Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0865/З |
Дугаар | 221/МА2023/0114 |
Огноо | 2023-02-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2023/0114
“И ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О
Хариуцагч Ө.З
Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 916 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: “И ” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч “И ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Б.Б
Хариуцагч Ө.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0849/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “И ” ХХК нь “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-н 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 916 дугаар шийдвэрээр “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар нэхэмжлэгч “И ” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18- ний өдрийн 625 дугаартай шийдвэрээр “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаартай шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд И ХХК-ийн “гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ний 57 тоот магадлал, Гаалийн ерөнхий газарт 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 625 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн.
3.2. ...Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолыг шүүхийн ажилтан хүргэж ирснийг 2021 оны 5 дугаар сарын 13-ний өдөр Гаалийн ерөнхий газрын бичиг хэрэг хүлээн авсан. Дээд шүүхийн тогтоолыг хүлээн авсан даруй хэрэг бүртгэл хийх талаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан боловч зөрчлийн хэрэг нээж болохгүй гэсэн шийдвэрийг дараах үндэслэлээр тайлбарласан, Шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгоогүй, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэсгийг хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” гэж тус тус заасан нь хялбаршуулсан байдлаар шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж тайлбарласан. Шүүхээс шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн тул Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт ажиллагаануудыг хийж, дуусгаад шүүхийн байгууллагад дахин хандаарай гэсэн чиглэлийг өгсөн.
3.3. Нийслэлийн прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу И ХХК-ийн захирал Ш.О-д хэргийн материал, эрх үүргийг танилцуулж гарын үсэгт зуруулан, хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж, прокурорын 17 дугаартай дүгнэлтэд заасан зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааг хийж дуусгасан. Нийслэлийн прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийгдсэн, татвар, торгуулийг барагдуулах тухай Эрх бүхийн албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй тул дээд шүүхийн тогтоолд заасан хугацаа болох 3 сарын дотор буюу хуулийн хугацаанд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай Эрх бүхийн албан тушаалтны хүсэлт, нотлох баримтыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Б нь “шүүхээс улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 0245962 дугаартай шийтгэлийн хуудасны эрх зүйн үндэслэлийг дүгнээгүй, эрх бүхий албан тушаалтан нь прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эсэх нь түүний эрх хэмжээний асуудал байна” гэсэн хариу ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст 2021 оны 8 дугаар сарын 31-нд 01-8/2120 дугаартай албан тоотоор шүүхийн шийдвэрийн дагуу хэрэг бүртгэл хийх тухай гомдол гаргасан.
3.4. Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 210200278 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэл нээсэн. Зөрчлийн хэрэг бүртгэл явуулж эхэлсэн даруй И ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.О-д Зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, нотлох баримтуудтай танилцах, зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад мэдүүлэг, тайлбар өгөөгүй, хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй байгаа талаар мэдэгдсэн боловч нотлох баримттай танилцахгүй, зөрчлийн хэрэг бүртгэлд саад учруулсан тул 9 дүгээр сарын14-ний өдрийн Эрх бүхийн албан тушаалтны дуудах хуудас илгээсэн боловч хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг өгөөгүй. И ХХК нь Зөрчлийн хэрэг бүртгэлтэй танилцаагүй, зөрчил үйлдээгүй гэдгээ нотлох ажиллагаа хийгээгүй, хяналт шалгалтаас зайлсхийсэн тул баталгаат шуудангаар шийтгэлийн хуудас, шалгалтын үр дүн, эрх үүргийг танилцуулсан хуудсыг илгээсэн.
3.5. Гэвч шүүхээс шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэж дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Дээд шүүхийн тогтоолд заасан хугацаа болох 3 сарын дотор буюу хуулийн хугацаанд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай Эрх бүхийн албан тушаалтны хүсэлт болох захиргааны актад үнэлэлт дүгнэлт хийгээгүй, шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтад авагдсан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай Эрх бүхийн албан тушаалтны хүсэлтийг дурдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааны нотлох баримт болох хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулийн хугацаанд гаргасан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай Эрх бүхийн албан тушаалтны хүсэлт, Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэл нээж болохгүй талаар зохицуулсан хуулийн заалтууд зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацааг буруу тооцож шийдвэр гаргасан. Шийдвэрийн үндэслэл хэсгийн 2 дахь хэсгийн эхний доголд зөрчлийг шийдвэрлэх хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны дотор зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг дахин явуулж зөрчлийг шийдвэрлэх байжээ гэсэн байна. Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл хэсгийн 6.1-р зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 2.1-т гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, 2.2-т гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, 2.3-т хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, 2.4-т зөрчлийн хэрэг нээх”, 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалтын дагуу Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолыг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаас хойш 5 өдрийн дотор харъяа прокурорын газарт бүртгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэл нээж зөрчлийг шийдвэрлэх боломжтой юм.
3.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 257 дугаартай магадлалын 5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлийг арилгахгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 916 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2-д гаалийн мэдүүлэгтээ “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр, төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” буюу худал мэдүүлэх гэх объектив талын идэвхтэй үйлдлээр нэхэмжлэгчийг буруутгаж торгууль, нөхөн татвар ногдуулдаг. Иймд 2 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас дах шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дугаар хуудас буюу хавтаст хэргийн 181 дүгээр хуудаст 2016 онд 16 гаалийн мэдүүлэг, 2017 онд 32 мэдүүлгээр, 2018 онд 60 мэдүүлгээр худал мэдүүлсэн гэж тайлбарлаж нэхэмжлэгчийг буруутгадаг. Ийнхүү нэхэмжлэгч талаас 2016-2018 он хүртэлх бүх гаалийн мэдүүлгийг хавтаст хэрэгт нотлох баримтаар татуулах хүсэлт гаргасны дагуу шүүхэд бүх гаалийн мэдүүлэг ирсэн ба шүүх хуралдааны явцад 2016-2018 оны аль аль, хэд дугаартай, ямар огноотой ямар мэдүүлгийг худал мэдүүлсэн болохыг асуухад хариуцагчаас хэлж чаддаггүй ба харин хариуцагчаас 2016 онд 100 сая төгрөгийн бараа шилжүүлсэн ч 90 сая төгрөгийн бараа орж ирсэн 10 сая төгрөгийн бараа дутуу оруулж ирсэн нь гаальд ногдох татвар багассан гэж тайлбарладаг ба шүүхээс энэхүү шийдвэртээ хариуцагчийн шүүхийн шийтгэлийн хуудсыг ийнхүү агуулгаар оногдуулсан шийтгэлийн хуудас гэж дүгнэдэг.
4.2. ...2016 онд орж ирээгүй бараа нь 2017, 2018 онуудад орж ирэх боломжтой ба заавал 2016 ондоо оруулж ирэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй ба цаанаасаа бараа орж ирээгүй буюу орж ирээгүй бараанд мэдүүлэг бөглөх татвар ногдуулах боломжгүй билээ. Орж ирээгүй химийн материал гэх бараанд нөхөн татвар ногдуулсан Татварын зүйл нь байхгүй, хилээр орж ирээгүй байхгүй бараанд дараа жил нь ирсэн бараанд нөхөн татвар ногдуулаад буй нь үндэслэлгүй болно. 2016 онд дутуу оруулж ирсэн химийн материал нь 2017 онд химийн материал гэх агуулгаар импортын мэдүүлэг дээр бүртгэгдсэн ба хариуцагч байгууллагаас ирүүлсэн импорт, экспортын жагсаалтаас тодорхой харагдана. Үүнээс харахад зөрчлийн хууль дээрх зөрчил хариуцагчийн болон анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийг буруутгаж буй нэхэмжлэгчийн үйлдлүүд нь өөр бөгөөд өнөөдрийг болтол ямар зөрчилд буруутгаж буйгаа мэдэх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөөр байна.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэх нь хэсгийн хамгийн доод догол мөрд “химийн бодис авахаар шилжүүлсэн мөнгөн дүнгээс гаальд мэдүүлсэн барааны дүн бага бөгөөд хариуцагч барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн, ... Нэхэмжлэгч химийн бодисын төлбөрт шилжүүлсэн үнийн дүнгээс бага үнийн дүнтэй бараа орж ирсэн болохыг зөвшөөрч байгаа бөгөөд үүнийгээ “үлдэгдэл бараа нь дараа онд орж ирсэн” гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж буруутгаж, хариуцагчийн үйлдлийг зөвтгөдөг. 2016 онд орж ирээгүй, байхгүй байгаа барааг бид 2016 онд орж ирээгүй гэдгийг хэрхэн яаж шүүх дээр нотлох вэ, байхгүй зүйлийг нотлох боломжтой эсэх, 2017 оны мэдүүлгийн лавлагаа дээр 2017 онд “химийн материал” гэж зөндөө бараа орж ирсэн байдаг. Хариуцагч 2016 онд орж ирээгүй бараа нь 2017 ондоо орж ирсэн эсэхийг шалгалгүйгээр манайд шийтгэлийн хуудас оногдуулсан.
4.4. Хамгийн гол Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа”-д гаалийн дараах хяналт шалгалд хийнэ. Орж ирээгүй байхгүй бараанд хийх боломжгүй бөгөөд хилээр нэвтэрсэн гэдэг үгийг онцгойлон анхаарч үзнэ үү. Мөн 249.1-д “мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийнэ гэсэн. Гэтэл хариуцагч нь манай банкны хуулгаар 2016 онд 100 сая шилжигдсэн бол 2016 онд 10 мэдүүлгээр 90сая төгрөгийн бараа орж ирсэн ба 10 сая төгрөгийн бараа байхгүй, гаалийн татвар ногдох барааг дутуу гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулаад байгаа. Хамгийн гол нь тухайн онд шилжүүлсэн мөнгөндөө тааруулж тухайн ондоо л бүх бараагаа гаалийн хилээр оруулж ирэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй ба хариуцагч нь өөрөө дээр дурдсан шүүхийн тэмдэглэлд 2016 оны бараа 2017, 2018 ондоо ч орж ирэх боломжтой гэж амаараа тайлбарласан байдаг.
4.5. Иймд тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 916 дугаар шийдвэрийн “шийтгэлийн хуудас үндэслэлтэй” гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх нэхэмжлэгч “И ” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. “И ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах Үндэсний татварын албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21180800306 дугаар томилолтын дагуу хяналт шалгалтыг хийжээ.
2.1. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Зоригт нь “И ” ХХК-ийн 2016-2019 он хүртэлх санхүү, нягтлан бодох бүртгэл, гадаад худалдааны бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж, тус хуулийн этгээдээс 2016 онд 38.672.185 төгрөг, 2017 онд 110.363.973 төгрөг, 2018 онд 54.244.821 төгрөг, нийт 203.280.980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 31.508.552 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, 9.452.566 төгрөгийн торгууль оногдуулж, нийт 40.961.117 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
2.2. Улмаар Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор ... “зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж, гомдол гаргагч “И ” ХХК нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаж оролцсон байна.
2.3. Тус дүгнэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаартай шийдвэрээр “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээд “И ” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоосон хугацаанд зөрчлийг шийдвэрлээгүй бол гаалийн улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг мэдэгдэж” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянаад 57 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.4. Гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон “И ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр тус шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйл “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох” гэж, 110.1.3-д “давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 127.2.1-127.2.3-т заасан тогтоол гаргасан” гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр болж, дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа нь мөн өдрөөс тоологдож эхэлжээ.
2.5. Дээрх шүүхийн шийдвэрт тусгагдсанаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд дээрх маргаан шийтгэлийн хуудас хүчингүй болох ёстой бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрээр “үнийн дүнгийн зөрүү хэрхэн үүссэн, гаальд мэдүүлсэн дүн гадаад гүйлгээний ямар дүнгээс хэрхэн зөрснийг гүйлгээ тус бүрээр тодорхой тусгаагүй, санхүүгийн бүртгэлд аль гүйлгээг хэрхэн алдаатай бүртгэсэн, гаальд худал, дутуу мэдүүлсэн эсэхийг тогтоогоогүй, зөрчилд тооцогдсон талаарх тооцоолол үндэслэл тодорхойгүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, уг тогтоосон хугацаанд дахин шинээр акт гаргаагүй, 3 сар 20 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 00122501 дугаартай шийтгэлийн хуудас бичсэн байх тул шийтгэлийг хуудсыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
2.6. Учир нь өмнө үйлдсэн зөрчлийг шалгахдаа дахин зөрчил гаргасан мэтээр зөрчлийн хэрэг шинээр нээж гомдол гаргагч “И ” ХХК-г зөрчил үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг дахин зөрчлийн хэрэг нээхээр бус ...үнийн зөрүү аль дүнгээс хэрхэн үүссэн, яагаад зөрчил гэж үзсэн, хэдийд импортолсон ямар барааны гаальд мэдүүлсэн үнэ, тоо хэмжээ төлбөр хийгдсэн гадаад гүйлгээний ямар дүнгээс хэрхэн зөрснийг гүйлгээ тус бүрээр тодорхой тусгаагүй, шийтгэлийн хуудаст зөрчлийн жагсаалтаар хавсралт үйлдээгүй нийт оноор нь гаргасан, аль гүйлгээг санхүүгийн бүртгэлд хэрхэн алдаатай бүртгэсэн, тооцогдсон талаарх тооцоолол, үндэслэл тодруулах зорилгоор 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад 3 сарын хугацаа дууссаны дараа 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “И ХХК-ийн 2016-2019 оныг хүртэлх санхүүгийн болон гадаад худалдааны анхан шатны бичиг баримт, банкны хуулга, санхүүгийн бүртгэлийг шалгах явцад 2016 онд 38.672.185 төгрөг, 2017 онд 110.363.973 төгрөг, 2018 онд 54.244.821 төгрөг нийт 203.280.980 төгрөгийг барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн байсныг гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримттай тулган шалгах, баримтжуулах зэрэг ажиллагааг хийсэн боловч цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай” гэж үзэж зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдсэн байна.
2.7. Улмаар хариуцагч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар шийдвэрт дурдсан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 31,508,552 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьд ногдох 9,452,566 төгрөг, нийт 40,961,118 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх” гэж, 12.2 дугаар зүйлд “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасантай нийцээгүй байна.
2.8. Иймд хариуцагчийн “...шийдвэрийн үндэслэл хэсэгт нотлох баримтад авагдсан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг дурдаагүй. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаас хойш 5 өдрийн дотор харъяа прокурорын газарт бүртгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэл нээж зөрчлийг шийдвэрлэх боломжтой” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
2.9. Харин анхан шатны шүүх “И ” ХХК-ийн гаргасан гомдлыг шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00122501 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. ... нэхэмжлэгч нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдан аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр химийн хортой, аюултай бодис импортлох, худалдах, ашиглах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримт зэргээс үзвэл Их эргэлт ХХК-ийн 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож байна. ... Нэхэмжлэгч химийн бодисын төлбөрт шилжүүлсэн үнийн дүнгээс бага үнийн дүнтэй бараа орж ирсэн болохыг зөвшөөрч байгаа бөгөөд үүнийгээ ... үлдэгдэл бараа нь дараа онд орж ирсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
2.10. Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч “И ” ХХК-г зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байхаас гадна гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2016 онд онд тухай бараанууд орж ирээгүй, 2017 онд химийн материал гэж орж ирсэн байдаг. Хариуцагч 2016 онд орж ирээгүй бараа нь 2017 онд орж ирсэн эсэхийг шалгалгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд...” гаалийн хяналт шалгалт хийнэ гэсэн. Хариуцагч 2016 онд 10 мэдүүлгээр 90.000.000 төгрөгийн бараа орж ирсэн ба 10.000.000 төгрөгийн бараа байхгүй, гаалийн татвар ногдох бараа дутуу гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан” гэх гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ө.З давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О-н давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргагч “И ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ