Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1202

 

Э.Аззаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Аззаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ойн бирж ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Аззаяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Аззаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биө 2014 оноос хойш Ойн бирж ХХК-д нефть хангамжийн операторчноор /бензин түгээгч/-ээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  халагдсан. Ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй.  Би өмнө нь ажлын байранд унтсан гэж арга хэмжээ авагдснаас өөрөөр сахилгын арга хэмжээ авагдаагүй. Гэтэл удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халлаа. Ажилд эгүүлэн тогтоолгох  шаардлага гаргасан ч энэ шаардлагаасаа татгалзаж байна. Буцаж орлоо гэхэд эрхлэгч болон бусад хүмүүс ахиад л намайг хавчиж шахах болно. Харин  2016 оны 10 дугаар сарын 11-ээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар  цалин, урамшууллыг тооцон гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Аззаяа нь ажиллаж байх хугацаандаа  орлого дутах, ажлын цагаар унтах, ажил таслах, эрхлэгчээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, үйлчлүүлэгч болон хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцах зэргээр алдаа доголдол гаргаж байсан. Тухай бүрт сануулж, анхааруулж, сахилгын арга хэмжээ авч, өөрийн хүсэлт гуйлтыг харгалзан ажлын байрыг нь хоёр ч удаа өөрчилсөн. Хамт олны хурлаар Э.Аззаяад анхааруулсан боловч дутагдлаа хүлээхгүй байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй тухай гомдлыг байгууллагын захиргаанд хүргүүлсэн. Дээрх гомдлын дагуу компанийн зохих ажилтан шалгасны дагуу зан харилцааны дутагдлаа засахыг дахин өөрт нь байгууллагын ерөнхий менежерээс анхааруулан хэлсэн ба Э.Аззаяагийн болон ээжийнх нь хүсэлт, гуйлтыг мөн л харгалзан үзэж, ажлын байрыг нь өөрчлөхөөр түр түдгэлзүүлээд байсан. Гэтэл дахин зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Аззаяа Ойн бирж ХХК-ийн нефть хангамжийн операторчин /бензин түгээгч/-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ойн бирж ХХК-иас 3 100 533 төгрөг гаргуулж, Э.Аззаяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогч Ойн бирж ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Аззаяа улсын тэмдзгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Ойн бирж ХХК-иас 64.558 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлахаар заасан.  Хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтаар тогтоогдсон удаа дараагийн үйлдэлд нь тухайн ажилтанд зохих арга хэмжээг байгууллагын зүгээс авах гэж байх хугацаанд нэхэмжлэгч дахин сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан тул байгууллагын санаачлагаар ажлаас нь чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй юм. Э.Аззаяа нь өмнө нь ажлын байранд унтсан гэж арга хэмжээ авагдсанаас өөрөөр сахилгын шийтгэл авагдаагүй гэж үйл явдлыг дутуу үнэлсэн. Гэтэл Э.Аззаяа нь хамт ажилладаг Одмааг зодож, эрх чөлөөнд нь халдсан ба дүүргийн Цагдаагийн хэлтэст Одмаагийн гомдлоор шалгах явцад хоорондоо эвлэрч, Э.Аззаяа нь уучлал гуйснаар дүүргийн прокурорын 2016.10.18-ны өдрийн 6441 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Э.Аззаяад захиргааны хариуцлага хүлээлгэсэн үйл баримтад байгууллагын зүгээс давхардуулж арга хэмжээ авалгүйгээр өөрт нь анхааруулсан, мөн удаа дараагийн гаргасан зөрчилд нь хамт ажиллагсад, салбарын эрхлэгчээс сахилгын арга хэмжээ авахуулахаар ирүүлсний дагуу хариуцлага тооцох гэж байхад дахин хүн зодож зөрчил давтан үйлдсэн тул ажлаас нь чөлөөлсөн нь хуулийн бүрэн үндэслэлтэй.  

Дээрхи үйл баримт, зөрчлийн талаархи давтан үйлдлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримт, эрхлэгч Д.Батцэцэг болон түгээгч М.Одмаа нарын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч Э.Аззаяагийн тайлбар зэргээс тодорхой нотлогдсоор байхад гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр  буруу дүгнэсэн.

Э.Аззаяагийн зан харилцааны доголдол, үйлчлүүлэгч,хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцах, яс үндсээр нь доромжлоод зогсохгүй хүний эрх чөлөөнд халдсан гэсэн ёс суртахууны дутагдлын талаархи гомдол өмнө нь ажиллаж байсан ШТС-ын эрхлэгч, хамт ажиллагсадаас байгууллагын захиргаанд ирдэг байсан. Тухай бүр өөрт нь анхааруулж, өөрийн нь хүсэлтийг харгалзан ажлын байрыг 2 ч удаа сольж ажлуулж байсан. Нэхэмжлэгчийн удаа дараа гаргаж байсан зөрчил, хамт ажиллагсадаас нь ирүүлсэн санал гомдлыг судлан хянаж арга хэмжээ авч амжаагүй байхад дахин зөрчил гаргасан нь ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсныг шүүх үнэлсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Э.Аззаяа нь хариуцагч Ойн бирж ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.

 

Э.Аззаяа нь Ойн бирж ХХК-ийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01/79 дүгээр тушаалаар нефть хангамжийн операторчины ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/303 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.  /хх-ийн 14, 16/

 

Хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/28 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Аззаяаг ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа унтсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нь Э.Аззаяаг хамт ажиллагсадаа зодож, удаа дараа зөрчил гаргаж байсан гэх боловч энэ байдлыг нотлогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд Э.Аззаяагийн гаргасан гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан баримтгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүйг  ойлгоно. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 7.7-т заасан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан болох нь хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Ажлын байран дээр хэрүүл зодоон үүсгэсэн гэх боловч хувийн харилцаанаас үүссэн зөрчил нь хөдөлмөрийн харилцаатай хэрхэн уялдаж байгаа нь тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан хэдий ч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталсныг буруутгах боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Ойн бирж ХХК-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

           ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

                                                                                  Ш.ОЮУНХАНД