Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 276

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК 

Хариуцагч: НЗД , 

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь НЗД ын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий газрыг хууль, журмын дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Бид хуульд заасан журмын дагуу газрын төлбөрийг цаг тухайд төлж, өнөөдрийн байдлаар газрын төлбөр болон дуудлага худалдааны үнэ зэрэгт 477,456,000 төгрөгийг төлж, Газрын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, өөрийн эзэмшлийн газартаа зориулалтын дагуу Орон сууц, үйлчилгээний барилга байгуулж барихаар ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгө, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэтэл НЗД ас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А/******* дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай захирамжийг гаргасан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасны дагуу манай компанид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэлгүй, сонсох ажиллагаа явуулахгүйгээр, нотлох баримтад тулгуурлаагүй хууль бус захиргааны акт гаргасан байна.

Учир нь НЗД ас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дугаар захирамжийг гаргасан тухай өнөөдрийн байдлаар албан ёсоор манай компанид мэдэгдээгүй бөгөөд харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийн газар эзэмших эрх цуцлагдсан тухай НЗД ын захирамжийн зураг болоод компанийн газрын зураг нийтэд цацагдсан байснаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олж мэдсэн.

 

Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдгаас манай компанид А/******* захирамжийг албан ёсоор мэдэгдээгүйгээс үүдэлтэйгээр компани тус хуулийн заалтын дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсэхээс сэргийлж зөрчигдөөд буй эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна.

 

НЗД  нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасны дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу хуульд үндэслэсэн байх учиртай.

 

Ийнхүү Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу НЗД  хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу гаргах захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн, хуульд заасан журмыг баримталсан байх нь төрөөс үндэслэлгүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байх баталгаа болох учиртай юм.

 

Гэтэл НЗД  нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дугаар захирамжийг гаргахдаа манай компанид огт мэдэгдээгүй, тайлбар аваагүй, нөхцөл байдлыг тодруулалгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Учир нь манай компани нь өөрийн эзэмшлийн газарт зориулалтаар нь барилга байгууламж барихад шаардагдах хуулиар тогтоосон журмын дагуу төрийн холбогдох байгууллагаас шаардлагатай зөвшөөрлийг авахаар хандаж, 578 айлын үйлчилгээний орон сууцны барилга барих төсөл хөтөлбөр боловсруулан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

Үүний дагуу бид Барилгын тухай хуульд заасан журмын дагуу Эрчим хүчний яамнаас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 69/2016 дугаар Э ХХК , орон сууцны цогцолборын цахилгаан хангамжийн Техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 179/16 дугаар Техникийн нөхцөл, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ТН-Ө******* дугаар Техникийн нөхцөлүүдийг тус тус батлуулсан.

Бидний зүгээс хуульд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт бичгийг хуулийн хугацаанд зааснаар дахин авахаар төрийн эрх бүхий байгууллагагууд хандаж, холбогдох зөвшөөрлийг авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Ус сувгийн удирдах газраас авах Техникийн нөхцөлийг авахаар хүлээгдэж байгаа болно.

Манай компани нь хуульд заасны дагуу зохих зөвшөөрлүүдийг авахаар тууштай ажиллаж байхад төрийн байгууллагын удаашралтай, хүнд суртал болсон үйл ажиллагааг манай компанийн буруутай үйл ажиллагаа мэтээр дүгнэж, үндэслэлгүйгээр НЗД  өнөөдөр газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхэд хууль бусаар халдсан шийдвэр гаргаж, компанийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөний ихээхэн дарамтад оруулж, компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдаж байна.

Э ХХК нь газар эзэмших эрхтэй холбоотойгоор Нийслэлийн газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01-06/4390 дугаар албан бичгээр Компанийг батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаагаа явуулах тухай мэдэгдсэн бөгөөд Ус сувгийн удирдах газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2/2555 дугаар албан бичгээр Техникийн нөхцөл олгоход шаардагдах албан бичгийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас авчрах тухай мэдэгдээд байгаа болно.

Ийнхүү барилгын ажил эхлэх нь төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгох ажиллагаа удаашралтай, хуульд заасан журмыг баримталж хүсэлт шийдвэрлэдэггүй зэрэг нөхцөл байдлаас үүдэлтэй бөгөөд Нийслэлийн газрын албанаас барилгын ажлаа эхлүүлэх тухай мэдэгдсэн байхад НЗД  нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэйгээр манай компанийн эрхэд үндэслэлгүйгээр халдаж байгаад гомдолтой байна.

Нийслэл Засаг дарга нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг гаргахад нөлөөлөх дээрх нөхцөл байдлыг шалган, тогтоох үүргээ хэрэгжүүлэх тухай Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны акт гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанд оролцуулах, нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах эрхийг хангах зорилгоор сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлэх, оролцогч баримт бичигтэй танилцах эрхийг хангах журмыг хуулийн 13, 15, 24. 26, 27, 32 дугаар зүйлүүдэд тодорхой заасан байдаг.

Ийнхүү НЗД  нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ гэж зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дугаар захирамжийг гаргах ажиллагаанд Э ХХК -ийг оролцох эрхийг хангаагүй, манай компанид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй бөгөөд дээрх НЗД ын дээрх хууль бус үйл ажиллагаа нь Захиргааны еренхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж заасан тусгай зарчимтай нийцээгүй буюу НЗД  хуульд заасан журам зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/Ш32018/8199 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамжид заасны дагуу дараах байдлаар бүрдүүлбэр хангаж байгаа болно.

Нэхэмжлэгч Э ХХК -иас НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар НЗД д өөрт нь хандаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шууд хандаж байгаа болно. Иймд НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

НЗД ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага бүхий Э ХХК -ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. НЗД ын 2008 оны 181 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалт бүхий 25000 м.кв газрыг Э э В Ю ХХК-д иргэн М.У гаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

НЗД ын 2012 оны А/770 дугаар захирамжаар Э ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргасныг шүүх хянаад Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 269 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээний дагуу Э ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг орон сууц, үйлчилгээний зориулалтаар талбайн хэмжээг 23950 м.кв хэмжээтэйгээр газар эзэмших эрхийг сэргээсэн.

Нэхэмжпэгчид эзэмшил газраа ашиглах боломжийг дээрх Эвлэрлийн гэрээгээр олгосоор байхад нэхэмжпэгч нь тухайн газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.3 газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.4 газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасныг үндэслэн НЗД ын 2018 оны А/******* дүгээр захирамжаар хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул НЗД ын 2018 оны А/******* дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

НЗД ын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий газрыг хууль, журмын дагуу 15 жилийн хугацаатайгаар Э ХХК нь эзэмших эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг цаг тухайд төлж, өнөөдрийн байдлаар газрын төлбөрт 69,421,000.0 төгрөг, дуудлага худалдааны үнэнд 396,000,000.0 төгрөг, нийт 477,456,000.0 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан.

Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 578 айлын үйлчилгээний орон сууцны барилга барих төсөл хөтөлбөр боловсруулан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, улмаар Барилгын тухай хуульд заасан журмын дагуу Эрчим хүчний яамнаас 2016 оны 05 дугаар сарьш 18-ны өдрийн 69/2016 дугаар Э ХХК , орон сууцны цогцолборын цахилгаан хангамжийн, Ус сувгийн удирдах газрын 179/16 дугаар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ТН-Д457/2018 дугаар Техникийн нөхцөлүүдийг тус тус гаргуулснаас гадна цаашид холбогдох захиргааны байгууллагад зөвшөөрөл авахаар удаа дараа хандсан нь болон Ус сувгийн удирдах газраас Техникийн нөхцөл авахаар хүсэлт хүргүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 027 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох Эрчим хүчний яамнаас тус компанийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/17 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусд тооцуулж, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийг газар эзэмших эрх үүссэнээс хойш барилга байгууламжаа бариагүй зориулалтаар ашиглаагүй гэж буруутгах боломжгүй бөгөөд өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлүүд, тухайлбал захиргааны зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааны улмаас удаашралтай байгааг харгалзан үзэх нь зүйтэй.

Энэ талаарх тайлбарыг Э ХХК 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 04/18 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд хүргүүлж байсан нь хэрэгт авагджээ.

Хариуцагч хэдийгээр нэхэмжлэгч компанид мэдэгдэл хүргүүлж байсан, сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаархи баримтыг ирүүлээгүй, мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг захиргааны акт гаргахдаа харгалзан үзээгүй, тухайн нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа явуулаагүй, газар дээр барьсан хашааг буулгах шаардлага тавьж байсан байна.

Нэхэмжлэгч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...НЗД  нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ гэж зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн А/******* дугаар захирамжийг гаргах ажиллагаанд Э ХХК -ийг оролцох эрхээр хангаагүй, манай компанид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй бөгөөд дээрх НЗД ын дээрх хууль бус үйл ажиллагаа нь Захиргааны еренхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж заасан тусгай зарчимтай нийцээгүй гэж тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах боломжтой.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх байдал тогтоогдохгүй, хэрэв нэхэмжлэгчийг газраа 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2 жил дараалан зориулалтаар эзэмшээгүй гэдэг үндэслэлээр 2016 онд хүчингүй болгох эрх нь захиргааны байгууллагад нээлттэй бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс дээрх ажиллагаанууд хийгдэхгүй байх боломжтой байсан байх тул НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэхдээ захирамжийн 2 дахь хэсэгт ...газрыг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах... гэж заасан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд НЗД ас тухайн газар дээр ногоон байгууламжаас илүүтэйгээр хүүхдийн цэцэрлэг шаардлагатай байгаа үзсэн, ... мөн маргаан бүхий газрын хойд хэсгээр зайлшгүй автомашин явахаар төлөвлөгдсөн, энэ талаар эвлэрэх саналыг хүргүүлсэн..., нэхэмжлэгч ...манайх хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламжтай, 578 айлын орон сууцны цогцолбор барихаар төлөвлөсөн байгаа. Тусгайлан ногоон байгууламж хийх шаардлагатай бол 3000 гаруй м.кв талбайг өөрийн хөрөнгөөр тохижуулах ажиллагааг хийх боломжтой. Энэ нөхцөл байдлыг зөвшөөрвөл бид эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбаруудыг харгалзан үзээд захиргааны байгууллага Ерөнхий төлөвлөгөөндөө тусгасан байдалд нийцүүлэн газрын хэмжээг нэхэмжлэгчийн саналыг үндэслэн багасгах, тохиролцох боломжтой гэж шүүх үзэв.

Иймд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах, дээрх асуудлыг шийдвэрлэх нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх үүрэгт хамаарагдаж байх байх тул хариуцагчаас шинээр акт гаргах хүртэл НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч НЗД ас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол НЗД ын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамж хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Д.ОЮУМАА