Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00478

 

М.С, Б.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02691 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2363 дугаар магадлалтай, 

 М.С, Б.Э нарын нэхэмжлэлтэй

Х ХХК, М.Ц, Б.Б нарт холбогдох, 

Талбайн зөрүү 11.475.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч М.Ц, Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.О, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.С, Б.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Бид 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х ХХК-аас орон сууц худалдаж авахаар гэрээ байгуулсан. 2014 оны 8 дугаар сарын сүүлээр Х ХХК-аас биднийг дуудаж, төлбөр хүлээж авсан талын нэрсийг өөрчиллөө гээд гэрээний эхний 2 хуудсыг сольсон. 2015 оны 02 дугаар сард барилгын ажил дуусч, бид орон сууцны зээл хөөцөлдөж 2015 оны 5 дугаар сард орон сууцаа хүлээж авсан. Орон сууцны м.кв-ын хэмжээг Инженер геодези ХХК-аар хэмжилт хийлгэхэд гэрээнд зааснаас 7 орчим м.кв талбай дутсан байсан. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Х ХХК-д м.кв-ын зөрүү мөнгө өг эсвэл байраа буцаая гэж хандсан. Х ХХК орон сууцаа буцаахыг зөвшөөрч, мөнгө бэлэн болохоор хэлнэ гэж хэлснээс хойш 4, 5 сарын дараа Х ХХК орон сууцаа буцааж аваагүй тул метр квадратын зөрүүг тооцон хохирлыг барагдуулахыг удаа дараа шаардсан. Иймд хариуцагч нараас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 80 дугаар байрны 49 тоотод байрлах 2 өрөө орон сууцны метр квадратын зөрүү төлбөр 11.475.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талууд орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр барилгын ажил эрхэлж байгаа М.Ц, Б.Б нарын барих орон сууцны барилгаас иргэн М.С эхнэрийн хамт орон сууц худалдаж авахыг хүссэн. Барилгын борлуулалтыг Х ХХК хариуцаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад Х ХХК хамааралгүй. Х ХХК ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш болох нь улсын комиссын актаар нотлогдоно. Зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Х ХХК-ийн нэр байгаа учраас компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татсан. Х ХХК орон сууцны м.кв-ын зөрүү төлөх үүрэг хүлээхгүй гэжээ.

Хариуцагч М.Ц, Б.Б нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нар нь 44 м.кв талбайтай орон сууц бариулахаар тохирч, гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нар гэрээнд зааснаар өөр буюу хавтаст хэрэгт авагдсан зөрүүтэй м.кв талбайтай орон сууц хүлээж авсан. Гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол гарсан учраас зардал нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Талууд гэрээнд орон сууцны талбайг ханын тэнхлэгийн төвөөс хэмжинэ. Барилгын талбай 44 м.кв гэж харилцан тохирч гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт зааснаар орон сууцны талбайн хэмжээг 44 м.кв болгох боломжгүй, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар нэхэмжлэгч м.кв-ын зөрүү шаардсан бол ажил гүйцэтгэх гэрээний нэг тал ажлын үр дүнг шалгаж хүлээж авах үүрэгтэй. Орон сууцны м.кв-ын хэмжээг нүдээр харж хэмжих боломжгүй. Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээж авахдаа шалгаж хүлээж авах боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал орон сууцны хэмжээг шалгаж аваагүй нь шаардах эрхээ алдана. Хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нарт 2 өрөө орон сууц хүлээлгэж өгсөн. Орон сууц хүлээж авахдаа талбайн хэмжилт хийж, төлбөр төлөх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02691 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Ц, Б.Б нараас 11.475.000 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч М.С, Б.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дахь заалтыг баримтлан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338.950 төгрөгөөс 268.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч М.Ц, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 198.550 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2363 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/2691 дугаар шийдвэрийн тогтоох хэсийн 2 дах заалтад 106 дахь гэснийг 106.5 дах гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч М.Ц, Б.Б нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Ц, Б.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч М.С нь 2013 оны 11 сарын 25-ны өдөр иргэн М.Ц, Б.Б нартай байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу шилжүүлсэн орон сууц нь гэрээнд заасан м.кв-аасаа дутуу хэмээн зөрүү төлбөрийг нэхэмжлэхдээ “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” МNS 6058:2009 дугаартай стандартыг үндэслэсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг авч үзвэл гэрээний 1.3-т “Орон сууцны талбайг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжинэ” хэмээн тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл талууд нь Орон сууцны үнийг тогтоохдоо орон сууцны талбайг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжихээр тохиролцсон бөгөөд үүний дагуу орон сууцны нэгж талбайн үнийг 1.700.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан байдаг. Талуудын орон сууцны үнийг харилцан тохиролцсон тохиролцоо, талбайн хэмжээг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжихээр тохиролцсон нь ямар нэгэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа биш юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 сарын 21-ний өдөр хүчингүй болсон Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг үндэслэл болгож “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 дугаартай стандартыг талууд заавал дагаж мөрдөх байсан, дагаж мөрдөөгүй нь хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Ийнхүү хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр дүгнэлт гаргасан “Эм Эм Инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр ойсоор буюу ханын тэнхлэгийн төвөөс маргаан бүхий сууцны талбайг хэмжихэд 42.40 м.кв талбайтай гэсэн байдаг. Энэ нь талууд анхнаасаа талбайн хэмжээг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжихээр тохиролцсон болохыг харуулж байгаа юм. Бид гэрээний дагуу ойсоор хэмжсэн хэмжилтээр зөрүү төлбөрийг төлөхөд асуудалгүй. “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 дугаартай стандарт нь орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал буюу арга зүйг л баталж өгсөн байдаг. Түүнээс биш иргэд, аж ахуйн нэгж хооронд байгуулагдаж байгаа орон сууц худалдан борлуулах, захиалан бариулах гэрээнд уг стандартыг заавал мөрдөнө гэсэн зохицуулалт байхгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд талбайн зөрүүд 11.475.000 төгрөг гаргуулах, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хоёр дахь шаардлага буюу орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Уг татгалзлыг шүүх баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзсан, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалт буюу орон сууцны талбайг тодорхойлох заалт нь хууль болон стандартад нийцээгүй тул хүчин төгөлдөр бус байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            М.С, Б.Э нар Х ХХК болон М.Ц, Б.Б нарт холбогдуулан эд хөрөнгийн доголдол буюу орон сууцны талбайн хэмжээ дутуугаас илүү төлсөн 11.475.000 төгрөг гаргуулах, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь зохицуулалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний зохицуулалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлээс татгалзжээ.

               Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

            Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангасан шийдлийг хэвээр үлдээж, харин шийдвэрт хуулийн зүйл, хэсгийг дутуу бичсэн техникийн шинжтэй алдааг залруулж, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

          Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, гэрээгээр шилжүүлсэн орон сууцны талбай дутуу буюу доголдолтой болох, доголдлын талаар захиалагчийн ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргах хугацаа, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл зэрэг шүүхийн хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т заасантай нийцсэн байна.

          Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл хариуцагч М.Ц, Б.Б нарын бариулах Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 80 дугаар байрны захиалагч нартай Х ХХК ажил гүйцэтгэгчийг төлөөлж нэхэмжлэгч М.С, Б.Э нартай орон сууцны захиалгын буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 49 тоотын 44 м.кв 2 өрөө орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж өгөх үүрэг, нэхэмжлэгч нар ажлын хөлсөнд 1 м.кв-г 1.700.000 төгрөгөөр тооцон нийт 74.800.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

           Орон сууцыг захиалагч нар 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд гэрээгээр тохирсон талбайн хэмжээнээс 6.75 м.кв дутуу болохыг шинжээч тогтоосон байна.

            Нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээний үр дүн буюу орон сууцыг хүлээн авсан даруйдаа талбайг эрх бүхий этгээдээр хэмжүүлж, улмаар ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргасан байх бөгөөд дутуу талбайн хэмжээгээр хөлсийг бууруулахаар шаардсан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг зөрчөөгүй байх тул  М.С, Б.Э нарын нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

            Харин нэхэмжлэгч нар анхан шатны шүүх хуралдаанд “гэрээний заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах” шаардлагаас татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв хэдий ч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилжээ.

            Х ХХК нь ажил гүйцэтгэгч бус харин түүний өмнөөс захиалагч нартай гэрээ байгуулах үүрэг хүлээсэн этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тус компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

            Хариуцагчийн гомдолд дурдснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нь “гэрээний 1.3 дахь зохицуулалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах” шаардлагаас татгалзсан нь шүүхээс тухайн зохицуулалт нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэхэд саад болохгүй, учир нь маргааны үндэслэл болсон гэрээний зохицуулалтыг зохигч хүчин төгөлдөр бус гэж үзсэн, хүчин төгөлдөр буст  тооцуулах  шаардлага гаргасан эсхүл гаргаагүйгээс үл хамаарч шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийнэ.

            Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч энэ нь хуулийн хүрээнд байх шаардлагатайг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1д заажээ. Хариуцагч М.Ц, Б.Б нар нь барилга барихын тулд Барилгын тухай хууль, гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан стандартыг судалсны үндсэн дээр захиалагч нартай гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг тогтоосон журамд нийцүүлэн санал болгох үүрэгтэй ба нөгөө талын эрх ашгийг хохироосон  нөхцлийг санал болгохыг Иргэний хуулиар хориглосон байна. Иймд орон сууцны талбайг хэмжээг тооцох аргачлалыг шинжээч баримталж дүгнэлт гаргаж, уг баримтыг  шүүх үндэслэснийг үгүйсгэх боломжгүй юм.

            Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2363 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Ц, Б.Б нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 198.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ