлууд гарч ирсэн бөгөөд тэдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн ажлуудын нийт өртгийг 139.807.244 төгрөг болохыг Н Т С ХХК-ийн төсөвчин П.Саранцэцэг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тооцож гаргасан болно. Гэрээний 4.1.7 дахь заалтад захиалагч нь ажлыг хүлээн авах үед нүдээр харж илрүүлэх боломжгүй чанарын болон иж бүрдлийн дутагдал, доголдлыг шалгах баталгаа болгон энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийн дүнг 1 жилийн хугацаанд барьцаа болгон авч үлдэх эрхтэй гэж заасан. И М ХХК нь гэрээний дагуу хийсэн ажлаа 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгасан тухайгаа Н Т С ХХК-д мөн өдрөө мэдэгдэж, хүлээн авах техникийн комиссыг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажиллуулах хүсэлтийг хүргүүлсэн болно. Гэвч Н Т С ХХК-ийн зүгээс ямар нэгэн үндэслэлгүй шалтгаан хэлсээр ажлыг хүлээн авахгүй байсаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлыг хүлээн авах техникийн комисс ажиллуулсан. Мөн өдөр Н Т С ХХК нь ажлыг хүлээн авч талууд Ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэн. Н Т С ХХК нь гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг хүлээн авсан өдрөө дээрх дурсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.7-д зааснаар гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр болох 74.750.000 төгрөгийг барьцаа болгон авч үлдсэн. Тус компанийн Н Т С ХХК-д үлдээсэн барьцааны хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч Н Т С ХХК нь 74.750.000 төгрөгийг И М ХХК-д өнөөдрийг хүртэл олгоогүй байна. И М ХХК нь IMAX Өргөө кино театрын дотоод заслын ажил гүйцэтгэх 16-1677 дугаартай гэрээний 5.4-т заасныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны барьцаа төлбөрийг шилжүүлээгүйн алданги 26.237.050 төгрөг нэхэмжилж байна. Иймд Н Т С ХХК-иас гэрээний үнийн үлдэгдэл 181.262.456 төгрөг, санхүүжилтийн хугацаа хэтрүүлсэний алдангид 90.631.228 төгрөг, гэрээгүйгээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үнэ болох 139.807.244 төгрөг, барьцаа төлбөр 74.750.000 төгрөг, барьцаа төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүйн алданги 26.237.050 төгрөг, нийт 512.687.978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н Т С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Н Т С ХХК нь Шангри-Ла Улаанбаатар худалдааны төвийн байранд Өргөө-3 IMAX кино театр байгуулах төслийн санаачлагч, санхүүжүүлэгч болж 16-1101 тоот гэрээг байгуулж, 3851 м.кв бүхий талбайг түрээслэсэн. Нэхэмжлэгчтэй 2015 оны 12 сарын 26-ны өдөр IMAX Өргөө кино театрын барилгын интерьер засал, инженерийн шугам сүлжээний иж бүрэн ажлыг гүйцэтгэх 16-1037 тоот гэрээ, 2016 оны 3 сарын 22-ны өдөр IMAX Өргөө кино театрын барилгын 1, 2, 3 дугаар танхимын дотор засал, дотор шаврын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэх 16-1174 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Гэтэл И М ХХК нь гадаад улсын туршлагатай ажилчидтай компанитай хамтран ажлыг гүйцэтгэхээр амалсан боловч ажлын дадлага туршлагагүй монгол ажилчдаар гүйцэтгүүлснээр чанар муутай, хугацаа сунжирсан ажил болсон. Гэрээт ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр дуусгахаар харилцан тохиролцсон. Талууд барилгын талбайд нэвтрэх зөвшөөрөл хугацаандаа олгогдоогүй, төлөвлөөгүй ажил нэмэгдсэн тул ажлын хугацааг эцсийн байдлаар 2016 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Үүнээс хойш хугацааг дахин сунгаагүй. Гүйцэтгэгч тал ажлыг 8 сар буюу 234 хоног хоцроосноос их хэмжээний орлого олох боломж болон 16-1101 тоот гэрээний дагуу түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийн алдагдалд орсон. Шангрила Улаанбаатар хотел ХХК-д менежментийн төлбөр болон түрээсийн төлбөр 810.620.096 төгрөг болсон. Хэрэв бид 6, 7 дугаар саруудад ажилласан бол 911.452.500 төгрөгийг орлого олох байсан. Гүйцэтгэгч тал нэгэнт гэрээт ажлыг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул санхүүжилтын хугацаа хэтрүүлснээс шалтгаалан алданги авах эрхээ алдсан. Мөн гэрээгүйгээр хийсэн нэмэлт ажлын хөлсийг талууд хамтран зөвшөөрсөн баримтаар 134.479.400 төгрөг байдаг. Үүнийг төсөвд тусгасан гадаад ажиллах хүчний ажиллаагүй төсвийн зөрүү цалингаар шууд харилцан хааж тохиролцсон болох нь талуудын удирдлагуудын 2016.06.07-ны өдрийн хурлын тэмдэглэл шийдвэр нотлох тул уг шаардлага үндэслэлгүй. Үндсэн гэрээний үнэ 1.250.000.000 төгрөг, нэмэлт гэрээний үнэ 245.000.000 төгрөг, нийт гэрээний үнэ 1.495.000.000 төгрөг болсон бөгөөд захиалагчаас нийт 1.238.978.543 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн, алдангид 87.429.693 төгрөг, тооцсон гэрээт ажлын баталгааны 74.750.000 төгрөг үлдээж, гэрээг дүгнэснээр 93.832.764 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхөөр байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н Т С ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...И М ХХК нь гадаад улсын туршлагатай ажилчидтай компанитай хамтран ажлыг гүйцэтгэхээр амласан боловч ажлын дадлага туршлагагүй монгол ажилчдаар гүйцэтгүүлснээр чанар муутай, хугацаа сунжирсан ажил болсон. Гүйцэтгэгч тал ажлыг 8 сар буюу 234 хоног хоцроосноос их хэмжээний орлого олох боломжоо алдсан бөгөөд 16-1101 тоот гэрээний дагуу түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийн алдагдалд орсон. Гэхдээ талууд дараа дараагийн төсөлд хамтран ажиллах боломжтой гэж үзэн, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зөвхөн эхний 1 IMAX танхимыг ашиглалтад оруулсан гэж үзээд, гэрээт ажлын 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр буюу нийт 51 хоногт Шангрилла Улаанбаатар Хотел ХХК-д бодитоор төлж хохирсон 177.358.675 төгрөгийг И М ХХК-иас нэхэмжлэх үндэслэлтэй. И М ХХК нь ажлыг эцсийн байдлаар 2017 оны 01 сарын 20-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээний хугацааг хожимдуулсан байх бөгөөд үүнээс шалтгаалан дээрх хугацаанд олох ёстой байсан орлогоо алдсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар гүйцэтгэгч нь ажлыг 234 хоногоор хожимдуулсан тул алданги 103.059.918 төгрөгийг И М ХХК-иас нэхэмжилж байна. Талуудын 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт №1-т батлагдсан төсөвт хятад ажилчид 47, Хонгконгоос 2 инженер, 115 өдөр ажиллахаар тооцож, нийт 280.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээнд заасан мэргэжлийн гадаад ажилчид ажиллуулаагүй. Иймд И М ХХК-аас 280.000.000 төгрөг нэхэмжилж байна. И М ХХК-аас хохирол 177.358.675 төгрөг, алданги 103.059.918, мөн хохиролд 280.000.000 төгрөг, нийт 560.418.593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Н Т С ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүхий л боломжит нөхцөл байдлын хүрээнд гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01438 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н Т С ХХК-аас 372.880.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И М ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 139.807.244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, И М ХХК-аас 560.418.593 төгрөг гаргуулах Н Т С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 -т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.879.363 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.642.793 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н Т С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.022.353 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И М ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2155 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01438 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Т С ХХК-аас 372.880.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И М ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 139.807.244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И М ХХК-аас 30.937.500 төгрөг гаргуулж хариуцагч Н Т С ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 529.481.093 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2.022.353 гэснийг 1.709.716 гэж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н Т С ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.834.560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад түүнийг буруугаар тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. И М ХХК болон Н Т С ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16-1677 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. И М ХХК нь гэрээнд заасан нийт ажил үүргийг захиалагчид 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцсийн байдлаар хүлээлгэн өгсөн байтал давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ анхан шатны шүүхээс барилгын ажлын явц, 2 талын баримтжуулсан тэмдэглэлд үндэслэж ажлын үр дүнг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцсийн байдлаар акт үйлдсэнд нэхэмжлэгч буруугүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна, Учир нь хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн техникийн комиссын өгсөн үүрэг даалгаварыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шалгахад биелэлтийг хангасан байх тул ажил гүйцэтгэх гэрээг хаахаар шийдвэрлэв гэж талуудын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэлийн актад дурьдсан тул ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч доголдолтой ажил хийсэн, хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч гүйцэтгэсэн ажилд доголдол байсан, гомдлын шаардлага гаргаж байсан, хугацаатай үүрэг өгсөн, биелэлтийг хангуулсан нотлох баримтыг гаргаагүй гэж буруу дүгнэсэн. Шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтанд нийцэхгүй байна. 2016.09.16-ны өдрөөс 2016.12.23-ны өдөр хүртэлх хугацаанд удаа дараагийн хяналтын явцын комиссоос өгсөн үүрэг даалгаваруудын биелэлтээр дутуу ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд И М ХХК-аас дээрх дутуу ажлыг хийж гүйцэтгэснээ баталгаажуулж 2016.12.23-ны өдөр 399/16 тоот албан тоотыг захиалагч болох Н Т С ХХК-д ирүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд И М ХХК-ийн 2016.12.23-ны өдрийн 399/16 тоот албан бичгээр тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ чанарын шаардлагад нийцүүлэн 100% гүйцэтгэж чадаагүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Тус албан бичгийн агуулга нь IМАХ-Өргөө кино театрын дотоод засал, инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэсэн. 2016.11.29-ний өдөр ерөнхий инженер Т.Түвшиний шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг Н Т С ХХК-ийн холбогдох инженер техникийн ажилчдын байнгын хяналтанд гүйцэтгэж дуусгалаа. Иймд гэрээт ажлыг дүгнэж ажлын комисс гаргаж өгнө үү гэжээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлын явцыг удаашруулснаар захиалагч компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил чанарын шаардлага хангахгүй сунжирч байсан. Үүнтэй холбогдон IМАХ Өргөө-3 кино театр зөвхөн танхимаа нээж ашиглалтанд оруулсан байсан. IМАХ кино театр нээлтээ хийх хугацаагаа иргэдэд зарласан байсан учраас нэг танхимыг нээх зайлшгүй шаардлагаар ажлыг хүлээн авсан. Гэрээний 5.4-т зааснаар захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-ийн алданги гүйцэтгэгч талд төлнө. Гүйцэтгэгчээс шалтгаалан гэрээт ажлыг гэрээнд заасан графикт хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс хугацаа хожимдсон төлбөрт алданги төлөхгүй гэсэн заалт байгаа. Хэрэгт авагдсан 2017 оны 02 сарын 20-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актад 2017.01.11-ний өдрийн техникийн комиссын өгсөн үүрэг даалгаврыг 2017 оны 01-р сарын 20-ны өдөр шалгахад биелэлтийг хангасан тул ажил гүйцэтгэх гэрээг хаахаар шийдвэрлэв гэжээ. Ингэж гүйцэтгэгч гэрээний хугацааг 8 сар буюу 234 хоногоор хожимдуулсан тул гэрээний 5,3-т зааснаар захиалагчийн зүгээс 0,3%-иар алданги тооцогдсон. Харин захиалагч алданги тооцон авах үндэслэлгүй. Захиалагч компанийн зүгээс санхүүжилтээс шалтгаалсан 41 хоногийг хасч тооцож гүйцэтгэгч компани бүгд 193 хоногийн алдангитай байсныг шүүх үнэлээгүй. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар орох байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжлэх эрхтэй байхад ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний улмаас учирсан хохирол 177.358.675 төгрөг, алданги 103.059.918 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гүйцэтгэгч компани болох И М ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой үүссэн эвдрэл гэмтэл болон чанарын шаардлага хангахгүй, дутуу гүйцэтгэснээс болж манай комнанид их хэмжээний хохирол учраад байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
И М ХХК нь Н Т С ХХК-д холбогдуулан ажлын хөлсийн үлдэгдэл 256.012.456 төгрөг, алданги 116.868.278 төгрөг, нэмэлт ажлын хөлс 139.807.244 төгрөг, барьцаа 74.750.000 төгрөг, нийт 512.687.978.5 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлээр хохиролд 177.358.675 төгрөг, алданги 103.059.918 төгрөг, гадаадад ажиллах хүчний санхүүжилт 280.000.000 төгрөг, нийт 560.418.593 төгрөг шаарджээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангасныг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн боломжгүй байна.
1. Зохигчийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16-1677 тоот гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 16-3716 тоот нэмэлт гэрээ тус тус байгуулагдаж, эдгээр гэрээгээр И М ХХК нь Н Т С ХХК-ийн захиалгаар Шангрила дахь IMAX Өргөө кино театрын дотоод заслын ажил болон барилгын интерьер заслын, инженерийн шугам сүлжээний /салхивч агаар сэтлэлтээс бусад/ иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд 1.495.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Ажил гүйцэтгэгч И М ХХК нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлсөнд нийт 256.012.456 төгрөг төлөөгүй талаар зохигч маргаагүй байна.
Харин дээрх ажлын хөлсөөс алданги болон барьцааг суутган үлдэх 93.832.764 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал үндэслэлгүйг шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээний 5.3-т гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд БДЗА-ыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож авна гэж тохиролцсон байна.
Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 2.1-д 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэж тусгасан боловч талууд хугацааг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд зохигч ажил гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэсэн хугацааны талаар маргасан байна.
2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлыг хүлээн авч акт үйлдсэн тухай баримт хэрэгт авагдсан хэдий ч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр кино театр нээлтээ хийсэн, мөн сарын 25-ны өдөр техникийн комисс ажиллуулах хүсэлтийг И М ХХК нь Н Т С ХХК-д хүргүүлсэн зэргээс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр ажлын үр дүн бий болсон гэж үзсэн 2 шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. Харин ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлснийг ажил гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалаагүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүйг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой зааж, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн алданги гаргуулах зарим шаардлагыг хангасан нь хэргийн баримтад тулгуурласан гэж үзлээ.
Талууд гэрээний 4.1.7-д ажлын хөлсийн үлдэгдэл 20 хувиас 5 хувь буюу 74.750.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд барьцаа болгон үлдээхээр тохиролцсон, энэ хугацаа өнгөрсөн тул барьцааны мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй.
Дээр дурдснаар хариуцагчаас ажлын хөлсийн үлдэгдэл 256.012.456 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлтэй байна.
2. Гэрээний 5.4-т захиалагч үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор тусгасан байна.
Захиалагч ажлын үр дүнг хүлээн авмагц ажлын хөлс төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй. Өмнө тайлбарласнаар хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдлийг төлөхгүй саатуулан барьсан нь буруу байх тул 256.012.456 төгрөгөөс барьцааг хасч 181.262.456 төгрөг, үүнээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл/, түүнчлэн барьцааг буцаан шилжүүлэх 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны алдангийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.
3. Нэмэлт ажлын хөлс 139.807.244 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн бусад хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
4. Сөрөг нэхэмжлэлээс хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хохирол гаргуулах шаардлагыг бүхэлд нь, алданги гаргуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 55 хоногийн алданги, үүнээс захиалагчийн гэм бурууг харгалзан нийт 30.937.500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасантай нийцсэн байна. Ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн хугацааны талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл алданги тооцоолох боломжгүй юм.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр хохиролд 177.358.675 төгрөг шаардаж, үндэслэлээ, “Н Т С ХХК нь Шангрила Улаанбаатар хотел ХХК-д 2016 оны 6-7-р сард түрээсийн болон менежментийн төлбөрт 211.466.112 төгрөг төлсөн, уг дүнгээс нэг өдөрт ногдох хувийг 2017 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлхи нийт 51 хоногоор тооцоолсон” гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-н зохицуулалтаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог.
Хохирол шаардах эрх зүйн үндэслэл нь үүрэг гүйцэтгэгч хугацааг хэтрүүлсэн байх, үүнээс шалтгаалж хариуцагчид бодит хохирол учирсан нөхцөлийг шаардана.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ нийт 83 хуудас баримтыг хавсарган өгсөн нь хэргийн 1 дүгээр хавтасны 121-203 дугаар талд авагдсан ба эдгээр баримтад Н Т С ХХК-иас Шангрила Улаанбаатар хотел ХХК-д 2016 оны 6-7 дугаар сард түрээсийн болон менежментийн төлбөрт 211.466.112 төгрөг төлснийг нотолсон баримт байхгүй байна.
Иймээс шүүх хохиролд 177.358.675 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг шүүх зөрчөөгүй гэж үзлээ.
5. Хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлоогүй алдааг анхан шатны шүүх гаргасныг давж заалдах шатны шүүх засч хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2155 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4.678.310 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ