Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Иргэдийн төлөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н ,

Шүүгдэгч Ц.С , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц-ын С т холбогдох эрүүгийн 2015000240021 дугаартай, 163/2020/0071/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт Ц-ын С , 1968 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, .......... оршин суух, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С ийг 2020 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнө Булган аймгийн ... ийн нутагт өөрийн гэртээ унтаж байсан О.С ыг хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Ц.С ийг 2020 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнө Булган аймгийн ... ийн нутагт өөрийн гэртээ унтаж байсан О.С ыг хутгаар хатгаж  эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.С т 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ц.С  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн. Шүүгдэгч хэрэг хариуцах чадвартай эсэх, шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх дээр мэтгэлцэж,  шүүхээс гэм буруутайд тооцвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Эрүүгийн 2015000240021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.С  нь 2020 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнө Булган аймгийн ... ийн нутагт өөрийн гэртээ унтаж байсан О.С ыг хутгалж, түүний биед баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Баян-Агт сумын “Шарга” багийн нутаг “Хөөвөр” гэх газар байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Нийт 15.7 см урт, ажлын хэсгийн урт 7 см, ажлын хэсгийн өргөн 2 см хэмжээтэй, хар хүрэн иштэй эвхэгддэг хутга...” гэх тэмдэглэл /хх-46 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.С ын өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Агт сумын төв рүү манайхтай ойр өвөлждөг Б , түүний эхнэр Б  нарын хамт ажил хөөцөлдөхөөр явсан. Орой 21 цагийн үед найз Б  ын гэрт “Сэнгүр нэртэй 2.5 литрийн савлагаатай хоёр пиво авч Б , Б , М  бид хэд хувааж уучихаад орой 23 цагийн үед Б , Б , М  бид дөрөв С ийнд очихоор сумын төвөөс гарах гэж байхад Б  ганц шил архи авчир гэж Н  захиад байна гэж хэлэхээр нь би хүнсний дэлгүүр ороод “Ерөөл нэртэй 0.75 литрийн 1 шил архи аваад С ийн гэрлүү явсан. С ийнд 2020 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих  шөнийн 12 цагийн үед очсон. С ийнд миний авсан Ерөөл нэртэй 0.75 литрийн архийг Б , Б , Н , С  бид хэд ууж дуусахад Б , М  нар газар унтсан. Дараа нь дахиад нэг шил 0.5 литрийн “Ерөөл нэртэй архийг задлаад Б , Н , С  бид дөрөв хувааж ууж байхад С  жижиг хөгжмөөр ая тавьсан. Тэр аян дээр Н , Б , бид гурав **-** минут бүжиглэж байгаад ууж байсан архиа дуусгаад Б , Н , С  нар унтсан. Би Б , Б , М  нарыг явъя гээд биенээс нь таттал тэр гурав ерөөсөө сэрэхгүй байхаар нь би баруун талын орон дээр сууж байгаад унтаад өгсөн. Унтаж байхад миний зүүн гар луу юм хатгах шиг болохоор нь би сэрээд хартал С  гартаа хутга барьсан байсан. Би босоод ёо, ёо гэж хэлээд орон дээр суухад С  гэрээс гараад гүйсэн. С ийг гэрээс гараад гүйсний дараа өөрийнхөө биеийг хартал миний баруун гарны булчин хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Мөн зүүн гарны шуу хэсэгт зүсэгдсэн, гэдэсний орчим өвдөж байсан. С ийг гэрээс гараад гүйхэд Н  сэрсэн, Н  над дээр ирээд юу болов яав гэж хэлээд намайг хутгалуулсан байхыг хараад Б , Б , М  нарыг дуудаж босгоод “С  хутгалуулсан байна, хурдан цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн. Баруун гарны булчин хэсгээс их хэмжээний цус гараад байхаар нь цусыг тогтоох санаатай баруун гараа биетэйгээ хавчаад орон дээр хана руу хараад хэвтсэн. Хэдэн цагийн дараа гэдгийг мэдэхгүй байна. Сумын эмч ирээд миний биед үүссэн шархнуудад оёдол тавиад дусал залгаж, тариа хийгээд сумын эмнэлэг рүү намайг аваад явсан... гэх мэдүүлэг /1хх-52-55 тал/,

Гэрч А.Б-ийн өгсөн:...Баян-Агт сумын төвөөс хөдөө гэрлүүгээ гарах гэж байтал С ийн эхнэр болох Н  надруу залгаад архи аваад ирээрэй гэж утсаар ярихад нь С  хүнсний дэлгүүр ороод “Хараа” нэртэй 0.75 литрийн архи аваад ирсэн. Тэгээд манай эхнэр Б , С , М  бид дөрөв С ийн гэр лүү явсан. С ийнд ортол С  түүний эхнэр болох Н  нар байсан. М  гэр лүү нь ороод шууд унтсан. С , Н , Б , С  бид нар С ын авсан “Хараа нэртэй 0.75 литрийн архийг хувааж ууж дуусгачихаад би газар унтсан. Манай эхнэр намайг дуудаж сэрээхэд сумын түргэний эмч нар ирээд С ад оёдол тавьж байсан. ... гэх мэдүүлэг /1хх-56 тал/,

Гэрч П.Б гийн өгсөн: “...С  гэх айлд ороход эхнэр Н гийн хамт хоёулаа байсан. Хүнсний дэлгүүрээс авсан “Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 0.5 литрийн нэг шил архинуудаа С , түүний эхнэр Н , манай нөхөр Б , С  бид тав уусан. Манай нөхөр Б  “Хараа нэртэй 0.75 литрийн архиа  ууж дуусгаад унтаад өгсөн. М  болохоор шууд унтаад өгсөн. Үлдсэн хоёр шил архийг С , Н , С  бид дөрөв хувааж ууж дуусгаад шөнийн 03 цаг болж байхад бид дөрөв унтсан. С  гэрийн баруун талын орон дээр унтсан. Н  хүн алчихсан байна ш дээ гэж хашгираад намайг дуудаж сэрээсэн, би босоод юу болчихвоо гэж асуутал С  унтаж байсан орон дээрээ цустайгаа хутгалдсан, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би хэн ингэсэн юм бэ? гэж асуутал Н  мэдэхгүй байна, би гэрийн хаалга саваад хаах чимээ гарахад сэрсэн, С  байхаа хаалга тас гэж дуугарсан гэсэн. Би нөхрийгөө дуудаж сэрээгээд сумын түргэнд үүрийн 05 цаг 10 минутанд дуудлага өгсөн …сумын түргэний эмч нар 06 цагт ирсэн гэх мэдүүлэг /1хх-57-58 тал/,

Гэрч Д.Б  ын өгсөн: “...Би өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С тай уулзаагүй. Харин намайг эхнэр Ө ын хамт сумын төвийн “Гоёл дэлгүүрийн гадаа явж байхад С  тааралдсан. Тухайн үед С , Б , Б  нартай хамт явж байсан. Тэгээд би найзтайгаа ойрд тааралдаагүй гээд манайд очиж пиво уухаар болсон. Тэгэхэд Б , Б  нар цуг явсан. Би дэлгүүрээс хоёр ширхэг 2.5 литрийн “Сэрүүн нэртэй пиво аваад Б-ийн машинтай манайх руу хөдөлсөн. Бид хэд 17 цаг өнгөрч байхад манай гэрт очоод авсан пивоо ууцгаасан. Пиво ууж байхад гаднаас М  орж ирсэн. Эхнэр хоол, цай хийж өгөөд хэсэг ярьж суугаад 23 цагийн үед пивоо ууж дуусцгаагаад С , Б , Б , М  нар манайхаас явахаар болсон. Тэгээд Б-ийн машинтай хөдөө гэрлүүгээ хөдөлсөн. Эхнэр бид хоёр гэртээ үлдсэн. ... гэх мэдүүлэг /1хх-59-60 тал/,

Гэрч Г.Ө ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг ажил дээр нөхөр Б  ын хамт байхад С  ахтай тааралдсан. Тухайн үед С  ах, С  ах, Б  эгч нартай хамт явж байсан. Тэгээд манай нөхөр С  ах, С  ах, Б  эгч бид хэд манайд очиж пиво уухаар болсон. Нөхөр дэлгүүрээс 2.5 литрийн “Сэрүүн нэртэй хоёр пиво аваад Б-ийн машинтай манайх руу хөдөлсөн. Бид хэд 17 цаг өнгөрч байхад манай гэрт очсон. Гэрт очоод би хоол цай хийж өгөөд дараа нь авсан пивоо ууцгаасан. Хөдөөнөөс М  гэдэг залуу мотоцикль эвдэрсэн цуг хөдөө гэр лүүгээ явна гээд М  манайд мөн орж ирсэн. Бид хэд хэсэг ярьж суугаад 23 цагийн үед нөгөө авсан 2 пивоо ууж дуусцгаагаад С , Б , Б , М  нар манайхаас явахаар болсон. Нөхөр бид хоёр гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг /1хх-61-62 тал/

Гэрч Б.М ын өгсөн: “...Тэгээд явсаар байгаад 23 цаг өнгөрч байхад бид хэд С  ахын гэрт очсон. Бид хэдийг С  ахын гэрт очиход С  ах эхнэртэйгээ хоёулаа байж байсан. Тэгээд бид хэдэд хоол цай өгсөн. С  ахынд ирснээс хойш **-** минутын дараа унтаад өгсөн. Намайг унтахын өмнө Б  эгч гаднаас дэлгүүрээс авсан хоёр шил архийг авч орж ирж харагдсан. Тэгэхэд нь би унтаад өгсөн. Тэгсэн намайг унтаж байхад хүн орилох шиг болохоор нь сэрсэн чинь С  ах гэрийн баруун талын орон дээр гэдсээ дараад цустайгаа холилдоод сууж байсан. С  ахын эхнэр Н  эгч С  ахын цусыг тогтоох гээд оролдож байсан. С  ах гэрт байхгүй байсан.  С  ах газар унтаж байсан, цуг Б  эгч сэрсэн. Тэгээд сумын эмнэлэг, цагдаа дуудахаар болсон. ... гэх мэдүүлэг /1хх-63-65 тал/,

Гэрч Ө.Н гийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад С , Б , М , Б    дөрөв ирэхээр нь цай хийж өгчихөөд хоол хийж өгөх гээд буузаа жигнэсэн. Дараа нь С  сая дэлгүүрээс архи авсан шүү гэж хэлээд мөнгийг нь өгөх юм уу, өгөхгүй юм уу гэж надад хэлэхэд Б  “Нямаа эгч өгөхгүй гэж байна” гээд тоглоомоор хэлээд бүгдээрээ инээлдсэн. Тэгээд С ын авчирсан “Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи, ”Ерөөл нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 0.5 литрийн нэг шил архийг Б , Б , С , С  бид 5 хувааж уусан. Харин М  манайд ирээд хоол, цай идэж уугаад архинаас ганц татаад аль эрт унтаад өгсөн. Авсан архинуудаа дуусангуут С  гэрийн зүүн талд унтаад өгсөн. Удаагүй бусад нь хөгжим тавьж жаахан бүжиглээд архи дуусахаар нь Б , Б  бид гурав унтсан. Тухайн үед бид хэд гэрийнхээ чийдэнг унтраалгүй унтацгаасан. Нэг мэдсэн чинь нойрон дунд гэрийн хаалгаар С  гадагшаа гараад гүйж харагдсан. Харин гэрийн баруун талын орон дээр С  хагас хэвтсэн байдалтай сууж байхаар нь яваад очтол биенээс нь цус гарч байсан. Тэгээд би унтаж байсан Б , М  нарыг сэрээж босгоод М аар сумын төвийн эмнэлэгт дуудлага өгүүлсэн. Манай хүү Б-ийнд хонож байсан, би хүү рүүгээ залгаад “С ын эхнэр болох Соёлоог аваад гэрт хүрээд ир гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-66-68 тал/,

Гэрч О.З ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнийн 05 цаг 10 минутад сумын эрүүл мэндийн төвд дуудлага ирсэн. Манай сувилагч Алимаа над руу залгаад “Шарга багаас хүмүүс хоорондоо зодолдоод нэгнийгээ юмаар цохиод цус гаргасан байна гэсэн дуудлага ирлээ гэж яриад жолоочид мэдэгдсэн байгаа, даруйхан дуудлаганд яваарай гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд сумын эрүүл мэндийн төв рүү орсон. Манай гэр эрүүл мэндийн төвийн хажуу талд нь байдаг. Эрүүл мэндийн төвийн дуудлагын **-** БУА улсын дугаартай пургон ирэхээр нь сумын цагдаа Т , эрүүл мэндийн төвийн бага эмч Д , жолооч П нарын хамт Баян-Агт сумын Шарга баг руу дуудлаганд явсан. Дуудлага өгсөн айлд шөнийн 06 цагт очоод гэрт ороход гэрийн баруун талын орон дээр гэрийн хана тал руу харсан байдалтай дээгүүрээ хөнжил нөмөрсөн эрэгтэй хүн хэвтэж байсан. “Яасан юу болсон бэ? гэж асуутал баруун орон дээр байгаа хүн хутгалуулсан гэж нэрийг нь мэдэхгүй **-** орчим насны эмэгтэй хүн хэлэхээр нь баруун талын орон дээр хөнжил нөмөрсөн хэвтэж байсан хүн дээр очиж хөнжлийг сөхтөл их бие болон баруун зүүн гар цусанд будагдсан, ухаан санаа нь бүдгэрсэн байдалтай хэвтэж байхаар нь биеийн хаана, хаана ямар гэмтэл байгааг шалгаж их цус алдаж байгаа газрыг нь олохоор биед нь үзлэг хийсэн. Тэгэхэд идэвхтэй цус алдаж байгаа газар байгаагүй шархнуудын цус тогтсон байхаар нь үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг үзтэл зах судасны лугшилт тэмтрэгдэхгүй, артерийн даралт мэдэгдэхгүй, биеийн дулаан алдагдаж, чичирсэн байсан. Тэгэхээр нь артерийн даралт, зүрхний үйл ажиллагаа, шингэн алдалтыг нөхөн, цус тогтоох зорилгоор эмчилгээ хийж, амин үзүүлэлтийг хэвийн болгож цус алдалтыг тогтоож шархны анхдагч цэгцэлгээ хийгээд үйлчлүүлэгчийг Баян-Агт сумын эрүүл мэндийн төвд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 20 минутанд авчирсан. ..." гэх мэдүүлэг /1хх-69-71 тал/,

Гэрч Э.Т ийн өгсөн: “...2020 оны 01 сарын **-**-нд шилжих шөнө 05 цаг 43 минутын үед залгахаар нь аваад ярьтал сумын эрүүл мэндийн төвөөс эмч Д  байна, Баян-Агт сумын Шарга багт хутганы хэрэг гарсан байна, хамт явах уу гэхээр нь цуг явья гэж хэлээд утсаа тасалсан. ...Дуудлага өгсөн айлд очоод эхлээд З , Д  эмч хоёр түрүүлж ороод ...их эмч З  хэвлий хэсэг, зүүн гарын бугалга, баруун гарын бугалганд хутгалсан байна гээд анхны тусламж үзүүлээд байж байсан. Тэгэхээр нь би С ийн хүүхэд болох Эрхэмбаярыг дагуулаад гэрээс гараад “С ыг хутгалсан хүн хаана байна, ямар хүн бэ?, хутгалсан хутга нь хаана байна гэж асуухад тэрээр “тухайн үед би гэртээ байгаагүй, хутгалсан хүн нь манай аав байгаа юм, хутгыг мэдэхгүй байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-74-76 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай: “1. Ц.С  нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд сэтгэцийн хувьд F70.1. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан, өөрийн үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд удирдан жолоодох чадвартай байсан, өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна

2. Ц.С  нь одоо сэтгэцийн хувьд F70.1. Оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. Ц.С  нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай.

3. Ц.С  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1хх-94-97 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1868 дугаартай: “1. О.С ын биед баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1хх-109-110 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар 04-ний өдрийн 788 дугаартай: “...Ц.С т гаргасан сэтгэцийн эмч нарын бүрэлдэхүүний 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.С  нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Уг эмгэг нь төрөлхийн Оюуны хөнгөн хомсдол эмгэг. Энэ эмгэг нь өвчний үе шатгүй Оюуны хөнгөн хомсдол эмгэг болно. Ц.С  нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн үр дагаварыг ойлгож мэдэх чадвартай байсан байна. Ц.С  нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байна. Одоо Ц.С  сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Одоо Ц.С  нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1хх-224-226 тал/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1156 дугаартай: 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №788 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт үндэслэлтэй байна. Оюун ухааны түвшин өөрчлөгдөөгүй болно. Оюуны хөнгөн хомсдол өвчний үед оюуны коэффициент 50%-69% байдаг. Оюуны ухааны түвшин тогтоох сорилд IQ=60%, IQ=57%-тай гэж байгаа хоёр үзүүлэлт нь хоёулаа оюуны хөнгөн хомсдол өвчнийг илтгэж байна. Сүүлийн сорилын үзүүлэлтэнд тухайн шинжлүүлэгчийн сорилд оролцох үеийн идэвхи, зан төрхийн өөрчлөлт болон сонсголын бэрхшээл зэрэг нь нөлөөлсөн байх боломжтой. Оюуны хөнгөн хомсдлын үед үндсэн эмнэл зүйн шинжээс гадна, шинж тэмдгийн уналт таталт, донгууд, солиорлын шинжүүд, зан төрхийн өөрчлөлт болон бусад сэтгэц эмгэгийн шинж тэмдгүүд дагалдан илэрч болно. Харин оюуны хөнгөн хомсдол өвчин нь төрөлхийн өвчин учир сэдэрч хүндэрдэггүй болно. Ц.С т гэмт хэрэг үйлдэх үедээ гэнэтийн цочролд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. Уур уцаартай болох, зөрүүдлэх, гадуур тэнэх, бусдын ятгалганд орох, архи уух, бусад хүмүүстэй таарамжгүй болох зэрэг шинжүүд нь зан төрхийн өөрчлөлтийн шинжүүд болно. Ц.С т илэрч байгаа зан төрхийн өөрчлөлт нь сэтгэцийн биеэ даасан өвчин биш бөгөөд зөвхөн оюуны хөнгөн хомсдол өвчнийг дагалдан илэрч байгаа сэтгэц эмгэгийн шинж юм” гэх дүгнэлт /2хх-18-23 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай:

  1. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1156 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Ц.С  нь “Ds:F70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
  3. Ц.С  нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  4. Ц.С  нь хэрэг үйл явдал болсноос хойш “Ds:F70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт” хэмээх сэтгэцийн эмгэгтэй хэвээр байна. Ц.С т хэрэг үйл явдал болсноос үүдэлтэй сэтгэцийн ямар сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлт нэмж илрээгүй байна.
  5. Ц.С ийн одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлох үзлэгийн үед Ц.С т “асуултанд хариулахгүй зөрүүдлэх, гөжүүдлэх байдлаар зан төрхийн өөрчлөлт”-ийн шинж тэмдэг илэрч байлаа.
  6. Ц.С  нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /2хх-94-98 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.С ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнө Б , Б , С , М  нар манайд ирсэн. Би гадаа гарч бие засчихаад гэрт орж ирэхэд ширээн дээр 2 шил архи байсан, нэг шил архийг нь задалсан. Н , Б , С , Б  тэр дөрөв хувааж ууж байсан. М  архи уугаагүй, хоол идээд газар унтаад өгсөн. Б , С , Б , Н  бид 5 хоёр шил архийг хувааж ууж дуусгасан. Би тасарсан байсан болохоор юу болсоныг сайн санахгүй байна. Би өөрийнхөө малын хашаан дотор унтаж байхад нэг цагдаа намайг сэрээгээд сумын төв рүү аваад явсан. Баян-Агт сумын төв ороод цагдаагийн хэсэг болон эмнэлэг дээр очиход С ыг хутгалсан юм байна гэдгээ мэдсэн. Шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгч П.Ган-Очир надад танилцуулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. О.С ад учирсан гэмтлийг би учруулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. ... гэх мэдүүлэг /1хх-132-133 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.С ын биед биед баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.С ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.С  нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хутга хэрэглэх нь хүний биеийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.С ийн хохирогч О.С ын биед гэмтэл учруулахдаа ашигласан нийт 15.7 см урт, ажлын хэсгийн урт 7 см, ажлын хэсгийн өргөн 2 см хэмжээтэй, хар хүрэн иштэй эвхэгддэг хутга нь Эрүүгийн хуулинд заасан тайлбараар хүйтэн зэвсэгт хамаарна.

Иймд шүүгдэгч Ц.С ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.С ийг 2020 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнө Булган аймгийн ... ийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.С ыг хутгалж, түүний эрүүл мэндэд баруун бугалга, зүүн шуу, цээжинд шарх, мөрний тараагуур судасны цоорол, шууны мэдрэл, мөрний хураагуур судасны тасрал, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.С ийн гэм буруутай үйлдлийн улмаас О.С ын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шүүгдэгч Ц.С  нь эмчилгээний төлбөрт 500000 төгрөгийг хохирогч О.С ад төлснөөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.С ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:

Шүүгдэгч Ц.С ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн Сэтгэцийн эрүүл, мэндийн төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 788, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өприйн 1156, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай 3-7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүд нь хуулийн шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтэд юу юу тусгасан байх ёстойг тодорхой зааж өгсөн байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-9 хүртлэх заалтад 9 зүйлийг шинжээч дүгнэлтдээ тодорхой зааж өгөөхөөр тусгасан байдаг. 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан шинжээчдийн мэдээлэлгүй дүгнэлт гарсан. Шинжээч нь ямар тусгай мэдлэг боловсролтой, хэдэн жил ажилласан, ямар хүмүүс дүгнэлт гаргасан талаар огт тусгаж өгдөггүй. Мөн шүүх 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай дүгнэлтийг гаргасан 7 шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримтын хуулбар хувийг хэрэгт хавсаргасан байх тул эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул шүүгдэгч Ц.С ийн сэтгэцийн эрүүл мэндийн талаарх дээрх дүгнэлтүүдийг үнэлэх боломжгүй юм гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байх боловч Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээчийн 89, 788, 1156, 177 дугаартай дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, өмнөх дүгнэлтүүдийг үгүйсгээгүй, шүүгдэгч Ц.С  нь “....DS:70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна..., ....Ц.С  нь одоо хэрэгт хариуцах чадвартай байна...”  гэсэн байх тул түүний хэрэг хариуцах чадварт эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 1хх-118, 120, 123-124 дүгээр талд авагдсан түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, малын “А” дансны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С  нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............... амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.С ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлөгдөж хор уршиг арилсанаар хохирогч санал гомдолгүй байгаа байдал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу 3 жил, 5 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С ийн цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхэгддэг, нийт урт нь 15.7 см, ажлын хэсгийн урт 7 см, ажлын хэсгийн өргөн 2 см, хар хүрэн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ц-ын С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.С ийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С т оногдуулсан 3 /гурав/ жил, 5/ тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С ийн цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.

6. Шүүгдэгч Ц.С  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвхэгддэг, нийт урт нь 15.7 см, ажлын хэсгийн урт 7 см, ажлын хэсгийн өргөн 2 см, хар хүрэн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД     

                ШҮҮГЧИД                             Д.ОТГОНБААТАР

                                                   Э.ЭНЭРЭЛ