Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0129

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч С.Г

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийдвэр

Гомдол гаргагч: “Х ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г  ,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.Т

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч С.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0979/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Х ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр: Х ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ...Анхан шатны шүүх нь “дээрх Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...” гэсэн нөхцөл заасан байх ба энэ төрлийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаанд Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах” зөрчлийн шинжийг Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй адилтган авч үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.2. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэсэн нь гэмт хэрэг болон зөрчлийг обьектив, субьектив шинжээр, эсхүл тодорхой хохирол, хор уршиг учруулсан мөнгөн дүнгээр ялган зааглах зорилготой бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах” үйлдлийг Эрүүгийн хуульд огт зохицуулаагүй юм.

3.3. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуультай холбоотойгоор Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах хэлцэл хийж зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон, бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, түүнийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа, бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр зарж борлуулсан, өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах үйлдэлд зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна.

3.4. Харин Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь зохицуулалт нь Өрсөлдөөний тухай хуулиас илүүтэйгээр Гамшгаас хамгаалах тухай хууль болон Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуультай холбоотойгоор нэмэлтээр тусгагдсан байдаг. Анхан шатны шүүхээс дээрх байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэснээс шалтгаалан гамшгийн үед холбогдогч хуулийн этгээд нь үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгосон гэх нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.5. Анхан шатны шүүх нь “... Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байх тул хариуцагч зөрчлийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шалган тогтоосон гэж үзэхгүй” гэж дүгнэжээ. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “Монцемент билдинг материалс” ХХК, “Мак цемент” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 6 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хэрэгт авагдсан “Мак цемент” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/193 дугаартай албан бичгээр 2022 оны 06 дугаар сарын байдлаар харилцагчдын жагсаалтыг ирүүлсэн байдаг ба үүнээс 9 аж ахуй эрхлэгч нь УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т цемент хүлээн авах замаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчид байгаагаас үзвэл хэрэглэгчид болон “Мак цемент” ХХК-тай гэрээ байгуулаагүй аж ахуй эрхлэгчдийн хувьд зөвхөн дээрх гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан цемент худалдан авах боломжтой болох нь нотлогдоно.

3.6. Дээрх онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тн тутамд 330,000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400,000- 450,000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Мөн “Х” ХХК нь УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т цементийн хомстол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй юм. Уг зөрчлийн хэрэгт нийт дээрх хугацаанд цемент хүлээн авсан нийт 15 аж ахуй эрхлэгчийг холбогдуулан шалгасан бөгөөд торгууль оногдуулаагүй 9 аж ахуй эрхлэгч нь цементийн үнийг өмнөх үнээс огцом нэмэгдүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Нөгөөтэйгүүр цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг.

3.7. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчлийг зөвхөн “...Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэхээр байна.

3.8. Иймд анхан шатны шүүхээс “Х ” ХХК-д шийтгэл улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр 04-ний өдрийн 35 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Гомдол гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр гаргасан тайлбартаа:

4.1. ...44 барилгын зах дээр 13 саравчийг 22 аж ахуй нэгж түрээсэлдэг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Цементийн үнэд хийсэн хяналт шалгалтын танилцуулгад 44, Цайз, Гурвалжин, 100 айл зэрэг Улаанбаатар хот доторх барилгын материалын бүх захуудад 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 26-ны өдрүүдэд үнийн өсөлт явагдаж, 1 тонн цементийн үнэ 500,000 төгрөгт хүрч, цементийн хомсдол үүссэн талаар мэдээллийг тусгасан байдаг. Энэхүү үнийн хөөрөгдөл нь уутны хомсдолоос үүдэн үйлдвэрээс цемент гарахгүй удсан, төмөр замын эргэлт удааширснаас үүдэн цементийн хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Энэ байдлыг ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олж тогтоосон байдаг төдийгүй хавтаст хэрэгт авагдсан “Монцемент билдинг материалс” ХХК, “Макцемент” ХХК болон УБТЗ ХХН-ийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан тоотуудаас тодорхой харагддаг. ШӨХТГ-аас 44 захад үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуй нэгжийг бүгдийг нь шалгасан хэрнээ 6 аж ахуйн нэгж л тухайн үед, шалгалт хийсэн хугацаанд улс орон даяар цементийн үнэ хөөрөгдсөн мэт болгож торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй, шударга бус шийдвэр юм.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанчлан “...Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дах хэсэгт заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотолж чадаагүй... ...Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй тул хариуцагч зөрчлийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шалган тогтоосон гэж үзэхгүй...” гэж үзсэн нь үндэслэлтэй.

4.3. Хариуцагч байгууллага анхан шатны шүүх хурал дээр ч “танай компани бол гэрээт компани, та нараас цемент авсан хүмүүс цааш нь бусад захад худалдан борлуулдаг, бусад хүмүүс шууд М, Мо ХХК-аас цемент авах боломж байдаггүй” гэх мэтээр буруу ойлгож, тайлбарлаж байсан. Бидний хувьд бусад зах худалдааны төвийн цементний нийлүүлэлтийг хангах боломжгүй, М ХХК болон Цемент шохой ХК-аас Худалдах худалдан авах гэрээ байгуулан цемент худалдан авдаг ч гэрээт борлуулагч нь биш, шүүхийг төөрөгдүүлэх гэж байгаа мэтээр ингэж ярьж бичиж байгаад нь харамсалтай байна. Мо ХХК, М ХХК-ийн тухайд борлуулалтын цэгүүд Улаанбаатар хотын хэд хэдэн цэгт бий бөгөөд хэрэглэгчид очиж жижиглэнгээр авах эрх нь нээлттэй юм. ... Хяналт шалгалт хийсэн хугацаанд биднээс баримт материалыг бүрэн гүйцэд шалгаагүйгээс буруу ойлгож торгууль оногдуулсан тухайлбал, анхан шатны шүүхэд маргаан хянагдаж байх үед Х  ХХК-аас санхүүгийн анхан шатны баримт болох зарлагын баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримт болон байгууллагын дансны хуулгатай тулгаж үзвэл Хөвсгөл төсөл ХХК-д л гэхэд 10 тонн цементийг 380,000 төгрөгөөр 3,800,000 төгрөгөөр зарж Хөвсгөл аймаг хүртэлх тээврийн зардалд 420,000 төгрөг тооцож авсан байдаг. Энэхүү төлбөрөө Хөвсгөл төсөл ХХК-аас манай байгууллагын дансанд шилжүүлэхдээ цемент 10 тн 4,620,000 төгрөгөөр шилжүүлсэн нь биднийг 1 тн цементийг 462,000 төгрөгөөр зарсан мэт харагдуулж байгаа юм. Түүнээс бидний хувьд 380,000 төгрөгөөр цемент худалдан борлуулсан байдаг. Энэ нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан.

4.4. “Х ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын орлого зардлын задаргааг анхан шатны шүүхээс шүүхэд баримтаар хүргүүлсэн. Хариуцагчийн шийтгэл оногдуулахдаа үндэслэсэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар “...хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан нь цемент худалдан борлуулаад олсон хууль бус орлогыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хураах,   хэрэглэгчид учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах санкцтай байна. Гэтэл биднийг зөвхөн хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэлбэрийн төдий явагдсаныг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ үүргээ биелүүлээгүйг нотлон харуулж байна.

4.5. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу “цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд тус газрын улсын ахлах байцаагч С.Г  хяналт шалгалт хийжээ.

2.1. Дээрх хяналт шалгалтыг хийгээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002279 дугаартай шийтгэлийн хуудсаар “Х ” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан,  хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан  2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд 1 тн тутамд 330,000-340,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 18, 23-ны өдрүүдэд 1тн тутамд 400,000-450,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж  хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэх үндэслэлээр Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.2. ”Х ” ХХК-иас энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар “зөрчлийг шалгахдаа хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, бодит нөхцөл байдлыг нотолж тогтоолгүй” гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх бөгөөд анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

2.3. Хариуцагч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх “....Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байх тул хариуцагч зөрчлийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шалган тогтоосон гэж үзэхгүй” гэж дүгнэжээ. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “Монцемент билдинг материалс” ХХК, “Мак цемент” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 6 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуйн эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуйн эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан. “Мак цемент” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/193 дугаартай албан бичгээр 2022 оны 06 дугаар сарын байдлаар харилцагчдын жагсаалтыг ирүүлсэн ба үүнээс 9 аж ахуй эрхлэгч нь УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т цемент хүлээн авах замаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчид байгаагаас үзвэл хэрэглэгчид болон “Мак цемент” ХХК-тай гэрээ байгуулаагүй аж ахуй эрхлэгчдийн хувьд зөвхөн дээрх гэрээт аж ахуйн эрхлэгчдээр дамжуулан цемент худалдан авах боломжтой. Өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тн тутамд 330,000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400,000-450,000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүргэсэн. Нөгөөтэйгүүр цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр гэж” гомдол гаргасан.

2.4. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.10-т “...хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

2.5. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой зааж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга хэрэгслийг хориглосон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, зөрчсөн, иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах асуудлыг зохицуулжээ.

2.6. Гэтэл хариуцагчийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002279 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагч “Х ” ХХК –ийн гүйцэтгэх захирал Д.Л-н Хаан банкны 5072064113 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1-т “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.7. Түүнчлэн зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байхад шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч уг хохирол, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тогтоож шийдвэрлэлгүй дан ганц торгох шийтгэлийг оногдуулсан нь ойлгомжгүй байна.

2.8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан гомдол гаргагч “Х ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002279 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                     ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ