Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00396

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар магадлалтай,

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

КБ ХХК-ийн Дархан салбар, Д.Х- нарт холбогдох, 

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Б-, хариуцагч Д.Х-, хариуцагч КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Х- бид хоёр гэр бүл болоод 40 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд төрийн албанд зүтгэж, орон гэртэй болсон. Тус маргаан бүхий байр нь Д.Х-ын нэр дээр байгаа боловч ганцхан түүний байр биш бидний гэр бүлийн дундын хөрөнгө мөн бөгөөд хэн нэгэн ганцаар бусад гэр бүлийн гишүүдэд мэдэгдэхгүйгээр барьцааны гэрээ байгуулсанд гомдолтой байна. Банкнаас зээл өгөхдөө энэ хүн байрны эзэн гэдэг байдлаар дуудаж мэдэгдээгүй мөртлөө зээлийн төлбөр төлөгдөхгүй болохоор надтай холбогдож надаас зээлийн төлбөр шаардаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай байрыг битүүмжлэхэд Д.Х- банкны зээлийн барьцаанд бидний байрыг ганцаараа дур мэдэж тавьсан болохыг мэдсэн. Би төрийн албанд зүтгэж олсон орлого болох цалин хөлсөөрөө тус байрыг худалдаж авсан. Энэ талаар нотлох баримтууд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 419 дүгээр хэрэгт байгаа. Урьд нь Д.Х- олон удаа зээл авахад дандаа надаар гарын үсэг зуруулдаг байсан. Харин энэ зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулаагүй, надад мэдэгдэхгүй гэрт байсан миний бичиг баримтуудыг ашиглаж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Гэтэл эд нар хуйвалдааны аргаар миний байрыг барьцаанд тавьснаас болж бид өөрсдийн насаараа бий болгосон үл хөдлөх хөрөнгийг алдахад харамсалтай байна. Одоо энэ байранд манай том хүү, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдарч байна. Манай хүү Б.Бат-Ирээдүй, түүний эхнэр хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Иймд барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х-ын шүүхэд гаргасан тайлбар: ...М.Батжаргал, Ж.Алтанзул нар бид ажил хийх гэж байгаа юм та зээл аваад өгөөч гэж надаас гуйхад нь би Төрийн банкинд хандахад та Хас банкнаас авсан зээлийнхээ хугацааг хэтрүүлдэг тул танд зээл өгөх боломжгүй байна гэхэд нь би дотроо баярлаж, надад зээл өгөхгүй гэж байна гэхэд М.Батжаргал, Ж.Алтанзул нар нь КБны захирал Ш.Норжмаатай ярьж тохиролцсон, та барьцаа хөрөнгөө бэлдчихвэл зээл асуудалгүй гарна гэж хэлсэн. Би тухайн үед Ш.Норжмаа захирал нь байр барих гэж байгаа юм чинь байрны мөнгө нь бүтэхээр миний байрыг чөлөөлөөд өгөх байх гэж бодож байсан юм. Би зээл авахдаа нөхрөөсөө нуугаад С.Цэрэндолгор гэдэг хүнийг хамтран зээлдэгчээр оруулсан. Энэ зээлийг авсан талаар С.Цэрэндолгор ч мэдээгүй би гарын үсгийг дуурайлгаад зурсан. Зээл бол автоматаар гарсан. Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 419 дүгээр шийдвэртэй хэрэгт зээл авсан талаарх баримтууд байгаа. Ө.Б-ын баримтуудыг зээл олгохдоо банкнаас шаардсан учир би аваачиж өгөөд, Ө.Б-ын гарын үсгийг зурсан. Яг ямар баримт дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч КБны Дархан салбарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Х- нь зээл авахдаа өөрийн нэр дээрх байрыг барьцаалж шуурхай зээл авахаар хүсэлт гаргахад нь манай банк зээл өгсөн. Хэрэв бизнесийн зээлийн гэрээ байгуулах байсан бол гэр бүлийн гишүүд, барьцаа хөрөнгийн талаар судалдаг. Харин энэ зээл нь шуурхай зээл учир бид гэр бүлийн гишүүд болон байрны өмчлөлийн талаар шалгах шаардлага байгаагүй. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Ө.Б- гэдэг хүний нэр байхгүй ба Д.Х-, С.Цэрэндолгор нарын хамтран зээл хүссэнийг өгсөн байгаа. Зээл хүсэгч хоёр хүний бичиг баримтыг үндэслэн зээл өгсөн болохоор Ө.Б- гэдэг хүний бичиг баримт хэрэггүй. Иймд барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд бид зээл олгохдоо ямар нэгэн хууль, журам зөрчсөн үйлдэл хийгээгүй тул гэрээг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Д.Х-, КБны Дархан салбар нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 179 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ө.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Манай эхнэр Д.Х-ын элэгний цирроз өвчин хүндэрч 2012 оноос хойш эмнэлгээс эмнэлэг дамжин ухаан санаа нь хэвийн бус байнга хордлогонд орж ухаан балартан эмнэлэгт хүргэгдэж, өвчилж байх үед 2014 оны 5 сарын 12-ны өдөр КБны захирал асан Ш.Норжмаа иргэн М.Батжаргал, Ж.Алтанзул нар үгсэн тохиролцож, итгэл олох замаар Д.Х-ын нэр дээр байдаг бидний байрыг КБинд барьцаалж 50 сая төгрөгийн зээл авч надад мэдэгдэлгүйгээр нууцаар гаргаж, миний гарын үсгийг өөрсдөө хуурамчаар зурж бусдыг хууран мэхлэх аргаар Дархан сум 12 дугаар баг 21 дүгээр байр 31 тоот 3 өрөө байрыг банкны барьцаанд тавьсан байсныг би хожим мэдсэн. Банкны зээлийн хүүг эхний хэдэн сар Батжаргал, Алтанзул нар төлсөн байсан ба зээл зээлийн хүүгийн төлөлт хийгдэхээ болиод асуудал үүсээд ирэхээр банк надруу утасдсанаар би мэдсэн. Энэ хууль бус зээлээс болж манай гэр бүл 4 жил гаруй хохирч байна. Үүнд банкнаас зээлж авсан гэх тэр мөнгөнөөс манай гэр бүл нэг ч төгрөг ашиглаагүй ба энэ зээлээс болж Энэтхэг явахдаа банкнаас зээл авч чадаагүй учир хувь хүнээс 39 сая төгрөгийг 8%-ийн хүүтэй зээлж 18.720.000 төгрөгийн хүү төлж хохирсон. Эхнэр Д.Х- банктай харьцах эрхээ 8 жилээр хасуулж, гадаад гарах эрхээ хаалгаснаас болж Энэтхэг улс явж хагалгаа хийлгэсэн эмнэлэгтээ үзүүлэх хяналтандаа хамрагдах боломжгүй болсон. Орон гэрээ алдчих вий гэсэн айдас сэтгэл санааны асар их дарамтанд, төлөх ёсгүй төлбөрийг төлж, амсах ёсгүй зовлон ачааллыг үүрч, өр дээр өр нэмж, өвчин дээр өвчин нэмж, шудрага үнэний төлөө шүүх хяналтын байгууллагад өчнөөн төлбөр төлж, хэмжиж болшгүйгээр эрүүл мэндээрээ хохирч, хар сүүдэр дайрсан харанхуй нөхцөлд амьдарч байна. Энэ бүхэн барьцааны гэрээн дээр гарын үсгийг нь хуурамчаар зуруулж байгаад хууль зөрчиж, бүлэглэн хуйвалдаж миний хөрөнгийг барьцаалж зээл олгосон банк, зээл авсан Д.Х- нарын хийсэн үйлдлээс болж байгаа тул би гомдол гаргаж байна. Банк бидний байранд халдах болсон тул бид 2016 оны 7 сарын 26-нд Батжаргал, Алтанзул нарыг эрэн сурвалжлуулах захирамж гаргуулан ажиллаж цагдаагийн байгууллага 2017 оны 12 сард хил дээрээс олж авчиран эрүүгийн 201609000504 дугаартай хэрэг үүсгэн шалгуулсан. Ингэж шалгуулах явцад М.Батжаргал, Ж.Алтанзул нар байцаалт мэдүүлэг өгөхдөө “бид Д.Х- эгчид хамааралгүй зээлэнд нөхөрт нь мэдэгдэлгүйгээр байрыг нь барьцаалуулж 50 сая төгрөг зээлүүлж авсан нь үнэн. Гэхдээ бид залилах санаагүй мөнгийг ашигласан бизнес хийж байгаад шатсан банкны мөнгийг 100% өөрсдөө хариуцна төлнө гэж Цагдаа, Прокурор Банк, ШШГА, Нотариат, Д.Х- нарт баталгаа гаргаж өгсөн нотлох баримтууд байгаа. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр КБны барьцаанд байгаа Дархан сум 12 дугаар баг 21 дүгээр байр 31 тоот 3 өрөө байр нь Ө.Б-ын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоосон. Тухайн үеийн КБны захирал Ш.Норжмаа дуудаж энэ 2 зээл хүсээд байна яах уу? уг нь манай банкны барилгыг барих юм гэж хэлсэн тул би Ш.Норжмаа захирлыг зээлээ олоод авчих юм байна гэж итгэл дүүрэн байсан гэж эхнэр Д.Х- хожим нь надад ярьсан, энэ байдлуудаас үзэхэд бүх зүйл илэрхий ашиг сонирхлын зөрчил байсан гэж үздэг, дээр нь миний гарын үсэг мөн батлан даагч С.Цэрэндолгор нарын гарын үсгийг хуурамчаар зуруулсан ба, тэр барьцааны гэрээг одоо хүртэл би олж үзээгүй ийм тодорхой бус зэрэг байдлуудаас үндэслэн уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн КБ ХХК-ийн Дархан салбар, иргэн Д.Х- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ө.Б-ын КБ ХХК-ийн Дархан салбар, Д.Х- нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ө.Б-ын эхнэр Д.Х- орон сууцаа өөрийн буюу нэг хүний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байсан үед буюу 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр КБ ХХК-ийн Дархан салбараас 50.000.000 төгрөгийн зээл авахдаа барьцаалсан, зээлээ төлөөгүйгээс шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулж байгаа нь тогтоогдсон байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 419 дүгээр шийдвэрээр Д.Х-д холбогдох Ө.Б-, Б.Бат-Ирээдүй, Б.Баянхангай нарын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад авагдсан байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаархи маргааныг шүүх шийдвэрлэсэн нь энэ үйл явдлаас өмнө КБ ХХК-ийн Дархан салбар болон Д.Х- нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх, улмаар уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасантай нийцсэн байна.

Хариуцагч Д.Х- нь зээлийн мөнгийг М.Батжаргал, Ж.Алтанзул нарт дамжуулан өгсөн, улмаар уг мөнгөө эдгээр этгээдээс шаардсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1482 тоот захирамжаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулсан байна.

Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч КБ ХХК-ийн  Дархан салбар бусадтай нийлж, Д.Х-ыг хууран мэхэлсэн,  өвчтэй байдлыг далимдуулж гэрээ байгуулсан гэх нөхцөл тогтоогдоогүй байна. Иймд энэ талаархи гомдол үндэслэлгүй тул  гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 857 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 408.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ