Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2017/00096

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 5 дугаар байрны 09 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй Мэргэн овогт Алтангэрэлийн Одонхүү /РД:ОЮ78020170, утас:88545552/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1958 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Чойрын 09 тоотод оршин суух, Улаанбаатар хотын ЭСТО ХХК-д харуул, галч ажилтай Удган овогт Буяннэмэхийн Батсүх /РД:УС58111538, утас: 89829883/,

Хариуцагч: 1960 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Чойрын 09 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, Бадарч овогт Батдоржийн Алтанцэцэг /РД:ҮО60111502, утас:88243014/ нарт холбогдох

эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж, хохирлыг бодитоор тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Одонхүү, түүний өмгөөлөгч С.Ганбат, хариуцагч Б.Батсүх, Б.Алтанцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, иргэдийн төлөөлөгч Д.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Одонхүү нь хариуцагч Б.Батсүх, Б.Алтанцэцэг нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж, хохирлыг бодитоор тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч А.Одонхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Одонхүү миний бие Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэхдээ би хохирогч нарын хохирлыг нэхсэн хэмжээгээр нь бус хэрэгт авагдсан, хуульд заасан нотлох баримтаар үнэлэгдсэн хэмжээнд нь нөхөн төлөхөө илэрхийлсэн. Б.Батсүх, Б.Алтанцэцэг нар эмчилгээний зардалд 13332000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч нарын эрүүгийн хэрэгт өгсөн баримтууд нь хуурамч, эмийн сангаас авсан эм тариаг хохирогч нар хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, өөр байгууллагын тэмдэг дарагдсан, сар өдрийг зассан, Б.Алтанцэцэг нь Говьсүмбэр аймагт оршин суудаггүй байж охиныдоо ирж, очсон зардлаа нэхэмжилсэн, охин Болормаагийнх нь хүнээс зээлсэн мөнгийг би төлөх үндэслэлгүй, мөн эмийн сангийн баримтууд нь нэг хүний бичигтэй, эд хариуцагч гэдэг дээр нь адилхан гарын үсэгтэй, эд хүлээн авсан гэдэг нөгөө баримтан дээр адилхан гарын үсэгтэй байсан. Мөн эдгээр авсан эмнүүд нь тархины нөхөн сэргээлтийн эмнүүд байсан. Б.Батсүх урьд нь тархиндаа цус харвасан байсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан. Энэ дотор ястай холбоотой өвчин намдаах 2 төрлийн л эм байгаа. Мөн шатахуун авсан баримтууд байна. Осол болоогүй байхад 5 дугаар сарын 31-ний өдөр 5881-ГСА гэсэн дугаартай машинд бензин авсан баримт оруулсан байсан. Дандаа нэг шатахуун түгээх станцаас бензин авсан байсан. Манал оточ гээд хувийн эмнэлэгт хэвтсэн гэсэн баримт байна. Хувийн эмнэлэг ор хоногийн мөнгөнд нь эм тариа нь багтах ёстой. Гэтэл гаднаас эм тариа авснаар баримт бүрдүүлсэн. 650,000 төгрөгөөр хүзүү толгойгоо үзүүлсэн баримт байна. Үүн дээр он сарыг 5 дугаар сарын 1 байсныг 6 дугаар сарын 1 болгож зассан зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй учир эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлүүлэн бодит байдлаар хохирлыг тогтоолгохыг хүсэж байна. Тиймээс нийт 11267800 төгрөгний баримтыг хуурамч гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Үлдсэн 2064200 төгрөгийг төлж болно. Сөрөг нэхэмжлэлийн хувьд осол болохоос өмнө эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн нь байх тул цалин нэхэмжлэх эрхгүй гэв.

 

 

Хариуцагч Б.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надад хуурамч зүйл үйлдэх ухамсар байхгүй. Би хууль мэдэхгүй, 7 дугаар ангийн боловсролтой, насаараа мал дагасан иргэн. Эмнэлэгт хэвтэж эм ууж үзээгүй. Би Хөшигтийн хөндийн шинээр баригдаж байгаа онгоцны буудал дээр бетон хайлуулах галлагаа хийдэг ажилтай байсан. 1,000,000 гаруй төгрөгний цалин авдаг байсан. Сард дунджаар 800,000 гаруй төгрөгний цалин гар дээрээ авч эхнэр, хүүхдүүдээ тэжээдэг байсан. Осол болдог өдөр Одонхүүгийн машинд Багахангайгаас сууж нааш гарсан. Одонхүү машин бариад их хурдтай явсан. 120 милл хурдтай явсан. Би зөөлөн явахыг олон удаа анхааруулсан. Би осолд ороод нуруу хугарсан байдалтай эмнэлэгт хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэр хооронд манай хүүхдүүд болох Болормаа, Мөнхзаяа нар хүнээс мөнгө зээлж эм тариа авч өгсөн. 05 дугаар сарын 31-ний өдөр орой 20 цагийн үед осолд ороод байхад Мэргэжлийн хяналтын албаны хүн намайг авч ирж өгсөн. Машинд бензин хийвэл Чойр хүргэж өгнө гэж хэлсний дагуу эмнэлгийн машинд бензин хийж өгч хүргүүлсэн. Эм тарианы талаар би сайн мэдэхгүй байна. Манай хүүхдүүд зохицуулж эм тариа авч өгч байсан. Би Манал оточ эмнэлэгт хэвтэж байсан. Эмнэлгээс гарахад 6 дугаар сарын 17-ны өдөр эм бичиж өгсөн. Хүүхдүүд эмийг авч ирж өгсөн. Хэвтэж байх хугацаанд эм тан нь өрөөний зардалдаа ордог юм байна лээ. Түүнээс өмнө, хойш ууж байсан эмнүүдийн мөнгө орсон байх гэж бодож байна. Би өөрөө эм тангаа аваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Би нийт 11750200 төгрөг нэхэмжилж байна. ...Надад сөрөг нэхэмжлэл гаргах шаардлага байгаагүй. Би ажилгүй байсан хугацааны цалин гэж 3,000,000 төгрөг л урьд нь нэхэмжилсэн. Түүнийг А.Одонхүү төлөлгүй 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Би удахгүй тэтгэвэрт гарах байсан. Миний нийгмийн даатгалын дэвтэр 1 жил 3 сар бөглөгдөөгүй. Энэ нь надад асар их хохиролтой төдийгүй тэтгэвэрт гарах хугацаанд саад учруулсан тул үндсэн цалингаа 1 жил 3 сард ноогдохоор нь бодож 12437655 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 27700 төгрөг нэмж нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 5 дугаар сарын 31-ний өдөр Одонхүүтэй явж байгаад хохирсон. Одонхүү намайг бензиний баримтыг хуурамчаар бичсэн гэж хэлж байна. Шатахуун түгээх станц нь буруу юм өгчихдөг юм болов уу би тэр талаар сайн мэдэхгүй байна. Бензин авсан нь үнэн. Үнэн гэдгийг эмч нар бүгд мэднэ. Охин Болормаагийн хүнээс зээлсэн мөнгийг би төлөхгүй гэж Одонхүү хэлж байна. Надад бэлэн мөнгө байгаагүй тул би олон хүнээс мөнгө хайсан. 6 дугаар сарын 01 баяр болж байхад мөнгө өгөх хүн байгаагүй. Би ухаангүй байгаа хүнээ босгохын тулд аргагүйн эрхэнд мөнгө хэрэгтэй болж хүнээс мөнгө зээлдүүлсэн. Энэ өрнөөсөө сая хүүгээрээ зээл авахуулж байж арай гэж гарсан. Одонхүүг бидэнд цагаан сэтгэл гаргах болов уу гэж бодож байсан. Одонхүү бид нар дээр 4 хоногийн дараа ирээд би танд 3,000,000 төгрөг өгье надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөч гэж хэлсэн. Би Одонхүүг шоронгийн хаалга татуулаад яахав гэж бодсон. Гэтэл одоо хүртэл намайг яаж байна гэж асуухгүй, мэндлэхгүй байгаа. Би ослоос болж элэгний С вирустай болсон. Би урьд нь эв эрүүл хүн байсан. Би осолд орох үедээ энд охиныхоо хүүхдийг хардаг байсан. Манайх энд нүүж ирсэн байсан. Би нөхөртэйгөө хамт гэртээ ирэх замдаа осолд орсон. Бидэнд эмчилгээний мөнгө олдохгүй байсан учраас манай охин Мөнхзаяа ээмгээ ломбарданд тавьж байж мөнгө олж эмчилгээ хийлгэсэн. Одонхүү биднийг хохироочихоод сэтгэл гаргахгүй, хохирол төлбөр өгөхгүй би ажилгүй гэж хэлж байна. Одонхүүг жоншны компанид туслах жолоочоор ажиллаж байгаа сард 1200,000 төгрөгний цалин авч байгааг нь би мэдсэн. Би сард 600,000 төгрөгний эм ууж байгаа. Төв аймгийн шүүх дээр Одонхүү хохирол төлбөрийг өгнө гэж хэлсэн байж одоо ингэж хуурамч материал бүрдүүлсэн гэж шүүх хурал хийлгээд байгаад гайхаж байна. Бид тийм зүйлтэй учирч байгаагүй болохоор мэдэхгүй хүний хийж өгсөн баримтыг л авсан. Бид тэрийг нь нягталж үзээгүй буруутай л байх. Надад Одонхүүгээс илүү мөнгө авах хүсэл байхгүй. Б.Батсүх ажилгүй байж байгаад ажлаас нь дуудаад саяхан ажилд нь оруулсан. Манаачийн ажил хийж байгаа. Манай нөхөр осолд орсны улмаас 15 сар ажилгүй зогссон. Би хүнээс мөнгө зээлж эм аваад 300,000 төгрөгний өртэй байгаа. Надад Одонхүү хүн гэсэн үүднээс сэтгэл гаргаагүйд би гомдолтой байна. Надад 1581800 төгрөгний хохирол учирсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба А.Одонхүүгийн дансанд нь байсан 330 гаруй мянган төгрөгийг л надад авч өгсөн. Өөр мөнгө өгөөгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Одонхүү нь хариуцагч Б.Батсүх, Б.Алтанцэцэг нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж, хохирлын хэмжээг бодитоор тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эрүүгийн хэрэгт авагдсан зарим баримтууд хуурамч, огноог засварласан, өөр байгууллагын тамга, тэмдэг дарагдсан, Б.Алтанцэцэг нь Говьсүмбэр аймагт оршин суудаггүй байж охиныдоо ирж, очсон зардлаа нэхэмжилсэн, хүүхдийнх нь нэр дээр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг төлөх үндэслэлгүй хэмээн тодорхойлжээ.

Хариуцагч нар нь бидний хувьд тухайн үед эмчилгээ хийлгэсэн баримтууд болон эмчилгээ хийлгэхийн тулд хүнээс мөнгө зээлж хүү төлсөн, хуурамч баримт бүрдүүлээгүй хэмээн мэтгэлцжээ.

Мөн хариуцагч Б.Батсүх нь А.Одонхүүгээс ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэл 15 сарын ажилгүй байсан хугацааны цалин 12 437 655 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27 700 төгрөг нийт 12 465 355 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч А.Одонхүү нь хохирогч Б.Батсүх нь осол болохоос өмнө эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн нь нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мэргэн овогт Алтангэрэлийн Одонхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Батсүхийн биед хүнд гэмтэл, хохирогч Б.Алтанцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг тогтоож, улмаар хуульд зааснаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

Уг шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар А.Одонхүүд холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүгдэгч нь хохирогч Б.Батсүхийн 11 750 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч Б.Алтанцэцэгийн 1 581 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүйг сануулж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийтгэх тогтоолын дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах явцад нэхэмжлэгч А.Одонхүү нь хохирлын асуудлаар маргаан үүсгэж, хохирогч Б.Батсүх, Б.Алтанцэцэг нарыг хариуцагчаар татаж, хохирлын хэмжээг бодитоор тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан зохицуулалттай нийцэж байна.

Иймд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг А.Одонхүүд холбогдох эрүүгийн 201501080297 тоот хэрэгт авагдсан хохирлын баримтуудтай тулгаж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд хохирогч Б.Батсүх, Б.Алтанцэцэг нарт эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоож шийдвэрлэв.

Хохирогч Б.Батсүхэд учирсан хохирлын тухайд:

1.    Шүүх эмнэлгийн үзлэг хийлгэсэн 6000 төгрөг /иргэний хэргийн 5-9, эрүүгийн хэргийн 40 /,

2.    Эмчийн үзлэг 20000 төгрөг /иргэний хэргийн 17, эрүүгийн хэргийн 116/,

3.    Тодосгогч бодис 100 000 төгрөг- өөр байгууллагын тамга дарагдсан гэж маргаж байгаа боловч, үүнд хариуцагч Б.Батсүх буруугүй, эмчилгээ хийлгээгүй гэдэгтэй маргаагүй, үгүйсгэх баримт байхгүй /иргэний хэргийн 17, эрүүгийн хэргийн 117/,

4.    Манал оточ эмнэлгийн ор хоногийн төлбөр 500 000 төгрөг - баримтанд тамга дарагдаагүй гэж маргаж байгаа ч эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карттай харьцуулан дүгнэхэд нотлогдож байна /иргэний хэргийн 17, эрүүгийн хэргийн 118/,

5.    Нурууны бүс 50000 төгрөг /иргэний хэргийн 17, эрүүгийн хэргийн 119/,

6.    Толгой, нуруу 50000 төгрөг /иргэний хэргийн 17, эрүүгийн хэргийн 120/,

7.    Толгой MRA 350 000 төгрөг /иргэний хэргийн 17, эрүүгийн хэргийн 121/,

8.    Толгой, хүзүү, нуруу, аарцаг 650 000 төгрөг -05 сарыг 06 сар болгож засварласан гэж байгаа боловч энэ байдлыг нотлох баримтаар үгүйсгээгүй, /иргэний хэргийн 19, эрүүгийн хэргийн 122/,

9.    Эмчид үзүүлсэн 30000 төгрөг /иргэний хэргийн 18, эрүүгийн хэргийн 123 дугаар хуудасны ард бичвэртэй/,

10. Даралтны аппарат 25000 төгрөг /иргэний хэргийн 19, эрүүгийн хэргийн 124/,

11. Эмийн сангаас авсан эм тариа 554500 төгрөг уг баримтыг хуурамч гэж маргасан ч эмнэлгээс өвчтөн илгээх хуудсанд бичигдсэн цаашид хийх эмийн эмчилгээний дагуу авсан эм тариатай тохирч байх тул нотлох баримтаар үнэлсэн /иргэний хэргийн 18, эрүүгийн хэргийн 126/,

12. Эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотойгоор хохирогчоос гарсан эд хөрөнгийн алдагдал буюу зайлшгүй зардал гэж дүгнэсэн /иргэний хэргийн 21, 65, эрүүгийн хэргийн 103, 104, 223, 224, 225/

13. Зээлийн хүү 2700 000 төгрөг эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотойгоор хохирогчоос гарсан эд хөрөнгийн алдагдал буюу зайлшгүй зардал дүгнэсэн /иргэний хэргийн 15, 51, 67, эрүүгийн хэргийн 226/, нийт 5 535 500 төгрөг,

Шатахууны зардалд:

1.    2015.09.17-ны 20000 төгрөг /иргэний хэргийн 16, эрүүгийн хэргийн 229/,

2.    2015.05.31-ний 22500 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 102/,

3.    2015.06.01-ний 30000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 101/,

4.    2015.06.01-ний 30000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 102/,

5.    2015.06.02-ны 20000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 102/,

6.    2015.06.03-ны 20000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 101/,

7.    2015.06.08-ны 40000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 101/,

8.    2015.06.10-ны 10000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 102/,

9.    2015.06.11-ний 20000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 101/,

10. 2015.06.13-ны 10000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 101/,

11. 2015.06.14-ний 65000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 101/,

12. 2015.06.17-ны 15000 төгрөг /иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 101/,

13. 2015.06.22-ны 30000 төгрөг / иргэний хэргийн 20, эрүүгийн хэргийн 102/ нийт 332 500 төгрөгийн буюу хохирогч Б.Батсүхэд бүгд 5 868 000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болохыг тогтоов.

Харин ццццТЕNS 5х 12500 төгрөг тамгагүй баримт /иргэний хэргийн 16/, Эмнэлгийн тусламж үйлчилгээ 32 052 төгрөгийн хуулбар /иргэний хэргийн 18/ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн бусдаас авсан үндсэн зээл болон ломбардад эд зүйл тавьж зээл авсан төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул хохирлын хэмжээнд оруулж тооцоогүй.

Мөн Б.Батсүхийн эрүүгийн хэрэгт гаргасан 11 750 200 төгрөгийн хохирлын дүнд ажилгүй байсан хугацааны цалин 3 000 000 төгрөг багтсан байсан хэдий ч энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цалин гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийнх нь хүрээнд дүгнэж шийдвэрлэв.

Хохирогч Б.Алтанцэцэгт учирсан хохирлын тухайд:

1.    Манал оточ эмнэлгийн ор хоногийн төлбөр 225 000 төгрөг /иргэний хэргийн 13, эрүүгийн хэргийн 130/,

2.    Толгой, хүзүү 240 000 төгрөг /иргэний хэргийн 13, эрүүгийн хэргийн 131/,

3.    Эхо үзлэг 29000 төгрөг /иргэний хэргийн 13, эрүүгийн хэргийн 132/,

4.    Автобус болон галт тэргээр зорчсон унааны зардал 39 100 төгрөг /иргэний хэргийн 14, 18, эрүүгийн хэргийн 129, 230, 231/ - Говьсүмбэр аймагт охиныдоо ирсэн зардлаа нэхэмжилсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтууд нь хохирогч Б.Алтанцэцэгийн нэрээр олгогдсон, тэрээр Говьсүмбэр аймагт албан ёсоор оршин суудаг болох нь тогтоогдсон,

5.    Эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг хохирогч Б.Батсүхийн нэхэмжлэлийн үнийн дүнд орсон байсныг Б.Алтанцэцэгт эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотойгоор учирсан эд хөрөнгийн алдагдал буюу түүнээс гарсан зайлшгүй зардал гэж дүгнэж, хохирогч Б.Алтанцэцэгт нийт 1 033 100 төгрөгийн бодит хохирол учирсан гэж тогтоолоо.

Харин Намуунцэцэгийн 3900 төгрөгийн автобусны тасалбарыг /иргэний хэргийн 18/ өөр хүнийх үндэслэлээр, эмийн сангаас авсан эм тарианы 279 000 төгрөг /иргэний хэргийн 13/, 744 500 төгрөгийн /иргэний хэргийн 13/ баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй учир нотлох баримтаар үнэлээгүй. Учир нь дээрх эм тариаг Б.Алтанцэцэгийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэсэн эмчийн зөвлөмж, дүгнэлт, эрүүл мэндийн карт зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Батсүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар нэхэмжлэгч А.Одонхүүгээс 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны цалин 12 437 655 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Б.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн дээрх шийтгэх тогтоолоор тодорхойлогдох бөгөөд А.Одонхүү хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан тул хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгч А.Одонхүү нь хохирогч Б.Батсүх нь осолд орохоос өмнө эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн нь нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ч энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл Б.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж чадаагүй байна.

Иймд Б.Батсүхийн ЭСТО ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг үндэслэн түүний эрүүгийн гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын дуустал хугацааны цалин хөлсийг /дундаж цалин хөлсөнд хоолны мөнгө хамаарахгүй учир нийт цалин 829 177 төгрөгөөс сарын хоолны мөнгө 60 000 төгрөгийг хасч нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 769 177 төгрөг/ тооцож, 2 307 531 төгрөгийг А.Одонхүүгээс гаргуулж Б.Батсүхэд олгох нь зүйтэй гэж үзлээ.

  Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна гэж заасан, нөгөө талаар хэдийгээр хариуцагч Б.Батсүх нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгож аваагүй гэх боловч хэрэгт авагдсан түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картанд /хх-ийн 102/ ...групп тогтоолгох саналтай гэж тэмдэглэсэн байх тул осол болсны дараах 3 сарын хугацааны цалинг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Харин ЭСТО ХХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан, нотлох баримтын хуулийн шаардлага хангасан баримтыг давхар нотариатаар гэрчлүүлсний төлбөр 27 700 төгрөгийг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч А.Одонхүү нь Б.Батсүх, Б.Алтанцэцэг нарын эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийн үнийн дүн болох 13 332 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 224 600 төгрөгийг урьдчилан төлсөн байх бөгөөд дээрх 2 хохирогчид учирсан хохирлын хэмжээг шүүхээс нийт 9 208 631 төгрөг гэж тогтоосон тул энэ дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 162 288 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 62 312 төгрөгийг нэхэмжлэгч А.Одонхүүд буцаан олгох, хариуцагч Б.Батсүхийн сөрөг нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч А.Одонхүү 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Б.Батсүхэд 5 868 000 /таван сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийн, хохирогч Б.Алтанцэцэгт 1 033 100 /нэг сая гучин гурван мянга нэг зуун/ төгрөгийн бодит хохирол учирсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нэхэмжлэгч А.Одонхүүгээс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 2 307 531 /хоёр сая гурван зуун долоон мянга таван зуун гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Батсүхэд олгож, сөрөг нэхэмжлэлээс 10 157 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Одонхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 224 600 төгрөгнөөс 162 288 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 62 312 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

4.Хариуцагч Б.Батсүхийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Хэрэгт авагдсан 8 ширхэг СД, 10 ширхэг рентген зургийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЦОГЗОЛМАА

С.БАЙГАЛЬМАА