Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0166

 

 

 

                                        “Т Ц” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч С.Г,

Гомдол гаргагч: “Т Ц ” ХХК,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г,

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ю.Ш, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нар,                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0874/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Т Ц” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Гт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасныг баримтлан “Т Ц” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1.   Анхан шатны шүүх “... Уг маргааны тохиолдолд “Т Ц” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн МБМ20225/28 дугаартай “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу дотоодын цемент үйлдвэрлэгч “Монцемент билдинг материалс” ХХК-ийн цементийг жижиглэнгээр худалдан борлуулдаг аж ахуйн нэгж бөгөөд зүй ёсны монополь байдалтай эсхүл давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш. Зах зээлд худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах үйл явц нь уг зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээс хамаарах зарчимтай. Иймд жижиглэнгээр цемент худалдан борлуулдаг гомдол гаргагч компани нь өөрсдийн зардал, ашгаа тооцоолон үнэ тогтоож, цемент худалдан борлуулсныг хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчилд хамааруулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

3.2. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М Б М” ХХК, “М Ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 6 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу “УБТЗ” ХХН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Дээрх онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тонн тутамд 330,000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400,000-480,000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Мөн “Т Ц” ХХК нь “УБТЗ” ХХН-ийн АБТЭМА-44-т цементийн хомстол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлах замаар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй. Уг зөрчлийн хэрэгт дээрх хугацаанд цемент хүлээн авсан нийт 15 аж ахуй эрхлэгчийг холбогдуулан шалгасан бөгөөд торгууль оногдуулаагүй 9 аж ахуй эрхлэгч нь цементийн үнийг өмнөх үнээс огцом нэмэгдүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нөгөөтээгүүр цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчлийг “өөрсдийн зардал, ашгаа тооцоолон үнэ тогтоож, цемент худалдан борлуулсныг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил гэж үзэхгүй” гэх агуулгаар дүгнэж, уг зөрчлийг илт үгүйсгэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэхээр байна.

3.3. Анхан шатны шүүх “ ... хариуцагчийн дээрх шийтгэлийн хуудсаар зөрчил гэж тогтоосон ажиллагаагаар гомдол гаргагч хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны ямар арга хэрэглэсэн, түүний үр дүнд хууль бус хэдий хэмжээний орлого олсон, учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг тогтоогоогүй, зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал болон холбогдогчийн мэдүүлгээр үнээ нэмж худалдан борлуулсан нь нотлогдсон гэх тайлбарыг өгч байгаа нь хуульд нийцээгүй, зөрчлийг хуульд зааснаар шалгаж тогтоосон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэжээ. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан боловч хууль бусаар олсон хөрөнгө орлого, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоогоогүй нь тухайн компанийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх шууд үндэслэл болохгүй.

3.4. Мөн зөрчлийн хэрэгт авагдсан тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цийн Хаан банкны ***, Ю.Шгийн Хаан банкны ** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр цементийг 1 тонн тутамд 400,000-480,000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь тогтоогддог бөгөөд анхан шатны шүүхээс “Т Ц” ХХК нь үнийг ийнхүү нэмэгдүүлэх бодит үндэслэл байсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь мөн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэх нэг үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхээс “Т Ц” ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагч гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргасан байна. Үүнд:

4.1. “...Давж заалдах гомдлын 1 дэх хэсгийн тухайд 44 барилгын зах дээр 13 саравчийг 22 аж ахуй нэгж түрээсэлдэг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Цементийн үнэд хийсэн хяналт шалгалтын танилцуулгад 44, Цайз, Гурвалжин, 100 айл зэрэг Улаанбаатар хот доторх барилгын материалын бүх захуудад 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 26-ны өдрүүдэд үнийн өсөлт явагдаж, 1 тонн цементийн үнэ 500,000 төгрөгт хүрч, цементийн хомсдол үүссэн талаар мэдээллийг тусгасан байдаг. Энэхүү үнийн хөөргө            дөл нь уутны хомсдолоос үүдэн үйлдвэрээс цемент гарахгүй удсан, төмөр замын эргэлт удааширснаас үүдэн цементийн хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Энэ байдлыг ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олж тогтоосон байдаг төдийгүй хэрэгт авагдсан “М Б М” ХХК, “М” ХХК болон “У” ХХН-ийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан тоотуудаас тодорхой харагддаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 44 захад үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуй нэгжийг бүгдийг нь шалгасан хирнээ 6 аж ахуйн нэгж л тухайн үед, шалгалт хийсэн хугацаанд улс орон даяар цементийн үнэ хөөрөгдсөн мэт болгож торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй, шударга бус шийдвэр.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсанчлан “Зах зээлд худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах үйл явц нь уг зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээс хамаарах зарчимтай. Иймд жижиглэнгээр цемент худалдан борлуулдаг гомдол гаргагч компани нь өөрсдийн зардал ашгаа тооцоолон үнэ тогтоож, цемент худалдан борлуулсныг хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зорчилд хамааруулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд Өрсөлдөөний тухай хуульд зааснаар үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд дараах байдлаар хяналт тавих зохицуулалттай. Үүнд “Зүй ёсны монополь болон Давамгай байдалтай аж ахуй нэгж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж буй эсэх, аж ахуй эрхлэгчид хоорондоо картель байгуулах зэрэг асуудалд хяналт тавих чиг үүрэгтэй” байна. (Өрсөлдөөний тухай хуулийн 6, 7, 11 дугаар зүйл) Тэгвэл зах зээл дээрх үнэ тогтоох процесст хэрхэн оролцох талаар Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийг тусгасан байх бөгөөд 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт “Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэхүү хуульд заасан чиг үүргээ зөрчиж шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус.

4.3. Хариуцагч байгууллага анхан шатны шүүх хурал дээр ч “танай компани бол гэрээт компани, та нараас цемент авсан хүмүүс цааш нь бусад захад худалдан борлуулдаг, бусад хүмүүс шууд “М Ц”, “М Б М” ХХК-иас цемент авах боломж байдаггүй” гэх мэтээр буруу ойлгож, тайлбарлаж байсан. Бидний хувьд бусад зах худалдааны төвийн цементийн нийлүүлэлтийг хангах боломжгүй, “М” ХХК болон “М Б М” ХХК-иас “Худалдах худалдан авах гэрээ” байгуулан цемент худалдан авдаг ч гэрээт борлуулагч нь биш, шүүхийг төөрөгдүүлэх гэж байгаа мэтээр ингэж ярьж бичиж байгаад нь харамсалтай байна. “М Б М” ХХК, “М” ХХК-ийн тухайд борлуулалтын цэгүүд Улаанбаатар хотын хэд хэдэн цэгт бий бөгөөд хэрэглэгчид очиж жижиглэнгээр авах эрх нь нээлттэй.

4.4. “Т Ц” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын орлого зардлын задаргааг анхан шатны шүүхээс шүүхэд баримтаар хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсанчлан “хариуцагчийн дээрх шийтгэлийн хуудсаар зорчил гэж тогтоосон ажиллагаагаар гомдол гаргагч хэрэглэгчийг хууль бусаар хохироох ямар худалдааны арга хэрэглэсэн, түүний үр дүнд хууль бус хэдий хэмжээний орлого олсон учруулсан хохирол болон хохирол учирсан нөхөн төлбөрийг тогтоогоогүй, зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал болон түүний гэр бүлийн гишүүний дансны хуулгад хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдогчийн мэдүүлгээр үнээ нэмж худалдан борлуулсан нь нотлогдсон гэх тайлбарыг өгч байгаа нь хуульд нийцээгүй, зөрчлийг хуульд зааснаар шалгаж тогтоосон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн шийтгэл оногдуулахдаа үндэслэсэн Зөрчлийн тухай хуулийн 10.7.4.7 дахь хэсэгт зааснаар “... хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан. Гэтэл цемент худалдан борлуулаад олсон хууль бус орлогыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хураах, хэрэглэгчид учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах санкцтай байна. Гэтэл биднийг зөвхөн хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэлбэрийн төдий явагдсаныг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ үүргээ биелүүлээгүйг нотлон харуулж байна.

4.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заажээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын 3.1-д “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрээс гадна ... тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан тохиолдолд шүүхийн тамга дарна”, 3.4-т “Баримт бичигт тамга, тэмдгийг албан тушаалтны гарын үсэг зурсан хэсгийг оролцуулж бүтэн, тэгш, тод дарна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3.1.4-т “Байгууллага нь баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр, найруулга зүй, зөв бичих дүрмийн дагуу зохион бүрдүүлж, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулан, он, сар, өдөр, дугаар олгон бүртгэж, албан ёсны хүчин төгөлдөр байдлыг хангана”, 3.2.7-д “Захирамжлалын баримт бичгийн хавсралтын хуудас бүрийг дугаарлаж, тамгаар баталгаажуулсан байх” гэж тус тус заажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрт даргалагч шүүгч гарын үсэг зурсан боловч шүүхийн тамга дараагүй байгааг давж заалдах шатны шүүх хүлээн авч хянахад тухайн шийдвэрийг хуулийн дагуу албажсан гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос “... уг шийдвэрийг баталгаажуулж, албажуулсан /тамга дарсан/ хэлбэрээр гардаж авсан” гэж тайлбарлах боловч нэгэнт хэрэгт хавсаргаж, давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн шийдвэрийг албажуулаагүй байх тул дээр дурдсан хууль журмын дагуу  ийнхүү шийдвэрлэснийг тэмдэглэх  нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН                              

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН