Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

иргэдийн төлөөлөгч А.Гантуяа,

шинжээч Ч.Буянзаяа,

гэрч Д.О , Н.Ө , Л.Э ,

хохирогч Ц.У , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Э.Ганбат,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С д холбогдох эрүүгийн 2115000000006 дугаартай, 163/2021/0063/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д.С, 1977 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ................. ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух хаягтай. Урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Сийг зэвсэг /сүх/ хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз Одбилэгийн гуйлтаар идэшний адуунд явна гэж найзтайгаа гэрээсээ гарсан. Эхнэрийн дүү Э болон Ө нар тэндээс гэдэг айлаас үхэр янзлаад аваад ирмээр байна. Та явах замдаа О ынх болон У-н гэрээр дайраад ирээрэй гэсэн. Тэгээд би дайрч очоод тэнд үхрийг нь төхөөрчихөөд А-ын болон С-ийн гэрт очоод тэнд архи ууцгаасан. Тэнд адууг төхөөрөхөд Э болон нар адууг унагааж өгсөн. Бид хэд адууг унагасны дараа очиж бөөндөө янзалсан. Тэгээд болон Э нар Эрдэнэт явсан. У тэй өмнө нь маргаж байгаагүй. Тэр үед би мэдрэлээ алдтал согтоогүй байсан. ирэхдээ согтуу байсан. Би мэдрэлээ алдтал уугаагүй байсан. Тэгээд жаахан маргалдахад ах, дүү 2 гарч учраа ол гээд гаргасан. Гараад явахдаа чихнээс бариад авах шиг болохоор нь цочоод эргэж хараад тохойлдоход харуулдаад унасан. А раас О-ыг гарч ирэхэд ухаан алдсан байсан гэсэн. Тэгээд “чи яаж байгаа юм бэ? ухаан алдчихсан байна ш дээ, юугаар цохисон юм бэ?” гэж байснаа тэнд сүх байхыг харснаа “сүхээр цохьчихож байгаа юм уу?” гэхээр нь би юу гэж сүхээр цохидог юм” гэж бид хоёр маргалдсан. Гэрээс хүмүүс гарч ирээд гэр лүү орсон. Миний санамсаргүй байдлаас болоод У д гэмтэл учирсан. Чи яах гээд байгаа юм бэ? гээд түлхэхдээ хүнд гэмтэл учруулсан нь миний буруу. Гэхдээ би сүхээр цохисноо хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үдээс хойш А-ынд адуу гаргаж өгсөн. Орой Э, Ө бид хэд Орхон аймаг орсон. Тэгээд буцаж А ын гэрт ирээд гар барилдаан хийж байхдаа С тэй маргалдсан чинь бид хоёрыг гарч учраа олцгоо гээд гарч яваад толгой руугаа юмаар цохиулсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Ухаан алдсан байсан. Эмнэлгийн зардал гээд бүх хохирлыг барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Буянзаяа өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчийн биед үүсээд байгаа хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх гээд байгаа энэ шарх нь дотроо гавлын хүнхрээ, яс цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал гэдэг нь гаднаас харагдах шарх, түүний дотор үүсч байгаа шарх гэж ойлгож болно. Энэ гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хохирогчийн энэхүү сорви нь зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх мөн. Томографикийн зураг дээр зүүн зулай ясны харалдаа байна. Тэрний дагуу гавлын яс дотогшоо цөмөрсөн байсан тул ясыг авах хагалгаанд орсон байсан. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн томографикийн зурагт зүүн талын зулай хэсэг бяцарсан хугаралтай, зүүн талын зулайн дэлбэнгийн тархины эд дарагдсан тэр хэсэгт няцрал үүссэн зоонууд байна гэж гарсан. Зүүн зулайн яс гэдэг нь томографикийн зургаар оношлогдсон. Би хүнээ үзээд дүгнэлт гаргасан. Сүүлд Ананд байцаагч надаас ирж мэдүүлэг авсан. Тэр үед гавлын ясны рентгэн зургийг бариад ирж байсан. Энэ зураг дээр тодорхой байна, энэ гэмтэл нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Томографикийн зураг дээр хэмжээг заагаагүй байсан. Зүүн талын зулай хэсэгт үүссэн гэмтэл нэг удаагийн хүчин зүйлээр үүссэн. Толгойн гавал яснаас жижиг хэлбэртэй зүйлээс үүссэн. Өвчний түүхэнд шархыг “толгойн зүүн орой хавдсан, язарсан шархтай, шархны ирмэг мэдэгдэнэ, баруун дух хавдсан байна” гэж бичсэн. Дараа нь клиникийн онош хэсэгт “толгойн зүүн орой хавдсан, язарсан 4 см орчим шархтай, шархны ирмэг тэгш, дух баруун тал овойж хавдсан гэж бичсэн байна”. Хүнийг тэнхлэгээр 4 хуваана. Хөндлөн тэнхлэгээр хуваасан  бол хөндлөн, босоо тэнхлэгээр хуваасан бол босоо гэдэг. Хохирогчийн шарх хөндлөн байна. Хохирогчийн шарх 4 см урттай, хоёр оёдол тавиулсан жижиг шарх байгаа. Цөмөрсөн, зууван дугуй хэлбэртэй нэг тал нь дотогшоогоо цөмөрч ороод гавлын хөндий рүү нэвтэрсэн хатуу хальсны шарх байсан. Яг сүхний ир буюу цавчих хэсгээр үүсгэгдсэн гэхэд хэцүү, харин сүхний толгой хэсэг болон бусад хэсгээр үүсгэгдэх боломжтой байна. Цавчигч багажны ирээр үүсгэгдсэн бол хэр иртэй, мохоо байснаас хамаараад үүсгэгдсэн зүйлийн хэлбэр дүрсийг хадгалж үлддэг, ялангуяа гавал ясны хугарал дээр. Хохирогчийн гавлын ясанд үүссэн гэмтэл гаднаасаа жижиг байсан ба зууван дугуй хэлбэртэй ч юм шиг шугаман хэлбэрийнх байсан, хязгаарлагдмал талбайтай, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хүчтэй цохих, унах үед үүсэх боломжтой...” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.О ын өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогчийн авга ах, шүүгдэгчтэй танилууд. Намайг дүүгийн араас гараад очтол дүү газар унасан байсан. Ойрхон сүх харагдахаар нь сүхээр цохисон гэж бодсон. Тэгээд байцаалт өгөхдөө тэгж хэлсэн. Тухайн үед дүүгээ “үхчихлээ” гэж бодоод шоконд ороод тийм зүйл хэлсэн. Сүхээр цохисон гэж Ж , С  нарыг араас гарч ирэхэд нь хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Ө ын өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхөд миний хэлсэн “Байшингийн ойролцоо сүх байгаагүй. Адуу гаргахад сүх хэрэглэсэн. Сүх байшингийн ойролцоо харагдаагүй. Манай нөхөр хэрэглэсэн болохоор тэнд байгаагүй” гэж хэлснийг мөрдөгч бичээгүй байснаас болж мөрдөгчтэй хэрэлдсэн. Тухайн өдөр А ынд бид хэд орой очсон. С адуу авах гэж Эрдэнэтээс ирсэн байсан. Бид хэдийг очиход зөндөө хүн байсан. манай нөхөртэй адууг төхөөрчихөөд Эрдэнэт рүү архинд явъя гээд Эрдэнэт явсан. Явж ирчихээд би хэсэг унтаад сэрэхэд “пааран дээр уначихлаа” гэсэн. Намайг сэрэхэд энэ хоёрыг маргасан гээд, эхнэр нь гарч учраа ол гээд гарсан байсан. Удалгүй У, С хоёр эвлэрсэн байсан. 3 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ харих гээд явсан. Биднийг явж байхад замд гол дотор машинаа зогсоосон байсан. Тэгээд өвөл болохоор оёдол тавиулсан нь дээр гээд хамт явсан. Тэгээд Эрдэнэтийн наад захад явж байхдаа С-ийн эхнэрийн ахад “У-ийг ингэчихлээ” гэж хэлсэн. Намайг сэрэхэд энэ хоёр маргалдаад байсан. Сүх бол байгаагүй. Адуу алсан сүх энд байх ёсгүй гээд сүүлд нь бид хэд маргалдсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Э өгсөн мэдүүлэгтээ: С тэй хамт хөдөө идшинд явсан. Би машин барьж байсан болохоор эрүүл байсан. Шөнө хохирогч агсам тавиад байсан ба тэнд байсан хүмүүс У , С хоёрыг гар гээд гаргасан. Гадаа гараад У-ийг уначихлаа гэхээр нь гарахад үүдэнд унасан байсан. Оруулж ирэхэд толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд орж ирээд бүгд архи уусан. Өглөө 5 цаг өнгөрч байхад Эрдэнэтэд орж ирсэн. Бид нарыг гэрээс гарахад хохирогчийн толгойн дээрээс нь цус гарсан байсан. Гэрт оруулж ирээд марль тавьж боогоод бүгд архи уусан. Асуудал болсны дараа 4-5 шил архи уусан. Эрдэнэтээс нийт 20 шил архи, 10 гаран пиво авч ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Д.С 2020 оны 12 дугаар сарын **-**-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт “Зүйлийн эх” гэх газарт Ц.У тэй маргалдаж энэ үедээ зэвсэг /сүх/ хэрэглэж түүний биед хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.С д 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Д.С хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг үгүйсгэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахдаа сүх хэрэглээгүй гэж мэтгэлцэж, ял шийтгэлийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Эрүүгийн 2115000000006 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын **-**-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт “Зүйлийн эх” гэх газарт Ц.У тэй маргалдаж зодолдох үедээ түүний толгой хэсэгт сүхээр цохиж иргэн Ц.У-ий биед хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал бүхий амь насанд аюултай хүнд, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн адаг” гэх газарт иргэн Б.А ын өвөлжөөнд байх саарал тоосгон байшинд болсон байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Хэргийн газрын үзлэгийн үеэр эд мөрийн баримтаар хурааж авсан лантуун сүхэнд үзлэг хийхээр тогтов. Тус сүх нь модон иштэй, модон ишний урт нь 62.5 см урт, сүхний ажлын хэсгийн урт 18 см байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7- 9 тал/,

Хохирогч Ц.У-ий өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би эхнэр Ж  болон нутгийн хүмүүстэй А ахынд очсон. Тэгээд орой адуу гаргасан. Адуу гаргахад С, А ах, Эрдэнэбаясгалан, түүний эхнэр Ө, манай найз Эмбээлэй, С-ийн найз нар байсан. Тэгээд тухайн үеийн болсон үйл явдлыг одоо сайн санахгүй байна. Одоо бодоход намайг А ахынхаас гарч байхад урд С ах явж байгаад үүдний таамбараас гарч байхад өөдөөс нэг юм ирээд толгой руу хүчтэй цохисон санагдаж байна. Хэн байсныг хараагүй гэхдээ урд С ах явж байсан. Тэгээд нэг мэдсэн би Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдсэн байсан. ...Толгойн гэмтлийн улмаас мартаж санаад байна. ...” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Гэрч Ц.Ж гийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын **-**-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад манай нөхөр У, С тай гар барилдаанаас болоод муудалцаж байх шиг байсан. Гэр дотроос У, С  ах хоёрыг би айлд муудалцлаа гадагшаа гарч учраа ол гээд гэрээс гаргасан. С ах, хоёр тэгье” гэж хэлээд гэрээс гарсан. Араас нь ах гарсан. Би нөгөө гурвыг гарснаас хойш удаагүй 5 орчим минутын дараа гэрээс гарч юу болж байгааг харахаар гарахад байшингийн тамбарын хаалганы урд шороон дээр толгойгоо барьчихсан, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. ах, С ах хоёр У-ийн цаана зогсчихсон ах С руу “чи лантуу сүхээр хүн алчихлаа шүү дээ” гээд дайрч уурлаж байсан. Би шууд дээр очоод А  ахын байшин руу оруулж цусыг нь тогтоох арга хэмжээ авахыг бодсон. У-ийн толгойн оройн зүүн хэсгээс цус гараад байсан. ухаан С бид хэдэд гайгүй болчихлоо, эмнэлэг явахгүй гээд байсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шууд У-ийг авчирч үзүүлээд хагалгаанд орох шаардлагатай гээд орой хагалгаанд орсон. ...” гэх мэдүүлэг /хх-18-20 тал/,

Гэрч Л.Б ын өгсөн: “...Манай эмнэлэгт нь өглөө хүлээн авахаар ирж үзүүлсэн. Тэгээд өдөр нь комьпютер зураг гарч үзэхэд У-ийн зүүн талын зулайн яс тархины эд рүү цөмөрч орсон гэмтэл байсан тул хагалгааны бэлтгэл хийж орой хагалгаанд орж тархи руу цөмөрсөн яснуудыг авч тархийг угааж цэвэрлэн ясны эрмэг тэгшилж, татан тороор нөхөх хагалгаа хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч Д.С гийн өгсөн: “...Цаад талд нь С ыг “чи яаж байгаа юм бэ?” гээд зогсож байсан. Тэгээд би Ж тай хамт У-ийг гэрт оруулсан. Ж бид хоёр У-ий цусыг тогтоох арга хэмжээ авсан. Тэгсэн “С ах аа та яаж байгаа юм бэ?” гэж асуухад С  “ахыгаа уучлаарай” гээд гарыг нь бариад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Гэрч Д.О ын өгсөн: “Сэрээд харсан чинь У , С хоёр нэг нэгэндээ томорч байгаа бололтой С У-ийг байшингаас гараад ир гэж хэлээд түрүүлээд гарсан. Хойноос нь гарах гээд босоод явахаар нь би гадаа зодоон болж магадгүй гээд зодоон болвол салгана гээд У-ийн яг хойноос гадаа гарсан. Миний урд явж байсан ба байшингийн үүдний тамбарын хаалгыг онгойлгоод яг довжоон дээр гартал У-ийн урдаас С сүхээр толгой руу нь нэг удаа цохиж харагдсан. Сүхээр толгойн оройн зулай хэсэг рүү цохих шиг харагдсан. цохиулаад шууд газарт унасан. ...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

Гэрч Б.А ын өгсөн: “...Намайг унтаж байхад манай гэрт У , С хоёр муудалцаад С , У-ийг байшингаас дагуулж авч гараад ийм болгочихлоо гээд Ж , Сарнай хоёр толгойг нь боож байсан санагдаж байна. Хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна би эргээд унтсан. ...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Гэрч П.Х ын өгсөн: “...Нэг мэдсэн У , С хоёр гадагшаа гарч байгаа бололтой харагдсан. Хойноос нь гарч яваа харагдсан. Тэгсэн гэнэт гаднаас Ж  орж ирээд “Заанааг цохичихлоо” гээд хэлсэн. Тэгээд байшингаас хүмүүс гарч Заанааг байшинд оруулж ирсэн. Заанаагийн толгойноос цус гараад тогтохгүй бид хэд сандралдсан. Энэ хооронд С рүү “чи Заанаагийн толгой руу сүхээр цохисон, би харсан” гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс нь С У-ийг өөрөө хойшоогоо унаад толгойгоо цохиод ийм болгочихсон гээд хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх34 тал/,

Гэрч Б.Б ийн өгсөн: “...Бид хэд А ахын гэрээс гарахад Заанаа байшингийн үүдэнд газарт хажуу талаараа хэвтчихсэн толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд бүгд сандарцгаагаад Заанааг бөөнөөрөө өргөж А ахын гэрт оруулсан. Гаднаас “Заанааг сүхэдчихлээ шүү дээ” гэж хэлээд орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

Гэрч Д.Т гийн өгсөн: “...Бид хэдийг гарахад үүдний гишгүүр дээр хэвтэж байсан. Цаана ньО , С хоёр зогсож байсан. ах С д “чи дүүг минь цохичихлоо” гэж хэлж байсан. ...Гэрт ороод У-ийн толгойноос цус гараад хүмүүс цусыг тогтоох гэж оролдож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 856 дугаартай: “Ц.У-ийн биед хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь шинэ ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнген зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-56-58 тал/, шүүгдэгч Д.С ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Тэгээд би түрүүлээд А ын байшингаас гараад, миний араас дагаж гарсан. Намайг байшингийн үүдний амбаараас түрүүлээд гарч байх үед миний хойноос зүүн шанаа руу самардсан. Тэгэхээр нь би зүүн тохойгоороо хүчтэй ширвэж У-ийн толгой хавьцаа хүрсэн. Тэгээд бид хоёр давхралдаж унасан. Унах явцад юм мөргөсөн бололтой “түг” гээд дуу гарсан. Намайг босоход толгойгоо бариад эргээд хэвтсэн. Намайг босч ирэхэд “яаж байнаа” гээд хүрч ирээд түлхэж унагаагаад А ын гэр лүү орсон. Би хойноос нь орсон. Байшин дотор намайг ороход У-ийн толгойноос цус гарч байгаа бололтой хүмүүс цусыг нь цэвэрлээд тогтоож байсан. надаас “ахаа та яаж байгаа юм бэ?” гэхээр нь “ах нь санамсаргүй байдлаар ингэчихлээ” гээд уучлалт гуйсан. Тэгээд архи ууцгааж байхад нь намайг “чи миний дүүг сүхэдчихээ биз” гэж хэлсэн. Тэгэхээр нь биО т “би танай дүүг сүхдээгүй, тохойгоороо ширвэж хамт газарт унаад ийм болчихсон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-72-73 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар судлагдсан сүх зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.У-ий биед хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал бүхий амь насанд аюултай хүнд, тархины эдийн няцрал, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байх бөгөөд “нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно” гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.С-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг түүний үйлдэлтэй шалтгаант холбоотой талаар маргаагүй боловч энэ үйлдэлдээ сүх хэрэглээгүй, нүүрэн тус газар нь тохойлдоход /паран дээр/ унаж дээрх гэмтлийг авсан гэж мэтгэлцэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр  “...хохирогчийн хэвтэж байсан газрыг заасан ба үүдний хөл арчдаг резинэн шалавчны ертөнцийн зүгээр урд хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйл хөлдсөн байдалтай байв...”  гээд  хохирогчийн хэвтэж байсан гэх газар нь цус мэт хүрэн өнгийн зүйл байгааг сумаар зааж” бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт №9 /хх-6 тал/-ээр хохирогч хөл арчдаг резинэн шалавч дээр унасан гэх нөхцөл байдал тогтоогдсоноор,  мөн шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтыг судлаж, сүхний жин 2.652 грамм, сүхний арын урт 7.4 см,  өргөн 4.1 см,  ирний урт 10 см, зузаан 0.5-1 мм, толгойн хэсэг нь 4 өнцөгтэй болох нь тогтоогдсон ба /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч хохирогчийн биед учирсан хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал бүхий амь насанд аюултай гэмтэл нь сүхний ир буюу цавчих хэсгээр бус толгой болон ар хэсгээр цохиход үүсгэгдэхийг үгүйсгээгүй бөгөөд анх үүссэн шархны хэмжээ 4 см байгаа нь ийм хэмжээний хязгаарлагдмал талбай бүхий П хэлбэртэй зүйлийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хүчтэй цохих болон цохигдох үед үүснэ, гэж мэдүүлж байгаа /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.У-ий хохирогчоор өгсөн “...үүдний тамбараас гарч байхад өөдөөс нэг юм ирээд толгой руу хүчтэй цохьсон санагдаж байна...гэрчээр өгсөн мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан” гэх /хх-13 тал/, түүний гэрчээр өгсөн “...өөрийгөө хэрхэн гэмтсэн талаар мэдэхгүй байна. Манай эхнэр надад “С  ах чамайг лантуун сүхээр цохиж байхыг ах харсан” гэж хэлж байсан гэх /хх-17 тал/, гэрч Д.О ын өгсөн: “...хойноос нь гарах гээд босоод явахаар нь би гадаа зодоон болж магадгүй гээд зодоон болвол салгана гээд У-ийн яг хойноос гадаа гарсан. Миний урд явж байсан ба байшингийн үүдний тамбарын хаалгыг онгойлгоод яг довжоон дээр гартал У-ийн урдаас С сүхээр толгой руу нь нэг удаа цохиж харагдсан. Сүхээр толгойн оройн зулай хэсэг рүү цохих шиг харагдсан. цохиулаад шууд газарт унасан. ...Тэгэхээр нь би шууд дээр очиход ухаангүй байдалтай харагдахаар нь “үхчихлээ” гэж бодоод С рүү хандаж “чи дүүг минь алчихлаа шдээ” гэж хэлэхэд  С надад “би гараараа дийлэхгүй ш дээ, би өрсөж цохихгүй бол дийлэхгүй” гэж хэлсэн.  ...Гадаа сартай өдөр шиг гэрэлтэй байсан. У-ийг цохиулаад газарт унахад цаана нь С гартаа сүх барьчихсан, сүхийг хоёр гараараа барьчихсан зогсож байсан...цохиулаад үүдний хэсэг рүү унасан. Унасан газар нь хөл арчдаг ремень, пар зэрэг байдаг. Ремень дээр цус болсон байсан. С У-ийг цохиход надаас өөр хүн хараагүй бусад нь байшинд байсан” гэх /хх-25-26 тал/, гэрч Ц.Ж гийн өгсөн: “...би айлд муудалцлаа гадагшаа гарч учраа ол гээд гэрээс гаргасан. С ах, хоёр тэгье” гэж хэлээд гэрээс гарсан. Араас нь ах гарсан. Би нөгөө гурвыг гарснаас хойш удаагүй 5 орчим минутын дараа гэрээс ...гарахад байшингийн тамбарын хаалганы урд шороон дээр толгойгоо барьчихсан, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. ах, С ах хоёр У-ийн цаана зогсчихсон ах С руу “чи лантуу сүхээр хүн алчихлаа шүү дээ” гээд дайрч уурлаж байсан. ...У-ийг толгойдоо гэмтэл авсаны дараа би байшингаас гарч лантуун сүхийг байж магадгүй гээд хайж үзэхэд У-ийн гадаа хэвтэж байсан газрын ертөнцийн зүгээр зүүн талд С , хоёрын байсан газрын ойролцоо лантуун сүх газарт байсан. Тэгээд би тэр сүхийг аваад байшинд оруулж С  ахад харуулж “та энэ сүхээр цохисон байна ш дээ” гэж хэлэхэд С  ах надад “ахыгаа уучлаарай” гээд байсан. Тэгээд сүхийг А  ахынд орхисон ... ” гэх /хх-20 тал/, гэрч П.Х ын өгсөн: “...гаднаас Ж  орж ирээд “Заанааг цохичихлоо” гээд хэлсэн. Тэгээд байшингаас хүмүүс гарч Заанааг байшинд оруулж ирсэн. Заанаагийн толгойноос цус гараад тогтохгүй бид хэд сандралдсан. Энэ хооронд С рүү “чи Заанаагийн толгой руу сүхээр цохисон, би харсан” гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс нь С У-ийг өөрөө хойшоогоо унаад толгойгоо ийм болгочихсон гээд хэлж байсан...” гэх /хх-мэдүүлэг, гэрч Н.Ө ын “С манай хүргэн ах, манай нөхрийн найз, ...мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх /хх-27 тал/ мэдүүлэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт хийхэд хохирогч паран дээр унаж дээрх гэмтлийг авсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг авахдаа дээрх хохирогч, гэрч нарт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаснаар мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс нь зөрүүтэй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлээгүй болно.

Шүүгдэгч Д.С нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд сүхээр цохих нь хүний биеийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд “санаатай”, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.С-ийн хохирогч Ц.У-ийн биед гэмтэл учруулахдаа ашигласан сүх нь Эрүүгийн хуулинд заасан тайлбараар хүйтэн зэвсэгт хамаарна.

Иймд шүүгдэгч Д.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.С 2020 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт “Зүйлийн эх” гэх газарт Ц.У тэй маргалдаж,  түүний толгой хэсэгт сүхээр цохиж, түүний биед хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Ц.У-ий эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ оношилгоо, замын болон өмгөөллийн зардалтай холбоотой гарсан хохирлын баримт ирүүлсэн нь хэргийн 129-136, 202 дугаар талуудад авагдсан байна.

Уг нотлох баримтаар тээвэр шатахууны зардалд  345000 төгрөг /11000₮, 20000₮, 40000₮, 12000₮, 10000₮, 20000₮, 20000₮, 40000₮, 23000₮, 20000₮, 20000₮, 25000₮, 44000₮, 40000₮/, эмчилгээний зардалд 852800 төгрөг /306000₮, 78900₮, 69600₮, 6700₮, 70000₮, 321600₮/-ийг, хохирогч Ц.нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, биедээ хүнд гэмтэл авч эмчлэгдэх болсноор иргэн Ц.Мягмардоржтой 6 сарын хугацаагаар “малчин хөлсөөр ажиллуулах” гэрээг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан, уг гэрээгээр сарын 450000 төгрөг буюу нийт 2700000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийн 2700000 төгрөгийг гэм хорын хохирол гэж үзэж шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж, шүүгдэгч Д.С эс нийт 3897800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.С нэхэмжлэлийн шаардлагын дагуу дээрх нотлох баримтаар нийт 4007000 төгрөгийг /хх-204 тал/ хохирогч Ц.У д бэлнээр төлж, хохирогчийн эмчилгээтэй холбоотой гарсан зардалд 1897900 төгрөгийг /150000₮, 11200₮, 175000₮, 140000₮, 1250000₮, 101700₮, 70000₮/ нотлох баримтын дагуу шууд төлж /хх-206-210 тал/, хохирогчийн 2018, 2019, 2020 оны эрүүл мэндийн даатгалын төлбөрт 117600 төгрөгийг сайн дураар төлсөн байх ба гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 6022500 төгрөгийг төлснөөр хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Д.С бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:

Шүүгдэгч Д.С зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн **-**7 дугаар талд авагдсан түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ................. тоотод амьдардаг, ............................... ажилтай, урьд нь Урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Д.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлөгдөж хор уршиг арилсанаар хохирогч санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзаж, өмнө хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан боловч нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд үндэслэн шүүгдэгч Д.С д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу 3 жил, 5 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон ишний урт нь 62.5 см урт, ажлын хэсгийн урт 18 см, модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.С 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С д оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, модон ишний урт 62.5 см, ажлын хэсгийн урт 18 см сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД

                                  ШҮҮГЧИД                             Д.ОТГОНБААТАР

                                                                                 Э.ЭНЭРЭЛ