Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2018/0507/З |
Дугаар | 156 |
Огноо | 2019-03-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 156
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Э
Хариуцагч: НЗД, СХДЗД
Гуравдагч этгээд: Г.Г, Х.О, Л.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн Г.Г-ын 219 м2, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн Х.О-ийн 244м2 талбай А.Э-ын газартай давхцалтай тул хүчингүй болгуулах”,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, өмгөөлөгч Т.Б, хариуцагч НЗДТГ-ын Х,ЭЗХ-ийн мэргэжилтэн С.М, СХДЗДТГ-ын Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Б, тус дүүргийн ГАМ С.М, гуравдагч этгээд Х.О, гуравдагч этгээд Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие СХД-ийн 23 дугаар хороо, Хангайн 27 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах газарт 1999 оноос амьдарч эхэлсэн. 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч, хашаа барин амьдарч байгаад 2006 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Миний өмчлөлийн газар дээр СХД-ийн 23 дугаар хорооны Хангайн 27 дугаар гудамж, 8 тоот хаягтай Г.Г, ******* хаягтай Х.О нар хууль бусаар нэвтэрч, хашаа барьсан. Хууль ёсны өмчлөгчийн хувьд тус нэвтэрсэн газрыг чөлөөлж, нүүхийг шаардаж байсан. Г.Г, Х.О нар эхлээд худалдаж авъя, эсвэл удахгүй нүүнэ гэж байснаа дараа нь Тахилтад газар авч өгье, Багануурт дуртай газрыг чинь аваад өгье, Тахилтад хаус хорооллын хажууд цахимаар өмчилсөн газраар сольё гэх мэт олон янзын тайлбар тавьж байсан.
Г.Г 2004 оны 10 дугаар сарын 04-ны өдөр газар эзэмших эрхээ авсан гэх боловч кадастрын зургаар нотлогддоггүй. Мөн Х.О 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрхтэй болсон гэх боловч кадастрын зургаар мөн нотлогддоггүй. Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Кадастрын зургийн тухай” 10/624 дүгээр албан бичгээр дээрх хоёр иргэний газар манай өмчлөлийн газартай давхцалтай гэж тодорхойлсон байгаа. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/242 дугаар дүгнэлтийн 2-д “СХД-ийн 23 дугаар хороонд байрлах маргаан бүхий газарт иргэн Г.Г, Х.О нарт эзэмшүүлсэн гэх газар бүртгэгдээгүй байна” гэсэн байгаа. Иймээс хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж үзэж байна.
Тус шинжээчийн дүгнэлтээр газрын давхцалын асуудлыг тодорхой гаргасан байгаа. Гэхдээ хэний буруутай үйл ажиллагааны улмаас яагаад тухайн газар давхацсан шалтгаан нь тогтоогдоогүй. Мөн дүүргийн Газрын албаны 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шаардах хуудсаар Г.Г, Х.О нарт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх тул зөрчлөө арилгаж, газар дээрээ кадастрын зураг хийлгүүлэн Газрын албанд хандахыг шаардсан байдаг. Нэхэмжлэгч 2006 оноос хойш гуравдагч этгээдүүдтэй эв зүйгээ ололцох гээд чадаагүй учир энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж, газраа авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдэж байгаа нотлох баримт, талуудын тайлбарыг сонсоход эрх бүхий төрийн байгууллагын алдаатай үйл ажиллагаа улмаас иргэд хохироод байна.
Захиргааны байгууллага алдаатай шийдвэр гаргасан бол тэр алдаагаа засах эрх нь хуулиар олгогдчихсон байгаа. Нэхэмжлэгч А.Э тухайн үед хэрэгжиж байсан Газрын тухай хуульд заасны дагуу 617 м2 газар өмчилж авсан, 617 м2 талбайтай газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа нь үнэн. Одоо А.Э 584 м2 газар дээр амьдарч байна. Тэгэхээр илүү гарсан газрыг энэ хоёр хүний газраас авах ёстой юм байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Нэхэмжлэгч СХДГА-аас гаргасан кадастрын зургийн дагуу НЗД-д газар өмчлөх хүсэлтээ гаргаад, түүнийх нь дагуу газар өмчлөх эрх олгогдсон. Түүнээс биш нэхэмжлэгч илүү газар нэмж, гуравдагч этгээдүүдийн газраас аваагүй.
Төрийн байгууллага энэ асуудлаа тухайн үед нь шийдвэрлээгүй байж, өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй байна. Мөн кадастрын зургийг программ ашиглан шууд хуваасан гээд байгаа. Кадастрын зургийг компьютерын аргаар хуваагаад, айлуудыг хуваарилсан байлаа гэхэд тэрийгээ яагаад тухайн айлууд дээрээ очоод, баталгаажуулаагүй юм.
Иймд СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн Г.Г-ын 219 м2, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн Х.О-ийн 244м2 талбай А.Э-ын газартай давхцалтай тул хүчингүй болгуулах” гэв.
Хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.Э нь СХДЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/238 дугаар захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 80 дугаар гудамж, 17 тоот нэгж талбарын 1863******* дугаар бүхий 583 м2 газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон бөгөөд НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжаар 617 м2 газрыг өмчлөх шийдвэр гарч 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр НУБГ-т нэгж талбарын 1863******* дугаартай бүртгэсэн байна.
Иргэн Г.Г-т холбогдох 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/204 дүгээр захирамж нь шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай захирамж бөгөөд уг захирамжийг үндэслэн Г.Г-т газар эзэмших эрх олгогдож, гэрчилгээ авсан байна. Иргэн Х.О нь 2011 оны 09 дүгээр сарын 14-ний А/296 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан. Энэ хоёр иргэний газар нь кадастрын зургаар бусдын газартай давхцалтай учир нэгж талбарын дугааргүй, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа.
Анхнаасаа А.Э нь одоо амьдарч байгаа хашааныхаа дагуу кадастрын зургаа хийлгээгүйн улмаас Газрын кадастрын мэдээллийн санд кадастрын зураг нь зөрүүтэй бүртгэгдэж, бусад нэр бүхий 6 иргэний амьдарч буй газартай давхцсан байна. А.Э болон гуравдагч этгээд Г.Г, Х.О, Л.Н, иргэн Н.М, Н.С нар одоо кадастрын зургийн зөрчлөө арилган амьдарч байгаа хашааны хэмжээгээр кадастрын зураг хийлгэн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр маргааныг шийдвэрлэх боломжтой.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар давхацсан асуудал бол байхгүй, Харин программ ашиглаж шууд газрыг хувааж хийснээс болж кадастр алдаатай байгаа юм. Захиргааны байгууллага үндсэн чиг үүргийнхээ хүрээнд маргаан бүхий газрын кадастрын зураг нь тооцооллын алдаатай байгаа тул алдаагаа засна. Газрын кадастрын мэдээллийн санд одоо байгаа хашааны хэмжээгээр нь бүх айлуудын кадастрын зургийг оруулбал асуудал шийдвэрлэгдэнэ. А.Э нь анх авсан 584 м2 газартаа одоо хашаа, байшин бариад амьдарч байгаа. Эдгээр иргэд бүгд өөр өөрсдийн эзэмших эрх бүхий газар дээрээ хашаа барьж амьдарч байгаа.
НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжаар А.Э-д 617 м2 өмчлөх эрх олгосон газар олгосон байна. Та НЗД-д өмчлөх өргөдөл өгөхдөө зөрүүтэй баримт материал өгснийг үндэслээд кадастрын зурагт тооцооллын алдаатай байхад НЗД захирамж гаргасан. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд захиргааны байгууллага нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх, ашгийг хөндөхгүйгээр гаргасан алдаагаа засна.
Шинжээчийн дүгнэлтийг сайн ойлгоод уншвал хамгийн ойлгомжтой баримт бичиг байгаа. Уг шинжээчийн дүгнэлт Г.Г, Х.О нараас тэдэн м2 газар аваарай гэсэн дүгнэлт биш. Нэхэмжлэгч өөрийн албан ёсоор эзэмшсэн газраасаа бусдад шилжүүлсэн гээд байгаа. Газраа хувааж бусдад шилжүүлсэн байхад яагаад газар нь 617 м2 байгаад байгаа юм. Мөн үүнээс газар өмчлөх эрх үүсээгүй байгаа улсын газрыг дураараа хуваагаад, хоорондоо шилжүүлээд байсан асуудал харагдаж байна. Уг кадастрын зургийг Газрын алба хийж өгсөн юм биш, тухайн иргэн хувийн компаниудаар өөрсдөө кадастрын зургаа хийлгээд, хүсэлтээ өгч, газар эзэмших эрхээ авах ёстой. Нэхэмжлэгчийн 617 м2 талбай бүх кадастрын зураг бол газар дээр нь хэмжилт хийгээгүй, программаар шууд хуваачихсан зураг байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч А.Э-т анх олгосон эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн 584 м2 бол газар дээрх бодит хэмжээ гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “...Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Иймд СХД-ын 2004 оны А/204, 2011 оны А/296 дугаар захирамжууд нь нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Г.Г-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г миний бие 1998 онд буюу СХД 1 дүгээр хорооллын Далангийн арын дэнж одоогийн СХД-ийн 23 дугаар хороо Хангайн 27 дугаар гудамж *******од хашаа барьж одоог хүртэл амьдарч байна. СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 204 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших гэрчилгээ олгосон. Гэрчилгээнд ямар ч хугацаа заагаагүй байдаг. Тийм учраас өөрийн эзэмшлийн газраа авах хүсэлттэй байна.
Миний бие НЗД-д хандаж гомдол гаргахад 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 05/2******* дугаар албан бичгээр Google еarth фото зургаас тодруулга хийхэд 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар өнөөдрийг хүртэл ямар нэг өөрчлөлт ороогүй байгааг тогтоож, “Э д С Э” ХХК анх 4 байршилд програмаар алдаатай хуваалт хийснээс Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж улмаар давхцал үүссэн байна” гэсэн. Үүний дагуу НГА-наас СХДГА-д шаардлага тавьж энэхүү алдааг залруулж ажиллахыг үүрэг болгосны дагуу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Г.Г, Х.О, А.Э зэрэг нийт давхцал бүхий 13 айлд одоо хашаалсан байгаа байршилдаа газрын кадастрын зургаа “Т У” ХХК-иар хийлгэж, 14 хоногт багтаан ирүүлэхийг шаардсан “Шаардах хуудас” өгсөн. А.Э шаардах хуудсыг хүлээн авахаас татгалзаж, бусад айлууд кадастрын зургаа СХДГА-д хүргүүлсэн. Үүнээс болж нийт 12 айлын эрх ашиг зөрчигдөж хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Үүнийг СХД, НГА өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байна. А.Э нь мэргэжлийн байгууллагын шаардлагыг хүлээн авдаггүй, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй.
Нэхэмжлэгч өөрийн эзэмших эрхтэй газраа өмчилж авахаар өргөдөл гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад А.Э 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр биш, 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 238 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан байна. Мөн нэхэмжлэгчийн өргөдөлдөө хавсаргаж өгсөн газрын хэмжээ, байршлыг харуулсан тойм зураг нь нэхэмжлэгчийн анх эзэмших эрх авсан 583 м2 аас нь зөрсөн 617 м2 тай зураг байсан. Мөн тухайн тойм зураг хэзээ баталгаажих нь тодорхойгүй, ЗД-ын гарын үсэг зурагдаагүй байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Х.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1998 оноос хойш тухайн үеийн СХД-н 6 дугаар хороо буюу одоогийн 23 дугаар хороо Хангайн 27 дугаар гудамж ******* хаягт амьдарсан. СХДЗД-ын 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжаар 433 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх албан ёсны шийдвэр гарч эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Ингээд уг газар дээрээ 77.4 м2 байшин барьж, 2016 онд өмчилж авахаар СХДГА-д хандахад таны газар иргэн А.Э-ын кадастрын зурагтай давхцсан байдлаар бүртгэгдсэн байна гэж Газрын албаны байцаагч хэлсэн. Дээрх зөрчлийн арилгуулахаар НӨХГ-т хандахад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3/3295 дугаар албан бичгээр СХД-ийн Өмч газрын харилцааны албанд нөхцөл байдлыг бодитоор очиж үзэж уг зөрчлийг арилгаж шийдвэрлүүлэх тухай НӨХГ-ын орлогч даргын албан бичиг ирүүлсэн.
Тус асуудлаар дахин Газрын албанд хандахад “нэхэмжлэгч А.Э танай хоёрын газар давхацсан юм биш. Ойр орчмын айлуудад ийм асуудал гарсан нь тогтоогдсон тул айлуудад дахин кадастрын зураг хийлгэж, баталгаажуулна” гэсэн хариу байцаагч өгсөн. Ингээд дахин кадастрын зураг хийлгэж шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн боловч дүүргийн Газрын албанаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Энэ хугацаанд А.Э намайг болон манай хөрш Г.Г-ыг шүүхэд өгсөн.
СХД-ийн ИХАШШ-ийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2018/01582 дугаар захирамжаар “...Зохиогчдын одоо өмчилж байгаа газрууд нь бусад талаараа нэр бүхий 6 иргэний эзэмшиж буй газартай давхацсанаас нэхэмжлэгч А.Э-аас бусад газар эзэмшигч нар нь газраа өмчилж авч чадаагүй, Нийслэлийн болон ДГА-аас газрын давхцлыг арилгах талаар удаа дараа мэдэгдэл өгч байжээ. Хариуцагч нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, хууль бусаар газар эзэмшиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч А.Э-т өмчлүүлсэн Газрын кадастрын мэдээллийн санд оруулсан кадастрын зураг, газар эзэмшигч нарын бодитоор эзэмшиж байгаа газрын кадастрын зургууд зөрүүтэй байгаагаас маргаан үүссэн байна. Зохигчдын хоорондын үүссэн маргаан бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшсэн тухай маргаан бус эзэмшүүлсэн газрын кадастрын зураг, Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн зургуудын зөрүүгийн улмаас газар өмчлөгч, эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан” гэж дүгнэсэн.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин одоо бодит байдал дээр хашаа барьж эзэмшиж байгаа хэмжээгээр газраа эзэмших, кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Л.Н шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 27 дугаар гудамж, 10 тоотод оршин суугч А.Э-с 2005 од тус эзэмшлийн 27 дугаар гудамж, 10б тоот хашааг худалдан авсан. А.Э бид хоёрын дунд ямар нэгэн газрын маргаан байхгүй. Уг хэрэг маргаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь энэ хэрэгт миний бие огт хамааралгүй” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Г, Х.О нараас шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Бидний эзэмшил газраа өмчлөн авах эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа төдийгүй А.Э нь хууль бус өмчлөх эрхээрээ түрий барьж бидний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Бид энэ талаар дүүрэг, НГА, ЗД нараар олон жил хөөцөлдөж байгаа боловч гагцхүү хууль бус өмчлөгч А.Э-ын “Э д С Э” ХХК-иар 4 байршилд газар дээр биш программаар хуваалт хийлгэснээс болж алдаатай кадастрын зураглал гарч маргаан гарсныг хянаж үзэлгүй шийдвэр гаргаснаа захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрч үүнийг залруулах гэсэн боловч ганцхан А.Э хууль бус үйлдлээс болж өнөөдрийг хүртэл энэ ажил удааширч бид хохирсоор байна
Нэхэмжлэгч А.Э газар өмчлөх хүсэлт гаргахдаа хуулийн шаардлагын нэгийг нь ч хангаагүй. А.Э-ын газар өмчилж авах тухай өргөдөлд газрын хэмжээг заагаагүй байсан. МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “...Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий ЗД иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар А.Э-т газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах боломжгүй, газар өмчлөх эрх бүхий этгээд гэдэг нь харагдаж өгөхгүй байна. Гэтэл НЗД 2006 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 570 дугаар захирамжаараа А.Э-т дээрх бүх хуулийн заалтуудыг зөрчиж, газар өмчлүүлэх шийдвэр гаргасан байна.
Энэ нь бусад газар эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Үүний нэг илрэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар алдаагаа засъя гэж байна. Иймд НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч А.Э, өмгөөлөгч Т.Б нарын шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд Г.Г, Х.О нараас миний өмчлөлийн газрыг хууль бусаар авсан гэсэн үндэслэлээр НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжийн 617 м2 газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас болоод иргэд хоорондоо маргалдаад явж байна. Үүнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн буруутай ажиллагаа гэж харагдах зүйл алга. Нэхэмжлэгчид хэн нэгэнд хууль бусаар мөнгө өгч хэмжилт хийлгээд, хүчээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ авчхаад гуравдагч этгээдүүд рүү дайраад байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгч ГА-аар кадастрын зураг хийлгэхэд “Таны газар 617 м2 байна” гээд гараад ирэхээр нь өөрийнх нь газар юм байна гээд ойлгосон. Ингээд өөрийн өмчлөлийн газраа бүрэн өмчлөхөөр шүүхэд хандсан байгаа.
Нэгэнт НЗД-аас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичиг баримтуудыг хууль ёсны дагуу байна гээд бүртгэж аваад, захирамж гаргаад нэхэмжлэгчид газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Өнөөдрийн байдлаар НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжийг хууль зөрчиж гарсан гэх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн А.Э-с ирүүлсэн хүсэлт, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.2 дугаар зүйл, НИТХ-ын 2003 оны 8/41, 9/48 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэн НЗД 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжаар СХД-ийн 6 дугаар хороонд иргэн А.Э, эхнэр, хүү, охин 4 иргэний нэр дээр хамтран газар өмчлөх захирамжийг батлан гаргасан.
НЗД-ын иргэн А.Э-т МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн ЗД-аас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн байна.
Газар өмчлөх эрхийг ЗД өөрөө хүчингүй болгож, өөрчлөх эрх байхгүй. Газрын тухай хуульд зааснаар иргэнд өмчлүүлсэн газрыг заавал шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. 2006 оноос хойш газар дээр кадастрын зурагт хөдөлгөөн хийгдээгүй. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд анх байсан байршил дээрээ байгаа. НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжийн иргэн А.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд кадастрын зургийн зөрүүтэй хэсэг дээр засвар оруулчхаж болно. Заавал захирамж хүчингүй болгох шаардлагагүй.
Тийм учраас одоо бодит байдал дээр эзэмшиж байгаа газрынх нь хэмжээгээр нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулахад болох юм. Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг харж үзнэ үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хэлэлцээд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Э-аас шүүх хуралдаанд “СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн Г.Г-ын 219 м2, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн Х.О-ийн 244м2 талбай А.Э-ын газартай давхцалтай тул хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан,
Гуравдагч этгээд Г.Г, Х.О нарын “НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Н-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд тэрээр “А.Э бид хоёрын хооронд ямар нэгэн газрын маргаан байхгүй, намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх”-ийг шүүхэд мэдэгдсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1. СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн тухайд:
Дүүргийн ЗД нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” нийтлэг бүрэн эрхтэй байхаар заажээ.
СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр “Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “СХД-т шинээр суурьшлын бүс тогтоосонтой холбогдуулан тухайн газарт газар зохион байгуулалт хийх, оршин сууж байгаа айл өрхүүдэд газрыг өмчлүүлэх бэлтгэл хангуулах ажлын хүрээнд газрын бүртгэл хийж,... гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж,...ажиллахыг дүүргийн Газрын албанд даалгаж”, “Шинээр суурьшсан айл өрхүүдийн...газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 10 дугаар сарын 15-ны дотор багтааж бүрэн олгож, ...хороодын ЗД нарт үүрэг болгосон” байна.
Ингээд дүүргийн ЗД дээрх 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийг үндэслэн тухайн байршилд олон жил амьдарч буй Г.Г-т Тоосгоны 80 дугаар гудамж ******* хаягт байрших 0,07 га газрыг амины хэрэгцээний зориулалтаар эзэмших Иргэний газар эзэмших гэрчилгээг 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосноор түүнд тухайн газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна.
СХД-ийн ГА-аас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17/348 дугаар албан бичгээр “Г.Г-ын Газрын хувийн хэрэг манай архивт хадгалагдаагүй” гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд СХД-ийн ГА-ны архивын баримт материалд Г.Г-ын бичиг баримтууд хадгалагдаагүй, Газрын хувийн хэрэг байхгүй байгаад түүнийг шууд буруутах боломжгүй, энэ нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болно.
Хэдийгээр Г.Г-т 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон Иргэний газар эзэмших гэрчилгээ дугааргүй, мөн газар эзэмшүүлэх хугацаа бичигдээгүй байх боловч газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага болох дүүргийн Газрын албанаас түүнд газар эзэмших эрх дээрх гэрчилгээний үндсэн дээр үүссэн гэх тайлбарыг гаргаж байх тул Г.Г-т уг гэрчилгээний дагуу тухайн газрыг эзэмших эрх одоог хүртэл хэвээр үргэлжилж байгаа гэж үзэх нь зүйтэй болно.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудаас үзэхэд иргэн газар эзэмших тухай хүсэлтээ дүүргийн Засаг даргын дэргэдэх газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох дүүргийн Газрын албаар дамжуулж гаргах, иргэний бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан хуулийн шаардлага хангасан материалд үндэслэн эрх бүхий албан тушаалтан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар хуульчлан зохицуулсан байна.
СХДЗД 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 296 дугаар захирамжаар Х.О-т 23 дугаар хороо, Хангайн 27 дугаар гудамж ******* хаягт байрших 433 м2 газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дүүргийн ГА-ны даргын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 039******* дугаар гэрчилгээг олгожээ.
Гуравдагч этгээд Х.О-ийн 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр СХДГА-д гаргасан өргөдөл , түүнд хавсаргасан 23 дугаар ЗД-ын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Газрын байршлын кадастрын зураг зэрэг хуулийн шаардлага хангасан баримтуудыг үндэслэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан дүүргийн Засаг даргын дээрх шийдвэр нь хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч А.Э-ын СХДГА-д гаргасан өргөдөл (огноо 2006 оны 07 дугаар сарын 25 гэх), түүнд хавсаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргаж буй газрын байршлыг харуулсан агаарын зураг зэрэг бичиг баримтыг үндэслэн СХДЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 238 дугаар захирамжаар А.Э-т 6 дугаар хороо, Тоосгоны 80 дугаар гудамж 17 тоот 704 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Тоосгоны 80 дугаар гудамж 17 тоот (одоо Хангайн 27 гудамж 10) хаягт байрших, 583 м2 газрыг амины хашааны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмших 002******* (002*******) дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-т олгосон.
Шүүх хуралдаанд гаргасан “Г.Г нь Хангайн 27 гудамж ******* (одоогийн ) газарт 1998 онд хашаа барьсан, Х.О нь Г.Г-ын хашаанд 1999 оноос амьдарч байгаад 2003 онд 27 дугаар гудамж ******* газарт хашаа барьсан, одоог хүртэл хашааны хэмжээ, байрлал өөрчлөгдөөгүй, тэр хэвээрээ байгаа” гэх тайлбарууд үндэслэл бүхий болох нь доорх баримтуудаар тогтоогдож байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1967 дугаар, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2/2256 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, хавсралт нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь УБ хотын 2002, 2005-2007, 2010, 2012-2015, 2017, 2018 онуудын агаар, сансарын зураглал, Г.Г-ын “Г” ХХК-ийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, “Т-У” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зурагласан, Х.О-ийн “Ү з” ХХК-ийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зурагласан газрын байршлын кадастрын зургууд зэрэг баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Г.Г, Х.О нарын анх эзэмшсэн газар, тухайн үед барьсан хашаанд 2002 оноос хойш одоог хүртэл өөрчлөлт ороогүй, он удаан жил амьдарч байгаа болох нь нотлогдож байна.
Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт архивлагдан хадгалагдаж буй АХБ-ны хөрөнгөөр 2002 онд “Газрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд хийгдсэн 2002 оны агаарын зургийг 2018 оны 10 дугаар сарын зурган мэдээлэлтэй давхцуулахад нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээ, хашааны хэлбэр, байрлалд ямар нэгэн өөрчлөлт огт ороогүй байх ба гуравдагч этгээд Г.Г, Х.О нарын хувьд бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу МУ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар гуравдагч этгээд Г.Г-т Хангайн 27 гудамж *******, Х.О-т Хангайн 27 гудамж ******* газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсч, эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр тухайн газруудыг эзэмшиж байх тул СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн Г.Г-ын 219 м2, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн Х.О-ийн 244 м2 талбай А.Э-ын газартай давхцалтай тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.
2. НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн тухайд:
Нэхэмжлэгч А.Э нь СХДЗД-д хандаж Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргаж, уг өргөдөлд өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний газар эзэмших гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, хорооны ЗД-ын тодорхойлолт, Гэрлэлтийн бүртгэл, эхнэр Л.О-ын иргэний үнэмлэхийн болон 3 хүүхдийн Төрсний гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргаж өгсөн байна.
Улмаар НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжаар А.Э-т тус дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 80 дугаар гудамж 17 тоотод байрших 617 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
МУ иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй”, 19.2.4-д “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж...гарын үсэг зурсан байна”, 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” гэсэн хуулийн шаардлагатай байна.
Маргаан бүхий НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжийн үндэслэл болсон А.Э-ын Газар өмчлөлийн хувийн хэрэгт авагдсан бичиг баримтуудыг шинжлэн судлахад :
I) Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл 2006 оны 04 дүгээр сарын 20-ны гэх огноотой, гэтэл 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 238 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн байх,
II) Уг өргөдөлд газрын хэмжээ урт 25 м, өргөн 30 м (750 м2 болох) гэх ба талбайн хэмжээг тодорхой бичээгүй, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд 583 м2 гэх, А.Э-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зурагт 617м2 гэх зэргээр газрын хэмжээ зөрүүтэй,
III) дүүргийн ЗД-ын 2006 оны 238 дугаар захирамжаар 704 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан байхад Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд 583 м2 талбай гэж бичигдсэн. Гэтэл НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжаар 617 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрхээс үзэхэд А.Э-ын эзэмших газрын хэмжээ бичиг баримтаар зөрүүтэй анх бодитоор эзэмшиж буй байдлаас зөрүүтэй кадастрын зураг хийлгэж НГК-ын мэдээллийн санд бүртгэгдсэн. Мөн түүний 2002 оноос хойш эзэмшиж хашаалсан газрын хэмжээ 583 м2 байгаа, 617 м2 газрыг өмчлүүлсэн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх ба баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх хуулийн шаардлага хангагдаагүй байна.
МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий ЗД иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагаас иргэний хуулийн шаардлага хангасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах ажиллагааг зохих ёсоор хийсний үндсэн дээр НЗД шийдвэрээ гарах ёстой.
Хэдийгээр газар эзэмшигч нь тухайн газраа өмчилж авах хүсэлт гаргах эрхтэй боловч МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.4-д заасны дагуу холбогдох баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч А.Э нь 1999 оноос тухайн газарт амьдарч, 2005 онд хашаа барьсан, хашааны хэлбэрт (байршилд) өөрчлөлт ороогүй гэж тайлбарладаг бөгөөд 2006 онд гаргасан газар эзэмших хүсэлтдээ (9/6/2005 гэх огноотой) Google Earth-ийн 2005 оны зургийг хавсаргаж өгчээ. Энэхүү баримтаас үзвэл тэрээр анх 2005 онд 584 м2 газрыг хашаалсан бөгөөд уг газрыг одоог хүртэл эзэмшиж байгаа гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч А.Э нь 584м2 газрыг хашаалж эзэмшиж, ашиглаж байсан атлаа өөрийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сард нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд оруулахдаа бодит байдлаас зөрүүтэй (617.11м2) оруулснаас болж хөрш залгаа газар эзэмшигч иргэдийн хооронд маргаантай байдлыг үүсгэсэн болох нь дараах нөхцөл байдал, баримтуудаар мөн тогтоогдож байна.
Тухайлбал, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2/1044, 2/1045 дугаар албан бичигт “...Мэдээллийн сангийн дээрх өөрчлөлтүүдийг газар дээр хийсэн хэмжилтийн дүнгээр биш програм ашиглан шууд хуваалт хийх замаар хийсэн байна...2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрчлөлт хийхдээ нийслэл дүүргийн Газрын алба нь... заалтуудыг зөрчсөн,...дахин өөрчлөлт оруулахдаа түрүүчийн зөрчлийг арилгалгүй ...давтан зөрчжээ” гэх, НГА-ны 2012 оны 04 дүгээр сарын 13-ны 9/929 дүгээр албан бичигт “...Газрын албаны мэргэжилтнүүд болон геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд...мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа газар дээр...биш програм ашиглан шууд хуваалт...хийж байгаа тухай... анхааруулга ирүүлсэн. Иймд...заасан үүргийн хүрээнд хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах...” гэж дүүргүүдийн ГА-д анхааруулга хүргүүлж байжээ .
Мөн Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/247 дугаар дүгнэлтэд “Ажлын хэсгийн хэмжилтийн дүнгээр А.Э-ын хашаалсан гэх газрын талбайн хэмжээ 584 м2, Г.Г-ын хашаалсан...хэмжээ 884.6 м2, Х.О-ийн хашаалсан...хэмжээ 429.3 м2 талбай байна. ...А.Э-ын өмчилж буй газартай Г.Г-ын газар 219 м2 талбай, Х.О-ийн газар 249.5 м2 талбайгаар давхцаж байна” гэж дүгнэжээ.
Тус шүүхэд СХДГА-аас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17/97 дугаар албан бичгээр “...А.Э-ын хашааны газрыг НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжаар өмчлөхдөө газар дээр хийсэн хэмжилтийн үр дүнгээр биш программ ашиглан шууд хуваалт хийж өмчилсөн зөрчилтэй гэж тогтоогдсон...Иймд...2/1044,...9/923 тоот анхааруулга ... А/247 дугаар дүгнэлтийг үндэслэл болгон...570 дугаар захирамжийн А.Э-т...617 м2 газрыг үнэгүй өмчлүүлсэн нь алдаатай байгаа тул алдааг засаж өмчлүүлэх нь зүйтэй байна...” гэх тайлбарыг ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд “... Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд анх байсан байршил дээрээ байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд зөвхөн НЗД-ын захирамж, кадастрын зурагт өөрчлөлт оруулахад асуудал шийдвэрлэгдэнэ. ЗД одоо эзэмшиж байгаа газрын хэмжээгээр кадастрын зурагт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой” гэх тайлбарыг гаргаж байх тул газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага болон эрх бүхий этгээд нь энэхүү маргаантай нөхцөл байдлыг дахин шалган тодруулж, кадастрын зургийн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
УБЕГ-ын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7/1669 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд иргэн А.Э-ын 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн УБЕГ СХД-ийн 23 дугаар хороо, Хангайн 27 дугаар гудамж, 10 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 617м2 газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын улсын бүртгэлийн Г-2201015479 дүгээрт бүртгэж, 000073682 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгосон байна.
Дээрх газрын кадастрын зургийн зөрчил, маргаантай байдлын улмаас А.Э-ын хөрш зэргэлдээ орших гуравдагч этгээд Г.Г, Х.О нарын хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, мөн тэд өөрсдийн эзэмшил газраа өмчилж авч чадахгүй хохирсоор байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Зүй нь захиргааны байгууллага НЗД-ын 2006 оны 570 дугаар захирамжийг гаргахаас өмнө А.Э хуулиар тусгайлан шаардсан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлсэн эсэх, улмаар хөрш зэргэлдээ бусад газар эзэмшигч нарын хууль ёсны эрх хөндөгдөж буй эсэхийг нягтлан шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсний үндсэн дээр НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжаар А.Э-т газар өмчлүүлэх шийдвэр гаргах ёстой байсан тул захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой.
Иймээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд, бусад хөрш зэргэлдээ газар эзэмшигч нар олон жилийн турш маргаж буй тул эрх бүхий этгээд нь иргэдийн эзэмших, өмчлөх эрхтэйг нотлох баримтуудыг сайтар нягтлан шалгаж, бодитоор газрыг анх хэрхэн эзэмшиж хашаа барьсан, кадастрын зураглал үнэн зөв зурагдсан эсэх зэрэг хэргийн нөхцөл байдлыг дахин нягтлан тодруулж, иргэдийн гаргасан гомдлын дагуу газрын асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагуудын илрүүлсэн зөрчил дутагдал, Шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж захиргааны байгууллага өөрийн алдааг залруулах шаардлагатай байх тул НЗД дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх гаргасан шийдвэрээ биелүүлэх арга, журам, хугацааг тодорхойлох нь зүйтэй ба хариуцагч нь Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргах боломжит хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сар гэж үзэн, энэ хугацааны дотор зохих шийдвэрийг гаргасан байхыг НЗД-д даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-ын гаргасан “СХДЗД-ын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн Г.Г-ын 219 м2, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн Х.О-ийн 244м2 талбай А.Э-ын газартай давхцалтай тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч НЗД нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (дөрөв) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЗД нь холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч НЗД-аас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд НЗД-ын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийн гуравдагч этгээд Г.Г, Х.О нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД-аас 70200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Ц