Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00052/И |
Дугаар | 134/ШШ2017/00083 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 134/ШШ2017/00083
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, эмэгтэй, 35 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 15 дугаар байрны 5-71 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ихэс баржигон овогт Тунгалагийн Нарантуяа /РД:ЕЙ82103002, утас:89918964, 91195548/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, өөрийн байранд байрлах Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль /Хуулийн этгээдийн РД:4612701, утас:70543477/-д холбогдох
ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Нарантуяа, хариуцагчийн төлөөлөгч О.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд УБИС-ийг Дүрслэх урлаг, технологийн багшаар бакаллолодлодврын зэрэгтэй төгсөж, тухайн оныхоо хичээлийн жилдээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд мэргэжлээрээ анх ажилд орсон. Үүнээс хойш боловсролын салбарт тасралтгүй 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал 13 жил ажилласан. Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль шинээр байгуулагдан бүтэц зохион байгуулалтаар тус сургуульд 2 дугаар сургуулиас шилжин ирж, ажилласнаас хойш сургуулийн захирал О.Одгэрэл багшийн мэдлэг чадвараар бус гаднах өнгө үзэмж, байгаа байдал, дуу цөөтэй бусадтай урьдал болгодоггүй занг минь далимдуулж ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Анх 5 дугаар сургууль үүсэн байгуулагдахад 1,2 дугаар сургуулийн багш нараас баг хамт олон бүрдсэн. Захирал О.Одгэрэл дээрх сургуулиас ирсэн багш нарын хооронд нь талцуулж 2 дугаар сургуулийн багш нарыг илтэд ялгаварлан үг хэлээр доромжилж гадуурхах болсон. Түүнээс хойш байнга дарамталсаар байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халсан. Халахдаа 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолыг тус байгууллагаас өөрөө очиж аваад халах үндэслэл болгосон. Миний энэ асуудал бол 2 хүний хоорондын маргаанаас үүссэн, бид хоёр эвлэрээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би санамсаргүй байдлаас болж ийм асуудалд орсон болохоос байгууллагын нэр хүндэд халдаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, тус сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн багшийн ажилдаа эргэж орж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулмаар байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн технологийн багшаар ажиллаж байсан Т.Нарантуяа нь хамт ажиллаж байсан багшийн эд зүйлийг сургуулийн орчноос хулгай хийж Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг гаргасан учир Захирлын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/03 тушаалаар ажлаас халсан болно. Энэ үйлдэл нь прокурорын тогтоолоор нотлогдсон. Гэхдээ прокурорын тогтоол ажлаас халах үндэслэл болоогүй, зөвхөн нотолгоо нь болсон. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг тус сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.3.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.4-т заасан бөгөөд багш Т.Нарантуяагийн үйлдэл үүнд хамаарч байгаа. Мөн Боловсролын хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т заасан багшийн ёс зүйг эрхэмлэн сахих заалтыг зөрчсөн. Хоёр хүний маргаанаас болж багшийг ажлаас нь халаагүй. Харин багш Т.Нарантуяа нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учраас Багшийн ёс зүйн дүрэмд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Нарантуяа нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Нарантуяаг ажлаас халсан шийдвэр хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 48 дугаар зүйлийн 48.2.6, Багшийн ёс зүйн дүрмийн 3.1, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/102 дугаар тогтоолыг үндэслэн Технологийн багш Т.Нарантуяа нь шунахайн сэдлээр бусдын эд зүйлсийг хулгайлсан нь зохих түвшний байгууллагын нотолгоогоор нотлогдсон гэсэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн төлөөлөгч, захирал О.Одгэрэл нь нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ ...багш Т.Нарантуяагийн ажлын байранд, хамт ажилладаг багшийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарах тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан хэмээн тодорхойлсон ба нэхэмжлэгч Т.Нарантуяа нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас иргэн Б.Хишигсүрэнгийн Самсунг Жи-7 маркийн 536 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан болох нь Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/102 дугаар тогтоолоор нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Нарантуяа нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т заасан багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ хэрэгжүүлэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь дээрх тогтоолоор нотлогдсон, ажил олгогч, ажилтны үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Тухайлбал нэхэмжлэгч Т.Нарантуяагийн бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээгээр хулгайлсан үйлдэл нь хэдийгээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэм хэрэг болох хэдий ч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан хөдөлмөрийн гэрээ болон мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой хууль, дүрэм буюу Багшийн ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан нь сахилгын зөрчилд тооцогдоно.
Улмаар Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайдын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.3-т багшийн ёс зүйн хэм хэмжээг багш нь хамт олны бүтээлч, нөхөрсөг, шудрага өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх хэмээн тодорхойлсон байх бөгөөд 3.1-т Багшийн ёс зүйн дүрэм-ийн заалтуудыг зөрчсөн багшид, Хөдөлмөрийн хууль, Багшлах эрх олгох, хасах журам, Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам-ын хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгана хэмээн заажээ.
Үүний дагуу талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.4-т шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг ...хулгайлсны улмаас хохирол учруулсан үйлдэл нь баримтаар нотлогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцож, мөн гэрээний 6.2.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан нь дээрх Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг ажил олгогч, ажилтантай хийсэн хөдөлмөрийн гэрээндээ тусгасан гэж үзэхээр байна.
Түүнчлэн Т.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр прокурор хэрэгсэхгүй болгосон нь түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүйд тооцогдохгүй юм.
Ийнхүү нэхэмжлэгч Т.Нарантуяа нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон хэдий ч ажил олгогч, түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байна.
Тухайлбал нэхэмжлэгч Т.Нарантуяад холбогдох гэмт хэргийг эрүүгийн журмаар шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн прокурорын тогтоол 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан байх ба тогтоолд хохирогч, яллагдагч талууд гомдол гаргаагүй учраас хүчин төгөлдөр болсон байх тул энэ хугацааг зөрчил илэрсэн хугацаа гэж тооцож, үүнээс хойш нэг сарын дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байжээ. Гэтэл ажлаас халсан тушаал дээрх хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гарсан нь хуульд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.Нарантуяаг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн 2016 оны оны 10, 11, 12 дугаар сарын дундаж цалингаас тооцож /нэг сарын дундаж цалин 830 484, нэг өдрийн цалин 38 627 төгрөг/ нийт 2 549 389 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Харин ажлаас халсан тушаалд тэмдэглэсэн Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй, ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа тухайн зүйлд заасан зөрчлийг үндэслэл болгоогүй талаар тайлбарласан тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгож, ... гэж бичсэн нь бие даасан шаардлага бус, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, улмаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд сургуулийн захирал өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгох үүрэгтэй.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 55 740 төгрөг нийт 125 940 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Нарантуяаг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 549 389 /хоёр сая таван зуун дөчин есөн мянга гурван зуун наян есөн/ төгрөгийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 125 940 /нэг зуун хорин таван мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ