Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2018/02160

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2018/02160

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот .... хаягт оршин суух, ... овогт Б-ын Э- /РД:....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн А- /РД:..../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... хаягт оршин суух, .... овогт Б-гийн Н- /РД:..../ нарт холбогдох

 

Хашаа, байшин, газар, үхрийн байр, 17 тооны үхрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, 17.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, хариуцагч Б.Н-, С.А-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Х-, гэрч М.Н-, Б.Л-, У.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигзаяа нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь өөрийн найз одоогийн хариуцагч Б.Н-д ээж бид хоёрт маллах мал хэрэгтэй байна гэхээр нь өөрийн өмч, хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Нарийний фермер, 8 дугаар гудамж, 13 тоот хашаа, түүнд байрлах 7х8 хэмжээтэй байшин, 0.07 га газар, үхрийн байр, 14 толгой үхрийг 2017 оны 04 сард түр хугацаагаар хүлээлгэн өгсөн байдаг. Үхрийн тоо толгойд 6 үнээ / ягаан, бор, хар алаг, хар алаг, хар, шийр цагаан/, 2 шүдлэн /хар нь эр хар алаг эм,(тугалласан)/, 6 бяруу /цагаан,  хар халзан алаг, хар, хар халзан алаг, алаг, бор (3 тугалласан/хар алаг, бор, хар халзан/)  нийт 17 тооны үхэр, эдгээр эд хөрөнгийг түр хугацаагаар хүлээлгэн өгсөн юм. Эдгээрийг түр хугацаагаар өгөхдөө хариуцагч нар үхрийг сааж сүүгээр нь амьдрах, мөн цалин хөлс өгөхгүйгээр тохирсон. Хариуцагч нар эдгээр эд хөрөнгө малыг өөрийн түр эзэмшилдээ байлгаж байсан. Б.Э- 2017 оны 04 сард Япон улс руу явсан. Ирээд мал ахуй, эд хөрөнгөө буцаагаад авъя гэхэд хариуцагч нар татгалзсан хариу өгдөг. Урьд нь хамтран ажиллаж байхдаа машин зассан болон өгсөн юмандаа тооцоод авна гээд нэлээн маргаан үүсгэсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр мал эд хөрөнгө нь улсын малын тооллогод Б.Э-ын нэр дээр болон хадам аав, эмээгийнх нь нэр дээр тоологдсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Б.Э-ын нэр дээр байгаа. Хариуцагч нар юу гэж маргадаг вэ гэхээр үхэр чинь сүү муутай байсан. Малын тэжээл авсан, мөнгө зарсан гэж маргадаг. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-, С.А- нарын хууль бус эзэмшлээс 17 тооны үхэр, байшин, газар, үхрийн байр  зэргийг чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүүхэд Б.Э-тай найзууд байсан. Би багаасаа мал маллаж өссөн, малд хайртай хүн. 2017 оны 04 сард Б.Э-аас үхэр худалдаж авахаар боллоо гэж манай хүү хэлсэн. Бид нар Нарийний фермер дээр ээж аавынд нь очиж үхэр малаа үзсэн. 2, 3 хоногийн дараа худалдаж авахаар болоод 23.000.000 төгрөгөөр, мөнгөө цувуулж өгөхөөр тохиролцсон. Сүүг нь саагаад амьдрах тохиролцоо бол байгаагүй. Мал маллахад дан сүүг нь саагаад ашиг олоод амьдарна гэж бол байхгүй. Малын тэжээл, хариулга, арчилгаа их хэрэгтэй. 2017 оны 04 сарын 18-ны өдөр очиж 14 тооны үхрийг Б.Э-ын ээж ааваас нь авсан. Манайх тэр айлаас 1 гудамжны цаана байдаг байсан. Хашаа байшин, үхрийн саравч, 14 тооны үхрийг худалдаж авсан нь үнэн. Одоо 17 болсон.  Би энэ хашаанд гэрээ бариад амьдарч байгаа. Байшин нь их хүйтэн байдаг болохоор амьдраагүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг орон гэргүй, үхэр малыг чинь түр хараад сүү саалийг нь саагаад амьдарч байя гэж гуйсан зүйл огт байхгүй. Ингээд гэнэт 2018 оны 04 сард 1 жилийн дараа үхэр малаа авъя, хашаа байшингаа авъя гээд Б.Э-ын эхнэр, аав н.Б- нар нь ирсэн. Манай хүү нэг жилийн хугацаанд 17.900.000 төгрөгийг бэлнээр болон адуу мал, сэлбэг хэрэгслээр өгсөн. Нэгэнт малаа буцааж наймаагаа буцаая гэж байгаа бол 17.900.000 төгрөгөө авъя, тэгвэл малыг чинь өгнө гэж би хэлсэн. Б.Э-, Б.Н- хоёр наймаа хийсэн хүмүүс өөрсдөө ирж учрыг нь ол гэж хэлээд явуулсан. Тэгээд л яасан нь мэдэгдэхгүй дахиж ирж уулзаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүмүүсээс малынх нь сүүг саагаад амьдаръя гэж гуйгаагүй. Наймаагаа буцаж байгаа бол өгсөн мөнгөө аваад эд хөрөнгийг нь буцааж өгч болно. Ийм хэл амтай наймаа хиймээргүй байна” гэв.

 

Хариуцагч Б.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай ээж мал маллах их дуртай. Мал авч өгөөч гээд байдаг байсан. 2017 оны 04 сард би санамсаргүй мал авах гэж байгаа тухайгаа Б.Э-т ярьсан. Тэгсэн Б.Э- надад үхэр, хашаа байшин байгаа. Хоёулаа наймаа хийе гэсэн. Би мал авах л сонирхолтой байсан болохоос хашаа байшин авах сонирхол байгаагүй. Зөвхөн 14 үхрийг нь авъя, манай ээжийнх угаасаа нарийний фермд 1 гудамжны цаана байдаг юм чинь гээд хэлсэн. Тэгсэн үхэр малаа заавал хашаа байшингийн хамт зарна. Малаа зарчихвал тэр хашаа байшинд суух хүн байхгүй гэсэн. Б.Э-ын аав, ээж нь нарийний фермд байдаг. Бид бөөндөө эхлээд очиж малыг нь үзсэн.  Үзээд бид хоёр наймаа хийхээр болоод үнэ ханшаа 23.000.000 төгрөгөөр хашаа байшин, газар, үхрийн саравч, 14 тооны үхэр зэргийг худалдаж авахаар тохироод мөнгийг нь би цувуулж өгье гэж тохирсон. Ингээд хамгийн анх 5 адууг 5.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Б.Э- өөрөө ирээд миний адуунаас 5 сайхан адууг шилээд аваад явсан. Б.Э-ын эхнэр Солонгос улсруу явах гээд байна гээд 5.000.000 төгрөгийг дансаар нь хийсэн. Би автомашин засварын төв ажиллуулдаг. Toyota harrier машины сэлбэгийг 2.600.000 төгрөгт тооцож өгсөн. Мөргөлдсөн prius маркийн машиныг 500.000 төгрөгөөр, Toyota raum машиныг 700.000 төгрөгөөр тус тус үнэлж янзалж өгсөн. Б.Э- Япон руу 2017 оны 10 сард яваад 11 сард ирэхдээ Toyota mark X гээд автомашиныг задалж оруулж ирсэн. Манай авто засварын газар авчраад би бүтэн угсраад, бүх юмыг нь янзлаад, будганд оруулаад 1.000.000 төгрөгөөр тооцсон. Toyota rav4 машины хойд нэмэлт гэрэл 1ш 120.000 төгрөгөөр, prius 11 машины ком батарей 400.000 төгрөгөөр, 1 толь 80.000 төгрөгөөр бодож надаас авсан. Ингээд нийтдээ 3.500.000 төгрөгийг ажил үйлчилгээ, сэлбэгээр тооцож өгсөн. Б.Э- нь хашаа байшингаа манайд зарсныхаа дараа надад хэлэлгүйгээр “Хаан банк”-ны барьцаанд тавьсан байсан. Би мөнгийг нь цувуулж төлж байгаа юм чинь гэж бодоод юм хэлээгүй. Зээлийн төлөлт нь сарын 600.000 төгрөгөөр төлдөг. Япон явах үедээ наймааныхаа мөнгөнд тооцоод зээлийн мөнгийг өгч байгаарай гэж надаас гуйсан. Манай хашаа байшинг барьцаалсан байсан болохоор би зээлийн мөнгийг нь төлсөн. Нийтдээ 17.900.000 төгрөгийг адуу, ажил үйлчилгээ, мөнгөн хэлбэрээр Б.Э-т өгсөн байдаг. Б.Э- надаас мөнгө аваагүй гээд түр зуур өгсөн гээд өргөдөл бичээд өгчихсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Э- наймаа буцаж байгаа бол миний өгсөн 17.900.000 төгрөгийг буцаагаад өгчих. Тэгвэл бүх юмыг нь бүрэн буцаагаад өгнө” гэв.

 

Хариуцагч С.А-, Б.Н- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заагдсаны дагуу Б.Э-, С.А-, Г.Н- нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээнээс татгалзаж байгаа тул 17.900.000 төгрөгийг Б.Э-аас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Бид нарын итгэлийг эвдэж, хашаа байшин, малаа бидэнд шилжүүлэхгүй байгаа тул өгсөн 17.900.000 төгрөгөө гаргуулах гэж байгаа юм. 2017 оны 04 сард Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, нарийний ферм, 8 дугаар гудамж, 13 тоотод 700м2 хашаа, байшин, үхрийн саравч, 14 тооны үхрийг 23.000.000 төгрөгөөр зарна гэж Б.Н-д хэлсэн. Б.Н- төлбөрөө увуулж цувуулаад төлөхөөр болоод тохиролцоод ээжийгээ худалдаж авсан хашаандаа буулгасан. 2017 оны 05 сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг Б.Н-гийн 5103052504 тоот данснаас Б.Э-ын 5020480962 тоот дансруу шилжүүлсэн болох нь дансны хуулгаас тодорхой харагдаж байгаа. Тэр өдөр Б.Н- өөрөө ажил дээрээ завгүй байсан тул Б.Н-гийн картыг Б.Э- авч яваад 6.700.000 төгрөгийг авсан байдаг. Энэ мөнгөнөөс эхний ээлжинд 5.000.000 төгрөгийг нь ав гээд 1.700.000 төгрөгийг авто засварын газарт Б.Н- буцааж авсан. 5 адууг 5.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Энэ адууг авсан гэж нэг яриад, аваагүй гэж нэг яриад, эсхүл Б.Н-гийн аавд өмнө нь машин зарсан төлбөрт авсан гэж нэг яриад, эсхүл буруу гарын адуу ч гэж нэг яриад байна. Буруу гарын адуу гэж юуг хэлээд байгаа юм. Энэ бүгдийгээ нотлох хэрэгтэй. Б.Н- өөрийнхөө адуун сүргээс барьж өгсөн адуу. Бариад өгч байгаа зураг нь байгаа. Мөргөлдсөн байсан Toyota harrier машиныг Б.Н-гийн эхнэр нэр дээрээ худалдаж авсан байдаг. Задлаад зарсан. Аль үнэтэй, хурдан борлогддог сэлбэгийг нь түүж аваад 2.600.000 төгрөгт тооцоод Б.Э- авч явсан. Үүнд 4 дугуй, аюулгүйн дэр, хроп, салон, рулийн аппарат, цаап, нүүр, копуд гэх мэт сэлбэгийг 23.000.000 төгрөгийн төлбөртөө аваад явсан. Гэрчийн мэдүүлгээр давхар тогтоогдоно. 3.500.000 төгрөгийн сэлбэг, засвар үйлчилгээ хийсэн гэдгийг хавтаст хэрэгт тодорхой байгаа. Ингээд нийтдээ 17.900.000 төгрөгийг төлсөн байдаг. Нарийний фермийн хашаа байшинг Б.Э- Япон явж машин оруулж ирнэ гээд барьцаанд тавьсан. Япон явахдаа өөрөө зээлийн  төлбөрийг төлж байгаач гээд гуйсан. 600.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд төлсөн. Б.Э-ын эхнэр н.Д-гийн  5755057565 тоот дансанд 2017 оны 12 сарын 12-ны өдөр 600.000 төгрөгийг хийсэн. Б.Э-ын 5020420962 тоот дансанд 500.000, 100.000 төгрөгийг тус тус хийсэн. 600.000 төгрөгийг бэлнээр Б.Н-гийн эхнэр У.М-эс Б.Э-ын эхнэр ирээд авсан. Өнөөдөр үнээний ферм хэний мэдэлд байгаа вэ гэхээр Б.Н- С.А- нарын мэдэлд байгаа. Бид нар ямар нэгэн баримтгүйгээр мөнгө нэхээгүй. Эднийх манайд худалдсан зүйлээ худалдаагүй болгож, баримтгүй авсан зүйлүүдээ нотлогдохгүй гэж үзэж, манай өмчлөлд худалдсан зүйлээ шилжүүлэхээс зайлсхийж байна гэж ойлгож байна. Тийм бол өгсөн мөнгөө авъя. Иймд худалдах худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 17.900.000 төгрөг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Б.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Өгсөн мөнгөө буцааж авъя гээд байна. Ямар ч мөнгө өгөөгүй байж юу буцааж авах гээд байгаа юм. Дээрх 23.000.000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ хийсэн гээд байгаа. Ийм үйл явдал болоогүй. Ямар баримт байгаа юм. 5 адууны талаар ярьж байна. Хэний адуу, ямар үнэтэй юм. Юугаар нотлох юм. Яагаад 1 адуу 1.000.000  төгрөг гэж хэн үнэлээд байгаа юм. Б.Э- бэлнээр авсан мөнгө байхгүй. Б.Э-ын эхнэр н.Д-д мөнгө өгсөн гээд байна. Өгсөн бол н.Д-гоос мөнгөө ав. 5 адуу өгсөн гээд байна. Тэр адуу нь миний адуу гэдгийг нотлох тооллогын баримт байхгүй. Хүн хөрөнгөө барьцаанд тавих эсэх нь өөрийнх нь асуудал. Эд нараас асууж тавих ёстой байсан юм уу. 5.000.000 төгрөг өгсөн нь нотлогдоно гэж байна. 5.000.000 төгрөг өгчхөөд гарын үсэг зурсан юм байгаа юм уу. Б.Э-ын дансанд 5.000.000 төгрөг орж ирсэн юм байхгүй.  2017 оны 05 сарын 20-ны өдөр 300.000 төгрөг машины зээл гэж орж ирсэн байгаа. 2018 оны 06 сарын 25-ны өдөр сэлбэгийн үнэ 100.000, 600.000 төгрөг, Н-аас 500.000 төгрөг гэсэн баримтууд байна. Худалдах худалдан авах гэрээний үнийн мөнгө гэж яаж нотлогдох юм. Огт худалдах худалдан авах харилцаа үүсээгүй. Манай шаардлага бол хариуцагч нарын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлнэ гэж байгаа. Гэтэл юун худалдах худалдан авах гэрээний төлбөр шаардаад байгааг ойлгохгүй байна. 2 өөр харилцаа яваад байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- нь 2018 оны  05 сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Б.Н-, С.А- нарын хувьд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа шиг орох оронгүй, түр байх газар хайгаад явсан хүмүүс биш. Б.Э- гэдэг найз нь надад хашаа байшин, 14 тооны үхэр байгаа, чи мөнгийг нь цувуулж өгөөд ав гээд худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Б.Э- гэдэг хүн Б.Н-тэй уулзахгүй зугтаагаад л явж байна. Уг нь шүүх хуралд биечлэн оролцуулаад өгөөч гэсэн саналыг удаа дараа хэлдэг. Төлөөлөгчөөр дамжуулан эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гээд байдаг. Гэтэл өөрөө хуралд ороод өнөөдөр энд зогсож байсан бол арай ч ийм зүйл ярихгүй байх байсан гэж бодож байна. Хариуцагч нарын зүгээс өөртөө байгаа баримтыг боломжоороо гаргаж өгсөн байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах худалдан авах гэрээг амаар болон бичгээр хийж болно гэж заасан байдаг. Энэ залуучууд бие биендээ найдаад л наймаа хийсэн. Өнөөдөр бичгээр гэрээ байгуулаагүйг нь далимдуулаад огт худалдаагүй, орон гэргүй нөхдүүд малын чинь сүү саалийг саагаад түр орогноод байж байя гээд гуйсан гээд байгаа. Зээлээр худалдаж авсан бол бичгээр гэрээ байгуулна гээд байх юм. Зээлээр худалдаж авсан юм огт байхгүй. Хуулиа зөв ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар 14 тооны үхэр, хашаа байшин, үхрийн саравчийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байгаа. Хариуцагч нар бол шударга эзэмшигч. 17.900.000 төгрөгийг нь өгчихсөн 5.100.000 төгрөгийг өгөөд тооцоо дуусах байсан. Тооцоогоо дуусгаад өмчлөлдөө шилжүүлж авах байсан. Энэ эмэгтэй өнөөдрийг хүртэл 14 толгой малыг нь маллаад, тэжээгээд явж байгаа. Малыг ашиг шимийг нь хүртэх гэж малладаг. Энэ 14 үхрийн сүүг нь хот руу оруулж ирж зардаг. Ийм л малчин хүмүүс байгаа. Иргэний хуулинд байгаа иргэд хоорондын харилцаа. Тийм учраас шударга эзэмшигч юм. Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлага дээр энэ хүмүүс амьдрах оронгүй байхаар нь түр өгсөн гээд байгаа. Энэ хүмүүс нь амьдрах гэр оронтой хүмүүс. Ажил төрөлтэй, авто засварын газар ажиллуулдаг. Энэ газраар нь Б.Э- ирж үйлчлүүлээд явдаг байсан. Харин ч бид шударга хандаж байгаа 14 тооны үхэр авсан. Үхэр нь төллөөд 17 тооны үхэр болсон. Эсэн мэнд маллаад байж байна. 17 тооны үхэр аваагүй 14 үхэр авсан гэж бид маргаагүй. Төллөсөн нь үнэн гээд л ярьж байна. Б.Э-ын дансанд 6.700.000 төгрөг Б.Н-гээс орсон байгаа. Хэн хэнийх нь дансны хуулгаар 6.700.000 төгрөг орсон гарсан нь харагдаж байна. Гэтэл манайх шударгаар 6.700.000 төгрөг өгөөд 1.700.000 төгрөгөө тэр өдөртөө буцаагаад авсан. 5.000.000 төгрөг өгсөн гэдгээ мэдүүлж байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Н-д мал ахуйгаа зарчхаад “Хаан банк” ХХК-ийн  барьцаанд тавьчихсан байдаг. Найз нь Япон явах гээд байна гээд барьцаанд тавьчихсан гэдэг. Ингэж болохгүй биз дээ. Барьцаанд тавьчихсан учир газар эзэмших эрх Б.Н-, С.А- нарт шилждэггүй. Эхлээд 5.100.000 төгрөгөө өгөөд дуусгачих тэгээд шилжүүлээд өгнө гэсэн юм ярьдаг байж байгаад өнөөдөр шүүх дээр уулзаж байна. 5 ширхэг адуу өгсөн асуудал байгаа. 2017 оны 07, 08 дугаар сард өгсөн байдаг. Бид нар өөрсдийнхөө адууг энэ хүмүүст өгсөн байгаа. Сартай ухаа гүү 1, сартай хүрэн гүү 1, хээр алаг гүү 1, хамар цагаан халтар үрээ 1, шар хээр үрээ 1, ийм 5 тооны адуу өгсөн. Адуу худалдаж авахдаа гэрээ байгуулдаг Монгол хүн байхгүй. Ярьж тохироод сонгож шилээд аваад хөтлөөд явдаг монголчууд. Адууны зэлэн дээр ирчихээд бал цаас гаргаад гэрээ байгуулаад зогсдог хүн би хараагүй. Аргаа бараад бид адууг нь маллаж байсан адуучнаар нь гэрчлүүлж байна. Гэрээг цуцалж дуусгавар болгох гээд байгаа бол хариуцагч нарын төлсөн 17.900.000 төгрөгийг нь өгчих. Эд нарт баримт байхгүй юм чинь мөнгийг нь өгөхгүй гэж байгаа бол үгүй шүү. Танайх манай өмчлөлд хөрөнгөө шилжүүлэх үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа бол манайх гэрээнээсээ татгалзаад харилцан өгсөн авсанаа буцаая. 5 адуу маань амьд байгаа бол адуугаа авъя, ажил үйлчилгээ хийсэн. Мөнгөөр тооцсон тул мөнгөө авъя. Тэгээд хашаа байшингаа, үхрийн саравч, үхэр малаа буцаагаад ав. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсмээр байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э- нь С.А-, Б.Н- нарт холбогдуулан хашаа, байшин, газар, үхрийн байр, 17 тооны үхрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг, С.А-, Б.Н- нар нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 17.900.000 төгрөгийг Б.Э-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргав.

 

Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Б.Э- нь “...2017 оны 04 сард Б.Н-гийн гуйснаар өөрийн өмч хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийний фермер 8 дугаар гудамжны 13 тоотод байрлах 7х8 хэмжээтэй байшин, 0,7 га эзэмшил газартай хашаа, үхрийн байр, 14 тооны үхэр зэргийг түр хугацаагаар өгсөн. Хариуцагч нар үхрийн сүүг нь сааж, саасан сүүгээ борлуулж амьдрахаар тохирсон. Одоо буцаагаад хөрөнгөө авах гэхээр өгөхгүй байх тул дээрх хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” хэмээн шаардав.

 

Хариуцагч С.А-, Б.Н- нар “...дээрх эд хөрөнгийг 23.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Худалдах худалдан авах гэрээний төлбөрт бэлэн мөнгө болон ажил үйлчилгээ, адуу өгөх хэлбэрээр нийт 17.900.000 төгрөгийг төлсөн. Түр хугацаагаар гуйж малыг нь харж байсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Э- нэгэнт хөрөнгөө бидний өмчлөлд шилжүүлэхээс татгалзаж байгаа бол төлбөрт төлсөн 17.900.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаж маргав.

 

Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, нарийн фермер, 8-13 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18616342611505 дугаар бүхий 700 м2 газрын эзэмшигчээр Б.Э- бүртгэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ. Уг газарт байрлах 7х8 хэмжээтэй байшин, хашаа, үхрийн саравч, 14 тооны үхэр зэрэг нь Б.Э-ын хөрөнгө мөн эсэх талаар хариуцагч нар маргаагүй бөгөөд Б.Э-аас худалдаж авсан тухай тайлбарлав.

 

Хариуцагч нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах харилцаа үүссэн гэж, харин нэхэмжлэгч “...түр хугацаагаар эзэмшүүлсэн, одоо хөрөнгөө буцаан шаардахад өгөхгүй байна...” гэж мэтгэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн түр хугацаагаар эзэмшүүлсэн гэх үндэслэл, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага нотлогдоогүй, нэхэмжлэгч шаардлагаа нотолсон баримтыг гаргаагүй болно.

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч Б.Э- нь өөрийн хөрөнгийг худалдах, худалдан авагч С.А-, Б.Н- нар нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож нэр бүхий хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэнээр талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Хариуцагч С.А- хөрөнгийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл дээрх хашаанд өөрийн гэрийг барин, 17 тооны үхрийг маллан амьдарч байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Худалдах худалдан авах гэрээний үнийг 23.000.000 төгрөгөөр, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцож, 17.900.000 төгрөгийн төлбөрт 5 адууг 5.000.000 төгрөгт тооцож, 2017 оны 05 сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд, 2.600.000 төгрөгт тооцож Toyota harrier машины сэлбэг, 3.500.000 төгрөгт сэлбэг болон засвар үйлчилгээ, (үүнд: Toyota mark X машиныг бүтэн угсарч, будганд оруулах 1.000.000 төгрөг, Toyota raum шаргал өнгөтэй машины бүтэн будаг 700.000 төгрөг, Toyota raum усан цэнхэр машиныг угсрах, будах 700.000 төгрөг, prius 20 машины будаг, гажаа 500.000 төгрөг, Toyota rav4 машины хойд нэмэлт гэрэл 1ш 120.000 төгрөг, prius 11 машины ком батарей 400.000 төгрөг, prius 11  машины зүүн талын толь 1ш 80.000 төгрөг), нэхэмжлэгч Б.Э-ын “Хаан” банк дахь зээлийн төлбөрт 600.000 төгрөгөөр 3 удаа нийт 1.800.000 төлсөн талаар хариуцагч нар тайлбарлаж холбогдох баримтыг хавсаргасан байна. 

 

“Хаан банк” ХХК-ийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 29/7258 дугаар албан тоотоор Б.Э- нь тус банкинд 5020480962 тоот дансыг эзэмшдэг талаар лавлагаа ирүүлсэн бөгөөд дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд дээрх дансанд Б.Н-гийн 5103052504 тоот данснаас 2017 оны 05 сарын 21-ний өдөр 6.700.000 төгрөг, 2018 оны 01 сарын 18-ны өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт авагджээ. Нэхэмжлэгч дээрх 2 удаагийн шилжүүлгээр мөнгө авсан талаар үгүйсгээгүй боловч, худалдах худалдан авах гэрээний төлбөр биш, өөр өмнөх зүйлийн төлбөр гэж маргах боловч, ямар зориулалтаар авсан талаар тайлбарлаагүй, энэ талаар нотлоогүй болно. /хх-99, 104, 111х/

 

Мөн хавтаст хэрэгт хариуцагчаас нотлох баримтаар адууны гэрэл зураг, задалж зарсан гэх Toyota harrier машины бүтэн болон задалсан үеийн гэрэл зургийг хавсаргасан байх бөгөөд гэрэл зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар нотлох баримт болох бөгөөд энэхүү баримт нь хууль сануулан мэдүүлэг авсан гэрч М.Н-, У.М- нарын мэдүүлгээр давхар тогтоогдсон нотлох баримт гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 5 адууг авсан, авахдаа Б.Н-гийн аавд машин зарсан төлбөртөө тооцож авсан гэж тайлбарлах боловч энэ талаар нотлоогүй, Б.Н-гийн аав н.Б-д хэзээ, хэдэн төгрөгийн үнэ бүхий, ямар машин зарсан тухай баримтаар тогтоогдсонгүй. /хх-78-81х/

 

Хариуцагч Б.Н- нь Б.Э-ын гуйснаар түүний эхнэр н.Д-гийн 5755057565 тоот Хаан банк дахь дансанд зээлийн төлбөрийг нь төлөхөөр 2017 оны 12 сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, бэлнээр 700.000 төгрөг, 2018 оны 01 сарын 18-ны өдөр  Б.Э-ын 5020480962 тоот “Хаан” банк дахь дансанд 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаар тайлбарлаж дансны хуулгыг баримтаар гаргасан байна. /хх31-32х/

 

Хэдийгээр Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан боловч худалдагч Б.Э-ын гуйсанаар түүний эхнэр н.Д-д 1.300.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэж тайлбарлах хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, Б.Э- үүргийн гүйцэтгэл буюу худалдах худалдан авах гэрээний төлбөрийг гуравдагч этгээдэд төлөхийг зөвшөөрсөн баримтыг хариуцагчаас гаргаагүй байна.

 

Мөн хариуцагч 3.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ болон сэлбэгийг нэхэмжлэгчид өгсөн талаар тайлбарлаж 5 хуудас бүхий нэхэмжлэх гэх баримтыг шүүхэд гаргасан боловч уг баримт хэзээ үйлдэгдсэн он сар өдөр тодорхойгүй, хүлээн авсан хүний гарын үсэггүй, санхүүгийн баримтын анхан шатны шаардлага хангахгүй байх тул уг Б.Э-т засвар үйлчилгээ, сэлбэг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй. /хх-71-76х/

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” талаар заасан бөгөөд хариуцагч Б.Н-, С.А- нар нь нэхэмжлэгч худалдсан эд хөрөнгөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 17.900.000 төгрөгийг буцаан авч, худалдан авсан зүйл болох газар, байшин, хашаа, үхрийн саравч, 14 тооны үхрийг төл мал болох тугалын хамт Б.Э-т буцааж өгөхөөр шаардсан тул энэхүү шаардлага үндэслэлтэй байна. Анх хариуцагч нарт 14 тооны үхэр хүлээлгэн өгсөн боловч 3 үхэр төллөж 3 тугал нэмэгдэж, үхрийн тоо 17 болсон талаар зохигчид маргаагүй байна.

 

Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон 5 адууны төлбөрт тооцсон 5.000.000 төгрөг, 2017 оны 05 сарын 21, 2018 оны 01 сарын 18-ны өдөр тус тус Б.Э-ын “Хаан” банк дахь дансанд шилжүүлсэн 5.000.000 төгрөг, 500.000 төгрөг, Toyota harrier машины сэлбэгийн үнийг 2.600.000 төгрөгт тооцож нийт 13.100.000 төгрөгийг Б.Э- худалдсан эд хөрөнгөө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн, хариуцагч нарт олгож, хариуцагч нараас газар, байшин, хашаа, үхрийн саравч, 17 тооны үхэр зэргийг гаргуулан Б.Э-т буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй” бол биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлж болохоор заасан тул 5 адуу, Toyota harrier машины сэлбэг зэргийг мөнгөн дүнгээр тооцож гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Харин хариуцагч нарын шаардлагаас худалдах худалдан авах гэрээний тал бус н.Д-д өгсөн гэх 1.300.000 төгрөг, засвар үйлчилгээ, сэлбэгт тооцож өгсөн гэх 3.500.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Э-ын үндсэн нэхэмжлэлийн “...хөрөнгө нь С.А-, Б.Н- нарын хууль бус эзэмшилд байгаа” гэх үндэслэл нь хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотолсон баримтаар үгүйсгэгдэж байгаа  тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай Б.Э-ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар зохигчдод хувиарлан хариуцуулах нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С.А-, Б.Н- нарын хууль бус эзэмшлээс  хашаа байшин, газар, үхрийн саравч, 17 тооны үхэр зэргийг албадан чөлөөлүүлэх тухай Б.Э-ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-аас 13.100.000 төгрөг гаргуулан С.А-, Б.Н- нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн фермер 8 дугаар гудамжны 13 тоотод байрлах 7х8 хэмжээтэй байшин, 700м2 хэмжээтэй газар, хашаа, үхрийн байр, 17 тооны үхэр зэргийг гаргуулан Б.Э-т олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч нарын төлсөн 247.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-аас 223.450 төгрөг гаргуулан хариуцагч С.А-, Б.Н- нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.УРАНЗУЛ