Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/000дүгээр тушаалыг хүчингүй болгуулах... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0798/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/000дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.      

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/000дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...“Ю ” компанид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/000 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд заасны дагуу гарсан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно. Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон маргааны бүхий актыг 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь дараах байдлаар алдаатай шийдвэр болжээ.

3.2. Маргаан бүхий газрыг ашиглахтай холбоотой хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад уг шүүхийн маргааны гуравдагч этгээд болох “Ю ” ХХК нь нэхэмжлэгч “Х ” ХХК-иас цаг хугацааны хувьд өмнө нь буюу түрүүлж гаргасан байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 25 өдөр анх хүсэлт гаргасан бол түүнээс 64 хоногийн өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд болох “Ю ” ХХК хүсэлтээ гаргасан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд хуулийн шаардлага хангасан бол ашиглуулахад татгалзах зүйлгүй гэсэн дэмжсэн утга агуулга бүхий саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бичгээр уламжилдаг. Уг уламжилсан бичгийн огноо, дугаараас үзэхэд гуравдагч этгээд болох “Ю ” ХХК-ийн хүсэлтийг яаманд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1271 гэсэн дугаартай албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1323 дугаартай нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн хүсэлтийг дэмжсэн албан бичгээс 2 хоногийн өмнө гарсан байна. Бид хамгаалалтын захиргаанаас дэмжсэн агуулгатай бичиг авмагцаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр анх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан байдаг. Харин нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн хувьд бидний хүсэлт гаргаснаас даруй 208 өдрийн дараа хүсэлтээ гаргасан байна.

3.3. “Ю ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 09 дүгээр сарын 06, 2021 оны 12 дугаар сарын 15, 2022 оны 02 дугаар сарын 17, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн огноо дугаартай нийтдээ 4 хүсэлт өгсөн байдаг. Сүүлийн гурван хүсэлт нь анхны хүсэлтийн шийдвэрлэлтийг лавласан, тодруулсан агуулгатай. Шүүхээс яамны бичиг хэрэгт хийсэн үзлэгээр “манай яаманд өгч байсан зар материалууд тухайлбал 2021 оны 12 дугаар сарын 15, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгүүд олдоогүй. Энэ нь “яам нүүх гэж байгаатай холбогдуулан баримт нь олдохгүй, ундуй сундуй байсантай холбоотой” энэ талаар үзлэгийн тэмдэглэлийн 1-д тусгагдсан байгаа. Хэдий яамны тэр задгай, эмх цэгцгүй цаасан дундаас олдоогүй ч өөрт хадгалагддаг бичгийн 1 хувийг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны нотлох баримт судлах үе шатанд уг баримтуудыг нэр заан судлуулсан боловч энэ талаар шүүх шийдвэртэй огтхон ч дурдаагүй, хэрхэн үнэлсэн болох нь тодорхойгүй байна.

3.4. Шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгаас харвал анхан шатны шүүх нь манай өгсөн анхны хүсэлтийг бүрэн шийдвэрлэж дууссан, хоёр болон гурав дахь хүсэлтүүдийг гаргаагүй гэж үзсэн байх бөгөөд бидний яамны мэргэжилтэнтэй уг асуудлаар дараа уулзаж амаар хүсэлтээ дэмжиж байсанд дүгнэлт хийгээгүй, энэ талаар мөн шийдвэртэй тусгаагүй байна. Дээрх баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд “Ю ” ХХК нь түрүүлж хүсэлт гаргасан болох нь илэрхий тогтоогдож байна.

3.5. Хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаартай албан бичигт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 /Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй/-т заасныг зөрчих тул шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл газар ашиглах эрх олгох боломжгүй байна” гэж дурдсан байдаг бөгөөд бид уг албан бичгийн талаар тухайн үед манай хүсэлтийг хүлээн авч, судлан, холбогдох ажиллагааг хийж байсан мэргэжилтэн Б.Мөнхтөрөөс тодруулахад “танай хүсэлтийг судалж үзсэн, хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгох боломжтой боловч тухайн газартай холбоотой шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл эрх олгох боломжгүй, хэрэв маргаан эцэслэн яамны талд гарвал танай компанид олгоно” гэх агуулгатай мэдээллийг өгсөн. Дээрх албан бичгийн агуулга болон яамны мэргэжилтний өгсөн мэдээлэл тайлбараас дүгнэвэл бидний 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй буюу шийдвэрлэлтийн явц удаашралтай байгаа талаар тайлбар мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийг яам бүрэн шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл, алдаатай дүгнэлт болжээ.

3.6. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан түр журмын 3.1-д заасан ажиллагааг хариуцагч хийсэн болохоо шүүх хуралдааны үеэр хангалттай тайлбарласан. Бид “яамны 2021 оны 01/4675 тоот албан бичгээс үзэхэд журамд заасан ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Түүнчлэн сайдын тушаал нь журамд заасан ажиллагаа хийгдэхгүйгээр гарах ямар ч боломжгүй. Тогтож, заншсан дэс дараалсан шалгах нягтлах үйл ажиллагаа явагдсаны үндсэн дээр эрх олгох шийдвэр гардаг гэж бидний зүгээс ойлгож байгаа. Шүүхээс ямар үйл баримтыг үндэслэн журамд заасан ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

3.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “... тухайн үед сайдын газар ашиглах эрх олгохыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гарсан байсан болохоор шийдвэр хүлээгдэж байсан...” гэх хариуцагчийн тайлбар бодит байдлаас зөрүүтэй, маргаан бүхий актаар газар ашиглах эрх олгохдоо гуравдагч этгээдийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байна.” гэж дүгнэсэн нь мөн алдаатай дүгнэлт болохыг доорх байдлаар тайлбарлаж байна. Тухайн газрын өмнөх ашиглагчийн нэхэмжлэлтэй шүүхийн маргаан 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийтдээ 10 сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. Энэ хугацаанд эрх олгох боломжгүй бөгөөд шийдвэр хүлээгдэж байсан талаар хариуцагч тайлбарладаг нь үндэслэлтэй.

3.8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний А/362 дугаар тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд шинээр газар ашиглах эрх олгохыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хориглосон байдаг. Өмнөх шүүхийн маргаан дуусаад сайдын хориглосон шийдвэрийн хэрэгжилт үргэлжилсэн тул хариуцагчийн зүгээс эрх олгох шийдвэр гаргах боломжгүй байсан байна. Нэхэмжлэгчийн хувьд хамгаалалтын захиргаанаас дэмжих бичиг авснаас 200 гаруй хоногийн дараа газар ашиглах хүсэлт гаргах бус 2021 оны 11 дүгээр сараас өмнө яаманд хандан хүсэлт гаргасан давхар судлагдаад магадгүй харьцуулалт хийгдэх боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, бодит байдалд нийцэж байна гэж үзэж байна.

3.9. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтэд үндэслэн гаргасан гэж тайлбарласан байхад, “үгүй 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн өдрийн хүсэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байна.” гэж дүгнэсэн нь мөн алдаатай дүгнэлт болжээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг нэгэн зэрэг хүсэлт гаргасан гэж үзээд маргаан бүхий актыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг бус 36.2 болон 36.3 дахь хэсгүүдийг үндэслэх ёстой шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдлыг буруугаар үнэлж гуравдагч этгээдийн эрх. хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, итгэл хамгаалах зарчмыг алдагдуулж байгаа төдийгүй Монгол Улсын Үндсэн хууль, газрын тухай хуульд заасан хэм хэмжээнд нийцүүлэн гарсан захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

3.10. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ дутуу гүйцэтгэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/000дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.2. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл  “Ю ” ХХК нь  Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд байрлах 1.5 га газрыг “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төлөвлгөөтэй байгаа тул тус газрыг манай компанийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг  гуравдагч этгээд анх 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 21/28 тоот  албан бичгээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, гаргаж хамгаалалтын захиргаанаас “...тус байршилд төсөл сонгон шалгаруулахад татгалзах зүйлгүй гэх албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан байна.

2.3. Үүний дараа “Ю ” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/44 тоот албан бичгээр, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/01 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22/14 тоот албан бичгүүдээр хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яаманд газар ашиглах хүсэлтээ тус тус гаргажээ.

2.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн гуравдагч этгээд “Ю” ХХК-д  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/000дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 15318 м.кв  газрыг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад, хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатай “Ю ” ХХК-д олгосон бөгөөд үүний дагуу гуравдагч этгээд Ю ХХК болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2022/271 тоот гурвалсан гэрээг байгуулсан байна.

2.5. Харин нэхэмжлэгч “Х ” ХХК нь анх 2022 оны 04 дүгээр сарын 01-нд 02 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 1.5 га газарт газар ашиглах зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтээгаргасан.

2.6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 35 дугаар зүйлийн 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заасан Хамгаалалтын захиргаа  “Х ” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1323 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн саналыг дэмжиж уламжилж байна гэдэг агуулга бүхий албан бичгийг яаманд хүргүүлсэн гэх боловч бодит байдал дээр яаманд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй байна.

2.7. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу маргаан бүхий акт гарсан гэж, харин нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтэд үндэслэн маргаан бүхий акт гарсан гэж тайлбарлан маргадаг, анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг дүгнэхдээ “...маргаан бүхий актаар газар ашиглах эрх олгохдоо гуравдагч этгээдийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байна” гэж үзсэн нь алдаатай дүгнэлт болжээ.

2.8. Учир нь маргаан бүхий акт болон түүний захирамжийн төсөлд хүсэлтийн огноо дугаар байхгүй байхад хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна.

2.9. Өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий актыг гуравдагч этгээдийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу дээрх А/000дүгээр тушаалыг гаргасан гэж үзсэн ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг бус 36 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсгийг үндэслэл болгох байжээ.

2.10. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2, 36.3 дахь хэсгүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан тул дээрх хуулийн зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзнэ.

2.11. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан байх ба маргаан бүхий акт гарахаас өмнө тухайн газар дээр хоёр хуулийн этгээдээс хүсэлт ирсэн байхад түүнийг харьцуулалгүйгээр шийдвэрлэж байгаа нь буруу гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

2.12. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т ...Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, 36 дугаар зүйлийн 3-т ...Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж тус тус зааснаас үзвэл нэг зэрэг хоёр хуулийн этгээдээс газар ашиглах хүсэлт гаргаагүй ч хүсэлт гаргасан газар нь бусдын газар ашиглах зөвшөөрөлтэй давхацсан эсэх, хоёр хуулийн этгээд газар ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд хэнийх нь төсөл илүү, байгаа зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байжээ.

2.13. Иймд анхан шатны шүүх  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/000дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

2.14. Харин шүүх маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ тогтоох хэсэгт баримтлавал зохих хуулийг баримтлаагүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн 2 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, “2” дахь заалтыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ