Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Цы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: А.Ц                               

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0861 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0331/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 861 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Авто замын тухай хуулийн 12 дугаар зуйлийн 12.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4, 162, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Цаас Налайн дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх Дуургийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн А. Ц-д холбогдох хэсэг, мен 2021 оны 04 дүгээр сарын 12- ны едрийн А/92 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгч өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Өөрөөр хэлбэл хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлэн гаргасан дээрх захирамжуудыг эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрийг хууль бус хэмээн хүчингүй болгох боломжгүй юм."Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, уг актаар нэхэмжлэгч А.Цы Үндсэн хуулиар олгосон эмших эрхийг зөрчсөн зүйлгүй гэж шүүх дүгнэлээ гэжээ.

2.1.Шүүхээс ийнхүү дээрх байдлаар дүгнэсэн атлаа мөн шийдвэртээ “...Б.Сарантуяагийн эзэмшил газрын байршлыг шилжүүлэн олгохдоо эзэмшил газрын байршлыг шилжүүлэн олгохдоо авто замын зурвас газарт хамааруулахгүйгээр байршуулан эзэмшүүлэх боломжтой байжээ..." гэх дүгнэлттэй санал нийлж байгаа бөгөөд цаашид хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12-р сарын 27-ны өдрийн 10/04 дүгээр тогтоолоор батлагдсан “газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, эсхүл хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар ашиглуулах боломжтой болохыг дурдах зүйтэй" хэмээн өмнөх дүгнэлтийн эсрэг дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгч газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэсэн атлаа газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх эсхүл хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар эзэмшүүлэх боломжтой гэж 2 өөр байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 1062-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2.2.Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас анхаасаа иргэн Б.Сарантуяад газар эзэмших эрхийг олгохдоо орц гарц, газрыг дамжуулан олгосон, мөн Б.Сарантуяагаас иргэн А.Цд газар эзэмших байршлыг шилжүүлэн олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, түүнчлэн Авто замын зурвас бүхий газарт олгосон төрийн захиргааны өөрсдийн хариуцлагагүй буруутай үйл ажиллагаа бөгөөд энэхүү төрийн буруутай үйл ажиллагаанаас иргэн хүн хохирох ёсгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 02-р сарын 13-ны едрийн А/43 дугаар захирамжаар Б.С-аас А.Ц-д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэн олгохдоо авто замын зурвас бүхий газарт олгосон байх бөгөөд төрийн захиргааны буруутай үйл ажиллагаа байна гэсэн үндэслалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 ны 01-р сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/0033 дугаар шийдвэр биелэгдээгүй гэж үзэж байна. Хариуцагч төрийн захиргааны байгууллагаас буруутай ажиллагаагаа тус шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч талд нөхөх олговортойгоор өөр газар эзэмшүүлэх боломжийг олголгүйгээр өмнөх захирамжаа зөвтгөж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж, хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч А.Цаас Налайх Дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн А.Цд холбогдох хэсэг, мөн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/92 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Анх Налайх дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/263 дугаар захирамжаар Ж.Сүрэнжавт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туул 25-2 б тоот байршилд нэгж талбарын 18669295506597 дугаар 500 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмших эрхийг олгосон[1] байна.

3.Тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/280 дугаар захирамжаар[2] Ж.Сүрэнжаваас Б.Сарантуяад шилжүүлсэн байна.

4.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/42 дугаар захирамжаар[3] уг нэгж талбарын дугаар бүхий газрыг Налайх дүүрэг 4 дүгээр хороо, нисэх гудамж байрлах хаягтай болгон өөрчилж, Ц-нд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.

5.Үүний дараа Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжаар[4] А.Цы газар эзэмших эрхийн гэрчилгээг “дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмших эрх олгогдсон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

6.Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр[5] “маргаан бүхий газрын байршлыг өөрчилсөн, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шалтгаан, бодит нөхцөл байдлыг судлан тогтоож, А.Цы газар эзэмших эрхийг дахин шийдвэрлэх хүртэл Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн А.Цд холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

7.Шүүхийн шийдвэрийг биелүүлэн Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/92 дугаар захирамжийн[6] 1 дэх заалтаар “маргаан бүхий ...газар нь улсын чанартай автозамын зурвас газар орсон нь ...тогтоогдож байх тул дүүргийн Засаг даргын А/175 дугаар захирамжийн А.Цд холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байна.

8.Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж байсан маргаан бүхий  газар нь Улаанбаатар-Налайх-Өндөрхаан чиглэлийн авто замын зурвас газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/1920 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар, зурган мэдээлэлүүд[7], Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичгээр ирүүлсэн тайлбар, зурган мэдээлэл[8] зэргээр тогтоогдож байна.

9.Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “...улсын чанартай ... авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох бөгөөд газар түр эзэмшүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ...”, 17 дугаар зүйлийн 17.2-т “...улсын чанартай ...авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна...”, 29 дүгээр зүйлийн 29.3.6-д “авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

10.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” хэлэхээр, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины ... зам, .... талбай зэрэг газар хамаарна.”, 61 дүгээр зүйлийн 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зохицуулсан.

11.Маргааны хувьд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан маргаан бүхий газар нь Улаанбаатар-Налайх-Өндөрхаан чиглэлийн авто замын зурвас газартай давхцалтай гэдэг нь тогтоогдож байх тул уг маргаан бүхий газрыг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас  нэхэмжлэгч А.Цд “иргэний ахуйн” зориулалтаар эзэмшүүлсэн Авто замын тухай хууль болон Газрын тухай хуулийн заалтыг тус тус зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн харж, алдаагаа засан, нэхэмжлэгчид олгосон маргаан бүхий газрыг хүчингүй болгож, улмаар уг хүчингүй болгосон шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйлдлүүдийг хуульд  нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон гэж үзэх шүүхээс үзэх үндэслэлгүй юм.

12.Түүнчлэн маргаан бүхий захирамжийн 3 дахь заалтаар “Тухайн захирамж гарсантай холбогдуулан хүчингүй болсон нэгж талбарыг дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд иргэний ахуйн зориулалтаар олгох боломжтой байршилд шилжүүлэн олгох асуудлыг судалж танилцуулахыг дүүргийн газар зохион байгуулалтын алба /Ж.Тамир/-д даалгаж, мөн захирамжийн 4 дэх заалтаар “Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн, төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч /С.Тунгалаг/-д даалгасан байна.

13.Үүнээс үзэхэд маргаан бүхий А/92 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн урьд эзэмшиж байсан маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр буюу авто замын газартай давхцалтай үндэслэлээр нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй харин нэхэмжлэгчид урьд эзэмшиж байсан иргэний ахуйн зориулалтаар өөр байршилд шилжүүлэн нэхмэжлэгчид газар олгох асуудлыг шийдвэрлэхийг эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

14.Иймээс нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий А/92 дугаар захирамжийн 3, 4 дэх заалтын хэрэгжилтийг тус захирамжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээдүүд болон хариуцагчаас шаардах, тодруулбал, уг захирамжийн дагуу өөр байршилд урьд эзэмшиж байсан хэмжээ, зориулалтын дагуу газар эзэмших эрх олж авах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй.

15.Энэ агуулгыг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч талд нөхөх олговортойгоор өөр газар эзэмшүүлэх боломжийг олголгүйгээр өмнөх захирамжаа зөвтгөж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж, хүчингүй болгосон нь хууль бус”, “...шүүгч газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэсэн атлаа газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, эсхүл хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар эзэмшүүлэх боломжтой гэж 2 өөр байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн” зэрэг гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

16.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Нотлох баримтаар авагдсан 128/2020/0036/З индекстэй хэргийн 87 дахь тал

[2] Хавтаст хэргийн 78-80 дахь тал

[3] Нотлох баримтаар авагдсан 128/2020/0036/З индекстэй хэргийн 28 дахь тал

[4] Хавтаст хэргийн 81-82 дахь тал

[5] Нотлох баримтаар авагдсан 128/2020/0036/З индекстэй хэргийн 2-р хавтас 49-55  дахь тал

[6] Хавтаст хэргийн 83 дахь тал

[7] Хэргийн 184-188 дахь тал

[8] Хэргийн 190-191 дэх тал