Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 307

 

МАГАДЛАЛ

 

2017.01.27                                                 Дугаар 307                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Сипи медиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01312 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сипи медиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Үндэсний номын санд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 25 538 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Сипи медиа” ХХК болон Үндэсний номын сангийн захирал нар харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, Самбар түрээсийн гэрээг тус тус байгуулан ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай ХХК-ийн зүгээс Үндэсний номын сангийн гадна фасаданд 16*0,72 метр хэмжээ бүхий 1 талт электрон дэлгэц /урсдаг/, дотор талд 1.75*0,24 метр электрон дэлгэц, нийт 26 928 000 төгрөгийн үнэ бүхий дэлгэцүүдийг тус тус чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний дагуу захиалагч тал Монголын Үндэсний номын сан нь гэрээний үнийн дүн         26 928 000 төгрөгийг гүйцэтгэгч тал болох манай компанид бартер хэлбэрээр төлөх буюу гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр номын сангийн үүдэнд 5 метр*10 метр хэмжээтэй             7 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг рекламын самбарыг хийж гүйцэтгэн нэг жилийн хугацаанд зар сурталчилгаа тавих байсан. Үүний дагуу манай компаний зүгээс мөн өөрийн хөрөнгөөр 7 000 000 төгрөгийн зардал гаргаж 2 ширхэг рекламын салбарыг номын сангийн үүдэнд хийсэн. Гэтэл захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээний үнийн дүн болох 26 928 000 төгрөгийн төлбөрөө манай компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр         7 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг самбарыг огт тавиулаагүй болно. Үүнийгээ захиалагч тал дээд шатны байгууллага зөвшөөрөхгүй байна, бид гэрээний дагуу хийлгэсэн ажлынхаа хөлс болох 26 928 000 төгрөг, гадна самбарын зардалд 7 000 000 төгрөгийг тус тус мөнгөөр төлөх болно гэсэн тайлбарыг өгсөн. Гэсэн хэдий ч номын сан өнөөдрийг хүртэл дээрх гэрээтэй холбоотой тооцоог хийхгүй байсаар байна. Манай компанийн зүгээс талуудын хооронд хийгдсэн гэрээнүүдтэй холбоотой төлбөрийг төлөхийг Номын сангаас удаа дараа шаардаж байсан боловч төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Иймд ажлын хөлс 26 928 000 төгрөг, самбарын үнэ 7 000 000 нийт 33 928 000 төгрөгөөс шилжүүлсэн 8 389 150 төгрөгийг хасаад үлдэгдэл 25 538 850 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 644 төгрөгийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Номын сангийн гадана фасадад байрлах 16м*0,72 м цагаан өнгийн электрон дэлгэц, дотор байрлах 1,75м*0,24 цагаан өнгийн электрон дэлгэцийг цаг хугацаанд хийж гүйцэтгэх захиалагч үнэ хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх нөхцөлтэйгээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ингэхдээ Иргэний хуулийн 348-358 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчилнэ. Уг хуулинд зааснаар тендер зарлаж шаардлага хангасан гэж үзсэн тендерт оролцогчтой бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулдаг бөгөөд худалдан авах ажиллагаанд мөрдөх гэрээний стандарт нөхцөлийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг. Сангийн сайдын 213 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 213 дугаар тушаалаар ерөнхий гэрээ байгуулах журам баталсан бөгөөд уг журмын нэгдүгээр хавсралтаар ерөнхий гэрээ байгуулах журам, хоёрдугаар хавсралтаар ерөнхий гэрээний маягтыг тус тус баталсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлийг нэг бүрчлэн хуульчилсан байдаг дээр дурдсан хууль болон журмыг зөрчиж байгуулсан Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл бөгөөд хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан тул “Сипи медиа” ХХК-иар хийлгүүлсэн 2 ширхэг электрон дэлгэцийн элэгдлийн үнийг тооцон буцааж өгөх хүсэлтэй байна. Тухайн 2 ширхэг электрон дэлгэц нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой эд хөрөнгө болно. Учир нь электрон дэлгэцийг хүлээн авснаас хойш баталгаат хугацаа гэх 6 сарын хооронд удаа дараа эвдэрч “Сипи медиа” ХХК-иар засуулж байсан. Мөн баталгаат хугацаа дууссанаас хойш мөн 2 удаа эвдэрсэн бөгөөд үүнийг номын сан өөрийн хөрөнгөөр засуулсан. Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 26 928 000 төгрөгийг бартер хэлбэрээр төлөхөөр талууд харилцан тохиролцож 5м*10м хэмжээтэй 2 ширхэг самбарыг 1 жилийн хугацаанд номын сангийн үүдэнд байрлуулахаар харилцан тохиролцож Самбар түрээсийн гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу номын сан зар сурталчилгааны самбарыг гаднаа байрлуулаад 1 сар орчим хугацаа өнгөрч байхад иргэдээс гомдол санал ихээр гарч Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1а/4121 тоот албан бичиг, Улаанбаатар хотын захирагчийн албаны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1659 тоот албан бичгээр тус тус зар сурталчилгааны самбарыг яаралтай буулгахыг шаардсан. Нийслэлийн ИТХурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 тоот тогтоолоор баталсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг баталсан. Журмын 2 дугаар хавсралтад гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглох гудамж зам талбай нэр дурдаж заасан бөгөөд үүний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, 2 дугаар зүйлийн 2.2. дахь хэсэгт Чингисийн өргөн чөлөө Яармагийн гүүрнээс /Төв шуудангийн уулзвар хүртэл/ гэж тус тус журамласан. МУҮНСан нь байршлын хувьд Чингисийн өргөн чөлөөнд хамрагддаг болно. Үндэсний номын сангийн барилга нь Монгол улсын анхны барилгын дурсгалын нэг бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дэх хэсэгт зааснаар “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц бүтээцийг өөрчлөх”-ийг хориглоно. Дээр дурдсан шалтгааны улмаас МУҮНСан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Энэ талаар нэхэмжлэгч тал болох “Сипи медиа” ХХК-д хэлэхэд өөрсдөө самбараа буулгаад аваад явсан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасан бөгөөд энд дурдсан хүндэтгэн үзэх үндэслэл гэдэгт мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдол багтана. Эрх бүхий байгууллагаас зар сурталчилгааны самбарыг буулгахыг шаардсан нь гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Ийнхүү хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журам үйлчлэх бөгөөд 205 дугаар зүйлд заасан журам үйлчлэх бөгөөд 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заасны дагуу гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Үүний дагуу номын сан гадна багана дээр байрлуулсан зар сурталчилгааны самбарыг бүрэн бүтэн эд хөрөнгийн доголдолгүйгээр нэхэмжлэгч талд эргүүлэн өгсөн тул 7 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бусд тооцогдох тул Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг дагаад Самбар түрээсийн гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд “Сипи медиа” ХХК-ийн нэхэмжлэж буй 7 000 000 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Үндэсний номын сан нь LED урсдаг зарын самбарын төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байдал үүссэн ч нөөц бололцоо бүх боломжийг хайж LED урсдаг самбарын 14 280 000 төгрөгөөс 2015 оны 04 дүгээр 28-нд 1 700 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын               15-ны өдөр 3 668 342 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 371 808 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 650 000 төгрөг нийт 8 390 150 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид LED урсдаг самбарыг авах саналыг гаргасан захирал ажлаас чөлөөлөгдсөн төсөвт суугаагүй зэрэг самбарын төлбөрийг хийхэд хүндрэлтэй асуудлууд үүсээд байгаа учир LED урсдаг самбарын буцааж өгөн шилжүүлэн өгсөн 8 390 150 төгрөгийг эргүүлэн авах хүсэлтэй байна. Иймд төсөв санхүүгийн хүндрэлтэй үед нөөц бололцоондоо тулгуурлан LED урсдаг самбарын төлбөрийг барагдуулах ажил хийсээр ирсэн байхад ямар ч үйлдэл хийгээгүй мэтээр нэхэмжлэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол улсын Үндэсний номын сангаас 25 538 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сипи медиа” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 285 644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Үндэсний Номын сан нь нэхэмжлэгч "Сипи медиа" ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын     20-ны өдөр "Монголын Үндэсний Номын Сангийн гадна фасаданд байрлах 16м*0,72м хэмжээ бүхий нэг талт шар өнгийн электрон дэлгэц, дотор байрлах 1,75м*0,24м цагаан өнгийн электрон дэлгэцийг цаг хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь үнэ хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх" нөхцөлтэйгээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингэхдээ Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь Үндэсний номын сан нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар улсын төсвийн байгууллага юм. Энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчилнэ. Уг хуулинд зааснаар төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад нээлттэй тендер зарлаж хамгийн сайн үнэлгээ авсан гүйцэтгэгчтэй худалдан авах ажиллагааны гэрээ байгуулдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Үндэсний номын сан болон "Сипи Медиа" ХХК нар нь тендер зарлалгүйгээр, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс үүнийг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Үндэсний номын сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээс харахад Үндэсний номын сан болон "Сипи медиа" ХХК-тай байгуулсан гэрээ нь нөхөн байгуулсан гэрээ болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлвэл хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэг заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн заалтыг удирдлага болгон Үндэсний номын сангаас 25 538 850 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн "Сипи медиа" ХХК анх 18 859 200 төгрөгөөр үнийн саналыг ирүүлсэн, дараа нь Үндэсний номын сангийн зүгээс гэрээний үнийг төлөх график гаргаж өгөөч гэх хүсэлтийн дагуу 8 сарын хугацаанд cap бүр 2 160 000 төгрөг төлөхөөр нийт 17 280 000 төгрөгийн графикт хуваарь ирүүлсэн, мөн хууль зөрчиж, нөхөн байгуулсан гэрээнд 26 928 000 төгрөг гэж заасан. Дээр дурдсан 3 өөр үнэ байхад үүнийг харгалзаж үзэлгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Сипи медиа” ХХК нь хариуцагч Үндэсний номын санд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 25 538 850 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...зар сурталчилгааны самбарыг нэхэмжлэгчид буцаан өгсөн тул хүлээлгэн өгсөн тул 7 000 000 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй, самбарын төлбөр төсөвт суугаагүй, нэхэмжлэгчид шилжүүлсэн 8 390 150 төгрөгийг буцаан гаргуулах ёстой...” гэсэн үндэслэл заан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдөр байгуулагдсан Самбар түрээсийн гэрээний үнийн дүн 33 928 000 төгрөгөөс хариуцагч 8 389 150 төгрөгийг төлж, 2016 оны 3 дугаар сарын 22, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд нэхэмжлэгч нь албан бичгээр хариуцагчид шаардлага хүргүүлэн гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 25 538 850 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх боловч хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэн өгсөн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, уг гэрээний зүйл болох 2 самбарыг одоо ашиглаж байгаа талаар тайлбар гаргасан, самбар түрээслэх гэрээний зүйлийг нэхэмжлэгч буцаан авсан байх тул самбарын үнэ 7 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн төлбөрийн хэмжээг буруу тооцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээний үнийн дүн нь 33 928 000 төгрөг болохыг, хариуцагч нь 8 389 150 төгрөг төлсөн, самбар түрээслэх гэрээний 7 000 000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг нэхэмжлэгч буцаан авсан, самбарыг ашиглах болон сэргээн засварлах боломжгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад шүүх “самбар түрээсийн гэрээнээс учирсан хохирол 7 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь буруу тул хариуцагчаас 17 283 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...17 283 200 төгрөгийн өр төлбөртэй гэж дотоод аудитын дүгнэлтэд тусгасан, тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөх боломжтой...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...25 538 850...” гэснийг “…хариуцагч Монгол Улсын Үндэсний номын сангаас     17 283 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сипи медиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 255 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...285 644 гаргуулан...” гэснийг       “...244 366 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагч чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                 М.НАРАНЦЭЦЭГ