Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э

Гомдлын шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/160 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 114/2022/0016/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ооос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдууланДархан-Уул аймгийн Засаг даргын  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/160 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оы нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” 01-А/160 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хэрэгт цугларсан нотлох баримтаар /Д.Оы 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт/ Төрийн аудитын газрын 41/14 тоот албан шаардлагад нэхэмжлэгч Ооос хүргүүлсэн хариуг нотлох баримтаар хэрэгт авхуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2022.09.12-ны өдрийн 3/128 дугаар албан тоотоор энэхүү нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг албан бичгээр хариуцагчаас шаардсан байдаг. Хэдийгээр хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зарим нотлох баримтыг бичгээр ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн нэрлэн заасан уг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.  Нэхэмжлэгч талын зүгээс энэхүү нотлох баримт нь хэрэгт авагдвал зохих хэргийг нэг мөр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэж байгаа болно. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатан дахь талуудын мэтгэлцээний явцад төдийгүй шүүхийн тодорхойлох хэсэгт бичигдсэний дагуу гэрч С.Санжаажав мэдүүлэгтээ “Манай ажлын алба (Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газар) Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж тухайн аж ахуйн нэгжүүдийн хувийн хэргүүдийг авч үзлэг хийн google eart  программ дээрээс тухайн аж ахуйн нэгжид олгосон гэх газрыг тулгаж, хашаалсан эсэх, ямар нэг үйл ажиллагаа хийгдэж, барилга баригдаж байгаа эсэхийг шалгаж үйл ажиллагаа явуулаагүй, хашаалаагүй, хоосон байсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж газар дээр нь очиж үзэн газрын сонсон ажиллагаа хийсэн. /Энд аудитын газар нь Аймгийн газрын албаны албан хаагчдад зориулан сонсох ажиллагаа хийгдсэн байдаг/ гэж мэдүүлсэн төдийгүй гэрчийн энэхүү мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогддог.

3.2. Тодруулбал, Аймгийн аудитын газар нь аймгийн газрын албанд хандан сонсох ажиллагаа зохион байгуулахдаа Дархан хотод иргэн, хуулийн этгээдийн нэр дээр олголт хийгдсэн боловч ямар нэг “үйл ажиллагаа явуулаагүй, хоосон байдалтай” байгаа газруудыг тусгайлан судалж /нийцлийн аудит/, эдгээр газар эзэмшигч этгээд нарын газрын эрхийг дуусгавар болгох чиглэлээр газрын албанд албан шаардлага хүргүүлсэн байдаг. Улмаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас Д.Оы эзэмшлийн маргаантай газарт сонсох ажиллагааг эхлүүлсэн байдаг. Гэтэл Д.Оы эзэмшилд олгогдсон энэ газар нь анхнаасаа аудитын байгууллагын “үйл ажиллагаа явуулаагүй, хашаалаагүй, хоосон байсан” газар хамаарах ёсгүй байсан нь Д.Оы болон хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон шүүхийн үзлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс илэрхий байдаг. Жишээ нь шүүхийн үзлэгээр уг газар нь бүрэн хашаалсан, барилгын тэг тэнхлэгийн ажил хийгдэж, суурийн газар шорооны ажил хийгдсэн зэрэг нь илэрхий байсан.

Гэтэл анхан шатны шүүх энэ байдалд ямар нэгэн дүгнэлт хийлгүй зөвхөн Д.Оы төлөвлөж байгаа орон сууцны барилгын тэг тэнхлэгийн ажлаас бусад барилгажилтын ажлын баримт бичгүүдийг хугацаа дууссан гэдэгт гол ач холбогдол өгсөн.

3.3. Нэхэмжлэгчийн зүгээс тус газарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хөдөлмөр, хугацаа, хөрөнгө зардал зарцуулсан, дахин сунгуулах, шинэчлэхэд техникийн боломжтой гэдгийг дулаан, цахилгаан, ус хангамж, холбооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нэгэнт баталсан баримт бичгүүд байхад захиргааны байгууллагын зүгээс үйл ажиллагаандаа итгэл хамгаалах зарчмыг баримтлаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан /өөрийн эрүүл мэнд, ковидын нөхцөл байдал, Улаанбаатар Дарханы замын нөхцөл г.м/ зэргийг өөрийн боломжит баримтад тулгуурлан тайлбарласан боловч анхан шатны шүүхээс маргаан бүхий нөхцөл байдалд хамаарах үйл баримтыг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг Улсын дээд шүүхээс 2008 онд тайлбарласан агуулгаар хэт загварчилж, явцууруулан шийдсэнд гомдолтой байна.

3.4. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, газар дээр нь очиж үзэлгүй зөвхөн агаарын зурагт мэдээллийн сангийн зурагт тулгуурлаж нөхцөл байдлыг тогтоосон. Хэрэв аудитын болон Газрын албанаас газар дээр нь очиж үзсэн бол хашаалсан байдал болон тэг, тэнхлэгийн дагуу барилгын суурийнх газар, шорооны ажил хийгдсэн байсныг мэдэх боломжтой байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “нүх ухсан” гэж дүгнэсэн атлаа ямар зорилгоор нүх ухсан болохыг тогтоогоогүй, газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааны эхлэл барилгын ажлын нэг үндсэн үе шат болох барилгын тэг, тэнхлэг тавьсан актын дагуу тодорхой тооцоолол, зардалтайгаар хийгдсэн инженерийн ажил мөн эсэхэд үнэлэлт өгөөгүй.

3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрээр сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, нэхэмжлэгч хариу тайлбар ирүүлсэн гэх дүгнэлт нь мөн өнгөц дүгнэлт болсон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь аудитын байгууллага газрын албанд сонсох ажиллагаа хийж, Газрын алба нь иргэн Д.Од сонсох ажиллагаа хийсэн. Ерөнхий зураглал бүхий захиргааны сонирхолтой гэмээр процесс явагдсан байдаг. Гэтэл иргэн Д.Оы зүгээс Аймгийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны зөрчил арилгуулах тухай албан шаардлагад хариу тайлбар өгсөн төдийгүй энэхүү хариу тайлбараа хэрэгт баримтаар авхуулах хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг хангасан боловч энэхүү баримт хэрэгт авагдалгүйгээр шийдэгдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.4-т заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн” гэжээ.   

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдлын хүрээнд хэргийг хянавал анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж бүрдүүлээгүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Ооос “...Уг газрыг зориулалтын дагуу ашиглахаар 12 давхар 108 айлын орон сууцны барилга угсралтын ажлын нэгдсэн төсвийг мэргэшсэн төсөвчнөөр тооцуулан гаргуулж Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын ерөнхий дүгнэлт, Барилгын ажлын зургийг аймгийн ерөнхий архитектор зэрэг эрх бүхий албан тушаалтнуудаар хянуулсан. Барилгын эскиз болон план зургуудыг гаргуулж, барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэрээ байгуулсан. Барилгын ажлын зургийг 2013 онд Цэнхэр төхөм ХХК-аар хийлгэсэн. Барилгын газар шорооны ажилд 32.000.000 сая төгрөг болсон. Зураг төсөл болон газар шорооны ажил бол барилгын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд огт газар дээрээ юм хийгээгүй биш, үе шаттайгаар хийсэн. Маргаан бүхий газар дээрээ манаач ажиллуулж сар бүр 100.000 төгрөгөөр цалинжуулж байсан. Дархан-Уул аймгийн Газрын албанаас шаардлага тавьсны дагуу маргаан бүхий газрыг бүхэлд хашаалсан, ... газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт 2020-2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж Монгол улс төдийгүй, дэлхий даяар хөл хорио тогтоож эдийн засаг доголдсон учраас барилгажилтаа шууд эхлэх боломж нөхцөл нь хараахан байсангүй ... Дархан-Улаанбаатар хоорондын зам тээврийн асуудал өндөр эрсдэлтэй, барилгын материал ачсан ачааны том машин байтугай жижиг тэрэг явахад ч хүндрэлтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ...” гэсэн үндэслэлээр “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 01-А/160 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “...Төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эсхүл хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэл гаргаагүй болно, удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдийг хангаж байсан байна ... 2010 оноос хойш одоог хүртэлх хугацааг тооцоход 12 жил, төрийн аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаагаар тооцоход 8 жил өнгөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа орон сууц барих нь ганц хоёр сар, жилийн ажил биш гэдэг нь үнэн 1, 2 сар, 1, 2 жилийн ажил биш ч үүнийг хууль, гэрээний хугацаанд барьж байгуулахаар тохиролцож захирамж шийдвэрүүдийг гаргаж гэрээг сунгаж газар эзэмших, ашиглах боломжуудаар хангаж байсан ... Д.Оы тухайн газарт нийтийн орон сууцны зориулалтаар бодит байдал дээр ямар нэгэн бүтээн байгуулалт, объект байгууламж бариагүй байгаа нь тухайн газрыг ашиглаагүй гэж үзэхээр байна, нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй үндэслэл нь тогтоогдохгүй байна. Барилгын тухай хуулийн 4.1.15, 16.1 дэх заалтаар барилга байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй байдаг  ... Ковидын нөхцөл байдлыг дурдсан байдаг ч тухайн нөхцөл үүсэхээс өмнөх 2019 онд энэхүү асуудлууд хөндөгдөж эрх бүхий байгууллагын дүгнэлт, албан шаардлага, тоотууд гарсны дагуу нэгж талбарын хувийн хэрэгт бүртгэлтэй хаяг, утсаар хүргүүлж ажилласан ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.О нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 400 дугаар захирамжаар 9 дүгээр баг, 4 дүгээр хороололд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 1200 м.кв газрыг 1 жилийн хугацаатай “Нүнжигт Хангай” ХХК-аас шилжүүлэн авсан, Улмаар Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 464 дугаар захирамжаар 2 жил, 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 387 дугаар захирамжаар 1 жил, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 513 дугаар захирамжаар 2 жил, 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/489 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон, уг захирамжийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000662358 дугаартай гэрчилгээг олгож, 04501-2017/0050 дугаартай гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар “ ...Аудитаар 309 иргэн, хуулийн этгээд 274.2 га газрыг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглаагүй зөрчил илэрлээ ... Хавсралтад дурдсан 309 иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд нийцүүлэн арга хэмжээ авах ... 52. О ...45006101851, 1200, Хээтэй хороолол ...” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/160 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”  захирамжаар “... Дашдоржийн О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ...” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсний дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсгийг үндэслэл болгон захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн ...” гэж тайлбарласан байна.

4.2. Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хандаж 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3/128 дугаар албан бичгээр “ ... Нэхэмжлэгч Д.Ооос 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дугаартай Төрийн аудитын албан шаардлагын дагуу гаргаж өгсөн хариу тайлбарыг гаргуулах”-аар шаардсан атлаа уг албан бичгийн хариу ирээгүй байхад энэ талаарх баримт байгаа эсэх, шаардсан баримт хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэж үзсэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

4.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол гэж заасан бөгөөд нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан” тохиолдолд уг хууль зүйн үндэслэл бүрдсэн хэмээн үзэж, эрх бүхий албан тушаалтан иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжтой.  

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “... маргаан бүхий газар дээр тодорхой зардлууд гаргаж, хөрөнгө оруулалт хийсэн. Барилгын зураг төслийг 120.000.000 төгрөг, техникийн нөхцөл болон хөрсний шинжилгээ 11.500.000 төгрөг, газар шорооны ажил буюу барилгын суурийг бэлдэхэд ойролцоогоор 30.000.000 төгрөг, нийт 160.000.000 төгрөгийн зардал гаргасан ... барилгын суурь цутгасан ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр ...барилгын суурийг ухсан ...” гэж тайлбарласан,  хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул шүүх маргаан бүхий актын үндэслэл, хэргийн оролцогчдын энэхүү маргаж буй үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгч эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан эсэх, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан эсэхтэй холбоотой нөхцөл байдлуудыг хариуцагчаас шийдвэр гаргахын өмнө бүрэн дүүрэн  шалгаж тогтоосон эсэх, холбогдох баримт нотолгоог бүрдүүлсэн эсэхийг бүрэн дүүрэн тодруулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 38.3-д “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна”, 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр маргаан бүхий газар үзлэг хийсэн байх боловч ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “ ... анхан шатны шүүх зүгээр нүх ухсан гэж үзсэн нь үндэслэлгүй, барилгын технологийн дагуу 70 гаруй том хово машинаар суурь нүх ухсан ...” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2014 онд нүх ухсан учраас цаг хугацаанаас болоод газар нь эдгэсэн үүнийг анхан шатны шүүх нүх ухсан гэж дүгнэсэн ...” гэх тайлбаруудтай холбогдуулан барилгын суурийн нүх ухсан эсэх, эсхүл барилгын технологийн дагуу суурь цемент цутгаж нүх ухсан эсэх нь тодорхойгүй, үүнийг бүрэн дүүрэн тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

4.5. Дээр дурдагдсан анхан шатны шүүхийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд засч маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

       ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ