Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2018/00944/И |
Дугаар | 001/ХТ2019/00462 |
Огноо | 2019-04-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2019/00462
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01758 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2207 дугаар магадлалтай,
Ц.Б-гийн нэхэмжлэлтэй
Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүйд тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгт 2014 оноос хойш ажилласан. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна. Өөрийн дүү Ц.Отгонжаргалыг Ц.Чөдөр гэх нярайн чөлөө авсан туслах багшийн оронд түр ажиллуулсан. Ц.Чөдөр багш ажилдаа орох үед цагаан хэрэглэл угаагч М.Алтангэрэл нь хүүхдээ эмчлүүлэхээр чөлөө авсан тул Ц.Отгонжаргалыг цагаан хэрэглэл угаагчаар ажиллуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус цэцэрлэгийн багш Д.Уранчимэг жирэмсний чөлөө авсан. Тус хугацаанд ажиллах багш олдоогүй тул Д.Уяахүү багшийг түр нэг сар багшаар ажиллуулсан. Д.Уранчимэг багшийн оронд ажилтан авахаар зар тавьсан боловч багш олдоогүй. Д.Уяахүү нь эчнээгээр суралцаж байгаа, багшлах эрхийг аваагүй байсан тул бүлгийн багшаар ажиллуулаад түүний оронд Ц.Отгонжаргалыг туслах багшаар ажиллуулсан. 2018 оны 01 дүгээр сард Д.Уранчимэг багш ажилд орсноор Ц.Отгонжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Ж.Эрдэнэцэцэг багш 2014 оны 8 дугаар сард бүлгийн жижүүрээр ажиллаж эхэлсэн. Тэрээр англи, монгол хэлний багш чиглэлээр төгссөн, МУБИС-д сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжлээр сурч байсан ба багш олдохгүй тул ажиллуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр багш С.Нарантуяа шилжсэн бөгөөд Ж.Эрдэнэцэцэг сургуулиа төгссөн байсан тул түүнийг ажиллуулсан. Ж.Эрдэнэцэцэг багш 2017 оны 3 дугаар сард жирэмсний амралтаа авсан. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 3-4 багш, 1 арга зүйч, 1 эмч шаардлагатай болсон. Зар тавихад арга зүйчийн ажлын байранд М.Гансарнай тэнцсэн. Иймд заах аргын нэгдлийн гишүүн А.Цолмонхүү, Ц.Байгалмаа, Д.Лхагвасүрэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Д.Энхбатыг арга зүйчээр, М.Гансарнай, С.Эрдэнэ, Т.Ариунбаяр нарыг сонгож авсан. Д.Уяахүү багшийг Д.Уранчимэг багшийн ангид эгүүлэн багшаар ажиллуулсан. Тухайн үед сонгож ажилд авсан багш нарын ажлын тайланг Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс рүү явуулсан. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжид нэр дурдсан хүмүүсийг би хувийн эрх ашгийн үүднээс ажиллуулаагүй, тухайн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор ажиллуулсан. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/1246 тоот албан бичигт Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу хариуцлага тооц гэсэн байхад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Уг албан бичиг нь Нийслэлийн Боловсролын газарт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхад зөрчлийг илрүүлснээс хойш 37 хоногийн дараа сахилгын зөрчилд арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Засаг дарга нь ажлаас халсан шийдвэртээ ажил хүлээлцэх хугацааг заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Ц.Отгонжаргал, Ж.Эрдэнэцэцэг нарыг ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй. Нийслэлийн Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ажил олгогч биш, хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээд буюу Нийслэлийн Боловсролын газар л ажил олгогч байх ёстой. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын шүүхэд гаргасан тайлбарт: Ц.Б- нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/88 тоот захирамжаар Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/180 тоот захирамжаар Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон. Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9.1.2, Авилгын эсрэг хуулийн 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаардаг. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гомдол шийдвэрлэх тухай албан бичгээр Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Б- нь 2017 оны 4 дүгээр улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд эцэг эхийн зөвлөлөөс хандивласан эд зүйлийг цэцэрлэгийн дансанд хийгээгүй. Мөн 2018 оны 02 дугаар сарын 05/1246 албан бичгээр Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн 7.1.3., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээ авч ирүүлэхийг мэдэгдсэн. Үүнд Ц.Б- нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.Отгонжаргалыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар туслах багшаар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар угаагчаар, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар туслах багшаар, мөн өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Эрдэнэцэцэгийг 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тушаалаар жижүүрээр, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар туслах багшаар, багшлах эрхгүй Т.Ариунбаяр, С.Эрдэнэ, Т.Уяахүү нарыг тус тус багшийн ажилд авч, бусдад давуу байдал олгосон нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Эдгээр зөрчлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2., 11 дүгээр зүйлийн 11.1., Авилгын эсрэг хуулийн дугаар зүйлийн 7.1.3., 7.1.6.дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Нийслэлийн Боловсролын газраас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/186 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх санал, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/1246 тоот албан бичгийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.8, 6.3.12, 6.3.21 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтуудаар нотлогдсон учраас ажлаас чөлөөлсөн. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 3 дугаар сарын 19-ний өдөр Б/43 тоот тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01758 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч Ц.Б-гийн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/53 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2207 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс мөнгө хөрөнгө зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд хамт ажиллуулахыг хориглоно” гэх заалтыг 2 шатны шүүх өргөтгөн тайлбарлаж, төрөл садангийн аль ч хүмүүс 162 дугаар цэцэрлэгт ажилласан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд миний бие 162 дугаар цэцэрлэгийн ажлыг тасралтгүй явуулахын тулд угаагч, туслах багш гэх мэт эд хариуцагчаас бусад ажилтнуудыг ажиллуулсан нь хуулийн дагуу байхад 2 шатны шүүх Ц.Б-г буруутгах зорилгоор Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзсэн. Шүүх хуралдаанд энэ талаар тайлбар гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд ямар нэгэн дүгнэлт, няцаалт хийхгүйгээр Ц.Б-г 2014 оноос 2017 оны 01 сар хүртэл удаа дараалан Авлигын болон Нийтийн албаны хууль зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдсон хэмээн өрөөсгөл дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг илэрхий зөрчсөн. Намайг 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр н.Эрдэнэцэцэгийг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр н.Ариунбаяр, С.Эрдэнэ, Д.Уяахүү нарыг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ц.Отгонжаргал нарыг ажиллуулсан гэж буруутгасан. Гэвч уг ажиллагаа явагдсанаас хойш сахилгын хариуцлагад татах хуульд заасан хугацаа өнгөрсөн. Магадлалд “2017.12.20-ны өдрийн Б/51 тоот тушаалаар өөрийн дүү Ц.Отгонжаргалд урамшуулал олгож байсан ба түүний гаргасан зөрчил тус өдрийг хүртэл үргэлжилж байсан” гэсэн ямарч хуульд байхгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Ц.Б- 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сахилгын буюу ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн нь шүүх хэргийг шийдэхдээ асуудалд хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна. Авлигатай тэмцэх газрын албан бичгийг Нийслэлийн Засаг дарга 2018 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авснаас хойш 2018 оны 3 сарын 19-ний өдөр буюу 37 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 131 дүгээр зүйлийг илэрхий зөрчсөн атал шүүх Нийслэлийн боловсролын газраас 2018.02.22-нд Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хандсан үйл ажиллагааг зөрчил илэрсэн өдөр хэмээн үзсэн. Хэрэгт авагдсан баримтаас Авлигатай тэмцэх газраас 2018.02.08-нд огноолон Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хандсан үеэс Ц.Б-гийн зөрчил хэмээх үйл ажиллагааг илрүүлсэн гэх үндэслэлийг дурдъя. Нийслэлийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халах захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 42-р зүйл гэх мэт олон заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаанд үнэлэлт хийхийг шүүх хүсээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5, 6, 40-р зүйлүүдийг зөрчил Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлд буй хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөсөрдүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх Нийслэлийн Засаг дарга С.Батболдод давамгай байдлаар үйлчилж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/53 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул энэ талаархи нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Ц.Б- 2014 оны 8 дугаар сараас эхлэн Нийслэлийн боловсролын газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Захирамжид, Ц.Б- нь албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг тус тус зөрчиж, өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.Отгонжаргалыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар туслах багшаар, 2017 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар угаагчаар, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар туслах багшаар, мөн өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Эрдэнэцэцэгийг 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар жижүүрээр, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар бүлгийн багшаар, багшлах эрхгүй Т.Ариунбаяр, С.Эрдэнэ, Д.Уяахүү нарыг багшаар тус тус томилж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус үндэслэжээ.
Нийслэлийн Засаг дарга захирамжидаа, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан”, түүнчлэн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлүүдийг заасан нь эрх зүйн хувьд зөрчилдөөнтэй байна. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нь хөндлөнгийн эрх бүхий байгууллагын шаардлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, эсхүл өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн хууль зүйн өөр ойлголтуудыг ажилтанг ажлаас чөлөөлөх, халах үндэслэл болгожээ.
Хэргийн баримтаас үзвэл Авилгатай тэмцэх газар нь нэхэмжлэгч Ц.Б-гийн талаар гаргасан мэдээллийн дагуу шалгалт хийж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 05/1246 тоот албан бичгийг хүргүүлж, Ц.Б-д Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэх,”багшлах эрхгүй”, “ажиллах эрхгүй”-гүйгээр ажиллуулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээ авч тус газарт хариу мэдэгдэхийг хүсчээ.
Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар Авилгатай тэмцэх газар нь хуульд тусгайлан заасан байгууллага, тухайн байгууллагын албан тушаалтнаас бусад байгууллага, албан тушаалтны талаархи иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдол, мэдээллээр, эсхүл төлөвлөгөөт хяналт шалгалтаар тодорхой ажиллагааг явуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдэд арга хэмжээ авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх эрхтэй байна.
Тус газрын 05/1246 тоот албан бичигт Ц.Б- нь Өөрийн хамаарал бүхий этгээдийг 162 дугаар цэцэрлэгт ажиллуулснаар Авилгын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн..давуу байдал олгох,...”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах...” гэсэн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, багшлах эрхгүй этгээдийг ажиллуулснаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэсэн гэж дүгнэжээ.
Дээрх албан бичгийг үндэслэж Ц.Б-г ажлаас халах шийдвэр гаргахдаа Нийслэлийн Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэснийг үндэслэл болгосон байна.
Тухайн үйл явдал буюу Ц.Б-г ажлаас халж байгаа нь хөдөлмөрийн гэрээний талуудын санаачилгаар бус хөндлөнгийн этгээдийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хуульд заасан нөхцөл боловч эрх бүхий этгээд буюу Авилгатай тэмцэх газар нь нийтийн албан тушаалтан нь хэзээ, ямар зөрчил гаргасныг шалгаж, уг зөрчилд хариуцлага хүлээлгэх хугацааг дүгнэж, зөрчилд тохирох хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий этгээдээс шаардахдаа албан ёсны шийдвэр гаргах нь зүйд нийцэх юм.
Үүнийг Авилгын эсрэг хуульд тухайлан зохицуулсан байна. Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Авилгатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй байна.” гэснээс үзвэл тус газар нь Авилгын эсрэг хууль зөрчсөн этгээдэд арга хэмжээ авахуулахаар шийдвэр гаргахаар байх ба Нийслэлийн Засаг дарга нь Ц.Б-г ажлаас халахдаа эрх бүхий байгууллагын шийдвэрийг бус, Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын албан бичгийг үндэслэн ажилтанг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан зохицуулалтын агуулгад нийцээгүй, ажлаас буруу халсан гэж үзнэ.
Дээрхээс гадна албан бичигт “Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэх”-ийг заасан байх бөгөөд уг зохицуулалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох агуулга тусгагдаагүй байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга захирамжидаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг Ц.Б-г ажлаас халах нэг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн гэрээ нь Нийслэлийн боловсролын газар болон Ц.Б- нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд гэрээний тал болох Нийслэлийн боловсролын газраас Ц.Б-г хөдөлмөрийн сахилгын зөрчил эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын захирамжид нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн үндэслэлээ заагаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Хоёр шатны шүүх дээрх байдлуудыг анхаараагүй, Нийслэлийн Засаг дарга, Авилгатай тэмцэх газрын 05/1246 тоот албан бичгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн уг албан бичигт болон тушаалд заагдаагүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг үндэслэж ажилтанг ажлаас халах нөхцөл бий болсон гэх утгаар дүгнэлт хийсэн нь “шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчжээ.
Дээрх үндэслэлээр Ц.Б-г урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл буюу 12 сар 10 хоногт урьд авч байсан 1 сарын 711.230 төгрөг, нэг хоногийн 33.080 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ын дагуу бодож нийт 8.865.564 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцэх тул энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2207 дугаар магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/01758 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ц.Б-г Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 8.865.564 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156.799 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ