Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0596

 

                                                      

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр     Дугаар 101/ШШ2016/00596          Улаанбаатар  хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 111 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, ЧД:80011204 тоот регистрийн дугаартай Баян овогт Эрдэнэбилэгийн Аззаяагийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам гудамж, Тэс төвд байрлах Ойн бирж ХХК-д холбогдох        

 

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Аззаяа, хариуцагч Ойн бирж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, гэрч Д.Батцэцэг, М.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оноос хойш Ойн бирж ХХК-д нефть хангамжийн операторчноор /бензин түгээгч/-ээр ажилласан бөгөөд тус компанийн ШТС 1, ШТС 40, ШТС 16 салбарт ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэнэт хууль бусаар ажлаасаа халагдсан. Би ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл тус компаниас Хөдөлмөрийн тухай  хууль болон Ойн бирж ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, ажлаас халсанд маш их гомдолтой байна. ШТС 16-ын эрхлэгч нь надтай хамт ажиллаж байсан бусад хүмүүсийн үгэнд орж, намайг илт гадуурхаж, шахаж, улмаар хийгээгүй үйлдлийг хийсэн болгож компанийн удирдлагад мэдэгдэж, дээрх тушаал гарсан ба тойрох хуудас болон тушаалаа 2016 оны 10 дугаар сарын10-нд авсан. Би өмнө нь ажлын байранд унтсан гэж арга хэмжээ авагдснаас өөрөөр сахилгын арга хэмжээ авагдаагүй. Гэтэл удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халсан. 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ээлжийн ахлагчийн цалин 50.000 төгрөгөөр нэмэгдэх байсан. Тэр үеэс эхлэн тэд намайг гадуурхаж, надаас байнга өө хайж, хэрүүл гаргаж байсан. Уг ШТС-д ажиллаж байсан ажилчдаас би ганцаараа зан харьцааны доголдолтой, болдоггүй мэтээр ярьж байгаа боловч бусад ажилчид өөрсдөө хэрүүл маргаан үүсгэдэг, бусдыг хэл амаар доромжилдог тэр битгий хэл Э.Шуурганхүү нь ажлын байранд олон удаа архи уудаг байсан ба би харсан юмаа үнэнээр нь хэлэхээр надад өширхөж, улмаар М.Одмаа, ээлжийн ахлагч Д.Батцэцэг нартай нийлж намайг шахаж, буруутгах болсон. Нэг өдөр намайг ажилд ирэхэд бензиний хувийн жин үздэг багаж хагарсан байсан ба түүнийг хэний ээлжин дээр хэн хагалсан талаар маргасан. Энэ маргаанд бүгд оролцож, бүгдээрээ л буруутай байсан. Гэтэл зөвхөн намайг буруутгаж намайг ааштай зантай гэж хэлж, өөр болоогүй асуудлыг нэмэж, удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Миний бие ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна. Буцаж орлоо гэхэд эрхлэгч болон бусад хүмүүс ахиад л намайг хавчиж шахах болно, иймд эргэж орохгүй. Харин ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 10 дугаар сарын 11-нээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар үндсэн цалин болон урамшууллыг тооцон гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Ойн бирж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Аззаяа нь тус компанийн шатахуун түгээх станцад 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нефть хангамжийн операторчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус компани хэд хэдэн салбартай бөгөөд Э.Аззаяа ШТС 1, ШТС 40, ШТС 16 дугаар салбарт тус тус ажиллаж ирсэн. Энэ хугацаанд орлого дутах, ажлын цагаар унтах, ажил таслах, эрхлэгчээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, үйлчлүүлэгч болон хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцах зэргээр алдаа доголдол гаргаж байсан ба эдгээрийг өөрт нь тухай бүрт сануулж, анхааруулж, сахилгын арга хэмжээ авч, өөрийн хүсэлт гуйлтыг харгалзан ажлын байрыг нь хоёр ч удаа өөрчилж байсан. Э.Аззаяа нь дээрх сануулга, анхааруулгыг үл ойшоон өөрийн ёс суртахууны болон харилцааны дутагдлаа засахын оронд энэхүү зөрчлөө давтан гаргаж хамт ажилладаг М.Одмааг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зодсон төдийгүй, сүүлд ажиллаж байсан ШТС16-ын хамт ажиллагсдыг хэл амаар доромжилж, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг удаа дараа гаргасан бөгөөд энэ тухай ШТС-ын эрхлэгч, ажиллагсдаас хамт олны хурлаараа өөрт нь анхааруулсан боловч дутагдлаа хүлээхгүй байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй тухай гомдлыг байгууллагын захиргаанд хүргүүлсэн болно. Дээрх гомдлын дагуу компанийн зохих ажилтан шалгасны дагуу зан харилцааны дутагдлаа засахыг дахин өөрт нь байгууллагын ерөнхий менежерээс анхааруулан хэлсэн ба Э.Аззаяагийн болон ээжийнх нь хүсэлт, гуйлтыг мөн л харгалзан үзэж, ажлын байрыг нь өөрчлөхөөр түр түдгэлзүүлээд байсан. Гэтэл эдгээрийг үл ойшоон ажлын байрандаа очиж ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан н.Нямааг мөн л зодож сахилгын зөрчлийг давтан үйлдсэн тул хуульд зааснаар ажил олгогчийн санаачлагаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... ямар нэг зөрчил гаргаж байгаагүй...” гэсэн байна. Энэ нь бодит байдалд нийцэхгүй ба үндэслэлгүйгээр бусдыг буруутгасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Аззаяа хариуцагч Ойн бирж ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

    Э.Аззаяа 2014 оны 09 дүгээр сарын 17-ноос эхлэн нефть хангамжийн операторчнаар /бензин түгээгч/-ээр ажилд орж, тус компанийн ШТС 1, ШТС 40, ШТС 16 дугаар салбарт тус тус ажиллаж ирсэн байх ба Э.Аззаяаг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/303 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус компанийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/303 тоот тушаалаар тогтоогдож байна.                                      

                

 

         Э.Аззаяа нь Ойн бирж ХХК-ийн захирлын “Ажлаас халах тухай” 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/303 тоот тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, тус дүүргийн шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 10-нд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т… Ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалттай нийцэж байна.

 

          Ойн бирж ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/303 тоот тушаалд… Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажилтан Э.Аззаяаг сахилгын зөрчил давтан гаргасан /үйлчлүүлэгчдээс удаа дараа зан харилцааны талаар гомдол гарсан/ гэж дүгнэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ.

 

          Нэхэмжлэгч Э.Аззаяа нь ШТС 16-д ажиллаж байхдаа ажлын байранд унтсан гэж арга хэмжээ авагдснаас өөрөөр сахилгын арга хэмжээ авагдаагүй, хамт ажиллаж байсан хүмүүс эрхлэгчтэй нийлж намайг хэл амаар доромжилж, М.Одмаа намайг цохиж авахад нь нэг удаа цохиж аль аль нь буруутай байхад зөвхөн намайг буруутгаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж маргаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад уг шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

          Харин хариуцагч тал Э.Аззаяаг ажиллаж байх хугацаандаа орлого дутаах, ажлын цагаар унтах, ажил таслах, эрхлэгчээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, үйлчлүүлэгч болон хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцах зэргээр алдаа доголдол гаргаж байсан, эдгээрийг өөрт нь тухай бүрт сануулж, анхааруулж, сахилгын арга хэмжээ авч, өөрийн хүсэлт гуйлтыг харгалзан ажлын байрыг нь хоёр ч удаа өөрчилж байсан боловч ёс суртахууны болон харьцааны дутагдлаа засахын оронд энэхүү зөрчлөө давтан гаргасан тул гомдлыг байгууллагын захиргаанд хүргүүлж, хуульд зааснаар ажил олгогчийн санаачлагаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

  

      Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т… Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой  зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлахаар заажээ.

  

           Э.Аззаяаг 2016 оны 02 дугаар сарын 13-ны шөнө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд унтсан гэж тус компанийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/28 тоот тушаалаар 50.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.

 

Түүнчлэн Э.Аззаяаг ажиллаж байх хугацаандаа хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцаж, хамт ажилладаг М.Одмааг зодсон боловч тэрээр гомдол саналгүй гэснээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, гэвч дээрх дутагдлыг давтан гаргасан нь ажлаас халагдах үндэслэл болсон гэж тайлбарлаж байна.

 

Тус компанийн ШТС 16 дугаар салбарын нэг ээлжинд гарч байсан ажилчид хувийн харьцаанаас үүдэн хоорондоо муудалцаж, харилцан бие биенээ цохисон байх ба ажлын байранд маргаан үүсгэж бусдыг зодсон гэх Э.Аззаяагийн үйлдлийг зөвтгөхгүй боловч хэрэгт цугларсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд ажлын байранд хамт ажиллаж байгаа хүмүүс яагаад юунаас болж маргаан үүсгэж, хэрүүл гаргасан талаар учрыг олохын оронд салбарын эрхлэгч өөрөө нэг талд нь орж, хэрүүл маргаанд оролцсон, бусадтай нийлж намайг хавчиж, түүнчлэн хэн хэнийх нь буруу байхад зөвхөн нэг талыг барьж буруутган, намайг компанид мэдэгдэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой гэх нэхэмжлэгч Э.Аззаяагийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан Э.Аззаяагийн ажилд орсон тушаал нь операторчин /бензин түгээгч/ байх ба зохигчдын шүүх хуралд тайлбарлаж байгаагаас үзэхэд түгээгч нарыг салбар хооронд шилжүүлэх, түгээгчээс ээлжийн ахлагч болгох, ээлжийн ахлагчаас түгээгч болгож тушаал бууруулахад компанийн зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Аззаяаг дээрх дутагдлыг гаргасны дараа тус салбарын эрхлэгч Д.Батцэцэг нь ээлжийн ахлагчийн ажлаас бууруулж, түгээгчээр ажиллуулж сахилгын шийтгэл оногдуулсан байхад дахин зөрчил гаргасан нь давтан зөрчил гэж үзэж ажлаас халсан гэж тайлбарлажээ.

 

Сахилгын шийтгэлийг оногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр үл биелүүлэх буюу зохистой биелүүлээгүй байх явдал бөгөөд шийтгэлийг оногдуулахдаа шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд нь эрх зүйн тодорхой акт гаргах боловч тус салбарын эрхлэгч нь Э.Аззаяагийн ажил албан тушаалыг бууруулж арга хэмжээ авах эрхтэй субъект биш гэж үзэж байна.

 

 Э.Аззаяаг зөрчил гаргасан гэж үзвэл салбарын эрхлэгч түүнийг баримтжуулан компанийн удирдлагад мэдэгдэж, түүний гаргасан зөрчилд ямар шийтгэл оногдуулахаа эрх бүхий этгээд шийдвэрлэх бөгөөд хэзээ ямар зөрчил гаргахад нь ямар шийтгэл оногдуулж байсан талаар баримт үгүй байгаагаас ажилтан оногдуулсан шийтгэлийн талаар гомдол гаргах эрхээ эдлэх нөхцөл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй ба хэрэгт авагдсан баримтаас харахад ажлын байранд бусадтай муудалцсан бусдыг зодсон нь хэзээ болсон үйл явдал, хэзээ арга хэмжээ аваад дараа нь дахин ямар зөрчил гаргаснаар давтан зөрчил болоод байгаа талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна .

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь салбарын эрхлэгч Д.Батцэцэг бусдад сахилгын арга хэмжээ авах эрхтэй, энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын  3.3-т зохицуулагдсан гэж тайлбарлаж байх боловч уг журмын 3.3-т…”Холбогдох дээд байгууллагаас гаргасан хууль тогтоол, компанийн шийдвэрийг ажилтнуудад мэдээлэх, хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулахад үйл ажиллагааг чиглүүлнэ” гэсэн заалт нь хамааралгүй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр ажил олгогч ажилтан Э.Аззаяаг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй үндэслэлгүй байх боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул татгалзлыг баталж шийдвэрлэв.

        

          Э.Аззаяагийн сарын үндсэн цалин түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж /2.105.100:3/=701.700 төгрөг байх ба ажлын 21.5 хоногт хувааж, нэг өдрийн цалин 32.637 төгрөгийг  2016 оны 10 дугаар сарын 06-наас шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017 оны 02 дугаар сарын 20 хүртэл 4 сар 9 хоногийн хугацаагаар тооцож /701.700х4сар/=2.806.800 төгрөг, /32.637х9хоног/=293.733 төгрөг, нийт /2.806.800+293.733/=3.100.533 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан Э.Аззаяад олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                   ТОГТООХ нь: