Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00013/И |
Дугаар | 134/ШШ2017/00093 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 134/ШШ2017/00093
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Ц.Наранчимэг, П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эрэгтэй, 56 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ-ын 16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Магнай боржигон овогт Цогмагнайн Хүрэлбаатарын /РД:ЕЙ61030199, утас:99025727/ хүсэлттэй
хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 37 242 682 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч П.Наранхүү, прокурор Б.Мөнхдөл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёлмаа, иргэдийн төлөөлөгч О.Дэлгэртуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 37 242 682 төгрөгийг төрөөс гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар томилогдсон. Мөн 2012 оны ээлжит сонгуулийн дараа дахин томилогдож, үргэжлүүлэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын албыг хашиж ирсэн. Гэтэл намайг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт хууль бусаар удаан хугацаагаар шалгаж, тэрхүү ажиллагаатай холбогдуулан мөрдөн байцаагчийн тогтоол, Говьсүмбэр аймгийн Прокурорын зөвшөөрөл бүхий тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ гүйцэтгүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай захирамж гарсан. Түдгэлзүүлсэн үйл ажиллагаа намайг шалгасан эрүүгийн хэргийн явцаас хамаарч удааширан 19 сар буюу 1 жил 7 сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд миний бие эрхэлсэн ажилгүй, олон нийтийн дунд нэр хүнд унасан байдлаар өнгөрч, сэтгэл санааны хямралд орж, удаа дараа эмчлүүлэн, олсон орлогогүй, зээлээ төлөхөд хүндрэл учирсан байдалтай өнгөрүүлсэн. Ингээд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/366 дугаартай албан бичгээр Ц.Хүрэлбаатарт холбогдох үйлдлийг ...хэрэгсэхгүй болгож....албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон болно... гэсэн бичгийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга /Г.Батсуурь/-д хаяглан хүргүүлснийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас мэдсэн. Иймд би 5 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт анх 19 сарын цалингийн хөлс нэхэмжилсэн. Энэ цалингийн хөлс нь Захиргааны хэргийн шүүхээр хянагдаад сүүлийн сарын цалин хөлс нь шийдэгдсэн тул 18 сарын цалин 15 298 893 төгрөг нэхэмжилж байна. Хоёрдугаарт өмгөөлөгчийн хөлс нэхэмжилж байгаа. Үүнд эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа хоёр өмгөөлөгч авсан. Захиргааны хэргийн шүүхэд нэг өмгөөлөгч, иргэний хэргийн шүүхэд мөн өмгөөлөгч авсан. Эрүүгийн хэргээр өмгөөлүүлсэн өмгөөлөгчийн хувьд нэг өмгөөлөгчөө 1 500 000 төгрөгөөр, нөгөө өмгөөлөгчөө 3 000 000 төгрөгөөр авч байсан. Нийт өмгөөлөгчийн зардалд 6 500 000 төгрөг нэхэмжилж байна. Гуравдугаартэмчилгээний зардал 280 000 төгрөг орж байгаа. Яагаад гэвэл би шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааснаас хойш маш их айдастай болж, даралт ихсэж, зүрх дэлсэж, эмчилгээ хийлгэсэн. Дөрөвдүгээрт зээлийн хүү нэхэмжилсэн. Үүнд зээлийн төлбөр нэхэмжлээгүй. Ажил хийж цалингийн зээл авсан, гэтэл ажлаас түдгэлзүүлсэн учраас хугацаандаа зээлээ төлж чадахгүй болж ломбардаас зээл авсан. Үүнтэй холбоотой шууд зардал нь хүү үүсч байгаа. Хүү нь үндсэндээ цалингийн зээл төлөхийн тулд үүссэн. Тавдугаарт сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг нэхэмжилсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар иргэнийг хууль бусаар яллах, ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна гэж заасан. Үүнд албан үүргээ биелүүлэхээс түр түдгэлзүүлсэн гэж байна. Энэ хүрээнд прокурорын тогтоолыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйлдэл байгаа болохоор гомдолтой байна гэсэн агуулга байхгүй. Хамгийн гол нь хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэдгийг талуудад хэлмээр байна. Би яллагдагчаар татагдсан хоёр жилийн хугацаанд сэтгэл санаагаар маш их хохирсон. Аливаа юманд итгэхээ больдог юм байна. Намайг дарга байх үед хүн болгон сайхан харьцдаг байсан. Гэтэл одоо хүнтэй уулзахаарнамайг албан тушаалаа ашиглаад их мөнгө авсан, энэ одоо шорон орох гэж байгаа гэж харьцдаг болсон, мөн гэр бүлийн хэвийн орчин алдагдсан, өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санаагаар маш их унасан, энэ байдлаас болж татаж унаад 6 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдох байх гэж бодож байна. Мөн намайг тус хэрэгт шалгагдах хугацаанд ТВ-9 телевизийн Монгол комент нэвтрүүлэг, интернетийн сүлжээгээр гэмт хэрэг үйлдсэн мэт мэдээллийг бусад хүмүүс тарааж байсан. Миний хувьд хийсэн хэрэг байхгүй, 10 000 000 төгрөг байтугай хэдэн жил, сэтгэл санаагаар хохирч байна. Эмчилгээ хийлгэх санхүүгийн болоцоо байхгүй. Түүнээс биш янз бүрийн сувилал эмчилгээнд явмаар байна. Миний зүрх байнга дэлсэж өвддөг, гэнэт зүрхний шигдээс болох вий гэж айж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хүрэлбаатар нь 18 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн. Үүнийг төрөөс гаргах үндэслэл байхгүй. Үндэслэл нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар хэсгийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ц.Хүрэлбаатарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар нь Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байсан болохоор тухайн хэрэг дээр ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн үндэслэлээр албан тушаалыг нь түдгэлзүүлсэн. Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд цалин хөлс аваагүй гэдэгт маргахгүй. Нэгэнт цалин гарах үндэслэлгүй болохоор нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварт нөхөн бичилт хийх үндэслэлгүй. Хамгийн гол нь гэмт хэргийг мэдээллийг прокурор,цагдаа шалгах үүрэгтэй. Энэ үүргийн дагуу хэргийг шалгасан байгаа. Хоёрдугаарт өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилсэн байна. Үүн дээр миний шүүхэд гаргаж өгсөн баримтанд Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэрэгт Т.Баярбат өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгаа. Энэ гэрээ нь хэрэгт байгаа гэрээтэй зөрүүтэй байдаг. Эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь гараар бичигдсэн байсан. Мөн тухайн гэрээний он сар өдөр засвартай байна. 2017 он гэж бичсэн байсныг засварлаад 2015 гэж бичсэн гэрээ байсан. Иймд нотлох баримтын хүрээнд дүгнэхэд өмгөөлөгч авч ажиллуулсан гэрээ гэдэг нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хасуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Гэнэндулам өмгөөлөгчтэй 1 500 000 төгрөгийн гэрээ эрүүгийн хэрэгт байхгүй байна. Ийм гэрээ байхгүй болохоор нэгэнт гэрээ байгуулаагүй гэж үзэж байна, мөн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон баримт байхгүй болохоор өмгөөлөгчийн зардал 1 500 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хэлгүй, дүлий, хараагүй, зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, насанд хүрээгүй, монгол хэл бичиг мэдэхгүй, цаазаар авах ялаар шийтгүүлсэн, хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэгт өмгөөлөгч заавал оролцуулна гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар Ц.Хүрэлбаатарт холбогдох хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг байгаа. Хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт заавал өмгөөлөгч авах шаардлага үүсэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгтэй холбоотойгоор заавал өмгөөлөгч авах шаардлага тулгараагүй. Ц.Хүрэлбаатар нь өөрийн эрхийн дагуу өмгөөлөгчийг сонгож авсан тул зардлаа өөрөө хариуцах ёстой. Тэгэхээр өмгөөлөгчийн зардлыг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдсан байна. Өмгөөлөгч авах нь хүний эрхийн асуудал учраас ямар нэгэн тайлбар байхгүй байна. Гуравдугаарт, төрийн үйл ажиллагаанд итгэл алдаж сэтгэл санаагаар унаж, эрүүл мэндээрээ хохирч хэд хэдэн удаа эмчлүүлж байсан гэж 280 000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар нь энэ гэмт хэргээс болоод сэтгэл санаагаар хохирсон гэж үзэж нотлох баримт хэрэгт байхгүй. Шинжилгээтэй холбоотой зардал гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл би нарийн мэргэжлийн эмч биш учраас биеийн эрүүл мэндтэй холбоотой зардал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ албан ёсны шинжээчийн дүгнэлт юм уу? сэтгэл санааны байдлаас хамааран ингэж эмчлүүлж байсан гэх эмнэлгийн магадлал байхгүй. Зөвхөн амбулаториор эмчлүүлэгсдийн карт байна. Үүн дээр бичигдсэн нарийн мэргэжлийн эмчийн бичгийн нотлох баримтаар хэлэлцүүлэх боломжгүй. Би мэргэжлийн хүн биш. Дөрөвдүгээрт эдийн засгаар маш их хямарсан гэж байна. Зээлтэй холбоотой хэд хэдэн баримт хэрэгт авагдсан байсан. Өөр хүний нэртэй зээлийн баримт хэрэгт авагдсан байсан. Ц.Хүрэлбаатар өөрөө мөнгө авсан, барьцаалан зээлдэгчээс мөнгө зээлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь өөрийн нэрээр биш өөр хүний нэрээр авсан зээлийн баримтыг гаргасан байсан. Түдгэлзүүлснээс болоод зээлээ төлөхгүй байгаа үндэслэл нь энэ хэрэгт хамааралгүй. Яагаад гэвэл албан тушаалтай холбоотой гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан учраас албан тушаалыг нь түдгэлзүүлэхээс өөр аргагүй болсон. Нэгэнт банкнаас зээл авсан эсхүл өөр байгууллагаас зээл авсан тохиолдолд зээлийн эрсдлээ тухайн зээл авсан хүн өөрөө хариуцах ёстой. Энэ мөнгийг юунд зарцуулсан гэдэг нь тодорхой бус байгаа болохоор нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тавдугаарт олон сараар албан үүргээ түдгэлзүүлэн шалгах, хэргийг заавал хоёр жилийн хугацаанд удаашруулахгүйгээр шийдэх боломжтой байсан гэж би боддог гээд сэтгэл санааны хохирол шаардсан байна. Тэгэхээр хэргийг шалгуулах үндэслэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Гэтэл энэ хэрэгт шалгагдаж эхлэснээс болоод эрүүл мэндээрээ ийм байдлаар хохирсон, ийм, ийм эмчилгээ хийгдсэн, хичнээн төгрөгний зардал гарсан гэх гэм хорын хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд хэдий хэр насны хүн билээ, ямар хууч өвчинтэй билээ, ердийн журмаар бие нь өвдөөд эмчилгээ хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн олон нийтийн сүлжээгээр доромжилсон гэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд иргэнийг хууль бусаар яллах, ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцна гэж заасан зүйлийг хэлж байна. Эрүүгийн хэрэгт холбогдоод шалгах үндэслэл байсан болоод шалгаад албан тушаалаас түдгэлзүүлсэн. Тэрнээс хууль бусаар шалгасан юм байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 503 дугаартай Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол хэрэгт авагдсан байгаа. Тухайн хэрэг дээр хяналт тавьж байсан прокурорын хувьд эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ц.Хүрэлбаатарт холбогдох 75 айлын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл уг тогтоол дээр дээд шатны прокурор өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй байдаг. Энэ утгаараа прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Эүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д гэж заасны өмнө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг нэмж оруулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийн тайлбарлахад эргэлзээ гарахад түүнийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж заасан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах ёстой. Дээр нь хэрэгт холбогдуулаад хэдийгээр шалгасан боловч энэ хүнийг гэм буруутай эсэх дээр эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтаар энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй юу үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрсөн учраас ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас цалинтай холбоотой 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалинг бодож гаргасан. Үүн дээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс 500 773 төгрөгийн зөрүү үүссэн. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд албан үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө цалин хөлс олгох ёстой учраас ажил хийгээгүй хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурортой санал нэг байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 19 сарын цалинг төрөөс гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 18 сарын цалин болгон багасган цалин 15 298 893 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт 3 485 798 төгрөгийн нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөгчийг хөлс 6 500 000 төгрөг, эмчилгээний зардал 280 000 төгрөг, зээлийн хүү 1 678 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг нийт 37 242 682 төгрөгийг төрөөс гаргуулахаар хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Нандинболор 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр яллагдагчаар татсан, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял нэмж сонсгосон байх боловч Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/20 дугаар Зарим яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар Прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолуудаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг журамлан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Түүнчлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Ц.Хүрэлбаатарын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж шийдвэрлэснийг, мөн дээрх прокурорын тогтоолоор мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан дээрх тогтоол болон мөрдөн байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 135/, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 тоот захирамж /хх-ийн 18/, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 тоот албан бичиг /хх-ийн 58/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцахаар зааж өгсөн нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх эрхийг баталгаатай болгох агуулгатай. Улмаар мөн хуулийн 389.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхдөл нь Ц.Хүрэлбаатар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан шийдвэрлэсэн нь түүнийг огт гэм хэрэг үйлдээгүй гэж дүгнээгүй, гэмт хэрэг үйлдсэн талаар нотлох баримт илэрсэн тохиолдолд хэдийд ч хэргийг сэргээн шалгах боломжтой учир төрөөс хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар прокуророос Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, мөн тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар ньөөрт учирсан хохирлоо төрөөс шаардах эрх үүссэн.
Нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирол болон 391 дүгээр зүйлд заасан эдийн бус хохирол хамаарах ба харин мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4-т зааснаар дээрх албан тушаалтнуудын хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй талаар хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-т зааснаар хууль бус ажиллагааны улмаас аваагүй дундаж цалин хөлсөө шаардах эрхтэй тул 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажлын 17 сар 17 хоногийн хугацааны цалин 15 283 289 төгрөгийг /үндсэн цалин 810000+нэмэгдэл цалин 243000, ажлын нэг хоногийн цалин 39996 төгрөг/ хэрэгт авагдсан цалингийн тооцоолол /хх-ийн 91, 92/,Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 195/ зэргийг үндэслэн төрөөс олгож, илүү нэхэмжилсэн 39 087 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн захирамж 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн учраас энэ хугацаанаас хойшх цалингаа авна гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан цалингийн тооцооны хүснэгт, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөлтийн лавлагаанаас харахад Ц.Хүрэлбаатар нь 2015 оны 03 дугаар сард бүтэн цалин хөлсөө авсан болох нь тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн цалин хөлс шаардсан шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тул түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Нэхэмжлэгч нь уг шимтгэл, хураамжийг мөнгөөр тооцож, нэхэмжлэлийн дүнд оролцуулан шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгч нь хуулийн 390.1.5-т зааснаар Легал эдвайзар консалтинг ХХН-тай байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгч Т.Баярбатаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс буюу өмгөөлөгчийн зардал шаардах эрхтэй бөгөөд энэ шаардлага нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай ...өмгөөлөгч Т.Баярбатыг шүүх хуралдаанд оролцсныг тэмдэглэсэн шүүгчийн захирамж /хх-ийн 19/, Легал эдвайзар консалтинг ХХН-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон кассын орлогын ордер /35,36-38/, прокурор эрүүгийн хэргээс хуулбарлаж гаргаж өгсөн Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 145-146/, Легал эдвайзар консалтинг ХХН-ийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 3 000 000 төгрөгийг мөн төрөөс гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Прокурор Б.Мөнхдөл нь ...иргэний хэрэгт өгсөн эрх зүйн туслалаа үзүүлэх гэрээ нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрээтэй зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй, тухайн хэргийн хувьд хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг учир заавал өмгөөлөгч авах шаардлагагүй байсан бөгөөд өмгөөлөгч авч өөрийнхөө эрхийг хамгаалж, зардал төлөх нь түүний эрхийн асуудал байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг шаардах эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д нийцнэ. Нөгөөтэйгүүр эрүүгийн болон иргэний хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд нь өөр хоорондоо зөрүүтэй хэдий ч өмгөөлөгч Т.Баярбат нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон нь бусад баримтаар тогтоогдсон, ямар учраас 2 өөр гэрээ байгаа талаар албан бичгээр тайлбарласан, хөлс тушаасан эргэлзээгүй баримт хэрэгт авагдсан байх тул тус гэрээнүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтаар үнэлсэн болно.
Харин өмгөөлөгч Ц.Гэнэндуламтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан боловч 1500000 төгрөгийн хөлс төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-д эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө гэснийг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан зохицуулалттай нийцүүлж ойлгох ба мөн зүйлийн 391.2-т зааснаар эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын агуулга, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ, хэрэгт шалгагдах болон ял эдлэх хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлэх боловч энэ нь сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалт Иргэний хуульд байхгүй нөхцөлд нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирол шаардсан үндэслэлээ ...намайг гэмт хэрэгт шалгагдах явцад ТВ-9 телевизийн монгол комент нэвтрүүлэг, интернэтийн сүлжээгээр гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдээллийг доромжилсон аястайгаар олон нийтэд тарааж байсан, мөн олон сараар шалгуулж байхдаа сэтгэл санаа, нэр төр, эрүүл мэнд, эдийн засгийн байдлаараа хохирч, үргэлж сэтгэл санааны хувьд хямралтай, гэр бүлийн хэвийн орчин алдагдсан байдалтай, нийгэмд хүмүүстэй уулзаж, харилцахад хүндрэлтэй байсан. Улмаар гэнэт толгой эргэж савж унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч 6 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хэмээн тодорхойлсон хэдий ч хэрэгт эдгээр үйл баримт болох хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтад орсон, өвчин туссан, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин, эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүндээрээ хохирсон зэрэг үндэслэлийг тогтооход хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт авагдаагүй учир шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Улмаар нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын эмчилгээний зардал 280 000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээний хүү 1 678 000 төгрөг, энэ хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгч П.Наранхүүгийн өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг зэрэг нь хууль бусаар яллагдагчаар татагдсан, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлснээс учирсан шууд хохиролд хамаарахгүй учраас эдгээр шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4-т зааснаар хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй, зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390, 391 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн болон сэтгэл санааны үр дагаврыг нөхөн төлөх үүргийг төр хүлээнэ.
Нөгөө талаар Ц.Хүрэлбаатар нь гэмт хэрэгт хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас эрүүл мэндийн байдал муудаж, эмчилгээ хийлгэсэн үр дагавар үүссэн гэдгийг нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байна.
Энэхүү нэхэмжлэл нь хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-т зааснаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 18 283 289 /арван найман сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун наян есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 959 393 /арван найман сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун ерэн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3.Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.8-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, прокурор, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.НАРАНЧИМЭГ
П.ЦОГЗОЛМАА