Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2017/00014

 

   А.О нэхэмжлэлтэй иргэний

   хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2017/00096 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М овогт А О /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У овогт Б Б /РД: /

Хариуцагч: Б овогт Б А /РД: 4/-д холбогдох

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж, хохирлыг бодитойгоор тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч А.О, хариуцагч  нарын өмгөөлөгч М.Цэрэндэжид нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, түүний өмгөөлөгч С.Ганбат

Хариуцагч Б.Б, Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О миний бие Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэхдээ би хохирогч нарын хохирлыг нэхсэн хэмжээгээр нь бус хэрэгт авагдсан, хуульд заасан нотлох баримтаар үнэлэгдсэн хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн. Б.Б, Б.А нар эмчилгээний зардалд 13 332 000 төгрөг нэхэмжилсэн.

Хохирогч нарын эрүүгийн хэрэгт өгсөн баримтууд нь хуурамч, эмийн сангаас авсан эм тариаг хохирогч нар хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, өөр байгууллагын тэмдэг дарагдсан, сар өдрийг зассан, Б.А нь Говьсүмбэр аймагт оршин суудаггүй байж  охиныдоо ирж, очсон зардлаа нэхэмжилсэн, охин Б нь хүнээс зээлсэн мөнгийг би төлөх үндэслэлгүй, мөн эмийн сангийн баримтууд нь нэг хүний бичигтэй, эд хариуцагч гэдэг дээр нь адилхан гарын үсэгтэй, эд хүлээн авсан гэдэг нөгөө баримт дээр нь адилхан гарын үсэгтэй байсан.

 Мөн эдгээр авсан эмнүүд нь тархины нөхөн сэргээлтийн эмнүүд байсан. Б.Б нь урьд нь тархиндаа цус харвасан байсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан. Энэ дотор ястай холбоотой өвчин намдаах 2 төрлийн л эм байгаа.

Мөн шатахуун авсан баримтууд байна. Осол болоогүй байхад 05 дугаар сарын 31-ний өдөр -ГСА гэсэн дугаартай машинд бензин  авсан баримт оруулсан байсан. Дандаа нэг шатахуун түгээх станцаас бензин авсан байсан. Манал оточ гээд хувийн эмнэлэгт хэвтсэн гэсэн баримт байна. Хувийн эмнэлэг ор хоногийн мөнгөнд эм тариа нь багтах ёстой.

 Гэтэл гаднаас эм тариа авснаар баримт бүрдүүлсэн. 650 000 төгрөгөөр хүзүү толгойгоо үзүүлсэн баримт байна. Үүн дээр он сарыг 05 дугаар сарын 1 байсныг 6 дугаар сарын 1 болгож зассан зэрэг нотлох  баримтын шаардлага хангаагүй учир эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлүүлэн бодит байдлаар хохирлыг тогтоолгохыг хүсч байна.

Тиймээс нийт 11 267 800 төгрөгний баримтыг хуурамч гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Үлдсэн 2 064 200 төгрөгийг төлж болно. Сөрөг нэхэмжлэлийн хувьд осол болохоос өмнө эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул цалин нэхэмжлэх эрхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надад хуурамч зүйл үйлдэх ухамсар байхгүй. Би хууль мэдэхгүй, 7 дугаар ангийн боловсролтой, насаараа мал дагасан иргэн. Эмнэлэгт хэвтэж эм ууж үзээгүй. Би Хөшигтийн хөндийн шинээр баригдаж байгаа онгоцны буудал дээр бетон хайлуулах галлагаа хийдэг ажилтай байсан. 1 000 000 гаруй төгрөгний цалин авдаг байсан. Сард дунджаар 800 000 гаруй төгрөгний цалин гар дээрээ авч эхнэр, хүүхдүүдээ тэжээдэг байсан. Осол болдог өдөр А.О машинд Багахангайгаас сууж нааш гарсан. А.О машин бариад их хурдтай явсан. 120 милл хурдтай явсан. Би зөөлөн явахыг олон удаа анхааруулсан. Би осолд ороод нуруу хугарсан байдалтай эмнэлэгт хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэр хооронд манай хүүхдүүд болох Б, М нар хүнээс мөнгө зээлж эм тариа авч өгсөн. 05 дугаар сарын 31-ний өдөр орой 20 цагийн үед осолд ороод байхад мэргэжлийн хяналтын албаны хүн авч ирж өгсөн.

Машинд бензин хийвэл Чойр хүргэж өгнө гэж хэлсэний дагуу эмнэлгийн машинд бензин хийж өгч хүргүүлсэн. Эм тарианы талаар би сайн мэдэхгүй банйа. Манай хүүхдүүд зохицуулж эм тариа авч өгч байсан. Би Манал оточ эмнэлэгт хэвтэж байсан. Эмнэлгээс гаргахад 6 дугаар сарын 17-ны өдөр эм бичиж өгсөн. Хүүхдүүд эмийг авч ирж өгсөн. Хэвтэж байх хугацаанд эм тан нь өрөөний зардалдаа ордог юм байна лээ. Түүнээс өмнө, хойш ууж байсан эмнүүдийн мөнгө орсон байх гэж бодож байна. Би өөрөө эм тангаа аваагүй болохоор сайн мэдэхгүй байна.

Би нийт 11 750 200 төгрөг нэхэмжилж байна. Надад сөрөг нэхэмжлэл гаргах шаардлага байгаагүй. Би ажилгүй байсан хугацааны цалин гэж 3 000 000 төгрөг л урьд нь нэхэмжилсэн. Түүнийг А.О төлөлгүй 3 жил гаран хугацаа өнгөрч байна. Би удахгүй тэтгэвэрт гаргах  байсан. Миний нийгмийн даатгалын дэвтэр 1 жил, 3 сар бөглөгдөөгүй. Энэ нь надад асар их хохиролтой төдийгүй тэтгэвэрт гаргах хугацаанд саад учруулсан тул үндсэн цалингаа 1 жил 3 сард ногдохоор нь бодож 12 437 655 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 27 700 төгрөг нэмж нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 5 дугаар сарын 31-ний өдөр А.О явж байгаад хохирсон. А.О намайг бензиний баримтыг хуурамчаар бичсэн гэж хэлж байна. Шатахуун түгээх станц нь буруу юм өгчихдөг юм болов уу би тэр талаар сайн мэдэхгүй байна. Бензин авсан нь үнэн. Үнэн гэдгийг эмч нар бүгд мэднэ. Охин Б хүнээс зээлсэн мөнгийг би төлөхгүй гэж А.О хэлж байна. Надад бэлэн мөнгө байгаагүй тул би олон хүнээс мөнгө хайсан. 6 дугаар сарын 01 баяр  болж байхад мөнгө өгөх хүн байгаагүй.

Би ухаангүй байгаа хүнээ босгохын тулд аргагүйн эрхэнд мөнгө хэрэгтэй болж хүнээс мөнгө зээлдүүлсэн. Энэ өрнөөсөө сая хүүгээрээ зээл авахуулж байж арай гэж гарсан. А.О бидэнд цагаан сэтгэл гаргах болов уу гэж бодож байсан. А.О бид нар дээр 4 хоногийн дараа ирээд би танд 3 000 000 төгрөг өгье надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөч гэж хэлсэн. Би А.О шоронгийн хаалга татуулаад яахав гэж бодсон. Гэтэл одоо хүртэл намайг яаж байна гэж асуухгүй, мэндлэхгүй байгаа. Би ослоос болж элэгний С вирустай болсон. Би урьд нь эв эрүүл хүн байсан.

Би осолд орох үедээ энд охиныхоо хүүхдийг хардаг байсан. Манайх энд нүүж ирсэн байсан. Би нөхөртэйгөө хамт гэртээ ирэх замдаа осолд орсон. Бидэнд эмчилгээний мөнгө олдохгүй байсан учраас манай охин М ээмгээ ломбарданд тавьж байж мөнгө олж эмчилгээ хийлгэсэн. А.О биднийг хохироочихоод сэтгэл гаргахгүй, хохирол төлбөр төлөхгүй, би ажилгүй гэж хэлж байна. А.О жоншны компанид туслах жолоочоор ажиллаж байгаа сард 1 200 000 төгрөгний цалин авч байгааг нь би мэдсэн. Би сард 600 000 төгрөгний эм ууж байгаа.

Төв аймгийн шүүх дээр А.О хохирол төлбөрийг өгнө гэж хэлсэн байж одоо ингэж хуурамч материал бүрдүүлсэн гэж шүүх хурал хийлгээд байгаад гайхаж байна. Би тийм зүйлтэй учирч байгаагүй болохоор мэдэхгүй хүний хийж өгсөн баримтыг л авсан. Бид тэрийг нь нягталж үзээгүй буруутай л байх. Надад А.О илүү мөнгө авах хүсэл байхгүй. Б.Б ажилгүй байж байгаад ажлаас нь дуудаад саяхан ажилд нь оруулсан. Манаачийн ажил хийж байгаа. Манай нөхөр осолд орсны улмаас 15 сар ажилгүй зогссон. Би хүнээс мөнгө зээлж эм аваад 300 000 төгрөгний өртэй байгаа. Надад А.О хүн гэсэн үүднээс сэтгэл гаргаагүйд би гомдолтой байна. Надад 1 581 800 төгрөгний хохирол учирсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба А.О дансанд нь байсан 330 гарай мянган төгрөгийг л надад авч өгсөн. Өөр мөнгө өгөөгүй гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар үйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч А.О 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Б.Б 5 868 000 /таван сая найман зуун жаран найман мянган/ төгрөгийн, хохирогч Б.А 1 033 100 /нэг сая гучин гурван мянга нэг зуун/ төгрөгийн бодит хохирол учирсан болохыг тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар үйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нэхэмжлэгч А.О хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 2 307 531 /хоёр сая гурван зуун долоон мянга таван зуун гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Б олгож, сөрөг нэхэмжлэлээс 10 157 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.О улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 224 600 төгрөгийг түүнд буцаан олгож, хариуцагч Б.Б гаргасан сөрөг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хэрэгт авагдсан 8 ширхэг СД, 10 ширхэг рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.О давж заалдах гомдолдоо: А.О миний бие нь Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б, Б.А нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж, хохирлыг бодитойгоор тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 134 тоот шийдвэрийн дагуу тогтоосон зарим нэг хохирлын хэмжээг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие хохирол төлөх талаар цугларсан нотлох баримтуудыг дахин бодитойгоор шинжлэн судлуулж, шүүхийн шинжээч томилуулан судлуулах хүсэлтэй байна. Маргаж байгаа асуудлыг дор дурдвал:

1. Б.Б, Б.Анар нь эмчилгээний зардалд охин Б Хулан гэдэг хүнээс 4 500 000 төгрөг зээлүүлсэн. 6-р сарын 2-ноос 9-р сарын 3-ны өдөр хүртэл 3 сарын хүүнд 2 025 000 төгрөг төлсөн мөртлөө 2015.08.02, 2015.08.03-нд 2 өдөр дараалуулан 2 удаа хүү төлсөн гэж бичигдсэн байна. Иймээс зээлийн хүү 2 700 000 төгрөгнөөс давхцаж бичигдсэн 650 000 төгрөгний хүүг хасуулах хүсэлтэй байна.

2. “Э” эмийн сангаас Б.Б хэрэглэсэн гэх 554 500 төгрөгний эмний зарлагын баримт нь эмийн сангийн /кассын талон/ тамга тэмдэг байхгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагчийн гарын үсэг байхгүй баримт байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Б.Б нь осол болохоос өмнө тархиндаа цус харвалттай байсан нь шүүх эмчийн шинжилгээгээр нотлогдсон ба уг авсан эм тариунууд нь толгой тархинд хэрэглэдэг эм тариунууд байсан ба авто ослын улмаас үүссэн өвчин биш учир төлөх үндэслэлгүй гэж үзэж, эмийн сангийн 554 500  төгрөгийг хасуулах

3. “Говийн сондор” эмийн сангаас авсан 25 000 төгрөгний даралтын аппарат авсан зарлагын баримт нь эмийн сангийн /кассын талон/ тамга тэмдэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж хасуулах

4. 2015.09.17-ны өдөр Говьсүмбэр аймагт нефть хангамжийн салбараас авсан 20 000 төгрөгний шатахууны баримт тамга тэмдэг байхгүй туд хүчингүй гэж үзэж хасуулах

5. 2015.0.5.31-ний өдрийн орой осолд ороод Баянтал сумаас Чойр луу эмнэлгийн машинд 22 500 төгрөгний шатахуун хийсэн гэх. Баянтал сумаас Говьсүмбэр аймаг хүртэл 23 км зайтай. 22 500 төгрөгний шатахуун орох үндэслэлгүй, эмнэлгийн машин ч өвчтнөөс шатахууны зардал авах ёсгүй гэж үзэж байгаа тул хасуулах

6. 2015.06.14-ний өдөр 65 000 төгрөгний шатахуун хэрэглэсэн гэх. /Нэг өдөр тийм их шатахууныг юунд хэрэглэсэнээ нотлох/

7. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 2 307 531 төгрөг тогтоож гаргуулахаар болсныг хасуулах. Учир нь иргэн Б.Б нь Э ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр осол болохоос өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. /Тухайн компанитай хийсэн гэрээний дуусгавар, НДШ-ийн дэвтрээр нотлогдож байна./

Иймд дээрх цалин Э ХХК-иас авч байсан цалингийн дунджаар биш хөдөмөрийн хөлсний доод хэмжээгээр 3 сарын цалинг 720 000 төгрөгөөр тогтоолгож 1 587 531 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна.

Нийт Б.Б хохирлоос 2 949 531 төгрөгийн төлбөрийг хасуулах хүсэлтэй байна.Энэ мэтчилэн хавтаст хэрэгт цугларсан дээрх бүхий л нотлох баримтуудыг шинжээч томилон судалж бидний хохирлыг бодитойгоор тогтоож өгнө үү гэжээ.

             Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2017/00096 дугаартай шийдвэрийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Юуны өмнө анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч Б.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.3 дахь хэсэг, 229 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч А.О түүнийг зам тээврийн осол гаргаж, гэмт хэрэг үйлдсэний улмаас 2015.06.01-нээс 2016.08.26-ны өдрийг хүртэл 15-н сар хөдөлмөрийн чадвараа алдаж цалин хөлс болон олх ёстой байсан орлогоо алдсан, дунджаар 12 437 655 төгрөгийн хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан юм Б.Батсүх нь зам тээврийн ослын улмаас гар, толгой, хүзүү, нуруу, аарцагны яс гэмтэж удаан хугацаагаар хэвтрийн дэглэм сахиж байж эмчлэгдсэн. Тэрээр амьдралын аргагүй шаардлагын улмаас эргэж ажилдаа орсон. Гэмтэл бэртэл нь одоо ч бүрэн эдгэрээгүй байдаг. Групп тогтоолгохоор эмч нарын зөвөлгөөнөөр орсон боловч толгойдоо дахин мэс засалд орсоны дараа тогтоолго гэж буцаасан байдаг. Мэс засалд орох шаардлагатай гэсэн тэмдэглэгээ, бичилт нь амбултороор эмчлүүлэгчдийн картанд байдаг. Энэ мэс засал хийх хагалгаа нь өндөр өртөгтэй байдаг учраас өнөөдрийг хүртэл мэс засалд орж чадаагүй байна.

Б.Батсүх нь “Э” ХХК-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан, осолд ороод цаашид ажиллах боломжгүй болсон учир ажлаас чөлөөлж тушаал гаргасан байдаг. Б.Б нь тодорхой цалин хөлс орлоготой хөдөлмөр эрхэлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан “Э” ХХК-тай байгуулсан 2013, он, 2016 оны хөлсөөр ажиллах гэрээнүүд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, амбулотараар эмчлүүлэгчийн картын бичилтүүд, мөн цалин хөлсний дунджийг тодорхойлсон “Э” ХХК-ийн тодорхойлолт зэргээр орлого олох байсан цалин хөлс, орлогоо нотлох баримтаар гаргаж өгсөн байхад нийт 12 437 655 төгрөгөөс шүүх зөвхөн осол болсоны дараах 3-н сарын хугацааны цалинг тооцож 2 307 531 төгрөгийг А.О гаргуулахаар шийдвэрлэсэн нь Б.Б эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож үндэслэлгүй шийдвэрлэсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.    

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлтэй холбоотой, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ  нь:      

          

  А.О нь өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Б, Б.А нарт хүнд, хөнгөн гэмтэл учруулж хохироосон байх ба шүүх түүнийг энэ үйлдэлд нь гэм буруутайд тооцож, мөн хохирогч нарын нэхэмжилсэн 13 332 000 төгрөгийг А.О нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүйг сануулж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч А.О нь дээрхи сануулсан эрхийн дагуу хохирлын хэмжээний талаар маргаж эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг судалж хохирлыг бодитоор тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

           Хариуцагч Б.Б, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрөхийн зэрэгцээ Б.Б нь ажилгүй байсан 15 сарын цалин 12 437 655 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27700 төгрөгийг А.О гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан хохиролтой холбоотой  Төв аймгийн шүүхийн архиваас эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн баримтууд /хх-5-9,13-22/, хариуцагч нарын хүсэлтийг хангаж нотлох баримт бүрдүүлэх замаар Төв аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас мөн хэргээс хуулбарлан ирүүлсэн баримтууд /хх -39-71/-ыг 201501080297 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  үед харьцуулан тулгах замаар шинжлэн судалж, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтанд үндэслэн хохирогч Б.Б 5 868 000 төгрөгийн, Б.А 1 033 100 төгрөгийн  бодит хохирол тус тус учирсан болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн хувьд А.О 2 307 531 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.  

Учир нь анхан шатны шүүхээс гэм хор учруулснаас үүссэн бодит хохирлыг тооцохдоо хохиролд тооцсон баримт болгоныг хохирогч тус бүрээр нэг бүрчлэн дүгнэсэн, үүнээс нэхэмжлэгчийн төлөх үндэслэлгүй гэж маргасан баримт тус бүр дээр түүнийг төлүүлэх болон нотлох баримтанд тооцсон үндэслэлээ өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан няцаалтыг мөн баримт бүрт нэг бүрчлэн  хийсэн  нь шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байх бөгөөд давж заалдах шүүхээс дээрх дүгнэлтүүдийг    үндэслэлтэй зөв  гэж үзлээ

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч А.О нь иргэний  хэргийн 109-111 дугаар хуудсанд авагдсан хөлсөөр ажиллах гэрээний төгсгөлд байх гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт “2015.05.31-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр гэрээг цуцлав” гэсэн бичилт, мөн  хэргийн 106-108 хуудсанд авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн  даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэгт “2015.05.31”-нд “ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтийг тус тус үндэслэн Б.Б осолд орохоос өмнө  ажлаас чөлөөлөгдсөн байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эрүүгийн хавтаст хэргийн 106-110 дугаар хуудсанд авагдсан хөлсөөр ажиллах гэрээ болон  нийгмийн даатгалын дэвтэрт дээрх бичилтүүд хийгдээгүй байгаагаар хуулбарлагдсан байгаагаас үзэхэд Б.Б нь осолд орохоос өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байсан нь нотлогдоогүй, мөн А.О нь ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотлох баримтаар нотлоогүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй.

Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахдаа нийгмийн даатгалын сангааас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны  тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаарыг үндэслэн 3 сарын хугацаагаар тооцож гаргуулсныг давж заалдах шатны шүүхээс буруу биш гэж үзэв.

Харин анхан шатны шүүх А.О холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газраас татан ирүүлж шүүх хуралдааны явцад хэргээс хуулбарлан ирүүлсэн баримтуудыг тухайн хэрэгт хавсаргасан эх хувьтай харьцуулан шинжлэн судалсаны эцэст дээрх эрүүгийн хэргийг хэрхэх тухай шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Гэхдээ тухайн хэргийг давж заалдах шатны шүүхээс буцаан хүргүүлсний дараа албан тоотоор холбогдох газарт нь буцаан хүргүүлэх боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.О болон хариуцагч Б.Б өмгөөлөгч М.Ц нарын  гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй  байна

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          

 1. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 134/ШШ2017/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Цэрэндэжид нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62142 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар хариуцагч Б.Б болон түүний өмгөөлөгч нар нь давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг  дурдсугай.  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай. 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.БАЙГАЛМАА

                 ШҮҮГЧИД                            Н.БОЛОРМАА

                                                              Г.ТЭГШСУУРЬ