Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0204

 

 

 

 

 

 

 

“А...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “А...” ХХК-ийн захирал Н.Г

Нэхэмжлэгч: “А...” ХХК

Хариуцагч: Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 893 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “А...” ХХК-ийн захирал Н.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Д.Ц, А.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0509/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А...” ХХК нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 893 дугаар шийдвэрээр:

2.1. “Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.10, 20 дугаар зүйлийн 20.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А...” ХХК-ийн ...Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “А...” ХХК-ийн захирал Н.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг нэхэмжлэгч “А...” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” ХХНТ-106/2019 дугаартай гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “А...” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тухайн гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх ямар учраас нэхэмжлэгчийн огт маргаагүй асуудалд дүгнэлт хийж энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

 

3.2. Үйлдвэрийн газрын захирлын А/91 дүгээр тушаалаар батлагдсан “Улс, хот хоорондын ачаа зорчигч болон жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, осол зөрчил хариуцлага тооцох үүрэг бүхий ажлын хэсгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлуудаар тус тус нэхэмжлэгч хуулийн этгээдийн тээвэрлэлтийн гэрээг сэргээх агуулгатай албан бичгүүдийг хэлэлцэж байсан, Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 “зам тээврийн осол гаргасан,... шүүх хяналтын байгууллагаар тогтоогдох хүртэл тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсооно” гэж заасны дагуу ажлын хэсгийн гишүүдийн 100% саналаар хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/850 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн.

 

3.3. ... Тодруулбал, маргаан бүхий асуудлаар гаргасан шийдвэрийг тухай бүр нь нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, хавтаст хэргийн 140 хуудаст авагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “А...” ХХК-д хаягласан 1/3708 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн асуудлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зогсоосон, уг албан бичигтэй маргаагүй, харин гэрээгээ шинэчлэн байгуулах, гэрээний хугацаа сунгуулах талаар удаа дараа хандаж тухай бүр хариуг авч байсныг тэмдэглээд хамгийн сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “А...” ХХК-д хаягласан 1/1340 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар маргасныг мөн хангах үндэслэлгүй, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай” ХХНТ-106/2019 дүгээр гэрээг цуцалж дуусгавар болгосон тул гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй талаар нэхэмжлэгчид хариу өгсөн нь хариуцагч захиргааны байгууллагын Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9 “автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах ...” 6.1.10 “улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд ... ажлыг зохион байгуулах” бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

3.4. Шүүх хуралдаанд “нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй, зам тээврийн осол гаргасан үйлдэл нь жолоочийн буруутай үйлдэл” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай үйлдвэрийн газар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, уг компани нь өөрийн нэрийн өмнөөс тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр жолоочтой гэрээ байгуулсан, ... нэг цул ойлголт” гэх тайлбар үндэслэлтэй, маргаан бүхий энэ тохиолдолд Гэрээний 8.1.1 “... тээвэрлэгч болон жолоочийн буруутай үйлдлээс ...” гэсний “болон” гэх холбоос үг нь жолоочоос гадна тээвэрлэгчид хамаатай болохыг илтгэсэн ойлголт гэж үзнэ” гэж дүгнэлт хийснийг тус тус эс зөвшөөрч байна.

 

3.5. Учир нь нэхэмжлэгч “А...” ХХК нь Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлсэн, энэхүү тээврийн хэрэгсэл нь техникийн шаардлагыг бүрэн хангасан ба тээвэрлэгч буюу нэхэмжлэгч “А...” ХХК-иас бүрэн бус тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлээгүй. Хэрвээ нэхэмжлэгч “А...” ХХК-иас бүрэн бус тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлсэн буюу тээвэрлэгч байгууллагын ямар нэгэн гэм буруутай үйлдлийн улмаас тухайн зам, тээврийн осол гарсан бол түүнийг шүүх хяналтын байгууллагаас тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл жолоочоос гадна, тээвэрлэгч байгууллагын буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэрээний 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүх хяналтын байгууллагаас тээвэрлэгчийн гэм буруутай үйлдлийг тогтоосон зүйл байхгүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлсэн талаар эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр байхгүй байхад шүүх ямар үндэслэлээр дээрх дүгнэлтийг хийгээд байгаа нь ойлгомжгүй байна.

 

3.6. Зам, тээврийн осол гарсан шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ч цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн талаар маргадаггүй. Хариуцагч “Автотээврийн үндэсний гөв” ТӨҮГ-аас шүүхийн дүгнэлт хийгээд байгаа Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй учраас цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байдлыг тээвэрлэгч байгууллага буюу “А...” ХХК-д мэдээлээгүй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байдлыг мэдсээр байж тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж замд гаргасан нь хариуцагч байгууллагын буруутай үйлдэл байсан. Гэтэл энэхүү нөхцөл байдалд шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, ... хариуцагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй гэх дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.

 

3.7. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай" ХХНТ-106/2019 дугаартай гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахъ хэсэгт “Зам, тээврийн осол гаргасан, холбогдсон, хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулсан, хүний амь нас хохироосон болон тээвэрлэлтийн явцад зорчигчийг замд үлдээж амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөлд хүргэсэн, хүндрэл учруулсан, зам, тээврийн ослыг нуун дарагдуулсан тохиолдолд тухайн чиглэлийн үйлчилгээг тээвэрлэгчийн буруутай эсэх нь шүүх, хяналтын байгууллагаар тогтоогдох хүртэл тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсооно” гэж заасан. Шүүх хяналтын байгууллагаас нэхэмжлэгч “А...” ХХК болон тус компанийн удирдлагыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон зүйл огт байхгүй.

 

3.8. Түүнчлэн хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас зам, тээврийн осол гаргасан зарим нэг тохиолдлыг шалгаж байх хугацаанд гэрээний 6.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүйгээр зарим нэг байгууллагад боломж олгож үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр шийдвэрлэх тохиолдолд олонтаа байгаа. Ямар учраас ялгавартай хандаж байгааг ойлгохгүй байна. Гэтэл гэрээний 6.3 дахь заалтыг манай “А...” ХХК хүндэтгэн үзэж маргахгүйгээр эрх бүхий байгууллагаар гэм буруугаа шалгуулж үйл ажиллагаагаа түр зогсоосон байхад анхан шатны шүүх ямар учиртай дээрх дүгнэлтийг хийгээд байгааг ойлгохгүй байна.

 

3.9. Жолооч Г.Б хурд хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, харин түүнийг шүүх хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон байдаг. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “Тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тус тус гэжээ. Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .... “манай үйлдвэрийн газар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, уг компани нь өөрийн нэрийн өмнөөс тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр жолоочтой гэрээ байгуулсан, ... нэг цул ойлголт” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нэг цул ойлголт гэдэг нь ямар утга учиртай үг болохыг одоо хүртэл ойлгож чадахгүй байна.

 

3.10. Гэрээний заалтаар тээвэрлэгчийг гэм буруутай болохыг шүүх хяналтын байгууллагаас тогтоосон нөхцөлд, мөн жолоочийг гэм буруутай болохыг шүүх хяналтын байгууллагаас тогтоосон нөхцөлд энэхүү гэрээний заалтыг баримталж болно. Нэхэмжлэгч “А...” ХХК болон тус компанийн удирдлагад тухайн зам тээврийн ослыг гаргасан, холбогдсон, хүнд буюу хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зэрэг бусад үндэслэлээр гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол байхгүй. Гэтэл шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

 

3.11. Түүнчлэн шүүх .... “болон” гэх холбоос үг нь жолоочоос гадна тээвэрлэгчид хамаатай болохыг илтгэсэн ойлголт гэж зөв дүгнэсэн атлаа бусад асуудалд буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад маш их гомдолтой байна. Мөн шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.10, 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг баримталж хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0893 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг нь Эрдэнэт, таван толгой шиг Баялаг бүтээгч байдаг байх ёстой. Гэтэл Төрийн өмчит үйлдвэрийн газрыг захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага гэж тогтоож шийдвэр гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл нь Төрийн өмчит үйлдвэрийн газарт огт хамааралгүй байгаа нь нэгдүгээрт захиргааны байгууллага биш, хоёрдугаарт захиргааны байгууллага гэж үзвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй учир шийдвэр нь хууль бус болж харагдана.

 

4.2. Автотээврийн үндэсний төвийн дүрмээс харахаар энэ байгууллага нь аж ахуйн тооцоот ашгийн төлөө байгууллага гэж харагдаж байна. Мөн дүрэмдээ ямар шүүхээр шийдвэрлүүлэх талаар тодорхой заасан бөгөөд энд Захиргааны хэргийн шүүх гэж байхгүй байна.

 

4.3. Мөн гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч компанийн 52 жолооч ажилгүй болж, тэдгээр хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заагдсанаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

3. Шүүх нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч “А...” ХХК нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, нэхэмжлэгч “А...” ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх” ХХНТ-106/2019 дугаартай гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын ажилтан Г.Б Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлд 80-83 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан болох нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

 

3.2. Анхан шатны шүүхээс “...маргаан бүхий асуудлаар гарсан шийдвэрийг тухай бүр нь нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, хавтаст хэргийн 140 хуудаст авагдсан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Аж мянган ХХК-д хаягласан 1/3708 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн асуудлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зогсоосон, уг албан бичигтэй маргаагүй, ... хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “А...” ХХК-д хаягласан 1/1340 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар маргасныг мөн хангах үндэслэлгүй, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай ХХНТ-106/2019 дүгээр гэрээг цуцалж дуусгавар болгосон тул гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй талаар нэхэмжлэгчид хариу өгсөн нь хариуцагч захиргааны байгууллагын Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9 “автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах...”, 6.1.10 “улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд ... ажлыг зохион байгуулах бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн” гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

3.3. Учир нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д тээвэрлэгч дараах үүрэг хүлээнэ гээд 10.2.1 “...зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх”, 10.2.2 “ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хариуцагчаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй.

 

3.4. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХХНТ-106/2019 дугаартай гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “дараах тохиолдолд үйлдвэрийн газрын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсооно”, 8.1.1-д “шүүх хяналтын байгууллагаас тээвэрлэгч болон жолоочийн буруутай үйлдлээс зам, тээврийн осол гарсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн чиглэлийн үйл ажиллагааг” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд тээвэрлэгч болон жолооч хэн алины буруутай үйлдэл хамаарахаар байна.

 

3.5. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч “А...” ХХК-д Эрүүгийн хариуцлага ногдуулсан зүйл байхгүй боловч байгууллага нь ажилтнаараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ тохиолдолд хариуцагчаас гэрээнд заасан үндэслэлээр тус гэрээг цуцалсныг буруутгах боломжгүй.

 

3.6. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино”, 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1.2-д “захиргааны гэрээ” гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2.1-т “төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж тус тус заасан.

 

3.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “А...” ХХК нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай сайн дурын үндсэн дээр 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХХНТ-106/2019 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх тухай гэрээ” байгуулсныг “захиргааны гэрээ” гэж үзэх тул тус маргаан нь захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

 

3.8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, гээд 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч “Авто тээврийн үндэсний төв”-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар”, байгууллагын хэвлэмэл хуудсанд “Төрийн өмчит үйлдвэрийн газар” гэсэн зөрүүтэй байгаа хэдий ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байх тул хариуцагч Авто тээврийн үндэсний төвийг “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн өмчит захиргааны байгууллага” гэж үзнэ.

 

3.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл болон туслах үйл ажиллагааны чиглэлд тодорхойлсон үйл ажиллагааг тухайн байгууллагаас өөр этгээд гүйцэтгэх боломжгүй, мөн тус байгууллагын дүрэмд “үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангахад оршино” гэснээс үзвэл “хариуцагч нь захиргааны байгууллага биш” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

3.10. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу сонсох ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “А...” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/3708 дугаар албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХХНТ-106/2019 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзнэ.

3.11. Мөн энэ тохиолдолд “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/398, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1340 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч “А...” ХХК-ийн ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангах боломжгүй байна. 

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А...” ХХК-ийн захирал Н.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                           Д.ОЮУМАА