| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2019/0308/З |
| Дугаар | 463 |
| Огноо | 2019-07-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 463
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М” ХХК
Хариуцагч: ШӨХТГ УБ О.М
Гомдлын шаардлага: “ШӨХТГ УБ О.М ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тоот “Шийтгэлийн хуудас” болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот “Албан шаардлага”-ыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Ю” ХХК, “С” ХХК болон “М” Хувьцаат компаниудаас гаргасан гомдлын дагуу ШӨХТГ УБ О.М нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, “М” ХХК-ийн орон нутгийн зарим бүсүүдэд зарласан урамшууллын үйл ажиллагааг шалгасан байдаг. Тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж гүйцэтгэсэн захиргааны байгууллагын эрх бүхий албан хаагчийн хууль бус үйл ажиллагаа байсан тул ШӨХТГ УБ О.Мын гаргасан шийдвэр болох 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тоот “Шийтгэлийн хуудас” болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны огноотой 03 тоот “Албан шаардлага”-ыг бүхэлд нь эс зөвшөөрч, доор дурдсан үндэслэлүүдээр энэ гомдлыг гаргаж байна. Үүнд: ШӨХТГ УБ О.Мын хяналт, шалгалтын үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тухайд, Гомдол мэдээллийг хүлээн аваад зөрчил мөн эсэхийг шалган тогтоохдоо, хууль буруу хэрэглэсэн тухайд, ШӨХТГ УБ О.М нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэн, “М” ХХК дээр зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг заасан байх бөгөөд тус зүйлийн 1.2 дахь хэсэгт “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлсэн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно гэсэн байх бөгөөд “М” ХХК-ийн эсрэг гомдол гаргасан аж ахуй нэгжүүдээс аль нь ч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргалаа гэж гомдол гаргаагүй байдаг. Тус аж ахуй нэгжийн гомдлуудад Өрсөлдөөний тухай хуулийн зүйл заалтуудыг л дурьдаж ирүүлсэн байтал ШӨХТГ УБ гомдолд дурдаагүй үндэслэлээр буюу Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж гомдсон байхад хяналт шалгалтаа Өрсөлдөөний тухай хуулийнхаа дагуу бүрэн гүйцэд хийлгүй улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэх зөрчил мөн эсэхийг Өрсөлдөөний тухай хуульд заасан журмын дагуу эхлэн шалган тогтоох ажиллагаа хийлгүйгээр шууд Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт хийсэн байдаг. Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1-д “аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол”-ыг үндэслэнэ гэж заасан байх бөгөөд энд заасан журмын дагуу ШӨХТГ УБ нь “М” ХХК-ийн эсрэг бусад нэр бүхий аж ахуй нэгжээс ирсэн өргөдөл гомдлыг шалгахдаа тус хуулийн дээрх үндэслэлээр гомдлыг хүлээн авч, тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хяналт шалгалт явуулах хугацааг баримтлан хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ журмыг дагалгүй, шууд зөрчлийн хэрэг бүртгэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар 23.5-д “Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна” гэж улсын байцаагчийн хяналт шалгалт явуулах журмыг заасан байтал 23 дугаар зүйлийн 23.1-д заасан ажиллагааг хийлгүй алгасч, хэт богино хугацаанд гомдлыг бүрэн гүйцэд шалгалгүйгээр, буруу хууль хэрэглэн компанийн эрх ашгийг хохироосон.
ШӨХТГ УБ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэснийг зөрчсөн тухайд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид “М” ХХК-ын зүгээс тайлбар, мэдүүлэг болон холбогдох баримтуудыг өгөхдөө түүний шийтгэлийн үндэслэл болгосон Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т заагдсан иж бүрдэлд ороогүй бараа бүтээгдэхүүн дагалдуулах ямар ч үйлдэл хийгээгүй талаар хангалттай тайлбарлаж, баримт өгсөн боловч ямар ч хууль зүйн үндэслэлгүй нээсэн Зөрчлийн хэргийн бүртгэлтээ дуусгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ,” гэж заасны дагуу зөрчил гаргасан гэх үндэслэлийг нотлох үүрэгтэй байтал энэ талаар хэргийн материал болон шийтгэлийн хуудас алинд ч тодорхой, хууль ёсны, бодитой үндэслэл дурдагдаагүй шийдвэр гаргаж шийтгэл ногдуулсан. “М” ХХК болон “М” ХХК-иудын хамтарсан урамшуулал нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ноёлох үйл ажиллагаа явуулсанд тооцогдохгүй. Бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулсан, зах зээлээс шахан гаргасан зүйл байхгүй.
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т заагдсанаар иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулсан ч биш, хэрэглэгч тухайн урамшууллыг сонгох, сонгохгүй байх бүрэн боломжтой байсан тухайд, Тус хамтарсан урамшуулалт хөтөлбөрийн дагуу үйлчилгээг сонгосон 83 хэрэглэгч байх бөгөөд эдгээр хэрэглэгчид нь урамшуулал зарлагдсан цэгүүдэд хэрхэн хуваарилагдаж байгаа нь доорх хүснэгтээс харагдана.
Бүс нутаг Нийт урамшуулалд хамрагдсан хэрэглэгчдийн тоо
Багануур 4
Өвөрхангай 9
Дорнод 16
Дорноговь 21
Ховд 5
Сэлэнгэ 10
Өмнөговь 9
Г овьсүмбэр 1
Увс 8
Дархан -
Нийт 83
Эдгээр хэрэглэгчийн тооноос харахад, тус орон нутаг дахь бусад аж ахуй нэгжүүд зах зээлээс шахагдсан зүйл огт байхгүй бөгөөд улсын байцаагч нь тухайн зах зээлд эзлэх аж ахуй нэгжүүдийн хувь хэмжээг урамшуулал зарлагдсанаар ямар өөрчлөлт гарсан, бусад аж ахуй нэгж зах зээлээс шахагдсан эсэх, шинээр гарч ирэх боломж хаагдсан эсэх нөхцөлүүдийг шалган тогтоогоогүй шууд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т зааснаар торгууль тавьсан байдаг. Торгууль тавих үндэслэл болсон Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь дээрх нөхцөлүүдийг хангаагүй тул хэрэглэх ёсгүй байсан. Мөн иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах гэдэг нь хэрэглэгчид ямар ч сонголтгүйгээр тулган дагалдуулж өгсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг ойлгоно. Гэтэл хэрэглэгч “М” ХХК-ийн "Миний М ” үйлчилгээг дангаар нь, М ийн “Өрхийн интернет”-ийн үйлчилгээг ч мөн дангаар нь сонгох боломжтой талаар хангалттай тодорхой мэдүүлэгтээ дурдаж тайлбарлаж өгсөн байдаг. Тус үйлчилгээнүүдийг нийлүүлээд сонговол гэрээнд заасан тодорхой хугацаагаар урамшуулалд заасан нөхцөлд үйлчилнэ гэдэг нь тодорхой байхад иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “М” ХХК нь эдгээр үйлчилгээнүүдийн нөхцөл, үйлчилгээний гэрээ болон компаниудын хамтарсан урамшууллын хөтөлбөр, тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн гаргасан дээрх захиргааны актууд нь анхнаасаа илт хууль бус тооцогдох үндэслэлтэй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, утга агуулгын илэрхий алдаатай гарсан актууд нь илт хууль бус болно гэж заасан байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шалгалтын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуульд нийцээгүй тухайд: ШӨХТГ УБ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаандаа Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан тухайн гомдолд хамааралтай материаллаг хуулийн зохицуулалтыг баримтлаагүй буюу Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан журмыг баримтлаагүй тухайд:
Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т улсын байцаагч нь иргэн аж ахуй нэгжээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байх бөгөөд тус хуулийн 10.9.10-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийн чанд сахих... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”; 10.9.11-д “ хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасан байх бөгөөд нэр бүхий аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн гомдлын үндэслэлийг Өрсөлдөөний тухай хуулийн дурдсан заалт бүрээр нягтлан шалгалгүйгээр, “М” ХХК-ыг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзээд, зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлт явуулсан байдаг. Хэрэг нээсэн энэ үндэслэлийг нотлоогүй шийтгэлийн хуудас, албан шаардлага бичсэн байдаг.Тиймээс ШӨХТГ УБ ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тоот “Шийтгэлийн хуудас” болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот “Албан шаардлага”-ыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр: Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... “Улсын байцаагч “М” ХХК-ийн эсрэг нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгахдаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж гомдоогүй Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж гомдол гаргасан байтал шууд зөрчлийн хэрэг бүртгэлт хийж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Ю” ХХК, “С” ХХК, “М” ХХК-иудаас “М” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн нэр бүхий аймгуудын хэрэглэгчдэд М комын дугаартай бол М багц руу шилжээд, дугааргүй бол шинээр М багцын хэрэглэгч болж 24 сарын гэрээ байгуулан гар утаснаасаа дата хязгааргүй хэрэглэн гэртээ М ийн 2-5 Мbps багцын өрхийн интернетийг үнэ төлбөргүй ашиглан жилийн турш 600,000-720,000 төгрөг хэмнэх боломжтой гэсэн урамшуулал зарласан нь өрхийн интернетийн үйлчилгээ үзүүлэгч бусад компаниудыг алдагдал оруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах, үүрэн холбооны зах зээлд давамгай байдлаа хадгалах үйлдэл гаргаж байна” гэсэн гомдол ирүүлсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэгт “ШӨХТГ УБ Зөрчлийн тухай хуулийн ...10.7 дугаар зүйлд заасан зөрчил”-ийг шалган шийдвэрлэхээр харьяалуулсан байдаг ба Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд “Өрсөлдөөний тухай хууль зөрчих” гэж заасан байна. Эрх бүхий албан тушаалтан нь гомдлыг хүлээн аваад, зөрчлийн шинжтэй байх тул прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгасан байна.
“ШӨХТГ УБ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийг зөрчсөн” гэсэн тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ” гэж, 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно” гэж заасны дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн байдаг. “М” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “М” ХХК, “М” ХХК-иуд хамтран Өрхийн интернет болон Миний М үйлчилгээнд урамшуулал зарласан нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “М” ХХК-ийн ерөнхий захирал Т Х , “М” ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Г нарын хамтарсан ******* дугаартай тушаал, 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “М” ХХК-ийн ******* дугаартай албан тоотоор ирсэн баримт мэдээлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байдаг ба улсын байцаагч О.М нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасныг баримтлан, зөрчлийн хэргийн материалтай танилцуулах ажиллагаанд “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.У болон түүний хүсэлтээр хуульч Б.З-Уыг оролцуулж хавтаст хэргийн материалтай танилцуулж, хэргийн материалтай танилцаад гаргах санал хүсэлтийг асуухад байхгүй гэж тэмдэглэн гарын үсэг зурж баталгаажуулан хэргийн материалыг холбогдогчид танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Мөн “М” ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6 18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу гомдлоо шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаагүй бөгөөд зөрчлөө хүлээн зөвшөөрч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ” гэж заасны дагуу 15 хоногийн дотор торгуулийг төлж, барагдуулсан атал үүнээс эрс зөрүүтэй байдлаар шүүхэд гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
“М” ХХК болон “М” ХХК-иудын хамтарсан урамшуулал нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан ноёлох үйл ажиллагаа явуулсанд тооцогдохгүй, бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулсан, зах зээлээс шахан гаргасан зүйл байхгүй” гэсэн тухайд: Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 7.1.12-т “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1.1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан байдаг.Ноёлох үйл ажиллагаа явуулж буй этгээдийн үйлдэл нь “аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулсан, зах зээлээс шахан гаргасан байх төгссөн үйлдлийг шаарддаггүй, харин хуулиар хориглосон үйлдэл үйлдэгдсэн эсэхээр тогтоогддог бараа дагалдуулах нь бусад компаниудын холбогдох бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг хааж тэднийг зах зээлээс шахан гаргах өрсөлдөөний эсрэг үйлдэл юм. Өөрөөр хэлбэл “М” ХХК өөрийн давуу байдлыг ашиглаж зах зээлд шударга бусаар өрсөлдөж, ноёлох үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл тогтоогдож байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 13 тоот тогтоолоор “М” ХХК нь үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байдаг. “Харилцаа холбооны тухай” хууль, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын ангиллын дагуу “М” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны Монгол улсын нутаг дэвсгэрт Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын ******* 01 дугаартай тусгай зөвшөөрөлтэй, “М” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны Монгол улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын 13600054 дугаартай тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд дээрх компаниуд нь үүрэн холбооны зах зээл, өрхийн интернетийн зах зээлд буюу өөр өөр зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон байдаг. Иймд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон “М” ХХК нь өөр төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК-ийн өрхийн интернет үйлчилгээг 24 сарын гэрээ байгуулан урамшууллын хугацаанд үнэгүй дагалдуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. “М” ХХК нь хуульд заасан гомдол гаргах хугацааны журам зөрчиж гомдол гаргасан байгааг анхан шатны шүүх анхааран үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “М” ХХК-иас ШӨХТГ УБ О.Мд холбогдуулан гаргасан “ШӨХТГ УБ О.Мын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч улсын байцаагч О.М нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолдоо “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 13 дугаар тогтоолоор “М” ХХК нь үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон. Тус гомдлын дагуу шалгах ажиллагаа хийхэд www.М .mn цахим хаягаар урамшуулал зарласан болох нь тогтоогдсон ...” гэж дүгнэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар албан шаардлагыг гаргаж, ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасны дагуу 216,552 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “М” ХХК нь үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон бөгөөд үйл ажиллагаанд нь хариуцагчаас хуулийн дагуу хяналт тавьж ажиллаж байжээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 7.1.12-т “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах.”, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл 9 дэх хэсэгт “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
“Ю” ХХК, “С” ХХК, “М” ХХК-иудаас “... “М” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн нэр бүхий аймгуудын хэрэглэгчдэд М комын дугаартай бол М багц руу шилжээд, дугааргүй бол шинээр М багцын хэрэглэгч болж 24 сарын хугацаатай гэрээ байгуулан гар утаснаасаа дата хязгааргүй хэрэглэн гэртээ М ийн 2-5 Mbps багцын өрхийн интернетийг үнэ төлбөргүй ашиглан жилийн турш 600,000-720,000 төгрөг хэмнэх боломжтой гэсэн урамшуулал зарласан нь өрхийн интернетийн үйлчилгээ үзүүлэгч бусад компаниудыг алдагдал оруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах, үүрэн холбооны зах зээлд давамгай байдлаа хадгалах үйлдэл гаргаж байна” гэсэн гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт ирүүлсний дагуу хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “М” ХХК нь өөр төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК-ийн өрхийн интернет үйлчилгээг 24 сарын гэрээ байгуулан урамшууллын хугацаанд үнэгүй дагалдуулсан болох нь хохирогч нараас болон холбогдогчоос авсан мэдүүлэг, хэрэглэгчидтэй байгуулсан үйлчилгээний гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК нь “М” ХХК-иас тусдаа бие даасан компани, хамтран ажиллах гэрээний заалтуудаар орлогыг хэрхэн хуваарилах талаар тохиролцсон боловч олсон орлогын талаар маргаагүй, шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль болох 216,552 төгрөгийг төлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл 9-д “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу ШӨХТГ УБ О.М нь ******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот албан шаардлага явуулахаас өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр холбогдогч “М” ХХК нь “тус урамшуулал нь 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд орон нутгийн 9 цэгт явагдсан” гэх мэдээллийг хариуцагчид хүргүүлсэн, холбогдогч дахин урамшууллыг явуулаагүй, үргэлжлүүлээгүй гэх тайлбарыг шүүхэд мэдүүлсэн, түүнчлэн зөрчлийн хэрэгт гомдол гаргасан этгээдүүд хохирол төлбөргүй гэдгээ мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Харин албан шаардлагад дурдсан 83 хэрэглэгч уг үйлчилгээнд хамрагдсан хэдий ч уг үйлчилгээг бүрэн гүйцэд аваагүй учир цаашид үргэлжлүүлэн ашиглах, аль нэг өрхийн интернетийг сонгох, хэрэглэх эрх нь нээлттэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч “М” ХХК-иас ШӨХТГ УБ О.Мд холбогдуулан гаргасан “ШӨХТГ УБ О.Мын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.12, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-иас ШӨХТГ УБ О.Мд холбогдуулан гаргасан “ШӨХТГ УБ О.Мын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас болон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА