Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0543/З |
Дугаар | 221/МА2023/0168 |
Огноо | 2023-03-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0168
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Нэхэмжлэгч: “И” ХХК
Хариуцагч: БГДТХТУБ Б.Б, Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “БГДТХТУБ Б.Б, Д.Э нарын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0851 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, хариуцагч Б.Б, Д.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0543/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас БГДТХТУБ Б.Б, Д.Э нарт холбогдуулан “БГДТХТУБ Б.Б, Д.Э нарын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0851 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д зааснаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0851 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
3.1. Манай байгууллага нь тус шүүхэд Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нарын актад гомдол гаргахдаа татварын хяналт шалгалт хийх журам зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны журам зөрчсөн, татварын тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ татварын улсын байцаагч нарын гаргасан зөрчил болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Учир нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/39 тоот тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журам”-д заасан үндэслэл, хэм хэмжээний хүрээнд шалгалтыг хийж гүйцэтгэх ёстой байсан боловч татварын актын хавсралтуудыг татвар төлөгчид танилцуулаагүй, газрын үсэг зуруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн хийсэн гэх үндэслэлүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон байхад татвар төлөгчид татварын актыг шуудангаар хүргүүлсэн гэх үндэслэлээр журам зөрчөөгүй гэх дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.3. Мөн манай байгууллага нь маргаан бүхий актаар тогтоогдсон татварыг төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй бөгөөд татвар ногдох орлогыг санхүүгийн бүртгэлд бүртгэж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон байхад татварын байцаагч нарын гаргасан акт нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Манай байгууллага тус орлоготой холбоотой татварыг зохих хууль, журмын дагуу төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү орлогын хэзээ хүлээн зөвшөөрөх, урьдчилж орсон орлого гэж бүртгэсэн нь үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн хувьд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр байх боломжгүй болгож байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
3. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Эрсдэлийн Удирдлагын газраас эрдэлд суурилсан хяналт шалгалт хийх 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2621902574 дүгээр хяналт шалгалт хийх томилолтын дагуу “И” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр НА-26210000102 тоот нөхөн ногдуулалтын актаар 155,444,476.46 төгрөгийн нөхөн татвар, 60,482,908.33 төгрөгийн торгууль, 51,322,116.35 төгрөгийн алданги, нийт 267,249,501.14 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3.1. Уг актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор маргаан бүхий акт болох татварын улсын байцаагч Б.Болормаа, Д.Энхцолмон нарын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-26210000102 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.
3.2. Улмаар нэхэмжлэгч “И” ХХК-иас маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргажээ.
3.3. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч компани нь 2018-2020 оны хооронд нийт 4,698,298,748.13 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан нь тогтоогдож байх тул ... 2018, 2019 оны зөрчилд нийт 67,997,852.20 төгрөгийн татвар ногдуулсан ..., 2020 оны дутуу тайлагнасан зөрчилд 90,939,792.60 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан ..., дээрх орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 155,444,476.46 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй ..., хуулийн хугацаанд төлөөгүй 60,482,908.33 төгрөгийн торгууль, 51,322,116.35 төгрөгийн алданги, нийт 267,249,501.14 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуульд нийцсэн ... хариуцагч нар нь хяналт шалгалтын журмыг баримталж ажилласан байна” гэж дүгнэн “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүх улсын байцаагч нарын гаргасан зөрчил болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... татвар төлөгчид татварын актыг шуудангаар хүргүүлсэн нь журам зөрчсөн ... улсын байцаагчаас урьдчилж орсон орлого гэж бүртгэсэн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй ...” гэжээ.
5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлоно”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлогод”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө”, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 73 дугаар зүйлийн 73.2-т “Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, Зөрчлийн тухай хуулийн 11 .19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
5.1. Хариуцагч улсын байцаагч нар нь “И” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхдээ нотлох баримтуудад үндэслэн зөрчил илрүүлж, хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан ажиллахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нөхөн ногдуулалтын акт тогтоосон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ”, 42.8-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно” гэж тус тус заасан.
6.1. Хариуцагч улсын байцаагч нараас нөхөн ногдуулалтын акттай танилцах талаар “И” ХХК-ийн удирдлагад мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
6.2. Түүнчлэн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэж хариуг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22/43 албан бичгээр гомдол гаргагчид хүргүүлсэн байхад “... өнөөдрийг хүртэл нөхөн ногдуулалтын актыг хараагүй, ямар үндэслэлээр торгууль, алданги тооцож байгааг мэдэхгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0851 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ