Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00393

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02160 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2186 дугаар магадлалтай,

Б.Э-ын нэхэмжлэлтэй

С.А-, Б.Н- нарт холбогдох, 

Хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах үндсэн  нэхэмжлэл, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 17.900.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.Н-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Х, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие өөрийн найз Б.Н-д “ээж бид хоёрт маллах мал хэрэгтэй байна гэхээр нь өөрийн өмч, хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Нарийний фермер, 8 дугаар гудамж, 13 тоот хашаа, түүнд байрлах 7x8 хэмжээтэй байшин, 0.07 га газар, үхрийн байр, 14 толгой үхрийг 2017 оны 4 сард түр хугацаагаар хүлээлгэн өгсөн. Эдгээрийг түр хугацаагаар өгөхдөө хариуцагч нар үхрийг сааж сүүгээр нь амьдрах, мөн цалин хөлс өгөхгүйгээр тохирсон. Хариуцагч нар эдгээр эд хөрөнгө, малыг өөрийн эзэмшилдээ түр байлгаж байсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 сард Япон улс руу явсан бөгөөд буцаж ирээд мал ахуй, эд хөрөнгөө буцаагаад авъя гэхэд хариуцагч нар татгалзсан хариу өгдөг. Урьд нь хамтран ажиллаж байхдаа машин зассан болон өгсөн юмандаа тооцоод авна гээд маргаан үүсгэсэн. Эдгээр мал, эд хөрөнгө нь улсын малын тооллогод Б.Э-ын болон түүний хадам аав, эмээгийнх нь нэр дээр тоологдсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Б.Э-ын нэр дээр байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-, С.А- нарын хууль бус эзэмшлээс 17 тооны үхэр, байшин, газар, үхрийн байр зэргийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2017 оны 4 сард мал авах гэж байгаа тухайгаа Б.Э-т хэлэхэд тэрээр үхэр, хашаа, байшингаа худалдана гэсэн.  Бид нар Нарийний фермер дээр очиж үхэр малаа үзэж, наймаа хийхээр болоод хашаа байшин, газар, үхрийн саравч, 14 тооны үхэр зэргийг 23.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, мөнгийг  Б.Н- цувуулж өгөхөөр болсон. Сүүг нь саагаад амьдрах тохиролцоо бол байгаагүй. Мал маллахад дан сүүг нь саагаад ашиг олоод амьдарна гэж байхгүй. Малын тэжээл, хариулга, арчилгаа их хэрэгтэй. 2017 оны 4 сарын 18-ны өдөр очиж 14 тооны үхрийг Б.Э-ын ээж, ааваас нь авсан. Хашаа байшин, үхрийн саравч, 14 тооны үхрийг худалдаж авсан нь үнэн. Одоо 17 болсон. С.А- энэ хашаанд гэрээ бариад амьдарч байгаа. Гэнэт 2018 оны 4 сард буюу 1 жилийн дараа Б.Э-ын эхнэр, аав н.Батбаяр нар ирж үхэр, хашаа, байшингаа авья гээд ирсэн. Б.Н- нь нэг жилийн хугацаанд 17.900.000 төгрөгийг бэлнээр болон адуу мал, сэлбэг хэрэгслээр төлсөн. Анх  5.000.000 төгрөгөөр тооцож, Б.Э- нь 5 сайхан адууг шилээд аваад явсан. Б.Э-ын эхнэр Солонгос улс руу явах гээд байна гээд 5.000.000 төгрөгийг дансаар авсан. Б.Н- автомашин засварын төв ажиллуулдаг бөгөөд Тоёото харриер маркийн автомашины сэлбэгийг 2.600.000 төгрөгт тооцож өгсөн. Мөргөлдсөн Приус маркийн автомашиныг 500.000 төгрөгөөр, Тоёото раум маркийн автомашиныг 700.000 төгрөгөөр тус тус үнэлж, засаж өгсөн. Б.Э- Япон улс руу 2017 оны 10 сард яваад 11 сард ирэхдээ Тоёото марк икс маркийн автомашиныг задалж оруулж ирсэн ба Б.Н- бүтэн угсраад, бүх юмыг нь янзлаад, будганд оруулаад 1.000.000 төгрөгөөр тооцсон. Тоёото рав 4 маркийн автомашины хойд нэмэлт 1 ш гэрлийг 120 000 төгрөгөөр, Приус 11 маркийн автомашины ком батарейг 400.000 төгрөгөөр, 1 толийг 80.000 төгрөгөөр бодож Б.Э- авсан. Ингээд нийтдээ 3.500.000 төгрөгийг ажил үйлчилгээ, сэлбэгээр тооцож өгсөн. Б.Эрдэнбаатар нь надад хашаа байшингаа худалдсаны дараа хэлэлгүйгээр зээлийн барьцаанд тавьсан байсан. Япон улс руу явах үедээ наймааныхаа мөнгөнд тооцоод банкны зээлийн мөнгийг өгч байхыг Б.Н-гээс гуйсан тул сарын 600.000 төгрөгийн зээлийн төлөлтийг 3 сарын хугацаанд хийсэн. Нийтдээ 17.900.000 төгрөгийг адуу, ажил үйлчилгээ, мөнгөн хэлбэрээр Б.Э-т өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Бид харилцан тохиролцож Б.Э-ын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийний фермер 8 дугаар гудамж, 13 тоотод 700 м.кв газар хашаа, байшингийн хамт, 14 тооны үхэрийг 23.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Дээрх төлбөрийг Б.Э- нь цувуулаад өгчих гэсэн тул төлбөрийг 2017 оны 6 дугаар сараас эхэлж төлж эхэлсэн.  Гэтэл Б.Э- нь тохиролцооноосоо буцаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 17.900.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 23.000.000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохиролцож, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Б.Э- бэлнээр авсан мөнгө байхгүй. Б.Э-ын эхнэр н.Дөлгөөнзолбоод мөнгө өгсөн бол түүнээс мөнгөө ав. 5 адуу өгсөн гээд байна. Тэр адуу нь түүний адуу гэдгийг нотлох тооллогын баримт байхгүй. Хүн хөрөнгөө барьцаанд тавих эсэх нь өөрийнх нь асуудал. Б.Э-ын дансаар 5.000.000 төгрөг орж ирсэн юм байхгүй. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг машины зээл гэж орж ирсэн байгаа. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр сэлбэгийн үнэ 100.000 төгрөг, 600.000 төгрөг, Нямаас 500.000 төгрөг гэсэн баримтууд байгаа. Худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагч нарын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэх байгаа. Гэтэл худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02160 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С.А-, Б.Н- нарын хууль бус эзэмшлээс хашаа байшин, газар, үхрийн саравч, 17 тооны үхэр зэргийг албадан чөлөөлүүлэх тухай Б.Э-ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-аас 13.100.000 төгрөг гаргуулан С.А-, Б.Н- нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо. Нарийн фермер 8 дугаар гудамжны 13 тоотод байрлах 7x8 хэмжээтэй байшин, 700м2 хэмжээтэй газар, хашаа, үхрийн байр, 17 тооны үхэр зэргийг гаргуулан Б.Э-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч нарын төлсөн 247.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-аас 223.450 төгрөг гаргуулан хариуцагч С.А-, Б.Н- нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2186 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02160 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 136.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч Б.Э- би 5 адууг өөрийнхөө эзэмшлийн 05-31 УНА улсын дугаартай автомашины төлбөрт хариуцагч Б.Н-гээр дамжуулж түүний төрсөн аав Ю.Бямбацэрэнгээс авсан. Түүнээс биш хашаа, байшин, үхрийнхээ төлбөрт аваагүй. Надаас уг машиныг худалдаж авсан Ю.Бямбацэрэнг гэрчээр дуудаж мэдүүлэг аваагүй. Машины номер харагдсан гэрэл зураг байгаа. Адууны үнэлгээ байхгүй, шууд 5.000.000 төгрөг төл гэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн миний авч явсан машины сэлбэг бол миний өөрийн эзэмшлийн осолд орсон 26-15 УБТ улсын дугаартай автомашиных байсан, Б.Н-гээр задлуулж эд ангийг нь сэлбэг хэлбэрээр авч явсан. 2.600.000 төгрөгийн авто сэлбэгийн үнэлгээ хийгдээгүй. Уг машины хурдны хайрцаг, хамгаалалтын эд ангийг нь би хариуцагч Б.Н-гээр задлуулж авч явснаас хойно Б.Н-гийн эхнэр У.Марал-Эрдэнэ ажил дээр Да хүрээ захын контейнер дээр ирээд хэл ам хийгээд ажил хийлгэхгүй төвөг удаад байхаар нь задалж зарсан машиныхаа зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Н-гийн эхнэр У.Марал-Эрдэнэд үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн. Одоо машин бол биетээр байхгүй. Төмрийн хогонд явсан. Номер, бичиг баримтыг нь У.Марал-Эрдэнэ хэрхэн яаж ашигласныг би мэдэхгүй. Тэр машин бол Япон улсад 2008 онд үйлдвэрлэгдсэн, 26-15 УБТ улсын дугаартай, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсад орж ирсэн, 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч Б.Э- би өөрийнхөө машины төлбөрт ирсэн 5 адууг авсан байхад 5.000.000 төгрөг, мөн өөрийнхөө худалдаж авсан машиныг задлуулж эд ангийг авч явсан байхад 2.600.000 төгрөгийг тус тус хариуцагч нарт төл гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Э- би өөрийнхөө Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Нарийний фермер 8-р гудамжны 13 тоотод байрлах 0,7 га газар, 7x8 хэмжээтэй байшин, үхрийн байр, 17 тооны үхэр зэрэг эд хөрөнгийн худалдаагүй, төлбөр гэж юу ч аваагүй, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалт оновчгүй болсныг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Ю.Бямбасүрэнг гэрчээр дуудаж мэдүүлэг аваагүй, төлбөрт өгсөн гэх эд зүйлийн үнэлгээ хийгдээгүй, эд хөрөнгө худалдаагүй, үнэ төлбөргүй ашиглуулсан...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хуульд заасан үндэслэл болохгүй байна.

Б.Э- нь С.А-, Б.Н- нарт холбогдуулан  тэдний хууль бус эзэмшлээс эд хөрөнгө шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 17.900.000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

2017 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Б.Н-, С.А- нарт Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Нарийний фермер, 8 дугаар гудамж, 13 тоот хашаа, түүнд байрлах 7x8 хэмжээтэй байшин, 0.07 га газар, үхрийн байр, 14 толгой үхрийг хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, өөрийн эд хөрөнгөө хариуцагч Б.Н-, С.А- нарт үнэ төлбөргүйгээр ашиглуулсан, буцаан шаардахад өгөхөөс татгалзсан гэх боловч уг  үйл баримт тогтоогдоогүйг хоёр шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэжээ.

Учир нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгчийн үндэслэл тайлбар нь хариуцагчийн тайлбар, түүний гаргасан нотлох баримтаар няцаагдсан тул тэдний хооронд тухайн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Харин зохигчийн хооронд 2017 оны 4 дүгээр сард худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тухайлбал нэхэмжлэгчийн эд хөрөнгийг 23.000.000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, үнэд нийт 13.100.000 төгрөг төлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.

Эд хөрөнгө буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэл, эд хөрөнгийг буцаан өгч, шилжүүлсэн мөнгөө авах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зохигчийн хэн алины гэрээнээс татгалзаж хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах хүсэл зоригийн дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,  243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ. Нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй хуульд заасан нөхцөл байгаа бол энэ талаар зохигч шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх боломжтой. 5.000.000 төгрөгийн 5 адуу, 2.600.000 төгрөгийн автомашины сэлбэгийг эд хөрөнгийн төлбөрт өгсөн тухай хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, гэрчээр Ю.Бямбасүрэнг асуулгах, эд зүйлийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй  ба  шүүх өөрийн санаачилгаар гэрч асуух, шинжээч томилж  үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй юм.

Иймд дээрх ажиллагааг явуулаагүй гэх агуулгатай нэхэмжлэгчийн гомдол үндэслэл муутай байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоосон байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2186 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 136.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ