Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 131/2018/00600/И |
Дугаар | 001/ХТ2019/00380 |
Огноо | 2019-03-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2019/00380
Б.О-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00701 дугаар шийдвэртэй,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалтай,
Б.О-гийн нэхэмжлэлтэй
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХд холбогдох,
Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 5.508.624 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.О-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 2015 оны 5 сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор томилогдон ажилласан. 2017 оны 5 сарын 30-ны өдөр жирэмсэний амралтаа авч улмаар 2018 оны 9 сарын 01-ний өдөр ажилдаа орох гэтэл ИТХ-ын дарга Г.О- нь төрийн албаны шалгалтанд ороогүй гэх шалтгаанаар ажилд оруулаагүй. Уг ажилд орсноос хойш тухайн ажлын байрыг зарлуулахаар Төрийн албанд 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч зарлагдаагүй өнгөрсөн. Иймд 2017 оны 9 сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 сарын 30-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, ажилгүй хугацааны цалин болох 5.508.624 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.О-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.О- нь намайг ажилд орохоос өмнө жирэмсэний амралтаа авсан байсан, төрийн албаны шалгалтад ороогүй, түр томилгоотой ажиллаж байсан. Манай хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбат 2017 оны 10 сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд Б.Мөнхзулыг ажиллуулсан. Б.О- нь өрөөнд орж ирээд би ажилдаа ормоор байна. Өөр шигээ мал авчихсан байна гэх мэтээр доромжилсон. Хариуд нь би чамайг ажилдаа ор гэхэд чи өөрөө янз янзын шалтгаан хэлээд ороогүй, Б.Мөнхзул нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Б.О-г жирэмсэний амралттай байх хугацааны НДШ, ЭМД шимтгэлийг 2017 оны 12 дугаар сар дуустал төлж байсан гэжээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00701 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.О-г 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байлгасантай тэнцэх цалингийн нөхөх олговрын 5.000.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.О-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт төлөгдөөгүй байгаа хэмжээгээр нөхөн бичилт хийхийг тухайн холбогдох байгууллагын санхүүд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.088 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-аас 103.088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00701 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.О-г 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байлгасантай тэнцэх цалингийн нөхөх олговрын 5.000.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.О-г 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байлгасантай тэнцэх цалингийн нөхөх олговрын 5.000.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 508.624 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дугаар заалтын хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-аас 103.088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.. гэснийг хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-аас 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Г.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Б.О-гийн жирэмсэний амралттай байх хугацаа болон хүүхдээ төрүүлсэний дараах хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг 2017 оны 12 сарын 31-ыг дуусталх хугацаанд төлж, байсан бөгөөд энэ хугацаанд ажилтай байсан гэж үзэх үндэслэлтэй. 2018 оны 01 дүгээр сард сумын ХААН банкны теллерээр ажилд орсон учир ИТХ-аас ЭМД, НДШ-ийг төлөөгүй зогсоосон. Б.О- ажилд орохдоо тухай үеийн ИТХ-ын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т заасны дагуу сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаалтан байна гэж заасныг зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.О- хариуцагч Баянхонгор аймаг Баян-Овоо сумын ИТХд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа үлдэх хэсгийг шийдвэрлээгүй алдаа гаргасныг, давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгодог бөгөөд нэхэмжлэгч Б.О- ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан, халагдсан бол хэзээ халагдсан гэж үзэх үндэслэлүүд, түүнчлэн хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан эсэх нөхцөл хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Б.О- 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс Баянхонгор аймаг Баян-Овоо сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр жирэмсний амралт авч, мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ төрүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй байна.
Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгож, түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй ба Б.О-г шүүхэд нэхэмжлэл гаргаж хандахад тэрээр 1 настай хүүхэдтэй байсан нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч Б.О- ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардахдаа, “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлт гаргасныг ажил олгогч биелүүлээгүй, татгалзсан” гэсэн бол, хариуцагч нь “Б.О-г ажилдаа ор гэхэд орохгүй, өөр хүн ажиллахаар мөнгө нэхэж ирдэг” гэж өөр өөр тайлбар гарган мэтгэлцсэн байна.
Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан талаар бичгээр шийдвэр гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийг жирэмсний амралт авсны дараа түүний оронд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13 тоот тогтоолоор Г.Эрдэнэбатыг түр хугацаагаар, хожим 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19 тоот тогтоолоор Б.Мөнхзулыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс түр ажиллуулахаар тус тус томилсон, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот тогтоолоор Б.Мөнхзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Д.Эрдэнэбулганыг томилсон тухай баримтууд хэрэгт авагджээ.
Шүүх хэрэгт байгаа эдгээр баримтуудыг харьцуулан үзээгүй, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн түүнийг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас халагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.О- 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан нь гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэхийг дүгнээгүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй байна.
Ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэх ба ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдвол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрх үүснэ.
Хяналтын шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2018/00701 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ