Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 218

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК,

Хариуцагч: СЯ анд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч Д.Г иргэдийн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: М ХХК нь 2014 онд Монгол Улсын Засгийн газрын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санаачлагыг түшиглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан ба өдөрт 3 төрлөөр 3000 ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт орших бусад геологи, уул уурхайн үйлдвэрийн газрууд болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хангах орчин үеийн техник технологийн дэвшилд суурилсан эрүүл ахуйн стандартыг хангасан үндэсний үйлдвэр юм. Манай үйлдвэр Монгол Улсын MNS болон Европын F стандартуудыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн удаа дараа үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох амны хаалт /хошуувч/-ыг туршилтаар нийлүүлэх саналыг Э ХХК-д удаа дараа хүргүүлж байсан боловч манайд ямар нэгэн хариу ирүүлээгүй байдаг.

Харин 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э ү ХХК-аас зарлагдсан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх ХХ-2018/******* дугаар сонгон шалтаруулалтын багц 8-д манай компани оролцсон бөгөөд үнэлгээний хороо анхны үнэлгээгээр хамгийн өндөр үнийн саналтайгаар оролцогчдын 8 дугаарт жагссан М ХХК-ийг шалгаруулсан байдаг. Үнэлгээний хорооны гишүүд манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй талаар манай компанийн гаргасан гомдлыг СЯ  хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 дугаартай албан тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ... Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан, хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно ... гэж заасныг үндэслэн шийдвэр гарган хүргүүлсэн. Гаргасан шийдвэрт дурдахдаа:

1. Тендерийн 18.2-ын /г/-д заасан шаардлагыг биелүүлээгүй гэснийг Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг-ийн 18.2-ын /г/-д заасан Түргэн хөврөх чавартай хөрөнгө болон авах болон зээлийн хэмжээ: /захиалагчаас шаардаж буй түргэн хөврөх хөрөнгийн хэмжээг оруулах/ гэснийг зөрчсөн байна гээд М ХХК-аас тодорхойлолт ирүүлсэн нь заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн.

2. М ХХК-ийн МNSстандарт бүхий тохирлын гэрчилгээтэй тендерээс тохирлын гэрчилгээ ашиглалтын заавартай нийцэхгүй байна гэж тухайн тендерээс татгалзсан захилагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж Э ХХК-д мэдэгдсэн.

Ингэснээр Сангийн Яамны энэхүү шийдвэрийг үндэслэн, дахин үнэлгээ хийсний үндсэн дээр Э ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ХБ-112-12/820 тоот албан бичгээр манай М ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгарсныг мэдэгдсэн.

Гэтэл СЯ ны Төрийн нарийн бичгийн дарга С.Н нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ... Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно... гэж заасныг илтэд зөрчиж, өмнө нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 албан тоотоор хүргүүлсэн үндэслэл, шийдвэрээ үгүйсгэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 албан тоотоор дахин шийдвэр хүргүүлсэн байна. Хүргүүлсэн шийдвэртээ дурдахдаа М ХХК нь МNS стандарт шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзэж тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлтэй байна гэжээ.

Одоогийн мөрдөж буй Монгол Улсын стандарт болох МNS 6654-2017 нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага гэсэн нэршилтэй стандарт юм. Харин манай компанийн бүтээгдэхүүн нь МNS 5620:2006 стандартыг хангасан амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгсэл /хошуувч/ юм. Өөрөөр хэлбэл манай хэрэглэж буй бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ нь захиалагч талаас зарласан тендерийн шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд энэ талаар СЯ наас хуульд нийцүүлэн гаргасан эхний шийдвэрт тодорхой дурдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн ... гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ... Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ... гэж, мөн зүйлийн 4.2, 4.2.5 дахь хэсэгт ... зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх... гэж тус тус заасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж 52.1 дэх хэсэгт ... Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ... гэж, 52.1.7 дахь хэсэгт ... энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх ... гэж заасан байдаг.

Нөгөөтэйгүүр тус хуульд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дахин гомдол хүлээж авах талаар зохицуулаагүй нь төрийн захиргааны төв байгууллага хуульд зөвхөн хуулиар зөвшөөрсөн эрх эдлэх үндсэн зарчимтай зөрчилдсөн байна. Мөн СЯ  хянан үзээд, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 албан тоотоор гаргасан эцсийн зөв шийдвэрээ 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 албан тоот өмнөх шийдвэрээ үгүйсгэж хуулиар тодорхой заасан хэм хэмжээг зөрчих нь төрийн албаны үндсэн зарчим болох шударга ёс, хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна.

Аливаа тендер, шалгаруулалтад ямар ч байгууллага цаг хүч хөдөлмөр гарган оролцдог ба энэ нь цаанаа байгууллагын ололт амжилт, олон ажилтан албан хаагчийн амьдрал ахуйтай шууд холбоотой байдаг гэдэгтэй санал нэг гэдэгт итгэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1 дэх хэсэгт ... захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ... гэж заасны дагуу СЯ ны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр М ХХК-ийн гаргасан, Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Э ү ХК-аас зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Багц 8-д оролцсон Д ХХК-аас тус яаманд гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу захиалагчаас ирүүлсэн баримт материалууд дээр үндэслэн хянан үзсэн.

Дээрх тендер шалгаруулалтын Багц 8-д нийлүүлэгдэх тоосонцроос хамгаалах амны хаалтын техникийн тодорхойлолтод захиалагч EN  MNS гэж заасан байна. Монгол Улсын стандартаар MNS нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага гэсэн стандарт нэршилтэй байна.

Захиалагч тендерт оролцогч М ХХК-ийн санал болгосон MNS стандарт бүхий тохирлын гэрчилгээтэй тендерээс тохирлын гэрчилгээ ашиглалтын заавартай нийцэхгүй байна гэж татгалзсан нь үндэслэлтэй тогтоогдохгүй буюу тохирлын баталгааны талаар мэргэжлийн байгууллагад хандан нягталж, шалгуулсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын 8 дугаар багцын үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг Сангийн яамны зүгээс Гомдлын хариу хүргүүлэх тухай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Гэтэл захиалагчийн дахин үнэлгээ хийсэн талаарх баримт материалыг хянан үзэхэд МNS МNS стандартын талаар мэргэжлийн байгууллагын тодруулга дүгнэлт байхгүй тул захиалагчийн хамгийн сайн гэж шалгаруулсан тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн тоосонцроос хамгаалах амны хаалтын техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангасан гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу оролцогчийн тендерээс татгалзах үндэслэлтэй байгаа юм.

Түүнчлэн уг тендерийн хүчинтэй хугацааг захиалагчийн хүсэлтийг үндэслэн тус яамны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3276 тоот албан бичгээр хуулийн дагуу сунгасан ба дуусах хугацаа нь 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр байсан.

Ийнхүү Сангийн яамны зүгээс хуулийн дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан хэдий ч дахин үнэлгээг хийхдээ захиалагч ихээхэн цаг хугацаа алдаж 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тендер ирүүлсэн оролцогч нарт мэдэгдлийг хүргүүлсэн байгаа нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ, 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай дэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хучинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж тус тус заасныг буюу хуулийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулах хүчинтэй хугацаа үйлчлэхээр байсныг зөрчсөн байдаг.

Иймд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг авч хэлэлцээд энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргана гэж заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичгээр мэдэгдсэн болно. Дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд СЯ ны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Сангийн яаманд холбогдуулан гаргасан.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Э ү ХК-аас зарласан Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарлаж, тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нээж, 20-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, Багц 8-д М ХХК-ийн тендерийг шалгаруулсан байна.

Уг үнэлгээний хорооны шийдвэрт тендерт оролцсон Д ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тендерт оролцогчдын тендерийн баримт материалуудыг бүхэлд нь хянан үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ... Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно... гэж заасантай нийцсэн үйлдэл болжээ.

Сангийн яам дээрх гомдлыг хянаад 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 тоот албан бичигт: тус тендерт оролцсон, гомдол гаргасан, шалгарсан бүх компаниудын тендерийн материалыг хянаад татгалзсан болон шалгаруулсан бүх үндэслэлүүдийг тодорхойлсон.

Тухайлбал: ... хамгийн сайн гэж шалгаруулсан М ХХК-ийн ... зээлийн ...тодорхойлолт,... дансны үлдэгдэлтэй тодорхойлолт ирүүлсэн нь ТӨХ-ийн 4.3-т Тендерт оролцогч 4.2.11-4.2.9-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай мэдэгдлийг захиалагчид бичгээр гаргаж өгөх үүрэгтэй. Эдгээр нөхцөл үүссэн эсэхийг магадлах зорилгоор захиалагчаас тавьсан шаардлагын дагуу тендерт оролцогч холбогдох баримт, нотолгоог захиалагчид ирүүлнэ гэж заасан шалгуур үзүүлэлтийг тус тус хангахгүй байх тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу уг тендерээс татгалзах үндэслэлтэй байна.

...захиалагч нь Т ХХК, М ХХК-ийн MNS стандарт бүхий тохирлын гэрчилгээтэй тендерээс тохирлын гэрчилгээ нь ашиглалтын заавартай нийцэхгүй байна гэж тухайн тендерээс тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна... гэх мэтээр дурдаж, Тендер шалгаруулалтын 8 дугаар багцын үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Энэхүү Сангийн яамны мэдэгдлийн дагуу захиалагч тендерийн үнэлгээг мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин явуулж, тус багцад М ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдэж, бусад тендерт оролцогчдод татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэнтэй талууд маргадаггүй.

Харин энэ үед буюу 6 дугаар сарын 18-ны өдөр тендерээс М ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасныг хариуцагч хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3949 тоот албан бичгээр ...гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байна... гэснийг захиалагчид хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4.1-д оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараахь тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Сангийн яам Үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хянаад хүргүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 тоот албан бичигт дурдсанчлан гомдол гаргасан компаниудын гомдлын үндэслэлийг хянасан, М ХХК нь тендерийн баримт бичигт дурдсан шаардлагыг хангаагүйгээс тендерт шалгарах боломжгүйг тодорхойлсон байдаг.

Түүнчлэн маргаан бүхий Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичгээр ...хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд ... тендер шалгаруулалтын 8 дугаар багцын үйл ажиллагааг хүчингүй болгож, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу боловсруулан дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Хуулиар тусгайлан зохицуулснаар тендер хүчинтэй байх хугацаа нь тендерийг нээснээс хойш тендер шалгаруулалт зохион байгуулж дуусах хүртэлх хугацааг ойлгох бөгөөд журмын дагуу нэг удаа 30 хоногоор сунгахаар зааснаас үзэхэд уг хугацаа нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон эрх бүхий этгээдэд гомдол гаргах, хянан шийдвэрлүүлэх хугацаанд хамааралгүй хэдий ч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 11, 15, 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд түдгэлзүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим зөвхөн Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд ч бус тухайн шалгаруулалттай холбоотой гомдлыг хянах чиг үүрэг бүхий Сангийн яаманд ч хамааралтай.

Дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ... Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно... гэснээр тендерийн хугацаа нь нийтдээ 75 хоногт багтаан сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд Үнэлгээний хорооны шийдвэрийг гарсны дараа гомдол гарвал Тендерийн баримт бичгийн дагуу оролцогчдын тендерийн материалуудыг бүхэлд нь хянаж үзээд шийдвэр гаргасан нь эцсийн байхыг тусгайлан заасан нь түргэн шуурхай, хариуцлагатайгаар үйл ажиллагааг зохион байгуулахыг ойлгоно.

Хариуцагч тухайн тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан нь Тендерийг зарлахаас эхлээд гэрээ байгуулах эрх олгох хүртэлх хугацааны захиалагч, Үнэлгээний хорооны болон тендерт оролцогчдын идэвхтэй үйл ажиллагаа, тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны эдийн засгийн хохирлыг үгүйсгэсэн үйлдэл болсон гэж үзэхээр байна.

Үнэлгээний хорооны шийдвэр гаргах болгонд тендерт ялагдсан компаниуд гомдол гаргаад, түүнийг Сангийн яам гэрээ байгуулахаас өмнө гомдол гаргасан тохиолдолд хянах үүрэгтэй гэдгээр гүйцэтгэгч сонгох үйл ажиллагааг түдгэлзүүлээд байвал хуульд заасан хугацаанд тендерийн сонгон шалгаруулалт багтаж явах боломжгүйд хүрэхийг хариуцагч анхаараагүй нь энэхүү үр дагаврыг бий болгосон.

Захиалагч 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ХБ-112-12/820 тоот албан бичгээр М ХХК-д гэрээ байгуулах эрх олгоод ...Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дараа Хангамжийн хэлтэст ирж гэрээг байгуулна уу гэж мэдэгдсэн байхад хариуцагч Сангийн яам үйл ажиллагааг түдгэлзүүлж, улмаар тендерийн хугацаа дууссан шалтгаанаар тендерийг хүчингүй болгож, дахин зарлахыг мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тендерийн хугацаа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дуусах тохиолдолд захиалагч гэрээ байгуулах мэдэгдлийг 6 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлж байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Харин захиалагч Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу М ХХК-тай гэрээ байгуулсан тохиолдолд бусад тендерт оролцогч нар гомдолд дурдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Иймд СЯ ны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Д.ОЮУМАА

ШҮҮГЧ           Д.ХАЛИУНА

ШҮҮГЧ            Д.ЧАНЦАЛНЯМ