Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2017/02519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н.О,

Хариуцагч: С.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О, С.Э нар нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, алдангид төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 1,100,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгөөс хариуцагч нар нь 700,000 төгрөгийг төлсөн учир хасч тооцон үлдэх 2,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хоёр дахь гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа 24,480,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ нь С.Э нь 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 12,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрвэл алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Гэрээний хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Энэ хугацаанд хариуцагч нь нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс үндсэн зээлд 12,000,000 төгрөг, хүүнд 4,320,000 төгрөг, алдангид 8,160,000 төгрөг, нийт 24,480,000 төгрөгийг С.Эаас нэхэмжилж байна. Бүгд нийт 27,080,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2012 онд Л.Бгаас 3,000,000 төгрөг зээлээд барьцаанд автомашиныг тавьсан байдаг. Тэд 3,000,000 төгрөгийн барьцаа өсгөөд 6,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Л.Д нэр дээр хийсэн. Л.Д нь хэд хоногийн дараа Д.Дийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Д.Дийн нэр дээр шилжүүлсний дараа Л.Б нь хариуцагч нарт ийм машин байна худалдаж авах уу гэхэд С.Э нь бидэнд үүнийг авах шаардлага байхгүй, надад мөнгө байхгүй гэхэд Л.Б нь бид хамаатан садан улс дараа нь ямар нэг аргаар төлж болно гэж хэлээд зарахаар болсон байдаг. Л.Б нь би дүүгийнхээ байрыг барьцаалаад чамд мөнгө зээлээд өгье гээд дүү Л.Ггийн байрыг барьцаанд тавьж 10,000,000 төгрөгийг зээлүүлээд 7,000,000 төгрөгийг машины төлбөр гээд буцаагаад авсан. Зээл нь машинд зориулагдсан зээл байдаг. Үлдэгдэл 3,000,000 төгрөгөөр машинд сэлбэг бусад зүйлийг худалдаж авдаг. С.Э нь автомашиныг худалдаж авсан боловч тухайн машин нь эвдрэлтэй явдаггүй машин байна гээд Л.Бд энэ зээлээ өөрөө төл гэхэд Л.Б нь барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлсөн байдаг. Л.Б нь цагдаад залилангийн хэргээр гомдол гаргаад цагдаа нь хариуцагч нарыг дуудан шахалт үзүүлж 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэн байгуулсан хэлцэлд хамаарна. Уг хэргүүдийг Л.Б нь найруулсан байдаг. Иргэний хуулийн 282.2-д зээлийг зээлдэгчид бодитоор өгч, хүсэл зоригийн илэрхийллийг шаарддаг. Хүн хүсээгүй байхад нь хүсээгүй зүйлийг нь өгчхөөд энэ бол зээл гэж болохгүй. Ингээд 12,000,000 төгрөгийн зээл нь нэхэмжлэгч өөрийн байрыг алдахгүйн тулд өөрийн хүсэл зоригийн үүднээс бусдын үүргийг сайн дураар биелүүлсэн. Бусдын үүргийг сайн дураар биелүүлсэн нь шаардах эрх үүсдэг боловч яг шаардах эрх үүссэн эсэх нь бас эргэлзээтэй. Л.Б нь ломбард ажиллуулдаг. Л.Бд бусдын өмнөөс хүнээс зээл аваад бусдын үүргийг биелүүлээд яваад байх үүрэг байхгүй. Л.Бгаас хариуцагч нар нь 12,000,000 төгрөгийг аваагүй. Нэгэнт ийм байдалтай байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А: “Транскапитал” ББСБ ХХК-аас 10,000,000 төгрөг зээлсэн асуудал яригдаж байгаа. Хариуцагч нар 10,000,000 төгрөг зээлэх болсон учир нь Л.Б өөрийн ломбарданд хураагдсан төмрийн сэгийг хариуцагч нарт зарахын тулд маш хурдан дүүгийнхээ байрыг барьцаанд тавиулж хариуцагч нараар зээл авахуулж 7,000,000 төгрөгийг нь машины мөнгө хэмээн авсан байдаг. Гол нь Л.Б нь муу машинаа 7,000,000 төгрөгөөр зарахын тулд хариуцагч нарыг ингэж хохирох үндсийг нь тавьчихсан. Ингээд хариуцагч нар нь 10,000,000 төгрөгийн өртэй болчихсон. Шүүх нэг зүйлийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Энэ нь “Транскапитал” ББСБ ХХК-д 10,000,000 төгрөгийн өртэй байсан хүмүүст 10,000,000 төгрөгийн зээлийг нь хаагаад нэмж 2,000,000 төгрөгийн зээл өгөх үү гэдэг эргэлзээтэй. Зээлийн гэрээг Цагдаагийн байгууллагаар шахалт үзүүлж байгаад хийлгэсэн. Гол нь хариуцагч нарт зээлсэн гэх мөнгө нь бодитоор очоогүй гэдгийг шүүх анхаарахыг хүсэж байна. Улсын дээд шүүхийн тогтоолд мөнгө өгсөн гэдгийг нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн. Хүний өмнөөс хүү, алданги төлөөд хохирчихсон байгаа бол үүнийг хохирол хэмээн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Н.О, С.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,080,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр шаардлагыг тодруулан, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Н.О, С.Э нараас 2,600,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Эаас 24,480,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэг. Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Н.О, С.Э нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн тухайд 

Нэхэмжлэгч гэрээний үндсэн төлбөрт 2,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, алдангид 1,100,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгөөс хариуцагч нар нь 700,000 төгрөгийг төлсөн учир хасаж тооцон үлдэх 2,600,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Н.О, С.Э нар нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн, гэрээний чөлөөт байдлын зарчим болон өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзнэ. 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч талын “... 2 сая төгрөгийн зээлийн үүргийг бүрэн гүйцэтгэсэн, зээл төлж дууссан” гэх, нэхэмжлэгч талын “...бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан, тэр өдрөө 2 сая төгрөгийг шилжүүлсэн” гэх тайлбарууд /1-р хх-216-217/ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй ч хариуцагч С.Эын “...2 сая төгрөг зээлсэн нь үнэн, бичгийн гэрээг сүүлд нөхөж хийсэн гэх тайлбар”-ыг үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хариуцагч талын 2 сая төгрөг зээлүүлэхийг хүссэн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч тал хүлээн авч амаар хэлцэл байгуулсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тохирч гэрээг бичгээр байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч талын 2 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийг буюу үндсэн зээл, хүүг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй.

Түүнчлэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаар “2013 оны 7 сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1.300.000 төгрөг өгнө, Эрдэнэтуул” гэж бичсэн нь гэрээний үүргээс хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,300,000 төгрөг ба хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж байна.

Иймээс зээлийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү 200,000 төгрөг, алданги 50 хувиас хэтрэхгүй хуулийн заалтын дагуу /1,500,000:2=750,000/ 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг шаардлагаас үлдэх 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хоёр. Нэхэмжлэгч Л.Б хариуцагч С.Э нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн тухайд 

Нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөрт 12,000,000 төгрөг, хүүнд 4,320,000 төгрөг, алдангид 8,160,000 төгрөг, нийт 24,480,000 төгрөгийг С.Эаас шаарджээ.

Хариуцагч тал “. . . зээлийн гэрээгээр мөнгө аваагүй, нэхэмжлэгч машинаа зарахын тулд дүү Л.Ггийн нэр дээр байсан өөрийн байрыг бидний нэр дээр шилжүүлж, улмаар уг байрыг барьцаалан “Транскапитал” ББСБ-аас зээл авахуулж, машины мөнгийг авсан, байраа алдахгүйн тулд өөрөө уг зээлийг төлсөн. Цагдаад гомдол гаргасан тул зээлийн гэрээг байгуулсан . . . ” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргийг харилцан хүлээх ба мөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч Иргэний хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Хэрэв шилжүүлэн өгөөгүй бол хариуцагч мөнгийг хүлээн авснаа бичгээр илэрхийлсэн тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж болно. Гэтэл нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан  баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 5-д буюу нэмэлт нөхцөлд “. . . Эрдэнэтуулын нөхөр Онцгэрэлийн “Транскапитал” ББСБ-ийн зээлийг төлөхөөр хүлээн авсан” /1-р хх-14 дэх тал/ гэж тусгасан, тухайн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Л.Б “Транскапитал” ББСБ-д 11,662,193 төгрөгийг “Онцгэрэлийн зээлийг төлөв” гэсэн гүйлгээний утгыг бичиж шилжүүлсэн /1-р хх-123/ нь зээлийн гэрээ байгуулагдаж, төлбөрийг хүлээн авсантай адилтган үзнэ гэж үндэслэжээ. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн тохиолдолд үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заасан  хэдий ч “Транскапитал” ББСБ-ын өрийг төлөх зорилгоор хариуцагч зээл авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь дараах нөхцөл байдал тогтоогдож байна. 9525УНР улсын дугаартай Ниссан Тино  маркийн автомашиныг С.Э Д.Дээс 2012 оны 7 дугаар сард худалдан авсан ба төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.Э, Н.О нар “Транскапитал” ББСБ-тай зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг зээлэн, 7,000,000 төгрөгийг Л.Бд шилжүүлэн өгсөн байна. Н.О нь Л.Ггийн өмчлөлийн орон сууцыг “Транскапитал“ ББСБ-ын зээлийн барьцаанд тавихаар 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. С.Э, Н.О нар нь 2012 оны 8 дугаар сарын 17, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр “Транскапитал” ББСБ-д 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 11,662,193 төгрөгийн өртэй байсан ба үүнийг нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-д төлснөөр өр дуусгавар болсон байна. Тухайн өдрөө Л.Б С.Э, нар 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Д.Д, С.Э нар өмнө 2012 оны 7 дугаар сард хийгдсэн автомашин худалдах, худалдан авах хэлцлийг хожим нь буюу 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ нэртэйгээр байгуулсан. Тус өдөр Н.О нь зээлийн барьцаанд байсан орон сууцыг Л.Бд шилжүүлэх тухай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Л.Б Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст Н.О, С.Э нарыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан байх ба хариуцагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Л.Г нь Н.Од холбогдуулан 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02589 дүгээр шийдвэрээр тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцыг Л.Ггийн өмчлөлд шилжүүлэн шийдвэрлэсэн байна. Д.Д нь С.Эд холбогдуулан 9525УНР улсын дугаартай Ниссан Тино  маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01838 дугаар шийдвэрээр автомашиныг С.Эын нэр дээр бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Эдгээр нь Л.Б, С.Э нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-14/, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /1-р хх-63/, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1269 дугаар тогтоол /1-р хх-97-98/, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 83 дугаар тогтоол /1-р хх-100-101/, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Л.Б “Транскапитал” ББСБ-д 11,662,193 төгрөг төлсөн баримт /1-р хх-123/, “Транскапитал” ББСБ, Н.О, С.Э нарын хооронд 2013 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ /1-р хх-124-127/, “Транскапитал” ББСБ, Н.О нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ /1-р хх-128-130/, “Транскапитал” ББСБ, Н.О нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Баталгаат ипортекийн гэрээ /1-р хх-131-133/, Сүхбаатар дүргийн цагдаагийн 2-р хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Л.Бгийн гаргасан гомдол /1-р хх-156/, Д.Д, С.Э нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-161/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02589 дүгээр шийдвэр /1-р хх-178-180/, Л.Б, Н.О нарын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-184/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01838 дугаар шийдвэр /2-р хх-53-54/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэлт хийхэд хариуцагчийн гаргасан “. . . нэхэмжлэгч өөрийн байрыг алдахгүйн тулд “Транскапитал” ББСБ-д өөрийн хүсэл зоригийн үүднээс бусдын үүргийг сайн дураар биелүүлсэн. . .” гэх тайлбар үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Бг хариуцагчийн өр төлбөрийг сайн дураар төлсөн ба ийнхүү өрийг төлснөөр хариуцагч үүргээс чөлөөлөгдсөн байна гэж үзэв. Эндээс дүгнэхэд, нэг талаас өрийг төлсөн этгээд буюу Л.Б хариуцагчаас зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй, нөгөө талаас хариуцагч төлсөн төрийн хэмжээгээр нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-д 11,662,193 төгрөгийг төлснөөр “Транскапитал” ББСБ-ын өмнө Н.О, С.Э нарын хүлээсэн үүрэг дуусгавар болсон хэдий ч нэхэмжлэгч уг шаардлагыг хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэсэнтэй нийцэж байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13,912,193 төгрөгийг хангаж, үлдэх 13,167,807 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу талуудад хуваарилахаар шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О, С.Э нараас 2,250,000 төгрөг, С.Эаас 11,662,193 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,167,807 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 223,789 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН