Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 562

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Булгантамир, Б.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Г нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, Ч.Хүрэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Бд холбогдох 1708023680378 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэнд овогт С-н Б, 1989 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../,

С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 01-02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овооны 39 дүгээр гудамжны 70а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Гыг зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Цэнд овогт С-н Бат-Эрдэнийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийг 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийн урьдчилан хоригдсон 129 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зэс голчтой 3 хэсэг цахилгааны утас, цагаан өнгийн шаазан эдлэлийн хэлтэрхий хэсгүүд, 22см урттай шатаж харласан төмөр алх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оршуулах зардлыг сэтгэлийн дэм болгож төлсөн. Би хүний амь нас хохироогоогүй. Энэ хэргийг шалгаж эхлэхээс “чи хохирогч Ганбаатартай маргалдаж архины шил шидсэн, дахин цохиж зодсон байхыг үгүйсгэхгүй, чи согтуу байсан” гэх үзлээр хандаж ирсэн. Би хэргийн газраас энхэр Батцэцэгийг хайхаар гараад буцаж ирэхэд гэрт гал гарсан байсан. Хохирогчийг манай гэр рүү яах гэж, хэзээ орсон талаар мэдэхгүй байна. Үүнийг шалгаж тогтоосон байдал ойлгомжгүй байдаг. Хохирогчид учирсан шарх гэмтлийг юугаар, хэн учруулсан нь тогтоогдоогүй. Хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд мөрийн баримт болох алх, шаазан тавагны хагархай гэх мэт зэвсгийн чанартай ашиглах боломжтой зүйлсээс биологийн ул мөр илрээгүй байхад анхан шатны шүүхээс эд мөрийн баримт шинжлэн судлахдаа гэрч таниулах арга хэмжээ авсан нь энэхүү алхаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа гэж ойлгогдож байна. Хохирогчийн биед уг алхаар үүсгэгдсэн байж болох шарх, гэмтэл тодорхой тогтоогдсон зүйл байхгүй. Алханд хурууны хээ, цусны бохирдол илрээгүй байхад энэ алхыг ямар шалтгаанаар ингэж авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Задлан шинжилгээний эмчийн дүгнэлтээр хохирогч тухайн гэмтлүүдийг авсан даруйдаа нас барсан, хөдөлгөөн хийх боломжгүй гэж тодорхой заасан. Гэтэл химийн шинжилгээгээр хохирогчийн цуснаас угаарын хий илэрсэн байдаг. Энэ хоёр дүгнэлт өөр хоорондоо зөрчилтэй байдаг гэхээсээ илүү хэргийн дэс дараалал учир шалтгааныг тодорхойлж байна гэж үзэж байна. Учир нь амьд, амьсгалж байгаа хүний амьсгалаар дамжин цусанд угаарын хий нэвчсэн гэж ойлгож байна. Үүнээс үзэхэд гал түймрийн улмаас байшингийн нуруу, дээврийн аль нэг хэсэг нурж унахдаа хохирогчид гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй. Иймд гал түймэр гарсан цаг, минут, хохирогчийн гэмтэл авсан цаг минут хоёрыг нарийвчлан шалгуулж, юуны улмаас гэмтэл бэртэл авсан байж болох тухай бүрэлдэхүүнтэй шинжээч томилж шалгуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг баримталж явагдсан гэж үзэж байгаа. Шинжээчийн хууль бус дүгнэлт, эргэлзээ бүхий тайлбарыг хуулийн хүрээнд үнэн гэж үзэж , хэргийн үнэн бодит байдлыг тал бүрээс нь шалгалгүй бусдыг санаатай алсан гэж шүүгдэгч С.Б рүү чиглүүлж явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим шүүхийн хэлэлцүүлгийн явцад зөрчигдсөн. Улсын яллагчын яллах дүгнэлттэй холбоотойгоор өмгөөлөгчид тайлбар хийх боломж олгоогүй. Хохирогчийн цусанд нүүрс төрөгчийн исэл илэрсэнтэй холбоотойгоор тухайн дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар зорилгоор эд мөрийн баримтаар хураасан нь тодорхойгүй алхыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхийн зүгээс үзүүлээд  уг алх хохирогчийн алх биш байвал байдал өөр тийшээ эргэнэ шүү гэсэн утгатай тайлбар хийсэн нь шүүх хуралдаан даргалагч мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн, эрх тэгш мэтгэлцээн явуулах боломжийг хаасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах гомдол гаргах болсон нэг шалтгаан нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг, шинжээч эмч Ганболдын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэж гаргасан байдаг. Гэрч Батбаярын мэдүүлгийн хувьд өмгөөлөгчийн зүгээс үзэхдээ хохирогч Ганбаатарын амь нас хохирхоос өмнөх үеийн үйл явдлыг гэрчилж ярьдаг болохоос биш тухайн үед хохирогчид учирсан гэмтлийг яаж, ямар багаж зэвсэгээр үнэхээр шүүгдэгч С.Б үйлдсэн эсэх талаар нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх санаатайгаар хүн алсан гэмт хэргийн хохирол болгож тооцсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэд мохоо, хатуу зүйлийн төрөлд ямар зүйл багтах, ямар зүйл ашиглаж хохирогч Ганбаатарыг цохисон, амь насанд аюултай гэмтлийг шүүгдэгч С.Б яаж учруулсан, согтолтын зэрэг ямар байсан талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогддоггүй бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн дүгнэлт нь хохирогч Ганбаатарын үхлийн шалтгааныг нотолж байгаагаас бус шүүгдэгч С.Б бусдыг алсан гэх нотлох баримт болох үндэслэлгүй байна гэж байна. Энэ хэрэгт шинжээч нар бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргасан атлаа хохирогч Ганбаатарын биед учирсан олон тооны гэмтэлд нэг бүрчлэн гэмтлийн зэрэг тогтоогоогүй байдаг. Ийм байхад шинжээч эмч Ганболдын бие даан өгсөн мэдүүлгээр гэмтлийн зэргүүдийг тогтоон, хөнгөн хүндээр нь ялгаж тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Гурван бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлтээ гаргасан байхад нэгнийх нь мэдүүлгээр гэмтлийн зэргийг тодруулсан нь хууль бус гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгийг шүүхээс гэм бурууг тооцохдоо нотлох баримт болгосон байдаг. Хэргийн газрын үзлэгт хэрэг гарсан байшингийн дээвэр, таазны хэсэг ямар байдалтай байсан, дээрээс нь нурсан эсэх хохирогчийн орчин тойронд ямар байсан талаар огт тусгагдаагүй байдаг. Энэ нь уг хэргийг тал бүрээс нь нягталж шалгасан эсэхэд эргэлзээ төрүүлдэг төдийгүй хэрэгт ач холбогдол болохуйц шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлхүйц нөхцөл байдалд дүгнэлт хийх нөхцөл байдлыг хязгаарласан гэж үзэж байна. Мөн мөрдөгч, прокурор, шүүхээс зөвхөн шүүгдэгч С.Бат-Эрдэнийг буруутгах талыг барьж ажилласнаас түүний гар, хумснаас дээж аваагүй. Цуснаас дээж авч хэдэн хувийн согтолттой, хувийн угаарталтай байсан эсэх талаар химийн шинжээч нараар тогтоолгоогүй байдаг. Хэрвээ химийн шинжээч нар дээж авсан байсан бол шүүгдэгч С.Б, хохирогч хоёр хамт байсан эсэхийг нотлох боломжтой байсан гэж үзэж байна. Олон тооны гэмтэл үүссэн түүний улмаас хохирогч С.Бат-Эрдэнийн цус үсэрхийлэн, наалдах боломжтой байсан бөгөөд тухайн үед шүүгдэгч С.Бат-Эрдэнийн өмсөж байсан хувцаснаас хохирогчийн цус огт илрээгүй нь бусдын амь насыг хохироосон гэх түүний гэм бурууг цагаатгах нэг үндэслэл болж байхад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хохирогчийн цусанд 34 хувийн нүүрс хүчлийн дутуу исэл илэрсэн. Хохирогч байшин шатаж байх үед амьд байсан байжээ гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь амьсгалж байсан учраас шатаж байгаа байшингийн угаарын хий цусанд орж холилдож, нүүрс хүчлийн хий 34 хувийн түвшинд хүрсэн байна гэж үзэж байгаа. Гэтэл химийн шинжээч  эмчийн тайлбар мэдүүлэг авалгүйгээр зөвхөн хүний их эмчийн мэргэжилтэй, үхлийн шалтгаан, гэмтлийн зэргийг тогтоох чиглэлээр мэргэшсэн шинжээч эмч Ганболдын мэдүүлгийг гол нотлох баримт болгож нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн бусдыг алсан гэмт хэрэг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэгдэх боломжтой байсныг орхигдуулсан. Шинжээч эмч Ганболдын дүгнэлт туйлын эргэлзээтэй, хууль зөрчсөн байхад үүнийг шүүх гол нотлох баримт болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Шүүхийн гэм буруугийн дүгнэлтэд дурдагдсан гэрч, шинжээч нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.Б хохирогч Ганбаатарын биед үхэлд хүргэх гэмтлийг яаж учруулсан, мөн түүний биед олон тооны гэмтлүүдийг хэрхэн яаж учруулсныг огт хараагүй. Хохирогч яаж амиа алдсан талаар цаг үеийн нөхцөл байдлыг нотолж ярьж чаддаггүй бөгөөд эдгээр нотлох баримтыг үндэслэн шүүх бусдыг онц харгис, хэрцгий аргаар хүн алсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Б тухайн үед бий болсон зүйлийг санадаггүй. Шүүгдэгч С.Б хохирогчийг алахын өмнө түүнд өвдөлт зовиур, шаналал бий болгох тамлаж алах зорилгоор дээрх олон тооны гэмтэл,шархыг санаатайгаар үүсгэсэн гэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй байхад шүүх буруу зүйлчилж шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолд ямар ямар зүйлсийг гэм бутуутайд тооцох талаар тодорхой заасан. Гэтэл шүүх эдгээр зүйлсийг орхигдуулсан байдаг. Гэм буруугийн хэлбэрийг тогтоох нь гэмт хэргийн ангилалын нэг гол шалгуур болохын зэрэгцээ ял оногдуулах, хорих ял эдлүүлэх, дэглэмийн төрөл тодорхойлох, гэмт хэргийн зүйлчлэл шийдвэрлэх гол нөлөө үзүүлдэг билээ. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг шүүх тусгаагүй хирнээ шүүгдэгч С.Б нь онц харгис, хэрцгий аргаар бусдыг алсан гэм буруутай гэсэн хуулийн зүйлчлэлээр 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэснийг өмгөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч байна. Гэм бутууртайд тооцсон шүүхийн нотлох баримтыг няцаасан өмгөөлөгч нарын санал, шүүгдэгчийн гэм бурууг цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай санал хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй байгаа, мөн иргэдийн төлөөлөгчдийн санал хууль зүйн ямар үндэслэлгүй байгаа талаар тодорхой тайлбарлаж няцаалт өгөөгүй төдийгүй энэ талаар шүүх гэм буруугийн дүгнэлтэдээ огт тусгаагүй нь дээрх хуулийн заалтыг мөн зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шүүх тодруулах нь бүү хэл хэт яллах талыг баримталсан шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар заалтыг зөрчсөн нь тогтоогдож байх ба энэ нь шүүх шийдвэр гаргахдаа уг хуулийг ноцтой зөрчжээ гэж үзэх үндэслэл болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шалгагдвал зохих нотлох баримтыг бүрэн шалгаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Тухайн хэрэг учралын газар бий болсон хэргийг хоёр гэрч байсан. Гэрч Батбаяр нь гурван удаа мэдүүлэг өгдөг. Амь хохирогчийг тухайн гэрт хэзээ орсон, хэзээ гарсан талаарх мэдүүлгийг гурван өөр байдлаар өгдөг. Намайг гарахаас өмнө буюу таван минутын дараа амь хохирогч гэрт буцаж орсон гэх мэдүүлэг өгдөг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлгийн зөрүүг арилгуулах зорилгоор асуухад энэ хүн маань мэдүүлэг өгөх чадвар байхгүй, баруун зүүн гараа мэддэггүй. Хэрэг гарсан цаг хугацааг маш тодорхой хэлдэг. Мэдүүлгийн зөрүүг нүүрэлдүүлэн байцаагаад асуухад яг 00 цагаас 20 минутын өмнө гэж хариулдаг. Гэтэл шүүх бүрэлдэхүүн, өмгөөлөгчийн зүгээс асуухаар аль зүгээс гэдгээ хариулж чаддаггүй. Цагийн зөрүүний мэдүүлгийг яаж өгч байгаа, хэрхэн няцааж байгаа, ямар нотлох баримтаар няцааж байгаагаа шүүхийн зүгээс тайлбарладаггүй. Биологийн болон хувцасны шинжилгээгээр тухайн гэрт байсан эд материал болон хулдаас зэрэгт шинжилгээ хийсэн. Долоон удаагийн шинжилгээгээр ямар ч биологийн үлдэц илэрдэггүй. Хэргийн бодит байдалд яагаад өмгөөлөгчийн зүгээс, шүүгдэгчийн зүгээс итгэхгүй байна вэ гэвэл байгаа гэрч нь мэдүүлэг өгөх чадваргүй, зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Нүүрийг нь байхгүй болтол балбачихсан байдаг. Энэ тохиолдолд биологийн үлдэц үлдэх үү гэж шинжээчээс асуухад боломжтой гэж хариулдаг. Эдгээр нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүх хэргийг үгүйсгэж байгаа бол яаж үгүйсгэж байгаагаа нотлох баримтаар дүгнээгүй. Ийм учраас хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ганболд шинжээч эмчээс дагзны арын цөмрөлийн гэмтлийг авснаар тухайн хүн өвдөж, тарчлах боломж байгаа юу гэж асуухад шууд үхэлд хүргэнэ гэсэн хариулт өгсөн. Тухайн хохирогч руу чиглэсэн зорилго нь тарчлаах, тамлах зүйл байгаагүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж байгаа юм. Тийм учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан  шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан эсэх талаар эргэлзээтэй байна. Шинжээч эмчийн дүгнэлтүүд харилцан адилгүй байна. Онц харгис, хэрцгий аргаар хүнийг алсан гэж шүүх ерөнхий агуулгаар нь гэмтлийн зэрэгтэй нь холбож дүгнэсэн юм шиг байгаа юм. Онц харгис, хэрцгий аргаар гэм буруутайд тооцохдоо яаж дүгнэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Батбаяр, Батцэцэг нарын мэдүүлснээр архины шилээр нэг удаа толгойн тус газар нь цохисон, 2-3 удаа алгадсан гэх зэрэг энийгээ шүүх онц харгис, хэрцгий гэж дүгнээд байгаа юм уу эсхүл шатахаас өмнө ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болсон, талийгаачийн гавлын суурь яс хугарсан түүнээс болж амьсгалаар цус сорогдон бүтэж нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Байшин шатахаас өмнөх зодооны асуудал байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд гэмт хэргийг хэн үйлдсэн, шалтгаан нөхцөл зэргийг яаж тодруулсан нь ойлгомжгүй болохоор хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хууль зүйн дүгнэлт хийлгэж  өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Б нь миний аавд нэг бус удаа гар хүрч байсан. Хэрэг гарсны маргааш нь би байшин дээр очсон. Өмгөөлөгчдийн хэлж байгаа байшингийн дээвэр нурсан асуудал байгаагүй. Маш их гомдолтой байна. Оногдуулсан ялыг нь нэмэгдүүлж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Хэт нэг талыг барьж хэргийг шалгасан. Тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийн хамрах хүрээ нь тодорхой. Хэрэг гарах үед дөрвөн хүн байсан. Нэг нь нас барсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 01.00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39 дүгээр гудамжны 70а тоот өөрийн гэртээ иргэн Г.Гыг зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...аав “Баагий дээр очиж автомашиныг нь янзалж өгнө” гээд хувцас хунар, багаж хэрэгслээ янзалж байсан. ...Манай дүү Батмөнх залгаад “цагдаагаас хүмүүс ярьж байна. Яасан нь мэдэгдэхгүй байна, нэг юм болсон юм шиг байна” гэхээр нь би дүүтэйгээ цагдаа дээр ирэхэд ийм асуудал болсон байна. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-34, 222-223 дугаар хуудас/,

гэрч Ш.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Архи ууж байхад С.Б Ганбаа гэдэг хүн рүү “Чи миний автомашиныг олигтой янзалж өгөхгүй байна” гээд агсраад орон дээр дарж унагаад боогоод байхаар нь би салгатал... Гал тогооны өрөөнд орж Ганбааг С.Б хоёр удаа алгадахаар нь би салгаад том өрөөнд оруулж орон дээр суулгасан. С.Б босч ирээд Ганбааг орон дээр дарж унагаад гараараа багалзуурдаж боохоор нь би салгаж босгосон. С.Б том өрөөний зүүн хойд талд байсан шүүгээнээс шаазан таваг аваад Ганбаа руу шидсэн чинь Ганбаагийн толгойн баруун хэсэгт оноод таваг нь том өрөөний хаалгаар шидэгдэж коридорын ханан дээр очиж хагарсан. Би Ганбааг салгаад С.Бат-Эрдэнийнхээс гаргаж өгсөн. ...анх мэдүүлэг өгөхдөө “С.Б Ганбаатар ахын толгойг архины шилээр цохисон, цохисон архины шил нь хагарсан” гэдгийг С.Бат-Эрдэнийн эхнэр Батцэцэг цагдаад мэдүүлэг өгөхөөс өмнө Гэмтлийн эмнэлэг дээр “Битгий хэлээрэй” гэж хэлээд гуйгаад байхаар нь би хэлээгүй. Яг үнэндээ бол С.Б Ганбаатар гэж хүнийг 2-3 удаа алгадаад сууж байсан орон дээр нь дарж унагааж багалзуурыг нь шахаад байхаар нь салгасан. Тэгтэл ууж байсан тал архитай шилийг аваад Ганбаатар ахын толгойг цохисон, архины шил хагарсан. ...С.Бат-Эрдэнийн гэрээс гарч яваад баруун урд өнцөгт таарсан. Энэ үед шөнийн 00 цаг дөнгөж өнгөрч байсан. Намайг тэдний гэрээс гараад дөнгөж уруудаж байх үед таарсан ба дээшээ өгсөөд С.Бат-Эрдэнийн гэрийг чиглээд явж байсан. Салгаад явуулж байхад буцаж очиж яах гэж байгаа юм бол гэж бодоод “та хаачих гэж байгаа юм бэ” гэхэд “ах нь дэлгүүр орчихоод С.Бат-Эрдэнийнх рүү ороод унтчихна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 48-50, 52-53, 2 дугаар хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/,

гэрч П.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...С.Б Ганбаа ах руу ууж байсан архиныхаа шилийг авч шидсэн чинь Ганбаа ахын толгойг оноод шил хагарсан. Батбаяр ах “боль” гэсэн чинь С.Б болилгүй том өрөөнд мөлхөө тавилганы хажуугийн шүүгээн дээр өрж тавьсан тавагнаас нэгийг аваад шидсэн чинь таваг нь хана руу очоод хагарч унасан. С.Бат-Эрдэнийг Ганбаатар гэж хүнийг архины шилээр цохисон асуудлыг янз бүрийн юм битгий хэлээрэй гэж Батбаяр ахад хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43, 223-224, 2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/,

шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нийт хамгийн багадаа 8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цогцост шинжилгээ хийхэд 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй нүүрсжсэн байдалтай байсан учир цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг үзэх боломжгүй байсан. Гавал суурь яс хугарснаас амьсгалаар цус сорогдож амьсгал бүтэх тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж авч амьд үлдэх боломжгүй. Хохирогчид учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Гал гарахын өмнө нас барсан байна. Амьд байх үедээ утаа угаараар амьсгалаагүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10-11, 92-93/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост орой, суурь ясны олон хэлтэрхий үүсгэсэн хугарал зүүн зулайн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэн, дагзны баруун хэсгийн тархины эдийн няцрал, ховдлуудын цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүлийн цус харвалт, баруун ухархайн дээд, доод, гадна, дотор ханын хугарал, баруун хоншоор ясны хугарал, баруун хацар ясны нумын хугарал, баруун зовхи, дух, хацар, хамрын зөөлөн эдийн цус хуралт, доод үүдэн 4 шүд, зүүн доод соёо шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстын шарх, баруун хацрын шонтон, баруун хөмсөгний гадна үзүүрийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих доргих үйлчлэлээр амьд үед үүсгэгджээ. Талийгаач нь гавлын суурь яс хугарснаас амьсгалаар цус сорогдон амьсгал бүтэж нас баржээ.” гэх 2224 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 74-77 дугаар хуудас/,

Галын дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-18, 19-25 дугаар хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр С.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан “гэм буруугийн талаар маргасан, хэргийг дахин шалгуулах хүссэн” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гаргасан “шүүгдэгч С.Бд хорих ялын дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав” гэж үндэслэлгүй, зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа зөв боловч шүүгдэгч С.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогчид учруулсан гэмтэл, нас барахад хүргэсэн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй..

Иймд шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, Ч.Хүрэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, Ч.Хүрэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                       Ц. ОЧ