Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0124

 

 

                                 “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л,

Нэхэмжлэгч: “Э ББСБ” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “ “Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийслэлийн Татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/129 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 913 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, С.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0448/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь Нийслэлийн Татварын газарт холбогдуулан“Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийслэлийн Татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/129 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 913 дугаар шийдвэрээр: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан “ “Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийслэлийн Татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/129 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх явцад өөр хоорондоо зөрчилтэй эрхзүйн актуудыг гаргасан. “Э” ББСБ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой “2020-2021 санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, 2020-2021 санхүүгийн жилийн тайлант татвараа дутуу төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтуудыг Татварын ерөнхий газраар хянан баталгаажуулж шүүхэд авчрахыг Нийслэлийн Татварын газарт даалгах тухай” хүсэлтийг гаргасан. Шүүх дээрх хүсэлтийг хүлээн авч 2022  оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Татварын газарт “Нотлох баримт гаргуулах тухай” 17035 тоот даалгаврыг явуулсан боловч тус газар нь шүүхийн албан даалгаврыг биелүүлэхээс татгалзсан. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар Нийслэлийн Татварын газар нь 2020-2021 санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт болон 2020-2021 санхүүгийн жилийн тайлант татвараа дутуу төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

3.2. Шүүхийн даалгаврыг биелүүлэхээс татгалзаж байгаа нь “Нийслэлийн Татварын газар нь зарим тохиолдолд татвараа дутуу төлсөн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлсэн, эдлүүлдэг байж болзошгүй тухай” мэдээлэл нь үндэслэлтэй байж болно гэж үзсэн тул “Э” ББСБ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” хэмээн заасныг үндэслэн шүүхийн үзлэг явуулах хүсэлтийг дахин гаргасан. Шүүхийн үзлэгээр 2020-2021 санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт болон 2020-2021 санхүүгийн жилийн тайлант татвараа дутуу төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтуудад үзлэг хийж, уг жагсаалтад давхардсан аж ахуйн нэгж байгаа эсэхийг тодруулах ёстой бөгөөд бидэнд ирсэн “Нийслэлийн Татварын газар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг өөрийн үзэмжээр тайлбарлаж, зарим тохиолдолд татвараа дутуу төлсөн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлсэн, эдлүүлдэг байж болзошгүй тухай мэдээлэл”-ийг нягтлах зорилготой байсан. Дээрх мэдээллийг өөр ямар нэг аргаар шалгах, тогтоох боломжгүй. Дээрх үйл баримтыг шалгаж тогтоосноор Нийслэлийн Татварын газар нь хуулиар өөрт нь олгогдоогүй эрхийг /татварын хөнгөлөлтийг өөрсдийн үзэмжээр шийдвэрлэдэг гэх/ эдэлдэг байж болзошгүй гэсэн нэхэмжлэгч байгууллагын гомдлыг эцэслэж тогтоох ёстой байсан. Гэвч шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Э” ББСБ-ын гаргасан “үзлэг хийлгэх тухай” хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл, шүүх 2022  оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Татварын газарт “Нотлох баримт гаргуулах тухай” 1/7035 тоот даалгаврыг гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүд нь “захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой” хэмээн үзсэн атлаа 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй” хэмээн дүгнэсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх үед “.. хувь хүн байгууллагын нууцад хамаарах тул ...” гэх үндэслэлээр нотлох баримт гаргаж өгөх боломжгүй хэмээн маргадаг. Хэрэв дээрх жагсаалтууд нь үнэхээр хувь, аж ахуйн нэгжүүдийн нууц хэмээн үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хэргийн нотлох баримт, үйл явдал төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шүүх хуралдааныг бүрэн, эсхүл түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хаалттай шүүх хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албан үүрэгтэй нь холбогдуулж шүүгчид итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг шүүгч, шүүх хуралдаанд оролцогч задруулахыг хориглоно”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Хуульд заасан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбогдсон баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцуулахгүй. Захидал харилцааны мэдээллийг хамгаалахын тулд хувийн захидал, бичгийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр нээлттэй шүүх хуралдаанд уншин сонсгож болно. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол хувийн захидал, бичгийг уншин сонсгох болон шинжлэх ажиллагааг хаалттай шүүх хуралдаанаар гүйцэтгэнэ” хэмээн эрхзүйн зохицуулалтыг нь хуульчилж өгсөн нь хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэдгийг нотолж байна. Шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг яагаад хэрэглээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар өгөөгүй.

3.3. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” хэмээн заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Дээрх хуулийн заалтыг харахад “...ногдуулсан татварыг бүрэн төлсөн тохиолдолд 90 хувийн хөнгөлөлт үзүүлнэ” гэж ойлгогдохгүй бөгөөд харин ч анх тогтоосон татварын хувь хэмжээг төлсөн эсэхээс үл хамааран 90 хувиар хөнгөлнө хэмээн хоёргүй утгаар хуульчилсан. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “... 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалаар батлагдсан Сангийн сайдын журмаар татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх нийтлэг үйл ажиллагааг зохицуулсан, ... энэ журмын 2.2-т ... ААН-ийн орлогын албан татвар, НӨАТ болон бусад татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг татвар төлөгчийн тухайн татварын тайланд тусгасан чөлөөлөгдөх орлогод ногдуулан, төлсөн татварын дүнгээс тооцож эдлүүлнэ гэж заасан” хэмээн тайлбарласан. Эндээс харвал төлсөн татварын дүнгээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх ёстой хэмээн ойлгогдож байна. Хариуцагчийн шүүх хуралдаан дээр иш татсан дээрх журам нь хэрэгт авагдаагүй бөгөөд зөвхөн хариуцагчийн амаар өгсөн тайлбарыг шүүхийн шийдвэрт дурдсан. 

3.4. Хариуцагч нь “... татвар төлөгч нь ногдуулсан татварыг дутуу төлсөн тохиолдолд хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрхэн зохицуулах талаар нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүй, ... хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд үүний араас маш олон аж ахуйн нэгжүүдэд шаардах эх үүсэх эрсдэлтэй” гэх мэт хоорондоо зөрчилтэй, хууль зүйн үндэслэлгүй тайлбар өгч байсан нь хурлын тэмдэглэл, бичлэг дээр бий. Талуудын хооронд татвар төлсөн, төлөөгүй тухайд болон төлсөн татварын дүнгийн талаар ямар нэг маргаан байхгүй бөгөөд “Э” ББСБ нь санхүүгийн жилд төлөх ёстой татвар болох 72,991,630 төгрөгийн 95,9 хувь буюу 69,999,999 төгрөгийн татварыг төлсөн, түүнд ноогдох 90 хувийн хөнгөлөлтийн талаар маргалдаж байгаа. Гэтэл хариуцагч “татварын программ дээр дутуу төлсөн тохиолдолд “төлөгдөөгүй” төлөвт харагддаг тул төлөгдөөгүй гэж үзнэ” хэмээн маргаж буй нь үндэслэлгүй.

3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах” гэж заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын  05-ны өдрийн 913 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ачмаа давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргасан байна. Үүнд:

            4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын “нотлох баримт гаргуулах” хүсэлтийг нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг эдлүүлж, уг хүсэлтийг дагуу шүүхийн албан бичигт дараах 2 шаардлага тавигдсан нь тус хэрэг маргааны оролцогч бус этгээдүүдийн баримтыг шаардсан. Тодруулбал,  “2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн жагсаалт, үүнтэй холбоотой бүхий л баримтууд, 2020-2021 оны санхүүгийн жилийн тайлант татвараа дутуу төлсөн аж ахуй нэгжүүдийн жагсаалт үүнтэй холбоотой бүхий л баримтууд шаардлагатай” гэсэн. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “Татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, гэмт хэргийг бүртгэх шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид зөвхөн уг зөрчил, гэмт хэрэгт холбогдох асуудлаар”, энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно” гэж заасан байх тул 2020-2021 онуудад татвараа төлсөн, дутуу төлсөн эсхүл татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан зэрэг тухайн хэрэгт оролцогч бус хуулийн этгээдийн хувийн мэдээллийг хүргүүлэх боломжгүй.

4.2. Мөн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд гүтгэлгийн шинжтэй, баримтгүйгээр “татвараа дутуу төлсөн ч хөнгөлөлтөд хамрагдсан хэд хэдэн аж ахуйн нэгж байгааг сонссон тул бидэнд эргэлзээ байна, үүнийг л нотлохын тул дээр бусад татвар төлөгчийг мэдээлэл шаардлагатай байна” гэж тайлбарладаг. Тус тайлбарт тухай бүр хариуцагч талын зүгээс “хэд хэдэн аж ахуйн нэгж”-ийн нэрийг хэлж шалгуулах боломжтойг хэлсэн хэдий ч нэрийг хэлж байгаагүй, хэлэх боломжгүй гэдэг. Энэ нь тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудал бөгөөд цаашид төрийн байгууллагын үйл ажиллагаанд хардах эрхээ шалгах эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтойгоос гадна, илтэд гүтгэсэн нь тогтоогдвол тус нэхэмжлэгч тал өөрөө мөн хариуцлага хүлээх боломжтой байдал үүсэж болзошгүй.

4.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх асуудалд шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан (ААНОАТTX-25.2-т “... жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө”) хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно” гэж хэрэгжилтийг нь тодорхой зааж өгсөн.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг”, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэж тус тус зааснаар татвар төлөх үүрэгтэй байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь татвар төлөх үүрэг зайлшгүй байна.

4.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 913 дугаар шийдвэрээр Монгол Улсын хуулийн хүрээнд, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь Нийслэлийн Татварын газарт холбогдуулан“Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийслэлийн Татварын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/129 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгуулах”-аар маргасан байна.

            3.2. “Э ББСБ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22-03/17 дугаар албан бичгээр Нийслэлийн Татварын газарт хандан “... нийт төлбөл зохих татвар 72,991,630 төгрөг гарсан, ... хуулийн хугацаанд 69,999,000 төгрөгийн татварыг төлсөн боловч хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй гэх шалтгаанаар тайланг буцаасан” гэж төлсөн татвараасаа хөнгөлөлт эдлэх хүсэлтээ илэрхийлсэн, маргаан бүхий 04/129 дүгээр албан бичгээр “... төлбөр зохих 72,991,630.22 төгрөгөөс 69,999,999.0 төгрөгийн татвар төлсөн бөгөөд тайлант хугацаанд 2,992,630.22 төгрөгийн дутуутай байгаа тул хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй” гэх хариуг өгчээ. 

            3.3. Дээрх албан бичгүүд, талуудын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч компани нь тайлант хугацаанд төлбөл зохих татварыг дутуу төлсөн, 2,992,630.22 төгрөгийн дутуу төлөлттэй тухайд хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгчээс “... төлсөн татварын дүнгээс 90 хувийн хөнгөлөлт эдлэх ёстой” гэж, хариуцагчаас “... ногдуулсан албан татварын дүнгээс төлсөн албан татвараас буцаан олгох замаар 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэх боломжтой” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            3.4. Аж ахуйн нэгж нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар мөн хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд тайлант хугацааны төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн өөрийн тайлагнасан тайлангийн мэдээний дагуу тухайн хуулийн этгээдийн “тухайн жилд төлбөл зохих татвар” буюу “ногдуулах” татварыг тодорхойлно. 

3.5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж зааснаас үзвэл “ногдуулсан” албан татварыг 90 хувиар хөнгөлөх бөгөөд 22.2-т зааснаар албан татварын хөнгөлөлтийг татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлэх, тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягталж, эцсийн тооцоо хийж буцаан олгохоор хуульчилсан.

 3.6. Нэгэнт нэхэмжлэгч 2020-2021 оны санхүүгийн жилийн тайлангаар ногдуулсан буюу төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд бүрэн төлөөгүй, өөрөөр хэлбэл, татвар төлөх үүргээ биелүүлээгүй атлаа “татварын хөнгөлөлт эдлэх эрхээ эдлэх ёстой” хэмээн маргаж байгаа нь зүйд нийцэхгүй. Иймд Нийслэлийн Татварын газар энэ үндэслэлээр татварын хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

3.7.  Анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/7035 дугаар албан бичгээр “... 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан болон тухайн жилд татвараа дутуу төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтууд, түүнтэй холбоотой баримтуудыг” хариуцагчаас гаргуулахаар шаардсаны дагуу хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/742 дугаар албан бичгээр “... тухайн хэрэгт оролцогч бус нийт аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг өгөх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн, анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7832 дугаар захирамжаар “... аж ахуйн нэгжүүд татвараа гүйцэд төлсөн эсэх, татварын хөнгөлөлтөд хамрагдсан эсэх талаар тодруулах нь ач холбогдолгүй гэж үзээд нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 835 дугаар тогтоолоор “... 7832 дугаар захирамжийг хэвээр үлдээсэн”, уг тогтоол нь хүчин төгөлдөр бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь шийдвэрлэсэн асуудлынхаа хувьд эцсийн шийдвэр байна.

3.8. Нэхэмжлэгчийн “... хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, татварын хөнгөлөлтийг өөрсдийн үзэмжээр шийдвэрлэдэг байж болзошгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг эцэслэх ёстой байсан, энэ талаарх баримтыг гаргуулаагүй нь буруу, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг яагаад хэрэглээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх эдгээр баримтыг гаргуулах хүсэлтийг дээрх байдлаар шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч татвараа дутуу төлсөн ч татварын хөнгөлөлт эдэлсэн аж ахуйн нэгжийг тодорхой дурдаж маргаагүй. Түүнчлэн ийнхүү дурдсан ч хуульд “ногдуулсан” албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан тул шүүх хууль зөрчиж ногдуулсан татвараа бүрэн төлөөгүй “Э ББСБ” ХХК-ийг 2020-2021 оны санхүүгийн жилийн татварын хөнгөлөлтөд оруулахыг Нийслэлийн Татварын газарт даалгах боломжгүй.            

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Лгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН