Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0051/З |
Дугаар | 004 |
Огноо | 2018-12-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 004
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: ХУДБХ
Гуравдагч этгээд: Р.Б
Б.Ц
“Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот автозогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот автозогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулах, өмгөөллийн хөлс 1,000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200, нийт 1,070.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”,
Гуравдагч этгээд Р.Бийн гаргасан бие даасан шаардлага: “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд Р.Б, гуравдагч этгээд Р.Бийн өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “... ХУД ҮХХБХ аас гаргаж өгч буй эд хөрөнгийн лавлагаагаар Ж.Б миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 75 дугаар байр 42 тоот зогсоолын схем зургийг давхцуулан гаргаж өгөөд байгаа схем зураг нь заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн акт гэж үзэхээс өөр аргагүй байх тул энэхүү акт нь илтэд миний өмчлөх эрхэд халдаж байгаа нь тодхон харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заажээ. Ингэхлээр миний өмчлөх эрхэнд халдаад байгаа илт хууль бус актыг хүчингүй болгуулах асуудал нь нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэж байна.
Иймд: 1.Миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 75 дугаар байр 42 тоотын 3 өрөө байрыг зоорийн машины зогсоолд байх 42 тоот авто машины зогсоолын хамт 2004 онд худалдан аваад маргаангүй зогсоолд машинаа тавьсан шударга эзэмшигч билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”. Сүүлийн үед “Бүүх” компанийн хариуцлагагүй ажиллагаа болон Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газрын хайнга ажиллагаанаас болж зогсоолын схем зургийн лавлагаагаар 42 тоот зогсоол дээр 40 тоот зогсоолыг давхцуулан гаргаж өгч байгаа нь миний үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхэнд ноцтой байдлаар халдаж байна гэж үзэн 42 тоот зогсоолыг миний эзэмшилд үлдээж 40 тоотын давхцалыг арилгуулахыг хүсэж байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох”. ХУД ҮХХБХ аас гарган өгч байгаа “Зогсоолын схем зураг нь миний эзэмшлийн 42 тоот зогсоол дээр Р.Бийн 40 тоот зогсоолыг давхцуулан гарган өгч байгаа нь” батлагдаж байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”. “Б” ХХК-ийн будлиантай хууль зүйн шаардлага хангаагүй баримтыг Хан-Уул дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар нь хариуцлагагүй хандаж ажилдаа хайнга хандсаны улмаас миний эзэмшлийн 42 тоот зогсоол дээр Р.Бийн эзэмшлийн 40 тоот зогсоолыг давхцуулан бүртгэж авсан явдал нь дээр дурдагдаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-т “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох”. ХУД ҮХХБХ ын хууль бус үйлдлээс болж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ үед өмгөөлөгч 1.000.000 төгрөгөөр хөлслөн авсан, Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн нийт 1.070.200 төгрөгийг ХУД ҮХХБХ аас нэхэмжилж байгаа нь дээр дурдагдаад байгаа хуулийн шаардлагыг хангаж байна.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т “.захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох”. Хан-Уул дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар нь хариуцлагагүй хандаж ажилдаа хайнга хандсаны улмаас миний эзэмшлийн 42 тоот зогсоол дээр Р.Бийн эзэмшлийн 40 тоот зогсоолыг давхцуулан бүртгэж авсан явдал нь энэхүү хуулийн шаардлагыг хангаж байх тул дээрх таван заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...”Б” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 75 дугаартай 48 айлын орон сууцны байрыг барьж ашиглалтанд оруулж 2005 онд тус газарт хандан орон сууц захиалагч тус бүрт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахаар хүсэлт гаргаж “Б” ХХК-ийн нэр дээр гарсан улсын бүртгэлийн Ү-2206005208 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хураалгасан байна. “Б” ХХК-иас ирүүлсэн жасгаалтад уг орон сууцны барилгыг 48 айл, 20 зогсоолтой байхаар тусгаж, түүнээс 7, 10, 15, 17, 18, 19, 21, 29, 30, 33. 34, 36. 40 42, 44. 45. 46, 47, 48, 49 тоот орон сууцны өмчлөгч нь автозогсоолтой байхаар тэмдэглэгдсэн байна. Жагсаалтад иргэн Ж.Бямбыг 42 тоот орон сууц, зогсоолын өмчлөгчөөр, Б.Цийг 7 тоот орон сууц, зогсоолын өмчлөгчөөр, Р.Б /иргэн Э.М анхны өмчлөгч/-ийг 40 тоот орон сууц, зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр тусгагдсан байна. Иргэн Ж.Б 42 тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-2206007011 дугаарт 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр анхны бүртгэлээр, иргэн Б.Цийн 7 тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-2 дугаарт 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр анхны бүртгэлээр иргэн Р.Бийн 40 тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-2 дугаарт 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр /иргэн Э.Мгийн өмчлөлд/ анхны бүртгэлээр тус тус бүртгэгдсэн байна. Хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Б” ХХК нь Ж.Б улсын бүртгэлийн Ү-2 дугаартай 40 тоот орон сууц, зогсоол, Р.Бийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай 42 тоот орон сууц, авто зогсоолын материалыг бүрдүүлж өгөхдөө зогсоолын схем зурагт дээрх 2 зогсоолыг давхардуулан тэмдэглэж олгосон байна. Харин иргэн Б.Цийн өмчлөлд бүртгэгдсэн Улсын бүртгэлийн Ү-2 дугаартай 7 тоот орон сууц, зогсоолын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 7 тоот нь дээрх 2 тооттой давхцаагүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй...” гэж заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээд нь нотлох баримтын үнэн зөвийг хариуцдаг. Улсын бүртгэгч нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргадаг бөгөөд ингэхдээ нотлох баримтын үнэн зөвийг иргэний хувийн болон эд хөрөнгийн хаягийн мэдээллээр шүүж давхацсан эсэхийг хянадаг. Харин зурган мэдээллийн давхцлыг хянах боломжгүй. Иймд дээрх 40, 42 тоот автозогсоолын өмчлөх эрхийн нотлох баримтыг иргэдэд өгөхдөө схем зурагт давхардуулан тэмдэглэж бүртгэл хийлгэсэн “Б” ХХК-ийг шүүх хуралд татан оролцуулж, тайлбар гаргуулах хүсэлттэй байна.” гэжээ.
Гуравдагч Р.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар, бие даасан шаардлагадаа: “2009 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө гудамж, 3 дугаар хороонд байрлах Ү-2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 75 дугаар байрны 40 тоот хаягтай орон сууцыг 40 тоот авто зогсоол (15 м.кв талбайтай)-ын хамт худалдан авч гэр бүл үр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Тус байрны зоорийн давхарт байрлах автозогсоол нь зүүн, баруун 2 хэсэгт хуваагдан байрладаг бөгөөд зүүн талын граж дахь байрыг анх ашиглалтанд ороход зогсоол худалдан авсан хүмүүсийн нэрс дотор хаалганы тоот, эзэмшигчийн нэр, гарын үсэг нь байдаггүй 2 зогсоол нэмэгдэж, гарч ирснээр гражийн даацыг хэтрүүлж, зарим зогсоол давхцаж үндсэн граж эзэмшигчдийн өмчлөх эрхийг зөрчих болсон. Ямар учраас үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 зогсоол гарч ирсэн учрыг олохоор үндсэн граж эзэмшигчид бид нэгдэн шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр тохиролцсон боловч зарим иргэдийн ажлын зав, мөнгөний асуудлаас болж хойшлогдсон. Гражийн ханан дээр граж эзэмшигчийн хаалганы тоотыг улаан будгаар тавьсан байдаг ба манай зогсоол гэхэд 40 тоот гэж анх тэмдэглэснээр одоог хүртэл байдаг. Гэтэл 7 тоот гэж байдаггүйг бүгд мэднэ. Б.Ц нь уг зогсоолыг бусдад түрээслүүлэн ашиг олоод зогсохгүй үндсэн граж эзэмшигч биднийг өөрийн эзэмшлийн зогсоол дээрээ машинаа байрлуулах гэхээр хэл амаар доромжилж, сүрдүүлэх бүр цаашлаад зодох зэргээр дарамтлан өмчлөх эрхэнд минь халдаж машиныг тавиулахгүй хохироож ирлээ. Би тус байрны сууц өмчлөгчдын холбооны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг, мөн граж эзэмшигчийн хувьд 42 тоотын Ж.Б, 46 тоотын Н.Угтахбаяр нарын хамт тус будлианы учрыг олохоор хөөцөлдөж байсан нь 7 тоотын Б.Цийн дургүйцлийг төрүүлж, иргэн миний орон гэрт орон орой үдшийн амралтын цагаар гэрийн үүдэнд гэр бүлийн минь өмнө намайг зодож танхайрсан. 42 тоот автозогсоол эзэмшигч Ж.Б нь ямар шалтгаанаар миний эзэмшдэг зогсоол дээр давхацсан, бусад граж эзэмшигчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр м.кв хэмжээг заасан байдаг атал 42 тоотын гэрчилгээнд талбайн хэмжээ бичээгүй байдаг. Мөн 7 тоотын Б.Ц болон 27 тоотын 2 зогсоол нь анхны худалдан авагчдын нэрсийн жагсаалтад байхгүй мөртлөө хэрхэн үл хөдлөхийн гэрчилгээтэй болж гражийн даацыг хэтрүүлсэн зэргийг нягталж өгнө үү. Нэхэмжлэгч Ж.Б эзэмшлийн гэх зогсоолын хэмжээ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдаагүй, маргаан бүхий 42 тоот зогсоол бодит байдал дээр бие даасан гуравдагч этгээд Б.Баттөмөр миний хууль ёсны 40 тоот зогсоол дээр давхцсан. Нэхэмжлэгч нь бүртгэлийн үйл ажиллагааг эсвэл барилга барьсан компанийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр миний өмчлөлийн зогсоолд өөрийн машинаа байнга тавьж өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иймд хариуцагчид маргаан бүхий зогсоолын 42 тоот гэсэн бүртгэлийн талбайн хэмжээг барилгын зургийн дагуу тогтоож, талбайн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тэмдэглэхийг даалгах бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Б миний өмчлөлийн 40 тоот зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан талбайд дахин хэмжилт хийж, хэмжээ болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нарийвчлалтайгаар дахин бүртгэхийг тус тус даалгаж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Р.Б нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлагаа тодруулахдаа: “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 7, 42 тоот автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Бямбаа овогтой Цэгмэд миний бие 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Б” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулж авах 07 дугаар гэрээ байгуулан, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо 75 дугаар байр 07 тоот орон сууцанд орж одоог хүртэл амьдарч, 07 тоот гражинд машинаа тавьж байна. Б.Ц миний бие “Б” ХХК-иас гаргаж өгсөн баримт, тус компанитай байгуулсан гэрээг үндэслэн 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү-2206007027 дугаарт Улсын бүртгэлд бүртгүүлэн 000158383 дугаар гэрчилгээ авч, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо, 75 дугаар байр 07 тоот, 64,5 м.кв орон сууц болон 13 м.кв талбайтай 07 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр эзэмшин амьдарч байна. Тус байрны доор байрлах миний эзэмшлийн 07 тоот зогсоол нь тус барилгыг барьсан “Б” ХХК нь надад хүлээлгэн өгөхдөө ханан дээр 42 гэсэн дугаар бүхий 13 м.кв автозогсоолыг тухайн компанийн борлуулалт хуваарилалт хариуцаж байсан хүмүүс хүлээлгэн өгсөн. Уг автозогсоол нь Улсын бүртгэлд анх бүртгэхдээ “Б” ХХК болон Б.Ц нарын харилцан тохиролцон худалдсан, худалдан авсан авто зогсоолыг 07 дугаар зогсоолоор схем зураглал хийж, надад хүлээлгэн өгч, Улсын бүртгэлд бүртгүүлэн Б.Ц миний өмчлөлд шилжүүлсэн. Харин гражийн ханан дээр байгаа 42 тоо нь Улсын бүртгэлд ямар нэгэн хамааралгүй зүйл бөгөөд зүгээр нэг бичсэн тоо юм. Дээрх тоог үндэслэн миний өмчлөлийн автозогсоолыг булаах гэж байгаа үйлдлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Б нь “Б” ХХК-тай харилцан тохиролцож зураглал хийж, схемийн дагуу 42 тоот автозогсоолыг хүлээн авсан бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Ж.Б 42 тоот гражийн ханан дээр 5 гэсэн тоот байдаг боловч энэ тоо нь мөн л Улсын бүртгэл хамааралгүй тоо юм. Нэхэмжлэгч Ж.Б болон гуравдагч этгээд Р.Б нарт гражийн зогсоолын талаар маргаан үүсч байх үед буюу 2015 оны 06 дугаар сард Б.Ц миний Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан байсан, схем зураглалын лавлагааг өөрийн орон сууц, автозогсоолын Ү-2 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хамт үзүүлэн тайлбарлаж байсан болно. Уг гражинд автомашин байрлуулахдаа “Б” ХХК-ийн гаргаж өгсөн план зургийн дагуу авто зогсоол эзэмшигч нар хуваарьт зогсоол дээрээ зургийн дагуу байрлуулахад даацын 2 багана саад болдог учраас автозогсоол эзэмшигч нар хоорондоо зохицох байдлаар авто машинаа байрлуулсаар ирсэн. Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо 75 дугаар байрны 07 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Б.Ц миний бие учир нэхэмжлэгч Ж.Б гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бас ХУДБХт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот автозогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот автозогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулах, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200, нийт 1,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл;
гуравдагч этгээд Р.Бөөс ХУДБХт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах” бие даасан шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно…” гэж зааснаар гуравдагч этгээд Б.Цийн шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлт, иргэдийн төлөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гуравдагч этгээд “Б” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаартай 48 айлын орон сууцны барилгыг барьж 2005 онд ашиглалтад оруулж, улмаар орон сууц болон автозогсоол бариулах захиалга өгч, гэрээ байгуулсан оршин суугчдын нэр дээр орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай хүсэлт, орон сууц, автозогсоол авсан иргэдийн нэрсийн жагсаалт, тус бүрийн план зургуудыг ХУДБХт хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 75 дугаар байр, 2-5-42 тоот орон сууцыг өмчлөхийг хүссэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай мэдүүлэг гаргаж, тус мэдүүлэгтээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Б” ХХК-тай байгуулсан 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар “Орон сууц захиалгаар бариулж авах гэрээ”, тухайн байрны схем, автозогсоолд автомашин байрлуулах тойм зураг, “Б” ХХК-ийн үл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээ болон холбогдох бусад баримтуудыг хавсарган өгснийдагуу 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байр, 42 тоот орон сууцыг 42 тоот автозогсоолын өмчлөх эрхийг Ж.Б, А.Энхбилэг, Б.Байгалмаа, Б.Пүрэвдорж, Б.Байгалсүрэн нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж, 0 дугаар гэрчилгээг;
гуравдагч этгээд Б.Ц нь 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байрны 7 тоот орон сууц, 7 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, тус мэдүүлэгтээ төлбөр төлсөн баримт, 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар “орон сууц захиалгаар бариулж авах гэрээ”, “Б” ХХК-ийн гаргасан төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт болон холбогдох бусад баримтуудыг хавсарган өгснийдагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Цийг улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж, 0 дугаар гэрчилгээг;
иргэн Э.М нь 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байрны 40 тоот орон сууц, 40 тоот автозогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, тус мэдүүлэгтээ төлбөр төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл болон холбогдох бусад баримтуудыг хавсарган өгснийдагуу үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж, 0 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг;
гуравдагч этгээд иргэн Р.Б, иргэн С.Д нар нь Э.Мтай 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот 75.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 15 м.кв талбайтай автозогсоол /гараж/-ыг худалдан авч, иргэн С.Дгөөс 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байрны 40 тоот орон сууц, 40 тоот автозогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж хамтран өмчлөгчөөр Р.Б, Б.Жавхлан нарыг тодорхойлсон байх бөгөөд тус мэдүүлэгтээ төлбөр төлсөн баримт, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, Э.Мгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000217150 дугаар гэрчилгээ болон холбогдох бусад баримтуудыг хавсарган өгснийдагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байрны 40 тоот орон сууц, 40 тоот автозогсоолын өмчлөгчөөр С.Дэлгэрсайхан, Р.Б нарыг улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээг тус тус олгожээ.
1. “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот автозогсоолыг өөрийн эзэмшилд үлдээлгэх, 40 тоот автозогсоолын давхцалыг арилгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Б” ХХК-иас шүүхэд ирүүлсэн зоорийн давхрын план зургаас үзвэл зогсоолын маргаан бүхий хэсэгт 36, 42, 7, 46 тоот бүхий 4 машин байрлуулахаар байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн план зургаар 36 7, 42, 40, 46 тоот бүхий 5 машин байрлуулахаар болгон 1 машины зогсоол нэмж зурсан бөгөөд энэ нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” /БНбд 30.01.04/-ийн 6.33, “Авто зогсоол” /MNS 5342:2007/-ийн 4.5, 4.7 дахь заалтуудыг хангахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
“Б” ХХК Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах маргаан бүхий байршилд 5 машин байрлуулахаар болгон план зураг үйлдэн иргэн Ж.Б өмчлөлд бүртгэгдсэн 42 тоот авто зогсоолын байршилтай давхцуулан тэмдэглэж улсын бүртгэлийн байгууллага руу хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн байгууллага иргэн Ж.Б өмчлөлийн 42 тоот авто зогсоолыг 2005 оны 08 дугаар сарын 17-ны бүртгэсэн атлаа тухайн байрлал дээр давхцуулан “Б” ХХК-иас үйлдсэн план зурагт үндэслэн иргэн Э.Мгийн өмчлөлд бүртгэгдсэн 40 тоот авто зогсоолыг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт тус тус заасан бүртгэл үнэн зөв байх зарчим, мэдүүлэгт дурдсан эрх урьд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй бол дахин бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзах зохицуулалтыг зөрчсөн байна.
Дээрх байдлаар хариуцагч хууль зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 40 тоот автозогсоолын давхцалыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн Ү-2 дугаар бүртгэлээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 40 тоот 15 м.кв талбайтай автозогсоолд холбогдох бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. “Өмгөөллийн хөлс 1,000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, нийт 1,070.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ надад учирсан хохирол гэж тайлбарладаг бөгөөд дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны хууль бус актын улмаас өөрт шууд хохирол учирсан байх урьдчилсан нөхцөлийг хангах ёстой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгч авсан байх бөгөөд өмгөөлөгчид төлсөн 1,000.000 төгрөгийн хөлс нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол биш учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа заавал төлөх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Гуравдагч этгээд Р.Бийн гаргасан “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах” бие даасан шаардлагын тухайд:
Бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл “Б” ХХК нь Ж.Б улсын бүртгэлийн Ү-2 дугаартай 42 тоот орон сууц, 42 тоот автозогсоол, Р.Бийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай 40 тоот орон сууц, 40 тоот автозогсоолуудын материалыг бүрдүүлж өгөхдөө автозогсоолын схем зурагт дээрх 2 автозогсоолыг давхардуулан тэмдэглэсэн бөгөөд дээр дурдсанаар улсын бүртгэлийн байгууллага иргэн Ж.Б 42 тоот авто зогсоолыг бүртгэсний дараа 40 тоот автозогсоолыг иргэн Э.Мгийн нэр дээр давхцуулан бүртгэсэн болох нь тогтоогдсон.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэгч гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй ...” гэж зааснаар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээд нь нотлох баримтын үнэн зөвийг хариуцдаг.
“Б” ХХК-д борлуулагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Д.Лхагвасүрэнгийн “тухайн үедээ 5 зогсоолын дунд талын буюу одоо тоо нь арилсан гэх 40, 42 тоот автозогсоолын байрлалыг тэмдэглэсэн, 42 гэж дугаарласан байрлал дээр 7 тоот авто зогсоолын байрлалыг зөрүүлэн тэмдэглэсэн план зургийг үл хөдлөх бүртгэлийн байгууллага руу хүргүүлсэн буруутай байна. Тэмдэглэгээ хийсэн нь миний бичгийн хэв мөн” гэх мэдүүлэг, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э “... автозогсоолуудыг оршин суугчдад борлуулахдаа тэдний авсан орон сууцны дугаарыг ханан дээр нь бичсэн гэх боловч автозогсоолыг бүртгүүлэхдээ автозогсоолын байршлын план зургийг давхардуулан, зөрүүлснээ хүлээн зөвшөөрч, компанийн зүгээс автозогсоолуудын байршил, багтаамжийг дахин нягталж, зохицуулах боломжтой…” гэх тайлбар, зураг 40, 42 тоот автозогсоолуудын байршлыг давхцуулан план зургийг гаргасан болох нь нотлогдож байна.
Харин гуравдагч этгээд Б.Цийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-2206007207 дугаартай 7 тоот орон сууц, 7 тоот автозогсоолын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл 7 тоот автозогсоол нь 40, 42 тоот автозогсоолын байршил болон бүртгэлтэй давхцаагүй байна.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд захиргааны байгууллага хууль зөрчсөн эсэхийг хянадаг.
Гуравдагч этгээд Р.Б, түүний өмгөөлөгч Ч.Э нар шүүх хуралдаан дээр “Хууль ёсны өмчлөгч болоогүй этгээдийг хууль ёсны эзэмшигчийн хүсэлтийг эсрэг байр суурьтай байхад бүртгэсэн нь зөрчил. … Бид нэхэмжлэгчийг өмчлөгч биш гэж маргаагүй. … Шинээр жагсаалт гаргачихаад үүнийгээ бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн. ...План зургийг хуурамчаар хийсэн нь тогтоогдож байгаа. Хагас дутуу харандаагаар нэмж зурсан. ...” гэж мэтгэлцэж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтөлдөг бөгөөд дээр дурдсанаар захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийг хөтлөхдөө хууль зөрчсөн эсэхийг хянах учир гуравдагч этгээд Р.Б, түүний өмгөөлөгч нарын үндэслэл болгож байгаа Б.Цийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, “Б” ХХК-ийн гаргасан худалдан авагч нарын жагсаалт болон план зураг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан дүгнэлт өгч шийдвэрлэх асуудал биш юм.
Харин тухайн асуудлаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох байгууллага, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Иймд гуравдагч этгээд Р.Бийн гаргасан “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот автозогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот автозогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай бүртгэлээс 15 м.кв талбайтай 40 тоот автозогсоолыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, “өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, нийт 1,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Р.Бийн гаргасан “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б, гуравдагч этгээд Р.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
Л.ӨЛЗИЙЖАРГАЛ