| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 123/2022/0045/З |
| Дугаар | 221/МА2023/0127 |
| Огноо | 2023-03-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0127
Л.Н, А.А, Д.С
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нар,
Нэхэмжлэгч: Л.Н, А.А, Д.С нар,
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Н.Х,
О.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан тоотын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг тус тус даалгуулах”,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Л.Нгийн өмгөөлөгч Б.С-Э, нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, гуравдагч этгээд Н.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 123/2022/0045/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Н, А.А, Д.С нар нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан тоотын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг тус тус даалгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар 35.3.2, 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.2.3, 38.3.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н, А.А, Д.С нарын “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан тоотын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг даалгах, иргэн Д.Ст Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Нэхэмжлэгч нар нь иргэн Н.Х болон О.Д нараас хууль ёсны эзэмшлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040998 дугаартай 5000 м.кв газраас 1400 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн авахаар 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулахад үед эрхийн зөрчил, эд хөрөнгийн доголдол зэргийг маш сайн шалгаж, хуулийн шаардлага хангаж байх тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж худалдаж авсан ба газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад хүсэлт гаргасан. Харин Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь хуулийн хугацаанд дээрх хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй бөгөөд хожим гаргасан тайлбартаа “... Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-аас илүүгүй байна”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй” байна. Иймд дээрх иргэдийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Газар шилжүүлэн авахад хуулийн шаардлага хангаж байгааг шалгаж, газар эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт, материалыг бүрдүүлэн өгсөн байтал Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь энэхүү шаардлагын хүрээнээс хальж, газар шилжүүлэхэд холбогдолгүй хуулийн шаардлагыг тулган газар шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан. Энэхүү татгалзсан шийдвэр нь хууль бус гэж үзэж улмаар хүсэлтээ хангуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан.
3.2. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн татгалзсан шийдвэрээс хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн. Тодруулбал, шийдвэрийн Үндэслэх хэсэг, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар гээд 1-д “... Н.Х, О.Д нар нь ... газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.2.3-т тус тус зааснаар 2016-2022 онуудад төлөөгүй бөгөөд Төв аймгийн Аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ҮАГ-НАГ/2019/01-НА09211 дугаартай албан шаардлагад зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх хуульд заасан 0,07 га газраас илүү эзэмшиж буй газрын анхны дуудлага худалдааны анхны үнэ болох 1,720,000 төгрөгийг тус тус төлөөгүй, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй нь ... тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга тушаал гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нөхөн бүрдүүлэлт хийх шаардлага тавьсан. Тиймээс тус газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/08 дугаартай тушаалын дагуу газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтийн ажил хийгдсэн бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон 6-д зааснаар газрын төлбөрийн хэмжээг эрх бүхий байгууллагаас баталсны дараа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” гэж зааснаар газрын албанаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлөх ёстой. Газрын албанаас харин энэхүү төлбөрийн хэмжээг тогтоох , нэхэмжлэн төлүүлэх зэрэг ажиллагааг хийгээгүй бөгөөд иргэнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг заагаагүй. Түүнчлэн Төв аймгийн Аудитын газраас ирүүлсэн шаардлагын дагуу төлбөр төлөх ёстой гэх дүгнэлт буруу. Учир нь, уг албан шаардлага нь Төв аймгийн Газрын албанд хүргүүлсэн захиргааны байгууллага хооронд харилцсан албан тоот учир түүнд заасан төлбөрийг иргэн төлөх үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй. Хэрэв уг албан шаардлагын дагуу төлбөр төлөх ёстой байсан бол Газрын алба уг ажлыг зохион байгуулах ёстой бөгөөд төлбөр төлөх иргэн нэг бүрт хаяглаж нэхэмжлэх нь зүйтэй. Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг газрын албан өөрийн чиг үүрэгт хамааруулан газар эзэмших эрх шилжүүлсэн эсэхээс үл хамааран нөхөн гүйцээх боломжтой.
3.3. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “... хуульд зааснаас илүү газар эзэмшсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүй гарах 2 жил зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гэх тайлбарт шүүх дүгнэлт хийх үндэслэлгүйг дурдаж байна” гэжээ. Шүүх маргааны зүйлийг тогтоож улмаар уг хүрээнээс халих ёсгүй. Гэтэл хариуцагчийн бичгээр гаргасан татгалзлыг огт дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг зөрчиж байх бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Харин хариуцагч анхнаасаа татгалзсан хариу өгөхдөө төлбөртэй холбогдох асуудал хөндсөн бол заасан хугацаа, хэмжээгээр төлөхөд ямар нэг асуудал байгаагүй ба шүүхэд ч нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага хүсэлт, түүнд хавсаргасан баримт нэг бүрийг нягтлаад бичгээр хариу өгөхдөө татгалзсан бүх үндэслэл, нөхцөлөө бичих ёстой ба ийнхүү татгалзсантай хариуг бид хүлээж аваад зөвшөөрөх боломжгүй гэж үзээд зардал, цаг хугацаа гаргаж маргаан үүссэн ба уг татгалзал нь буруу, үндэслэлгүй болохыг шүүх тогтоох үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.
3.4. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч А.А давж заалдах гомдол гаргаагүй болохоо шүүхэд амаар мэдэгдсэн, Л.Нгаас “... өмгөөлөгч гомдлыг бичээд би уншиж танилцан гарын үсэг зурсан, харин өмгөөлөгчийн туслах нь буруу ойлгон А.Агийн өмнөөс зурсан гэнэ. Энэ тухай мэдсэнээ тайлбар үлдээх нь зөв” гэсэн тайлбарыг гаргасан, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сөөс “... тухайн үед гомдол гаргахдаа өөрөө ирж гарын үсэг зураагүй, гомдол гаргах хугацаа болсон байсан тул өмнөөс нь гарын үсэг зурсан” гэж тайлбарласан тул А.Агийн гомдлыг хэлэлцээгүй болно.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.
3. Шүүх нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Л.Н, А.А, Д.С нар нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан тоотын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг тус тус даалгуулах”-аар маргасан байна.
3.2. Нэхэмжлэгч А.А давж заалдах гомдол гаргаагүй болохоо шүүхэд амаар болон захидлаар /мсж/ мэдэгдсэн, Л.Нгаас “... өмгөөлөгч гомдлыг бичээд би уншиж танилцан гарын үсэг зурсан, харин өмгөөлөгчийн туслах нь буруу ойлгон А.Агийн өмнөөс зурсан гэнэ. Энэ тухай мэдсэнээ тайлбар үлдээх нь зөв” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сөөс “... тухайн үед гомдол гаргахдаа өөрөө ирж гарын үсэг зураагүй, гомдол гаргах хугацаа болсон байсан тул өмнөөс нь гарын үсэг зурсан” гэж тайлбарласан. Иймд түүнийг давж заалдах гомдол гаргаагүй гэж үзэж нэхэмжлэгч Л.Н, Д.С нарын гомдлоор хэргийг хэлэлцсэн тул А.Ад холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
3.3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Х, О.Д нарт Эрдэнэ 3 дугаар баг “Өргөн булаг” гэх газарт байрлалтай тус бүр 5000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, О.Дгийн 4116040997 нэгж талбарын дугаартай 5000 м.кв газраас 2200 м.кв газрыг Л.Нд шилжүүлэхээр 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, Н.Хос олгосон итгэмжлэлийн дагуу Л.Н нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Н.Х-ын эзэмшлийн 5000 м.кв газраас 1400 м.кв газрыг Д.Ст шилжүүлэх гэрээг Д.Стай байгуулсан, Д.С өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт, Н.Х газар эзэмших эрхийн гэрчилгээг А.А, Д.С нарын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг тус тус Баянчандмань сумын Засаг даргад гаргасан, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.
3.4. Улмаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан бичгээр “... сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/446 дугаар захирамжуудаар иргэн О.Д, Н.Д, Н.Х нарт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өргөн булагт байршилтай 5000 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн, дээрх иргэд нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, ... дээрх иргэдийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгч Л.Нд өгснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргаж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар О.Д, Н.Х нарын эзэмшлийн газраас тодорхой хэмжээний газрыг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй маргаж байна.
3.5. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байхаар заасан бөгөөд “гуравдагч этгээд Н.Х, О.Д нарт 5000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, мөн эдгээр иргэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр дээрх иргэдийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүйг шууд буруутгах боломжгүй байна.
3.6. Хариуцагч гуравдагч этгээд Н.Х, О.Д нарт газар эзэмшүүлсэн А/307 дугаар захирамжийг аливаа байдлаар хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй бөгөөд одоогийн байдлаар хүчин төгөлдөр байгаа, уг захирамжтай хэргийн оролцогч маргаагүй тул шүүх ийнхүү газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
3.7. Гэхдээ нэгэнт хариуцагч “газрыг анх эзэмшүүлэхдээ хууль бусаар эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” хэмээн тайлбарлаж байгааг үл харгалзан иргэн Д.Нд О.Дгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Х-ын Баянчандмань сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг тус тус даалгах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.8. Төв аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ҮАГ-НАГ/2019/01-НА-09/211 дугаартай албан шаардлагад “... иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх 0,07 га газрыг хэтрүүлж, 235 иргэнд эзэмшүүлсэн 394.1 сая төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ бүхий 105.9 га газрын 0,07 га-гаас илүү олгосон газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох...зориулалтын дагуу эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэний газрыг сумын 2020 оны төлөвлөгөөнд тусгуулж,газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх...№30. Н.Х-Газрын ДХА үнэ-1,720,000. №32.О.Д-Газрын ДХА үнэ-1,720,000” гэсэн, нэхэмжлэгчээс “... энэ төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хариуцах тул дахин маргаан гаргахгүйн үүднээс газрын дуудлага худалдааны төлбөрийн асуудлыг нэн түрүүнд нэг мөр болгож шийдвэрлэсний дараа тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэх нь хуульд нийцнэ.
3.9. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нараас газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргахдаа энэ шаардлагыг биелүүлж холбогдох баримтыг хавсаргасан болох нь баримтаар нотлогдохгүй байна. Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Х, О.Д нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч нар “... газар эзэмших эрхийн гэрчилгээг 2022 онд авч гэрээ байгуулсан, түүнээс хойш газар эзэмших эрх үүссэн, ... газрын даамал болон газар зохион байгуулагч нар газрын төлбөрийг төлүүлэх, тогтоох үүрэгтэй” гэж тайлбарлан маргаж байгаа нь ойлгомжгүй, гэвч газрын төлбөрийг хэзээнээс хэдэн төгрөг төлөх ёстой байсан, одоогийн байдлаар хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэх нь уг маргаанд шууд хамааралгүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.
3.10. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэргийг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх тул нэхэмжлэгч нар эдгээр шаардлагыг бүрэн хангасны дараа хүсэлтээ дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН