Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 715

 

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01741 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 080 000 төгрөг, гэм хорын хохирол 15 360 000 төгрөг, нийт 42 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Болормаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Пүрэвлхам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онцгэрэл, Эрдэнэтуул нар нь 2012 оны 6 сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10% хүүтэй зээлсэн. 2013 оны 7 сарын 20-ны өдөр Эрдэнэтуул нь гэрээний ард 1 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо өөрийн гараар баталж бичсэн. Зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, алданги 1 100 000 /алданги 50%-с хэтрүүлээгүй тооцсон/ төгрөг, нийт 3 300 000 төгрөг төлөхөөс 700 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2014 оны 1 сарын 14-ний өдөр 12 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 3% хүүтэй хугацаа хэтэрвэл алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж авсан. Гэрээний хугацаа 2015 оны 1 сарын 14-ний өдөр дууссан. Нэг ч төгрөг төлөөгүй тул зээл 12 000 000 төгрөг, хүү 4 320 000 төгрөг, алданги төлөөгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор 8 160 000 төгрөг, нийт 24 480 000 төгрөг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрсдийн барьцаа хөрөнгөөр дахин зээл авч мөнгийг төлөх гэсэн тохиролцоотойгоор “Транс капитал” ББСБ-д Н.Онцгэрэлийн нэр дээр байсан 12 сая төгрөгийн зээлийг чөлөөлсөн болно. Миний бие дүү Гэрэлмаагаас 2014 оны 1 сарын 14-ний өдөр 12 сая төгрөгийг зээлж аваад Онцгэрэлийн зээлийг чөлөөлсөн. Манай дүү тусдаа дэлгүүрийн бизнес эрхэлдэг учир мөнгөө удаан хугацаагаар зээлүүлэх боломжгүй байсан тул  2014 оны 2 сарын 18-ны өдөр иргэн Д.Энхжаргалаас 12 сая төгрөгийг 6% хүүтэйгээр 5 сарын хугацаатайгаар зээлж аваад Л.Гэрэлмаад мөнгийг нь төлсөн. Миний бие С.Эрдэнэтуул, Н.Онцгэрэл нарыг мөнгөө төл, хүү яваад байна гэсэн  боловч  төлөхгүй байсны улмаас Энхжаргалтай хийсэн зээлийн гэрээний хугацаа 5 сараар хэтэрч улмаар би 2014 оны 12 сарын 08-ны өдөр “Сити Партнерс” ББСБ-аас 12 сая төгрөгийн зээлийг 4% хүүтэй 3 сарын хугацаатай зээл авсан боловч одоог хүртэл сунгуулан хүү төлж байна. Эрдэнэтуул, Онцгэрэл нарын зээлийг төлсний улмаас миний бие иргэн Энхжаргалд 7 200 000 төгрөгийн хүү төлсөн, “Сити партнерс” ББСБ-д өнөөдрийг хүртэл 8 160 000 төгрөгийн хүү төлөөд байна. Бодитойгоор учруулсан гэм хорын хохирол 15 360 000 төгрөг гаргуулахаар мөн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийт 42 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  ”Сити партнерс” ББСБ-д төлсөн хүү 8 160 000 төгрөгөөс 1 132 000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болормаа нь өөрийн хөрөнгөөр Ниссан тино гэдэг машин худалдан авсан байдаг бөгөөд хүргэн дүү Дэслэгчийн нэр дээр  байдаг. Миний бие “машин авах санаатай байна” гэж хэлэхэд Болормаа нь “чи миний машиныг 6 сая төгрөгөөр ав, хэрэв мөнгө байхгүй бол миний дүү Гэрэлмаагийн СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол, 7-р байрны 0 тоот 16 м.кв байрыг нэр дээрээ шилжүүлж аваад зээл ав, энэ зээлсэн мөнгөө машины төлбөрт надад өг, тэгээд та нар зээлийг төлж дуусгаарай” гэж харилцан тохиролцоод Гэрэлмаа миний нэр дээр уг орон сууцыг сайн дураар шилжүүлэн өгч Транс капитал банкнаас 10 сая төгрөгийн зээл авч өгсөн. Зээл авч өгсөн гэж 1 сая төгрөг, машины мөнгө гэж 6 сая төгрөг, нийт 7 сая төгрөгийг Болормаад шилжүүлэн өгсөн.

Болормаагаас авсан машин эвдэрхий, оношилгоо үзлэгт ороогүй байсан бөгөөд миний нэр дээр өнөөдөр хүртэл шилжиж ирээгүй, уг автомашин замын хөдөлгөөнд оролцоогүй харин ч миний бие зээл авч шаардлагагүй зээлд их хэмжээний хүү төлж шууд хохирсон. Ямбий машин худалдаж авахаар тохироод зээл авч шууд хохирсон болохыг Прокурорын газрын “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоолоос харж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нараас 13.912.193 /арван гурван сая есөн зуун арван хоёр мянга нэг зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27.395.807 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 160.400 төгрөгийг улсын орлогоос, 227.511 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгийг зээлийн гэрээ байгуулсан өдрөө зээлдэгчийн хүсэлтээр төлбөрт нь шилжүүлсэнийг анхан шатны шүүх мөнгө өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарт ашиглуулсан байтлаа мөн л бусдаас хүүтэй мөнгө зээлэн байж төлбөрийг нь төлөх шаардлага байгаагүй, зөвхөн хариуцагч нарын таны байрыг барьцаанаас чөлөөлж өгье, зээлийг чөлөөлбөл өөрсдийн хашаа байшинг барьцаанд тавьж зээл авах боломжтой байна та мөнгө зээлээч гэсэн учраас л хүүтэй мөнгө зээлж авч төлбөрт өгсөн .

Миний бие 12 сая төгрөгийг хариуцагч нарын ББСБ-ын төлбөрт тооцуулан өгөхийн тулд иргэн Гэрэлмаагаас энэ өдрөө дансаар шилжүүлэн зээлж авсан бөгөөд Гэрэлмаагийн мөнгийг төлөхийн тулд 2014.02.18-ны өдөр иргэн Д.Энхжаргалаас 12 сая төгрөгийг 5 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлж төлсөн. Ингээд Д.Энхжаргалын зээлийн хүүг төлж байгаад 2014.12.08-ны өдөр “Сити Партнерс” ББСБ ХХК-иас 12 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлж улмаар 2015.3.31-ний өдөр 4 сарын хугацаатайгаар сунгасан боловч одоог хүртэл зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөд явж байна. Энэ талаархи баримт хэрэгт хангалттай авагдсан байхад шүүх хохирол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа нь хариуцагч Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нараас зээлийн гэрээний үүрэгт 27 080 000 төгрөг, гэм хорын хохиролд 15 360 000 төгрөг нийт 42 440 000 төгрөг шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 132 000 төгрөгөөр багасгаж, 41 308 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасантай нийцсэн, зээлийн гэрээний үүргийн биелэлт, тооцооны үлдэгдэл зэрэгт дүн шинжилгээ хийж хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 2 250 000 төгрөгөөр тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /х.х-ийн 3/

 

Харин талуудын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул байгуулагдсан гэж үзэхгүй, хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүйгээс гадна гэрээний нэмэлт нөхцөлд уг зээлийн зориулалтыг “..,  Н.Онцгэрэлийн Транс капитал ББСБ ХХК-ийн зээлийг төлөхөөр хүлээн авсан” гэж тусгасан. Нэхэмжлэгч Л.Болормаа нь мөн өдрөө уг гэрээгээр 11 662 193 төгрөгийг Транс капитал ББСБ ХХК-нд “.., Онцгэрэлийн зээлийг төлөв” гэсэн бичилттэйгээр шилжүүлсэнийг  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн гэж үзнэ.

 

Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд, зориулалтаар нь хүлээлгэн өгчээ. /х.х-ийн 123/

Нэхэмжлэгч Л.Болормаа нь зээлийн гэрээний үүрэгт 11 662 193 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тухайн гэрээний хувьд үндсэн зээл 11 662 193 төгрөг, хүү 4 198 000 төгрөг, нийт 15 860 193 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил гаруй хугацаанд үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгчийг мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор алданги шаардах эрхээ алдсан гэж дүгнэн, хариуцагч нарыг алдангиас чөлөөлөх үндэслэл болно.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохиролд 14 228 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэжээ. Нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээтэй шууд шалтгаант холбоотой гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан гэж үзэхгүй юм. 

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч нараас эхний зээлийн гэрээний үүрэгт 2 250 000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний үүрэгт 15 860 193 төгрөг, нийт 18 110 193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 23 197 807 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01741 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 496 дугаар зүйлийн 496.1” гэснийг “224 дүгээр зүйлийн 224.2.3, 497 дугаар зүйлийн 497.1” гэж, “13 912 193” гэснийг “18 110 193” гэж, “27 395 807” гэснийг “23 197 807” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “227 511” гэснийг “248 501” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                        Ш.ОЮУНХАНД